Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/01769

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 22 өдөр           Дугаар 182/ШШ2017/01769         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: УБТЗ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох, 

 

“Харилцан холболтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,042,522 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч УБТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Жи мобайл” ХХК-тай сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулсан. Гэтэл “Жи мобайл” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрийг бүрэн төлөхгүй элдэв шалтаг хэлсээр өдий хүрлээ. Бидний хооронд байгуулсан гэрээний 5.1-д харилцан холболтын төлбөрийг хавсралт 4-т заасан тарифаар сар бүр хийнэ гэсэн гэрээний үүргээ зөрчиж байна. Мөн гэрээний 7.3.1-д заасан үүргээ биелүүлэх талаар буюу ачааллын тооцоо нийлэх талаар манай байгууллагаас удаа дараа албан тоотоор хандсан боловч татгалзсаар байгаа учраас гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан. Уг албан бичгийн хариуг Харилцаа холбооны зохицуулах хороо 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1650 тоот албан бичгээр “Жи мобайл” ХХК болон Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний 5.8, 5.9 дүгээр заалтуудыг мөрдлөг болгон уг гэрээний 5.4, 5.5, 5.6 дугаар заалтуудыг хэрэгжүүлж харилцан холболтын тооцоогоо нийлж, төлбөрөө бүрэн барагдуулахыг үүгээр мэдэгдэж, шаардлагын хэрэгжилтийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тус хороонд албан бичгээр ирүүлэхийг үүрэг болгосон. Гэвч өнөөдрийг хүртэл Жи мобайл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохицуулах хорооны шаардлагыг биелүүлээгүй, мөн уг шаардлагад эрх бүхий шүүхэд гомдол гаргаагүй юм. Иймд 2014 оны 7 дугаар сарын харилцан холболтын төлбөрөөс “Жи мобайл” ХХК нь 5,689,163 төгрөгийг төлсөн тул үлдэх 17.241.200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Жи мобайл” ХХК-тай Улаанбаатар төмөр зам 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан холболтын гэрээ байгуулсан. Энэ гэрээнд заасны дагуу “Жи мобайл” ХХК нь төлбөрөө төлөөгүй. Гэрээний үндсэн төлбөрөөс “Жи мобайл” ХХК нь 5,689,163 төгрөгийг төлөөд 16,042,522 төгрөг төлөөгүй үлдсэн. 2014 оны 7 дугаар сараас эхэлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоход 8,021,261 төгрөг болж байна. Нийт 24,063,783 төгрөгийг “Жи мобайл” ХХК-иас гэрээний үүргийн биелэлтэд шаардаж байна” гэв.

 

Хариуцагч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2014 оны 7 дугаар сарын харилцан холболтын төлбөрт “Жи мобайл” ХХК 5.689.163 төгрөгийг төлсөн. Харин одоо нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй байгаа үндэслэл нь харилцан холболт хийж олон улсын ярианы гарц ашигласан гэх дуудлагуудыг шалган үзэхэд манай сүлжээнд харьяалагдахгүй буюу харилцан холболтын гэрээний 3.4.3-т заасан 93, 98, 97, 53 дугаарлалтуудаас өөр дугаарлалтаар дуудлага хийсэн байх ба, дуудлага хүлээн авсан гэх дугаарууд нь ямар нэгэн хэрэглэгчийн дугаар гэж үзэх боломжгүй дугаарууд байх ба аль нэг оператор компанид бүртгэлгүй дугаарууд байна. Үүнийг манай сүлжээнээс гарсан бодит дуудлага гэж үзэх боломжгүй юм. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь дээрх төлбөртэй холбоотойгоор транзит үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулгыг гаргаж ирүүлэхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөхгүй байгаа болно. Иймд одоо нэхэмжилж буй 17.241.200 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.

 

Хариуцагч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Жи мобайл” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу харилцан холболтын төлбөрт 5,404,705 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн. Энэ талаар хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Харилцаа холболтын төлбөрийг төлж барагдуулсан байхад дахин гэрээний үүрэгтэй холбогдуулж нэхэмжилж, алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харилцаа холболтын хувьд 2014 оны 7 дугаар сарын маргаан байдаг. Энэ 7 дугаар сард “Жи мобайл” ХХК-ийн бодит дуудлага нь 88 болж, төлбөрөө шилжүүлсэн. Гэтэл дахиад бодит бус хэрэглэгчгүй, холболт тогтоогдоогүй ярианы төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хохирол гэж үзэж байгаа бол хохирол нь бодиттой байх ёстой.  Мөн хохирлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Төлбөртэй холбоотой баримт нь хоорондоо тооны зөрүүтэй баримтууд байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “Жи мобайл” ХХК-д холбогдуулан “Харилцан холболтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,042,522 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрээнд заасны дагуу алданги 8,021,261 төгрөг гаргуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 24,063,783 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон хариуцагч “Жи Мобайл” ХХК нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу “Жи мобайл” ХХК нь өөрийн үйлчилгээг УБТЗ-ын хэрэглэгчдэд хүргэх, УБТЗ нь өөрийн үйлчилгээг “Жи мобайл” ХХК-ийн хэрэглэгчдэд хүргэх зорилгоор сүлжээний харилцан холболт хийх нөхцөл, түүнтэй холбоотой харилцан холболтын асуудлыг тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЖМ13/1700, ХАГ/14/001 дугаартай “Жи мобайл” ХХК болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ” болон түүний хавсралтууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 4-9 дүгээр тал/

 

Хариуцагч “Жи мобайл” ХХК дээрх гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын харилцан холболтын төлбөрт 5,404,705.21 төгрөгийг төлсөн болон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан, нэхэмжлэгч хариуцагчид ярианы гарц, шугамаа холбож өгч ашиглуулж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээнд заасны дагуу “Жи мобайл” ХХК нь төлбөрөө төлөөгүй. Гэрээний үндсэн төлбөрөөс “Жи мобайл” ХХК нь 16,042,522 төгрөг төлөөгүй үлдсэн. 2014 оны 7 дугаар сараас эхэлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоход 8,021,261 төгрөг болж байна. Нийт 24,063,783 төгрөгийг “Жи мобайл” ХХК-иас гэрээний үүргийн биелэлтэд шаардаж байна” гэж тайлбарладаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...харилцан холболт хийж олон улсын ярианы гарц ашигласан гэх дуудлагуудыг шалган үзэхэд манай сүлжээнд харьяалагдахгүй буюу харилцан холболтын гэрээний 3.4.3-т заасан 93, 98, 97, 53 дугаарлалтуудаас өөр дугаарлалтаар дуудлага хийсэн байх ба, дуудлага хүлээн авсан гэх дугаарууд нь ямар нэгэн хэрэглэгчийн дугаар гэж үзэх боломжгүй дугаарууд байх ба аль нэг оператор компанид бүртгэлгүй дугаарууд байна. Үүнийг манай сүлжээнээс гарсан бодит дуудлага гэж үзэх боломжгүй юм.

7 дугаар сард “Жи мобайл” ХХК-ийн бодит дуудлага нь 88 болж, төлбөрөө шилжүүлсэн. Гэтэл дахиад бодит бус хэрэглэгчгүй, холболт тогтоогдоогүй ярианы төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хохирол гэж үзэж байгаа бол хохирол нь бодиттой байх ёстой. Мөн хохирлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Төлбөртэй холбоотой баримт нь хоорондоо тооны зөрүүтэй баримтууд байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байгаа болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЖМ13/1700, ХАГ/14/001 дугаартай “Жи мобайл” ХХК болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”-ний хавсралт 4-т харилцан холболтын үйлчилгээний үнэ тарифыг талууд тохирчээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрт 21,731,685 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэхээр хариуцагч “Жи мобайл” ХХК-иас нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Харилцан холболтын ачааллын тооцоогоор Жи-мобайлаас УБТЗ-ын сүлжээ рүү 7,205 удаагийн, 6,894 минутын холболт, Жи-мобайлаас УБТЗ-ын 005 гарцаар 20,794 удаагийн 65,208 минутын холболт хийгдсэн, УБТЗ-аас Жи мобайлын сүлжээ рүү 13,720 удаагийн 31,087 минутын холболт, УБТЗ-ын 005-аас Жи мобайлын сүлжээ рүү 9 удаагийн 12 минутын холболт хийгдсэн ба дээрх тооцооны дагуу Жи мобайлаас УБТЗ руу нийт 22,384,764.50 төгрөгийн холболт, УБТЗ-аас Жи мобайл руу 653,079 төгрөгийн холболт хийгдсэн болох нь харилцан холболтын үйлчилгээний ачааллын тооцоо, CDR-ийн бичлэгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 26, 27, 29, 30 дугаар тал/

 

Талууд хооронд байгуулсан гэрээний 3.4.1-д “Талуудын сүлжээний дугаарлалт нь Харилцаа холбооны зохицуулах холбооноос олгогдсон дугаарлалтын дагуу хийгдэнэ”, 3.4.2-т “УБТЗ-ын суурин сүлжээний хэрэглэгчийн дугаарлалт нь хавсралт 5-д заасны дагуу байна.”, 3.4.3-т “Жи мобайл үүрэн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалт нь 93хх хххх, 98хх хххх, 97хх хххх, 53хх хххх байна”, 3.4.4-т “Талууд сүлжээний дугаар шинээр үүсгэх тохиолдолд нөгөө талдаа ажлын 5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ”, 5.4-т “Талуудын төлбөр тооцооны төвийн ажилтнууд харилцан холболт хийгдсэн ярианы өгөгдлийг тухайн тайлан сарын сүүлийн өдрөөс хойш хуанлин 6 хоногт багтаа электрон хэлбэрээр солилцож, хуанлийн 8 хоногт багтаан тооцоог цаасан дээр хийж баталгаажуулна”, 5.6-д “Талуудын санхүүгийн албаны холбогдох ажилтнууд нь харилцан холболтын тооцоо нийлсэн өгөгдлийг үндэслэн харилцан холболтын төлбөрийн хэмээг тооцох ба илүү төлөлттэй тал нь тухайн тайлан сарын сүүлийн өдрөөс хойш хуанлийн 28 хоногийн дотор харилцан холболтын зөрүүд ногдох НӨАТ-ыг, хуанлин 60 хоногийн дотор харилцан холболтын төлбөрийн зөрүүг тус тус төлнө”, 5.9-д “Талуудын сүлжээнд байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр нь ялгаж тооцоо нийлнэ” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч “Жи Мобайл” ХХК нь гэрээний 5.4, 5.6, 5.9-д заасны дагуу харилцан холболтын тооцоо, мөн сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг минутыг холбох шугамын нэрээр нь ялгаж тооцоо нийлээгүй болох нь “Жи мобайл” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/2907 дугаартай албан бичиг, түүний хавсралт, “Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар анги”-ийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 32/627 тоот, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32/659 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 32/744 тоот албан бичгүүдээр нотлогджээ.

 

Гэрээний 10.1-д зааснаар талууд маргаанаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж шийдвэрлэхээр тохиролцсон байх бөгөөд үүнийг дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1650 дугаар албан бичгээр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу харилцан холболтын тооцоогоо нийлж, төлбөрөө бүрэн барагдуулахыг мэдэгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Хариуцагч тал олон улсын ярианы гарц ашиглаж гарсан гэх дуудлагууд нь манай сүлжээнээс гарсан бодит дуудлага гэж үзэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу баримтаар няцаагаагүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан “Жи мобайл” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/2907 тоот Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангид хүргүүлсэн албан бичгээр “...манай систем рүү халдлага хийгдэж, уг халдлагын улмаар янз бүрийн дугааруудаас олон улсын гарц ашиглан холболт хийгдсэн ба үүнээс шалтгаалан манай компанид ихээхэн хэмжээний харилцан холболтын мөнгөн хохирол учирч ноцтой асуудал үүсээд байна...” гэх тайлбараар хариуцагч “Жи мобайл” ХХК-ийн сүлжээ буюу систем 2014 оны 7 дугаар сард халдлагад өртсөн нь нэхэмжлэгчийн шугамыг ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн сүлжээнээс Улаанбаатар төмөр замын сүлжээ дамжин хийгдсэн дуудлагууд хуурамч, бодитой биш гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг нэхэмжлэгчийн шугамыг ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д Хэрэглэгчийн үүргийг заахдаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах үүрэгтэй байхаар зохицуулсан тул ашиглаж байгаа сүлжээний системийн аюулгүй ажиллагаагаа хамгаалах нь “Жи мобайл” ХХК-ийн үүрэг байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЖМ13/1700, ХАГ/14/001 дугаартай “Жи мобайл” ХХК болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”-ний 5.11-д “Төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх дүнгийн 0.3 хувийн алданги тооцно” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагч “Жи-Мобайл” ХХК нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд төлөх үүрэгтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Жи мобайл” ХХК-иас  харилцан холболтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,042,522 төгрөг, алданги 8,021,261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Жи Мобайл” ХХК-иас 24,063,261 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жи мобайл” ХХК-иас 278,269 төгрөгийг гаргуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС