Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 343

 

С.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хохирогч М.Ядамдорж, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалтай, С.Д-д холбогдох 201712000072 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч түүний гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овогт С-ийн Д.

С.Д- нь 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн *** тоот хашаа, иргэн М.Я-ийн гражаас 67 кг ноолуур хулгайлан, 4.355.000 төгрөгийн хохирол учруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Агуулах, саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-ыг агуулах, саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-аас 4.355.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ядамдоржид олгохоор, 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан  тээврийн  хэрэгслийн үнэ 700.000 төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч С.Д-д” гэсний дараа “Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар С.Д- нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болтол 49 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай”, “С.Д- нь хохирогч М.Я-ийн хохиролд 3.000.000 төлж барагдуулсан болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Д- гаргасан гомдолдоо “Миний бие хохирогч М.Ядамдоржид 4.355.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад давж заалдах шатны шүүх 3.000.000 төгрөг төлж барагдуулсан гэж магадлалд дурдсан нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 700.000 төгрөгийг надаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд уг хуульд тухайн зохицуулалт алга байна. Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн хэлсэн саналдаа: “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 700.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж хүсэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийн үнийг гэж дурдсан болохоос бус гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж байхгүй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад гэмт хэрэг үйлдэх зорилгоор тээврийн хэрэгсэл хулгайлсан болох нь тогтоогддоггүй. Мөн шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар маргаагүй, хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломж байна. Гэхдээ ялыг тэнсэх эсэх асуудлыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Д- нь 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн *** тоот хашаа, иргэн М.Я-ийн гражаас  67 кг ноолуур хулгайлж, 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс С.Д-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд нийцсэн байна гэж дүгнэснийг буруутгах, үгүйсгэн дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч С.Д- нь хохирогч М.Я-д 4.355.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН