| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01364/И |
| Дугаар | 155/ШШ2017/00276 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2017/00276
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2017/00276
| Хөвсгөл аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежер Ж.Алтанцэцэгт холбогдох
Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас цалингийн зөрүү 59.032.400 төгрөгийг нөхөн гаргуулах, уг цалингийн зөрүү 59.032.400 төгрөгт 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөж төлөхийг Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид, цалингийн зөрүү 59.032.400 төгрөгөөс 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ж.Алтанхуяг, хариуцагч Ж.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны хууль бус актын улмаас "Хот Тохижилт" ХХК нь 2009-4-13-ны өдрөөс 2013-4-19-ний өдрийг хүртэл буюу манай компанийн 3621 м.кв газрыг эзэмшин, түүнээс манай компанийн олж байсан орлогыг хураан авах болсон /Хот Тохижилт ХХК-ийн захирал н.Эрдэнэчимэг, ажилчин н.Долгорсүрэн, харуулын нэг ажилчны хамт гурвуулаа сар бүрийн эхэнд дэлгүүр, контейнерүүдээс орлого хураан авдаг байсан/-ы улмаас ажилчдынхаа ажлын байрыг хадгалан үлдэхийн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах болсон бөгөөд компаний захирал миний бие ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийн, нийгмийн даатгал төлж ирсэн. Захирал Ж.Алтанхуягийг 2014, 2015 онуудад хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр буюу 1.9 сая төгрөгөөр цалинжуулсан боловч 2011-01-01-нээс 2011-12-31-ний өдөр хүртэл сарын 108000-140400 төгрөгөөр буюу бүтэн жилдээ 1587600 төгрөгөөр, 2012-01-01-нээс 2012-12-31-ний өдөр хүртэл сарын 150000 төгрөгөөр буюу бүтэн жилдээ 1.8 сая төгрөгөөр, 2013-01-01-ний өдрөөс 2013-12-31-ний өдөр хүртэл сарын 400.0-800.0 төгрөгөөр буюу бүтэн жилдээ 6.0 сая төгрөгөөр цалинжуулж байсны улмаас хөдөлмөрийн хөлс, тэтгэврээр хохирсон тул компаниасаа цалинждагийн хувьд ИХШХШТХ-н 26.2 нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ-д зааснаар цалин хөлс нэхэмжлэх эрхтэй, Хуулийн 26.3 хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ-д зааснаар хэрэг маргаан шийдвэрлэх явцад тодорхой шалтгааны улмаас үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй компаниа хариуцагчаар сонгох эрхтэй. Захирал миний бие өөрөө нэхэмжлэгч болсон тул Ж.Алтанцэцэгийг тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь ИХШХШТХ-ийн 36.5.2, 36.5.3-д заасныг зөрчөөгүй. Иймд:
1. Ж.Алтанхуягийн 2011-01-01-ний өдрөөс 2013-12-31-ний өдөр хүртэлх 36 сарын цалингийн зөрүү 59032400 төгрөгийг нөхөж олгохыг Цагаан-Уул Тэрхэн ХХК-д даалгаж,
2. Ж.Алтанхуягийн 2011-01-01-ний өдрөөс 2013-12-31-ний өдөр хүртэлх 36 сарын цалингийн зөрүү 59032400 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөхийг Цагаан-Уул Тэрхэн ХХК-д даалгаж,
3. Ж.Алтанхуягийн 2011-01-01-ний өдрөөс 2013-12-31-ний өдөр хүртэлх 36 сарын цалингийн зөрүү 59032400 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шүүхийн шийдвэрийг тус тус гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга манай компанийн эзэмшиж байсан газрыг хууль бусаар хүчингүй болгож улмаар шүүхийн асуудлыг эхлүүлсэн. Манай компанийн эзэмшил газраас Хот тохижилт үйлчилгээний компанид 3626 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хот тохижилт үйлчилгээний компанийн газар эзэмших эрх хаагдсан. Эцсийн шийдвэр гарах хүртэл уг газар манай компанид байх атал Хот тохижилт үйлчилгээний компани манай газрыг хууль бусаар гурван манаачаар харуулж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 44 сар манай газарт оршин суух болсон. Манай компани газрынхаа 2/3 алдсан тул орлого төдий хэмжээгээр буурч, ажилчдаа халж ажлын байргүй болгохгүйн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан. Шүүхээр шийдвэрлэх хэрэг маргаан 2013 оны 12 дугаар сарын 31-нд дууссан боловч эсрэг талаас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандах гэх мэтээр үргэлжилж шүүхээр 8 жил явж байна. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төгсдэлгэр нарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал эцэслэн шийдвэрлэгдсэн. Манай компани дээрх хугацаанд зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж, өргөжин дэвжих боломжгүй болсон. Компанийн захирлын хувьд компаниа төлөөлөн бүтэн 8 жилийн хугацаанд дээрх асуудлыг шийдвэрлэх гэж явахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжин мөн өмгөөллийн зардал хөлс ч их төлж байсан. Нийт 30 гаруй удаагийн шат шатны шүүх хуралд оролцох явцад сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, зардал чирэгдэл их гарсан. Одоо манай компани бүх газраа эргүүлэн авч хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Би 2011-2013 онуудын цалинг компаниасаа гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ямар байдлаар цалингаа нөхөн авах асуудлаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргасан боловч энэ хугацаанд өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй, шүүхийн шийдвэр аль талд гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан. 2011-2013 оны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага бол 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг сарын цалинг 1.900.000 төгрөгөөр тооцож 59.032.400 төгрөгийн цалинг Цагаан-Уул Тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нөхөн гаргуулах, 2, 3 дахь шаардлагаа өөрчилж 2 дахь шаардлага нь уг цалингийн зөрүүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг 21 хувиар тооцож 12.396.804 төгрөгийг нөхөж төлөхийг Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах, 3 дахь шаардлага нь 2011-2013 онуудад надад нөхөн олгох болсон цалин 59.032.400 төгрөгөөс 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэл 12.396.804 төгрөгийг нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэж тус тус өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежер Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2013-4-13-ны өдрийн 108 тоот захирамжаар Хот Тохижилт компани нь манай компанийн эзэмшил газраас 3621 м.кв газрыг эзэмших болсны улмаас манай компани тухайн газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа түрээслэгчдээс олж байсан орлогоо олж чадахгүй байдалд орсон билээ. Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ компанийхаа газар эзэмших эрхийг баталгаажуулахаар олон жил шүүхээр хөөцөлдсөний үр дүнд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан. /УДШ-н 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолууд/
Дээрх шүүхийн шийдвэрийг биелэгдэх хүртэл манай компани түүнийг зохих ёсоор цалинжуулах санхүүгийн боломжгүй байсан тул 2011, 2012, 2013 онуудын 36 сарын цалингийн зөрүү/ хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр тооцон/ нөхөн олгуулах, 36 сарын цалингийн зөрүүд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 36 сарын цалингийн зөрүүд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежер Ж.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаан-Уул Тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2009 оноос хойш газраа хууль бусаар алдаж өнөөдрийг хүртэл шүүхээр явж байгаа. Тэр хугацаанд манай захирал манаач, цэвэрлэгч нартайгаа адил цалин авч байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хэрвээ уг асуудлыг шийдвэрлэвэл бид 36 сарын цалин, түүнд тохирох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг ч мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуяг нь хариуцагч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежер Ж.Алтанцэцэгт холбогдуулан Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас цалингийн зөрүү 59.032.400 төгрөгийг нөхөн гаргуулах, уг цалингийн зөрүү 59.032.400 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах, цалингийн зөрүү 59.032.400 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас цалингийн зөрүү 59.032.400 төгрөгийг нөхөн гаргуулах, уг цалингийн зөрүү 59.032.400 төгрөгт 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөж төлөхийг Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид, цалингийн зөрүү 59.032.400 төгрөгөөс 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж, хуульд харшилж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байна гэж шүүх үзсэн болно.
Учир нь нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагад цалингийн зөрүү 59.032.400 төгрөгөөс 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд өөр этгээдийн буюу Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх ашиг хөндөгдөж байх ба шүүхээс эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг хэрэгт хамтран хариуцагч, гуравдагч этгээдээр татан оролцуулах эрх хуулиар олгогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийг хэн гаргасан байна түүнийг нэхэмжлэгч гэж үзэх, хэнд холбогдуулж шаардлага тавьсан байна түүнийг л хариуцагч гэж үзэх ба нэхэмжлэгчийн хүсээгүй буюу зөвшөөрөөгүй этгээдийг хариуцагч, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулах боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн цалингийн зөрүүгээс буюу 59.032.400 төгрөгөөс 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөн төлүүлэх талаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж шийдвэрлүүлэх боломжтой байх ба харин гарсан хариуг эс зөвшөөрвөл энэ асуудлаар шүүхэд хандах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах, өөр иргэний хэргийг шүүхэд үүсгүүлэх замаар асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453.062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас цалингийн зөрүү 59.032.400 төгрөгийг нөхөн гаргуулах, уг цалингийн зөрүү 59.032.400 төгрөгт 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөж төлөхийг Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид, цалингийн зөрүү 59.032.400 төгрөгөөс 21 хувийн нийгмийн даатгалын шимтгэлд 12.396.804 төгрөгийг нөхөн төлүүлэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах тухай Цагаан-Уул тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453.062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН