Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01904

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01904

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү ХХК холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Цхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д.Ц нь гоо сайхны өндөр зэрэглэлийн салоныг ажиллуулах зорилгоор Баянгол мед ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулан АНУ-д үйлдвэрлэгдсэн Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 33 000 ам.доллараар, Франц улсад үйлдвэрлэгдсэн Integral орыг 41 000 еврогоор тус тус худалдан авч ажиллуулсан байдаг. Биеийн эрүүл мэндийн байдлаас болж удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас гоо сайхны салоноо ажиллуулах боломжгүй болсон.

Иймээс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Үгрийс ХХК-тай гэрээ байгуулан Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 40 000 000 төгрөгөөр, Integral орыг 55 000 000 төгрөгөөр, нийт 95 000 000 төгрөгөөр үнэ бууруулан худалдаж, эрхийн болон биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжүүдийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагч Үгрийс ХХК-ийн захирал Б.Д шилжүүлэн, хүлээлгэж өгсөн байдаг. Энэхүү аппаратууд нь хүний арьсыг коллаген болон хүчилтөрөгчөөр ханган залуужуулж, стресс тайлж амраах, жин хасах, биеийн галбирыг нарийсгах, арьсны өнгө сайжруулах, целлюлит багасгах үйлчилгээ үзүүлдэг. Уг 2 аппаратыг худалдан авах саналыг Үгрийс ХХК-ийн захирал Б.Д анх гаргасан, Б.Дгийн худалдан авахаар гаргасан үнийн саналаар нь худалдсан, мөнгийг шууд өгөхгүйгээр түүний саналын дагуу график хийж цувуулж өгөхөөр тохирсон. Эд хөрөнгийн ямар нэг доголдолгүй аппарат хүлээлгэн өгсөн учир Б.Д ямар нэг санал гомдол гаргаагүй, одоо хүртэл уг аппараатаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үгрийс ХХК нь уг аппаратуудыг гоо сайхны салондоо ашиглан үйл ажиллагаа явуулж, үр шимийг нь хүртсээр байна.

Тухайлбал, худалдан авсан 55 000 000 төгрөгний LPG аппаратны нэг удаагийн үйлчилгээний үнэ 79 200 төгрөг, Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 86 900 төгрөгөөр үйлчилгээ хийж байна. Гэрээнд заасан хуваарийн дагуу Үгрийс ХХК нь Collagen Jet 02 Pot аппаратны үнэ болох 40 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, Integral гоо сайхны аппарат болон LPG орны үнэ болох 55 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15 000 00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдан авагч тал Integral гоо сайхны аппарат болон LPG орны төлбөр болох 55 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон хуваарийн дагуу төлөөгүй ч 2015 онд төлж дуусгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдан авагч Б.Д нь Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг худалдан авсан үнэ болох 40 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр худалдагч талд бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй, одоо хүртэл төлөхгүй хохироож байна.

Иймд Иргэний хуулийн 9.4.3, 243.1, 261.1, 262.1-д заасны дагуу Үгрийс ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөгийг гаргуулж Д.Цд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц нь дээрх 2 аппаратыг ҮГрийс ХХК-д худалдан авах санал тавьсан атлаа анх манайхыг санал тавьсан мэтээр худлаа бичжээ. Манай байгууллага нь Д.Ц, түүний компаниас аппарат худалдан авах санал тавьж байсан зүйл огт байхгүй. Анх Эй Би Эйч ХХК-ийн захирал гэх Д.Ц нь өөрийн салоныг ажиллуулах боломжгүй болчихлоо, өндөр үнэтэй аппарат учраас бусад салон авахгүй байна. Танайх л энэ аппаратыг ашиглах боломжтой учраас авчих хэмээн удаа дараа гуйж байсан юм.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ...ҮГрийс ХХК нь одоо хүртэл тус аппаратаар үйл ажиллагаа явуулж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн... гэжээ. Манай компани тус аппаратыг анх хүлээн авахдаа гурав дахь салбараа нээсэн бол худалдан авч төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр ярьж тохиролцож хүлээн авсан бөгөөд гурав дахь салбараа нээгээгүй тул тус аппаратыг худалдан авах болзол биелээгүй, тус аппаратыг ашиглах хэрэгцээ гараагүй. Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанчлан ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр худалдан авсан бол тус аппаратыг агуулахад хадгалах биш, харин ямар нэг хэлбэрээр ашиглаж, үнэ цэнийг нь гаргах байсан. Манайх гуравдахь салбараа нээгээгүй тул тус аппаратыг ашиглаагүй бөгөөд нэхэмжлэгчид тохиролцсон ёсоор аппаратыг ирж авах талаар удаа дараа хэлж ярьсаар ирсэн.

2014 онд манай байгууллага нь Хүүхдийн 100 болон Түмэн төвд тус тус нэг салбартай буюу нийтдээ 2 үйлчилгээний салбартай ажиллаж байсан. Анх манай байгууллага Collagen Jet 02 Pot LPG гэсэн хоёр аппаратаас LPG аппаратыг авахаар зөвшөөрсөн бөгөөд Collagen Jet 02 Pot ыг авахгүй гэдгийг хэлсэн. Учир нь: Collagen Jet 02 Pot  гэсэн аппаратыг авах хэрэгцээ шаардлага байгаагүй юм. Тухайн үед манайх шинээр баригдаж байсан Шангри-Ла төвд гуравдахь салбараа нээхээр ажиллаж байсан бөгөөд хэрэв гуравдахь салбараа нээвэл Collagen Jet 02 Pot  аппаратыг авъя гэж тохирсон. Ингэхдээ Collagen Jet 02 Pot  аппаратыг авбал 40 000 000 төгрөгөөр, LPG аппаратыг 55 000 000 төгрөгөөр гэж тохирсон бөгөөд эхний ээлжинд аппаратын үнийг харилцан тохирч батлаад, гуравдахь салбараа нээсэн тохиолдолд Collagen Jet 02 Pot  аппаратыг худалдаж авах тухай тохиролцоог гэрээнд оруулахаар ярилцсан. Манай байгууллага хуулийн зөвлөхгүй учраас энэхүү тохиролцоог бичгээр байгуулаагүй, гэрээ боловсруулдаг хүнээр дээрх тохиролцоогоо бичгээр буулгуулахаар Д.Цтэй ярилцсан. Д.Ц ч гуравдахь салбараа нээсэн тохиолдолд мөнгөө авч эхлье гэж зөвшөөрсөн юм. Гэвч 2016 онд манайх гуравдахь салбараа нээж чадаагүй, харин Түмэн төвд байсан салбараа Шангри-Ла төв рүү нүүлгэсэн. Иймээс гуравдахь салбараа нээсэн тохиолдолд Collagen Jet 02 Pot  аппаратыг авах тухай тохиролцсон болзол биелээгүй юм. Нэгэнт манайх гурав дахь салбараа нээх боломжгүй болсон тул Collagen Jet 02 Pot  аппаратаа авна уу гэж удаа дараа хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч анх тохиролцсон тохиролцооноос буцаж, гэрээний хавсралтыг гэрээ байгуулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анх манай байгууллага Эй Би Эйч ХХК-ийн эрхлэн явуулдаг салон, тус салоны захирлаар Д.Ц ажилладаг гэж хэлж ярьж байсан бөгөөд Д.Ц гэх хувь хүнтэй тохиролцсон асуудал байхгүй. Иймээс Д.Цг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн Эй Би Эйч ХХК нь Баянмонгол мед ХХК-тай 06а/06/2012, 08а/05/2012 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан дээрх тоног төхөөрөмжийг худалдан авсан байх ба нэхэмжлэлд дурьдсан LPG аппарат, Collagen Jet 02 Pot  аппарат нь Д.Цгийн өмчлөлийнх бус, Эй Би Эйч ХХК-ийн өмчлөлийнх болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Үгрийс ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гоо сайхны Collagen Jet 02 Pot аппаратны үнэ 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Үгрийс ХХК-ийн захирал Б.Дтай худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, төлбөр төлөх хуваарийг тохирч, гоо сайхны Collagen Jet 02 Pot  аппаратыг хүлээлгэн өгсөн боловч уг аппаратын үнэ 40 000 000 төгрөгийг гаргуулана гэж тайлбарладаг бол хариуцагч Үгрийс ХХК нь өөрийн татгалзал, түүний үндэслэлээ иргэн Д.Цтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гоо сайхны Collagen Jet 02 Pot  аппаратыг гуравдахь салбараа нээсэн тохиолдолд худалдан авах болзол тавьж авсан боловч ашиглаагүй агуулахад хадгалж байгаа, манай байгууллага Эй Би Эйч ХХК-ийн эрхлэн явуулдаг салоны захирал Д.Цтэй худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоос биш иргэн Д.Цтэй тохиролцоогүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тус тус тайлбарлан маргаж байна.

  Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн /хх-ийн 16 дугаар тал/ 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримтаар Үгрийс ХХК нь SPA аппаратыг 40 000 000 төгрөгөөр, LPG аппаратыг 55 000 000 төгрөгөөр тус тус иргэн Д.Цгээс худалдан авч, уг тоног төхөөрөмжийн үнийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон болох нь нотлогдон тогтоогдож байна.

Дээрх бичгийн нотлох баримтаар талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл буюу гэрээний зүйл, гэрээний үнийг тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба худалдагч Д.Ц нь тогтоосон хуваарийн дагуу гоо сайхны тоног төхөөрөмжийн үнийг төлөхийг худалдан авагч Үгрийс ХХК-иас шаардах эрхтэй.

2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримтанд тусгагдсан 55 000 000 төгрөгийн үнэ бүхий LPG аппаратны төлбөр тооцоо хийгдсэн байх бөгөөд талууд тухайн аппаратны талаар маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэв. 

Хариуцагч Үгрийс ХХК-ийн захирал Б.Д 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримтанд гарын үсэг зураагүй хэмээн маргасны улмаас шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1626 дугаар дүгнэлтийг гаргуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн огноотой 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь-ийн зүүн доод талд Б.Д гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь иргэний хавтаст хэргийн 56, 57, 58 дугаар хуудсанд байх Б.Дгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. 

Түүнчлэн, гэрч Ц.Д 2018 оны 09 сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн Тэр аппарат нь Д.Цгийн ажиллуулж байсан салоны өрөөний ард талд байдаг байсан. Ерөнхийдөө зарья гэж яригдаж байсан болохоор Грийс салоны менежер хүүхэн ирж аппаратыг авч байсныг мэднэ. Төлбөрөө яаж авах талаар Д.Ц бид 2 явж байгаад Наранплазагийн ойролцоо Энхтайваны гүүрний тэнд уулзаж байсан. Тэр газар нь 2 давхар байсан. Бид хоёр нэг давхарт нь Грийс салоны даргатай мөнгөний талаар уулзсан. Дарга нь төлбөр төлөх талаараа бичиг хувилаад Д.Цд нэг хувийг нь, нэг хувийг нь өөртөө авч байсан. Тамга дарж, гарын үсгээ зуралцаад өгч байсан. Хүмүүстэй ирж аппаратыг авч байсан. Зарагдсан болохоор мөнгөө төлье гэсэн хуваарь хийж өгсөн байх гэж бодож байна. Би уг аппаратыг зарсны дараахан ажлаас гарсан. Аппарат зарсан талаар гэрээ гэж төлбөрөө төлөх талаар график гаргаж өгснийг болон аппарат авч явсныг мэднэ гэсэн мэдүүлэг,

Мөн гэрч Б.С 2018 оны 09 сарын 11-ний өдөр өгсөн Д.Ц гэдэг хүн аппарат зарсныг мэдэж байгаа. ЛПЖ болон СПА гэсэн хоёр аппарат авсан. Эхлээд ЛПЖ-г авья гэсэн чинь СПА-г давхар авах юм бол ЛПЖ-г зарна гэсэн. Манайх өөрсдөө хоёр СПА-тай. СПА-г хэрэглэх боломжгүй гэсэн. Гуравдахь салбараа нээхээр бол СПА-г нь авья гээд ямар ч байсан төлбөр төлөх график хийчих гэж захирал хэлсэн, Тэгээд би график хийж өгсөн санагдаж байна. Гэрээ хийгээгүй байх. Гуравдахь салбараа нээх юм бол үлдсэн аппаратыг авья гэдэг тохиролцоог захирал, Д.Ц хоёр хийсэн. Манайх гуравдахь салбараа нээж чадахаа болилоо энэ аппаратыг чинь буцаая, өөр хүмүүст эсхүл зуучилж өгье гэсэн санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй юм шиг байна лээ. Аппарат салбар компаний агуулахад байгаа. Д.Ц, захирал хоёр Түмэн төвийн оффист тохиролцоог хийсэн. Төлбөрийн хуваарийг нь би хийсэн гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Ц болон хариуцагч Үгрийс ХХК-ийн захирал Б.Д нар гоо сайхны 2 ширхэг тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон, худалдан авагч тал гоо сайхны 2 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. 

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь 40 000 000 төгрөгийн үнэ бүхий Collagen Jet 02 Pot буюу Spa аппаратыг нэхэмжлэгч Д.Ц нь Үгрийс ХХК-д хадгалуулж байгаа гэж тайлбарласан учир тухайн тоног төхөөрөмжийг хариуцагч тал хүлээн авсан гэсэн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл нь 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар няцаагдаж байх тул Collagen Jet 02 Pot буюу Spa аппаратны үнэ 40 000 000 төгрөгийг Үгрийс ХХК-иас гаргуулах тухай Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлоогүй бөгөөд татгалзаж буй тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Үгрийс ХХК-иас 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Үгрийс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ