Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 146

 

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Б.Өнөболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харчин овогт Буяндалайгийн Өнөболдод холбогдох эрүүгийн 201726030624 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 02-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 1 дүгээр хэсэг гудамжны 149 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 2 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Харчин овогт Буяндалайгийн Өнөболд /РД:СЛ95090210/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Өнөболд нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалант амралтын газар 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Г.Ихмөрөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Өнөболд нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалант амралтын газар 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Г.Ихмөрөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Өнөболдын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр орон дээр нэрийг нь мэдэхгүй эмэгтэй согтуу хэвтэж байхаар нь би очоод юм ярьж байгаад өмдний гаднаас нь бөгснөөс нь барьчихаад болиод ширээн дээр очиж суусан. Гэтэл Г.Ихмөрөн гаднаас орж ирээд утсаар намайг 3-уулаа нийлээд зодоод байна гээд яриад байхаар нь би очоод ямар учиртай найз нараа дуудаад байгаа юм, наад эмэгтэй бид хоёрын дунд ямар нэгэн асуудал огт болоогүй гэхэд одоо би хэн гэдгээ мэдрүүлнэ та нарыг бүгдийг нь ална гээд байхаар нь айсандаа утсаар яриулахыг нь болиулах гээд барьж аваад хоолойг нь багалзуурдаад, маргадаж байгаад нүүрэн тус цохьсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Г.Ихмөрөнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 10/

            3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24/

            4. Хохирогч Г.Ихмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Оюун-Эрдэнэ надад хандаж надтай ойрхон байхгүй бол намайг Өнөболд оролдоод миний өгзөгнөөс базаад байсан талаар хэлэхээр нь би утсаа гаргаж ирээд найз нарлуугаа залгаж болсон асуудлыг хэлэх гэтэл Б.Өнөболд нь миний утсыг булаах гээд надтай ноцолдож эхэлсэн юмаа, тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн бөгөөд маргааны дунд Б.Өнөболд нь миний нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан, хоолойг багалзуурдаж гэмтэл тус тус учруулсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6101/-ний дүгнэлт:

                        -Ихмөрөн-н биед зүүн шанаа, зүүн дээд доод зовхи, эрүү, хүзүүний урд ба 2 хажуу хэсэг, өвчүү, зүүн мөр, дал, нуруу, баруун шууны доод хэсэгт цус хуралт, зулгарал, дээд доод уруул, баруун шагайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30/

            6. Сэжигтэн Б.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр...Тухайн үед гэрийн хойморт байрлах орон дээр нэрийг нь мэдэхгүй эмэгтэй согтуу хэвтэж байхаар нь би очоод юм ярьж байгаад өмдний гаднаас нь бөгснөөс нь барьчихаад болиод ширээн дээр очиж суусан юмаа тэр үед Г.Ихмөрөн гаднаас орж ирээд нөгөө эмэгтэйгийн хажуугаар нь ороод хэвтсэн бөгөөд удалгүй хөнжлөө нөмөрчихөөд утсаар найз нар луугаа залгаад энд намайг 3-уулаа нийлээд зодоод байна гээд дуудаад байхаар нь би очоод ямар учиртай найз нараа дуудаад байгаа юм, наад эмэгтэй бид хоёрын дунд ямар нэгэн асуудал огт болоогүй чи буруугаар ойлгоод байна гэхэд одоо би хэн гэдгээ мэдрүүлнэ та нарыг бүгдийг нь ална гээд байхаар нь айсандаа утсаар яриулахыг нь болиулах гээд барьж аваад хоолойг нь багалзуурдаад, маргадаж байгаад нүүрэн тус газар нь 1 удаа цохиод авсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Өнөболд нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6101/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Өнөболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч Г.Ихмөрөн нь шүүгдэгч Б.Өнөболдтой сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 61/ байх тул Б.Өнөболдод холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Харчин овогт Буяндалайгийн Өнөболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Харчин овогт Буяндалайгийн Өнөболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Б.Өнөболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Б.Өнөболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өнөболдод таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР