Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0767/З |
Дугаар | 506 |
Огноо | 2017-12-06 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 506
Д.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Д.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0462 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0653 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0462 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Э.Н-гийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э.Н-гоос 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0653 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Э.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н-гийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Д.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалыг эс зөвшөөрч байна.
Гуравдагч этгээд Д.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Д.Н, Б.Б нарын Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна” хэмээн гомдол гаргасан.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу газар эзэмшүүлэх эрхээ бусдад шилжүүлэн өгч байгаа тал болон шилжүүлэн авч байгаа тал аль аль нь хүсэлт гаргахаар байна хэмээн үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн Д.Н-гийн гаргасан хүсэлт нь Д.Н-гийн бичгийн хэвтэй тохироогүйг шинжээчийн дүгнэлтээр нотолсон. Энэ нь Газрын тухай хуулийн 38.2-т заасны дагуу шилжүүлэн өгч байгаа тал хүсэлтээ гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг баримтлан газар эзэмших эрх шилжүүлэх этгээдээс бүрдүүлэх материалыг бүрдүүлж авалгүйгээр шийдвэр гаргасан Засаг даргын шийдвэр хууль бус юм.
Иймд газар эзэмших эрхийг шилжүүлэгч тал өөрөө хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0462 дугаартай шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 318 дугаар захирамжийн Д.З-тай холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0653 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-гийн “...шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Н-гийн гаргасан хүсэлт нь түүний бичгийн хэвтэй тохироогүйг нотолсон. ...газар эзэмших эрх шилжүүлэх этгээдээс бүрдүүлэх материалыг бүрдүүлж авалгүйгээр шийдвэр гаргасан Засаг даргын шийдвэр хууль бус... газар эзэмших эрхийг шилжүүлэгч тал өөрөө хүсэлт гаргаагүй байхад газрыг шилжүүлсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Н, Б.Б нарт тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байх ба мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Н-гийн газар эзэмших эрхийг Д.З-гийн, Б.Б-ийн газар эзэмших эрхийг Э.Н-гийн нэр дээр тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмшигч хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болохыг хуульчилсан байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ талууд хүсэлт гаргах, хүсэлтэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн зөвшөөрсөн тухай нотолгоо, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талууд газар шилжүүлэх хүсэлт гаргасан, мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Н, Д.З нарын хооронд 700 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн Б.Б, Э.Н нарын хооронд мөн 700 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх ба гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлэгдсэн байна.
Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий А/318 дугаар захирамжийг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүд, газар шилжүүлэн авч байгаа Д.З, Э.Н нарын хүсэлт зэрэг баримтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлжээ.
Гэвч хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн 149, 1563 дугаар дүгнэлтүүдээр газар эзэмших эрх шилжүүлсэн дээрх гэрээнүүдэд газрын эрх шилжүүлэгч Б.Б, Д.Н нарын гарын үсгийг нэхэмжлэгч Д.Н зурсан болох нь тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгч Д.Н-гийн “би Д.З-г огт танихгүй бөгөөд садан төрлийн холбоотой биш байхад “Д.Н-гээс дүү Д.З-д зуслангийн газраа шилжүүлж байгаа тул гэрчилгээ олгож өгнө үү” гэж миний өмнөөс хуурамчаар өргөдөл бичиж, миний эзэмшлийн газрыг хууль бусаар шилжүүлэн авсан” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Н нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, гуравдагч этгээд Д.З-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул маргаан бүхий А/318 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Н-гээс гуравдагч этгээд Д.З-д 700 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг зөрчөөгүй, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
Харин нэхэмжлэгч Б.Б нь түүний эзэмшил газрын эрхийг Э.Н-д шилжүүлж гэрээ байгуулагдах тухайн үед Монгол улсад байгаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг нэхэмжлэгч Д.Н зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон, хэдийгээр хариуцагч нь тухайн үед Б.Б-ийн өмнөөс гарын үсэг хуурамчаар зурагдсаныг мэдээгүй ч нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэстэй байна.
Иймд дүүргийн Засаг даргын А/318 дугаар захирамжийн иргэн Э.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.
Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА/2017/0653 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА