| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Б-д холбогдох 2428000000264 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ... дугаар багийн “Г” гэх уурхайн кемпэд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан, хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн Д.П-гийн биед дух, баруун хөмсгөнд шарх доргилт, дух баруун хөмсөг, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өглөө ээлжээс буугаад амарч байсан. 10 цаг 30 минутын үед Б дарга намайг машин засаад явчих гээд цуг явсан. Г гэх уурхай дээр очоод пажеро гэх машиныг зассан. Уг машиныг засаж дууссаны дараа би Б-г багаж хураачих гэж хэлэхэд дургүйцэж бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь Б гэнэт босож ирээд миний хөмсөг дух руу цохисон. Тэгэхэд миний баруун талын хөмсөгний дээр хэсэгт маш чанга цохисон. Тэгсэн чинь миний духнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд бид Гурвантэс сумын нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Би гомдолтой байна эмчилгээний төлбөрийг гаргуулан авмаар байна... Би 11 дүгээр сарын цалин болох 1,300,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 27,000 төгрөг, мөн манай ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Гурвантэс сум руу Приүс 20 загварын тээврийн хэрэгслээр очсон. Тэрний бензин тосны мөнгө гээд нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна.” (хавтаст хэргийн 17, 22 дахь тал)
Гэрч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А, П, Э нар оройны 17 цагийн үед Б бид хоёр дээр ирсэн. Тэгээд тэр 1 шил архи уусан. Би Э болон А нартай хамт нүүрс түлээ бэлдэхээр гарсан. Тэгээд эргэж орж ирэхэд гэрийн хоймор, ширээ хэсэг цус болчихсон П-гийн хөмсөг хэсэг нь зүсэгдсэн, цус гарч байсан. Тэгээд бид кемп рүү явсан.” (хавтаст хэргийн 26 дахь тал)
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би А, П хоёртой Г гэх уурхайд манай нэг машин эвдэрсэн учир засаж өгөхөөр очсон юм. Тэнд очиход Б, Ө нар тус газрыг хамгаалж байсан. Бид машин засаж байгаад сэлбэг хэрэгтэй болоод түр орхичихсон байсан. А, П, бид гурав 1 шил “Хараа” гэх 0.75 литрийн архийг хувааж ууж байгаад дуусгалгүй, Б болон Ө нар дээр очиж хонохоор явсан. Бид гурав очоод үлдсэн архинаас Бд жоохон өгсөн юм. Бид ярьж сууж байгаад Ө, А бид 3 гарч нүүрс түлээ оруулж ирж гэрээ дулаацуулъя гээд гарсан. А ахлах түрүүлээд гэр рүү явсан би Ө-тай араас нь гэр рүү ороход П толгой хэсгээс нь цус гарч байсан.” (хавтаст хэргийн 30 дахь тал)
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Инпрел ХХК-ийн албаны машины тээш хийх арын багааж хэсэгт байхад олоод энэ ямар хутга вэ хэний хутга вэ гэхэд О.Б миний Д.П-г хутгалсан хутга гэж хэлсэн.” (хавтаст хэргийн 37 дахь тал)
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өглөөний 09 цагаас 28-ны 09 цаг хүртэл жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд 28-ны 00 цаг 40 минутад А.П гэх ... настай, эрэгтэй, согтуу, толгой духны хэсгээр ил шархтай, цус гарсан, биеийн байдал дунд зэргийн манай эрүүл мэндийн төвд ирсэн. Би үзлэг хийж асуумж авахад өдөр 16 цагийн үед машинаас буух гэж байгаад төмөр мөргөж унасан гэж хэлсэн. Би цус бүлэгнүүлэх, цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ хийж хэсгийн мэдээ алдуулалтай дух баруун талын хөмсөгний голоор 8.5 см урттай гүн нь 2-3 см урттай ил шархан дээр оёдол тавьсан... Д.П-д хөмсөг дух хэсэгт оёдол тавьсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 450,965 төгрөг нэхэмжилж авсан байгаа.” (хавтаст хэргийн 42, 57 дахь тал)
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Инпрел” ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд орсон. 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Г гэх одоо ажиллахгүй байгаа уурхай дээр тус уурхайг хамгаалж байсан. Тэгэхэд П архи уучихсан бас 3 хүний хамт ирсэн. П архи гаргаж ирээд би тэр архинаас 2 удаа амсаад л өгсөн. П архи уучхаад намайг тахир дутуу банди минь гэх мэтээр намайг байнга доромжилж байсан. Тэгээд бид маргалдаж хоорондоо зодолдсон. П намайг эхлээд 2 цохисон, би П-г цамцнаас нь татаад унахад П газар ойчсон тэгэхэд доор нь цагаан иштэй хутга байсан тэрэнд хөмсгөө зүссэн.” (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.П-гийн биед дух, баруун хөмсгөнд шарх, тархи доргилт, дух баруун хөмсөг, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Д.П-гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 60 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)
Яаралтай тусламжийн хуудас, Д.П-гийн эмнэлгийн тусламж авах үеийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-64 дэх тал)
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-89 дэх тал)
М.Б-ийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал)
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 94 дэх тал)
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн б/ 295 дугаартай М.Б-ийг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 95 дахь тал)
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 96-99 дэх тал)
Нийгмийн даатгалын газар (тасаг)-ын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр (хавтаст хэргийн 82 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 83 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 84 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал)
Мессежний зураг (хавтаст хэргийн 70 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П нь мөрдөн байцаалтын шатанд 2024 оны 11 дүгээр сарын цалин болох 1,300,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 27,000 төгрөг, шатахууны зардал 673,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилж мэдүүлэг өгсөн. Иргэний нэхэмжлэгч М.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 450,965 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгө баримттай учраас иргэний нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх саналыг оруулж байна. Хохирогч Д.П-гийн хувьд баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчоос 2024 оны 11 дүгээр сарын цалин болох 1,300,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 27,000 төгрөг, шатахууны зардал 673,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой ямар нэгэн баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй учраас энэ хүнд ийм хэмжээний хохирол тогтоогдсон гэдгийг нотлох боломжгүй байна. Цалин болох 1,300,000 төгрөгийн тухайд хохирогч хэдээс хэдий хугацаанд ажлаа хийх боломжгүй байсан бэ гэдэг баримтууд нь тогтоогдохгүй байна. Мөн тухайн хүнийг 11 дүгээр сард ажил хөдөлмөрөө эрхэлсэн юм уу, эрхлээгүй юм уу цалин нь 1,300,000 төгрөг байсан юм уу, үгүй юм уу гэдэг тал дээр нотлох баримт байхгүй учраас хохирлын хэмжээнд тооцох боломжгүй байна гэж харж байна. Мөн шатахууны зардлын хувьд мөн адил тухайн зардал гарсан гэдэг нь тогтоогдохгүй, баримт нь байхгүй учраас эдгээр дүнг хохиролд тооцох боломжгүй. Нэгэнт хөнгөн гэмтэл учирсан нь тодорхой байгаа учраас эм тарианы 27,000 төгрөгийг хохирол төлбөрт тооцох үндэслэлтэй байна гэж харж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр О.Б хохирол төлбөрөө төлөөгүй ч гэсэн цаашид төлөхөө илэрхийлж байгаа. Мөн шүүхээс тогтоосон дүнгээр хохирол төлбөрөө төлнө гэдгээ сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүллээ. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, гар хөл нь саажилттай гэх боловч цаашид хамгаалагчийн ажил хийгээд явах боломжтой. Өмнө нь ч гэсэн 2020 оны 10 дугаар сараас хойш “...” ХХК-д 2 жил тасралтгүй ажилласан. Мөн цаашид хамгаалагчийн ажил хийгээд явах боломжтой учраас хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь намайг уучлаарай хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ... дугаар багийн “Г” гэх уурхайн кемпэд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан, хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн Д.П-гийн биед дух, баруун хөмсгөнд шарх доргилт, дух баруун хөмсөг, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 22 дахь тал), гэрч Ч.Ө-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч Ж.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрч Ж.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрч Т.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 57 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), яаралтай тусламжийн хуудас, Д.П-гийн эмнэлгийн тусламж авах үеийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-64 дэх тал), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-89 дэх тал), таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 96-99 дэх тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-гийн эрүүл мэндэд дух, баруун хөмсгөнд шарх, тархи доргилт, дух баруун хөмсөг, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч О.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.Б-гийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-гийн эрүүл мэндэд дух, баруун хөмсгөнд шарх, тархи доргилт, дух баруун хөмсөг, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 11 дүгээр сарын цалин болох 1,300,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 27,000 төгрөг, мөн манай ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Гурвантэс сум руу Приүс 20 загварын тээврийн хэрэгслээр очсон. Тэрний бензин тосны мөнгө гээд нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна.” (хавтаст хэргийн 22 дахь тал) гэж мэдүүлсэн байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П нь гэмт хэргийн хохирогч болсны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй, эсхүл дутуу авсан цалин хөлс, цалинг тодорхойлсон баримтыг, мөн замын зардал, шатахуун, эмчилгээтэй холбоотой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох”-оор хуульчлагдсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 517,734 төгрөг гарсан болох нь гэрч Т.Д-гийн “... Д.П-д хөмсөг дух хэсэгт оёдол тавьсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 450,965 төгрөг нэхэмжилж авсан байгаа.” (хавтаст хэргийн 42, 57 дахь тал) гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай “... дугаартай хэрэгт холбогдуулан Д.П (...)-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлыг хянаж үзлээ. Үүнд: 2024 оны 10 сарын 28-ны өдөр Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийг S01.0 оношоор 450,965 төгрөг, 11 сарын 01-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг, оношилгоонд S06.0 оношоор 66,769 төгрөг, нийт 517,734 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна.” (хавтаст хэргийн 94 дэх тал) гэх албан бичиг, яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 61-63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б-гаас 517,734 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний цалин хөлс бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд О.Б-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг ярихын өмнө тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дурдах нь зүйтэй гэж ойлгож байна. Тухайн нөхцөл байдлыг аваад үзвэл хохирогчийн зүй бус ааш авир гаргасан байдал хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг шүүдэгч О.Б-гийн өөрийнх нь мэдүүлэг зэргээс харагддаг. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийг тахир дутуу гэдэг өөрийнх нь эмзэг сэдвээр нь удаа дараа доромжилж өөрийг нь боож унагааж, 2 удаа цохисон асуудал байдаг. Энэ шалтгааны улмаас О.Б хохирогчид хөнгөн гэмтэл учруулах нөхцөл үүсжээ гэж үзэж байна. Мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Улсын яллагчийн хэлсэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэсэнтэй санал нэг байна. О.Б-гийн хувьд 60 хувийн хөдөлмөр алдалттай, харваад хөл гар нь саажилттай болсон учраас нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд энэ хүний харвалтын байдлаас хамаараад тухайн бугуйвчийг зүүж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа учраас улсын яллагчийн гаргасан саналын дагуу торгох ял оногдуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. О.Б-гийн хувьд цаашид хамгаалагчийн ажил хийгээд явах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. Иймд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Б нь үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-гийн цалин хөлс, бусад орлог олох боломжийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Б-гаас 517,734 (таван зуун арван долоон мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-гийн нэхэмжилсэн нийт 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ