Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Гэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаярын нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Б.О

Шүүгдэгч                                                          Н.Г

Хохирогч                                                         Ц.Э

Нарийн бичгийн дарга                                Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ц.Эгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н-н Г.

Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой         аймгийн     сумын       багийн       дугаар байрны гадаа хамт архи ууж байгаад Ц.Эгийн өмчлөлийн Самсунг А-5 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Б овогт Н-н Г-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдэж,

 шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гээс 336.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Эд олгож,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Э давж заалдах гомдолдоо:

“ ... 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг айлд сууж байхад миний утас руу танил эмэгтэй У байн байн залгаж дуудан 09.30 цагт 3-16 байрны гадаа хүлээж байсан. У “Архи байна уу, шартаад” гэхээр нь Заамарт байдаг эгч рүүгээ утасдаад 15.000 төгрөг авч өгсөн.       дугаар байрны урд Г миний зүүн талд, У миний баруун талд сууж, архиа уусан. Г миний халааснаас гар утсыг маань зөвшөөрөлгүй авахаар нь би утсаа буцааж авах гэтэл У миний утсыг Г-с булааж аваад миний хөл дээр гишгэж, гэмтээгээд надад тусламж үзүүлэлгүй, гар утас, ууж байсан архийг Г У нар аваад явсан. Миний баруун хөлийн хуруунууд дээр гишгэж гэмтээснээс болж явж чадахгүй, эмчилгээ хийлгэсэн. Баруун хөлийн дунд хуруунаас бусад 4 хуруу гэмтэж, 2 хурууны хумс, маш их зовиуртай 1 сар гаруй хугацаанд өвдөж, зовсон. Тэднийг “гар утас төлж өгнө, таныг гомдолгүй болгоно” гэсэнд нь итгэж өөрөө өвчтэй байсан болохоор тууштай хөөцөлдөж чадаагүй талтай ч энэ болсон үйл явдлыг зөвхөн Г гар утас зөвшөөрөлгүй авсан гэдгээр нь буруутгаж энэ хэрэгт У-г огт хамааралгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Бид хамт архи уусан ч У Г-тай бүлэглэн миний гар утсыг булааж, авч явсан үйлдлийг шалган тогтоосонгүй. Гэмт хэрэг гарсан байдлыг тодруулахдаа хохирогч миний энэ талаар мэдүүлээд байгаа асуудлыг шалган тогтоох ёстой байхад мөрдөгч асуудлыг нягтлан шалгаагүй нь хэргийг хамтран үйлдсэн У-д давуу байдал үүсгэж, энэ хэрэгт гэрч болоод явж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Ц.Э миний эрүүл мэндээрээ хохирсон байдлыг огт шалган тогтоогоогүйд гомдолтой байна. Миний хөлийг гэмтээсэн талаар мөрдөгч Х хяналт тавьж байгаа прокурор Б.О нарт хэлсээр байхад энэ талаар шалгаагүй зөвхөн Г утас авсан гэдгээр хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хохирогч Ц.Э миний хохирсон байдлыг үнэн зөвөөр нь тогтоохын тулд хэрэгт хамааралтай дээрх ажиллагааг хийж, гүйцэтгэх шаардлагатай гэж үздэг. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, гэмт хэрэг гарсан байдал, хохирлыг хэр хэмжээг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгах шаардлагатай байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, хэргийг тал бүрээс нь нягталж үзэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 344 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдолд дурдсан ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ц.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой        аймгийн        сумын       багийн        дугаар байрны гадаа Ц.Э, Л.У нартай хамт архи ууж байгаад хохирогч Ц.Эгийн өмчлөлийн “Самсунг А-5” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 336.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

             Хохирогч Ц.Э нь “... У миний утсыг Г-с булааж аваад миний хөл дээр гишгэж, гэмтээгээд надад тусламж үзүүлэлгүй, гар утас, ууж байсан архийг Г У нар аваад явсан ... Миний баруун хөлийн хуруунууд дээр гишгэж гэмтээснээс болж явж чадахгүй, эмчилгээ хийлгэсэн ... ” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа боловч

 

хэргийн үйл баримтын талаар хохирогч Ц.Э нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анх мэдүүлэхдээ “ ... би жаахан архи уугаад тасраад унтсан байсан ...  маргааш нь утсаа нэхсэн чинь аваагүй гээд байсан ... би тэр үед архи ууж байгаад тасраад сэрэхдээ утсаа алга болсноо мэдсэн ...” гэж /хх 5/,

 

             2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дахин мэдүүлэхдээ “ ... Г нь миний зүүн гар талд сууж байхдаа миний цамцны зүүн талын халаасанд байсан Самсунг А-5 загварын гар утсыг авсан юм. Тухайн үедээ би “миний утсыг яах гэж байгаа юм” гэхэд “утсаар яриадхья” гэсэн. Тэгээд бид нар архиа уугаад дуусаагүй байхад би нэлээн согтсон байсан ... маргааш нь би У-с утсаа асуусан чинь аваагүй гэсэн ... Миний халааснаас Г миний утсыг авсан ...” гэж /хх 13/,

 

             гэрч Л.У нь “... Э бид хоёроос гар утсаа нэхээд эхэлсэн юм. Тэгээд Г-с энэ тухай асуухад явуулын зам дээр явж байсан хүнд гар утсыг нь зараад архи уучихсан гэж хэлсэн ... тухайн үед би хамт байгаагүй...” гэж тус тус мэдүүлжээ.

 

             Түүнээс гадна мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Гийн өгсөн “... би тамхи авчихаад иртэл Т архи уугаад тасраад дээшээ хараад хэвтэж байсан. Тэгсэн хажууд нь гар утас нь уначихсан байхаар нь би тэр гар утсыг нь авсан...” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Ц.Эгийн давж заалдах гомдолд дурдсан “... У энэ хэрэгт холбоотой ....” гэсэн хэсэг нь няцаан үгүйсгэгдэж байх ба хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүгнэн үзэхэд энэ хэрэгт гэрчээр асуугдсан Л.У нь шүүгдэгч Н.Гтэй бүлэглэн хохирогчийн гар утсыг хулгайлсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна.

 

             Мөн хохирогч Ц.Э нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... би алдсан утсаа 2018 оны 11 дүгээр сард БНСУ-аас хүүхдээрээ дамжуулан авахуулж байсан. Тухайн үед монгол мөнгөөр 800.000 орчим төгрөгөөр худалдан авсан ... утасны үнэлгээний талаар гомдолтой байна...” гэсэн тайлбар гаргасан боловч “А” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн         дугаартай үнэлгээний дүгнэлтээр “Самсунг А-5” гар утсыг 336.000 төгрөгөөр үнэлжээ.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн зах зээлийн ханшаар тогтоодог бөгөөд шинжээч Э.З нь “... тухайн дүгнэлтийг гаргахдаа зах зээлд зарагдаж байгаа ижил төстэй эд зүйлстэй харьцуулан, үнэгүй.мн, мая.зар зэрэг заруудын мэдээлэлтэй харьцуулсны эцэст, эд зүйлийн элэгдэл, хорогдол зэргийг тооцоолдог ...” гэж мэдүүлсэн байна.

            

             Үүнээс гадна хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “Хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхтэй” боловч өөрийн алдагдсан гар утсыг худалдаж авсан талаарх нотлох баримтаа мөрдөгч, прокурор, шүүхэд гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлох нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг тайлбарлаж өгсөн боловч хохирогч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гар утсаа 400 воноор Солонгос улсаас авсан гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотолсон нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч Ц.Эгийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

             Харин түүний гомдолд дурьдсан “ ... У миний хөл дээр гишгэж гэмтээсэн ... эмчилгээ хийлгэсэн” гэсэн хэсгийн тухайд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн  Л.У-н гэм буруутай үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж шалгуулах эрхтэй юм.

 

             Хохирогч нь хөл гэмтсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд зохих эрх бүхий албан тушаалтанд дээрх гомдлыг гаргаж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо энэ талаар дурдсан байна.

 

             Өөрөөр хэлбэл энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж Н.Гэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүгдэгчид Шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Эгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР