Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2021/00864

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2021/00864

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

Х аймгийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Энх-Амгалангийн Мөнхбат миний бие ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жижүүрээр томилогдон ажиллаж байгаад, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочоор томилогдон, аймгийн Засаг даргын жолоочоор ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, уг өдөр би өөрийн хариуцан ажиллаж байсан аймгийн Засаг даргын ХӨА 00-01 улсын дугаартай, тоёота ланд Крүйсэр маркийн автомашиныг ажил хүлээлцэх комисст тухайн өдөртөө хүлээлгэн өгсөн. Миний бие улсад 22 жил ажилласан ба албан ёсны ээлжийн амралт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, хуулийн дагуу би ажлын 18 хоног амарч дуусаад байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А нь Х аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай А/194 дүгээр захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гардуулан өгсөн. Үүнийгээ албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан таныг үүрэг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэсэн байдаг. Аймгийн Засаг даргын 2021 оны А/194 дүгээр захирамж нь Нийтлэг үйлчилгээний албаны 31 орон тоотой байсан бүтцийг доторх зарим нэг албан тушаалыг өөрчилж, шинээр орон тоо нэмэгдүүлж буцаагаад 31 орон тоогоор баталсан хууль бус шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байргүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаад ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус заасан ба хасах болон цөөрүүлэх тохиолдолд өмнө байсан албан тушаалын тоо тэр хэмжээгээр багассан байхыг ойлгоно. Гэтэл нийтлэг үйлчилгээний албаны орон тоо 31-ээр ажиллаж байсан, шинээр батлахдаа 31-ээр баталсан. Үүнд багассан ямар ч өөрчлөлт байхгүй төдийгүй захирамжийн үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг зөрчиж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх тухай огт бодохгүй, төсвийн ачааллыг багасгах, хэмнэх зарчмыг баримтлалгүй, тооцоо судалгаагүйгээр шийдвэр гаргаж, эрх ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулалгүй, хууль тогтоомжийг зөрчин, зөвхөн өөрийн тойрон хүрээлэгчдээ ажлын байраар хангах зорилго агуулж ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргаж, түүнийгээ үндэслэн үндсэн ажилтанг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Би аймгийн Засаг даргын жолоочоор ажиллаж байсан, энэ ажлын байр өнөөдөр ч тэр байгууллагад байгаа. Гэтэл үндэслэлгүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлалгүйгээр, ээлжийн амралттай хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 40 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 
 

 


Иймд хууль тогтоомж зөрчсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Аын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.М намайг урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Засаг даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Лхүнрэг овогт Энх-Амгалангийн Мөнхбатын нэхэмжлэлтэй танилцан, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Э.М нь Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг, үйлчилгээний албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тушаалаар жижүүрээр томилогдсон бөгөөд Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Ажлын нөхцөл өөрчлөх тухай 04 дүгээр тушаалаар жолоочоор томилогдсон байдаг. Харин Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Энх-Амгалангийн Мөнхбатыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.3-д төрийн болон орон нутгийн тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх талаар төсвийн захирагч нарт даалгасан байдаг. Тус тогтоолын хүрээнд гарсан Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний бусад албан тушаалын тогтоох тухай А/194 дүгээр захирамжаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо урьд 5 байсныг цөөрүүлж, 3 орон тоотой байхаар тогтоосон. Учир нь Аймгийн Засаг даргын тамгын газар нь албаны хэрэгцээнд ашигладаг байгууллагын 2 автомашинтай, аймгийн Засаг даргын орлогчид албаны автомашин хүрэлцдэггүй тул хувийн автомашиныг нь албаны хэрэгцээнд ашигладаг бөгөөд нийт 3 автомашин жолоодох 3 жолооч ажиллах хэрэгцээ, шаардлага байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч нар нь ээлжийн ажилд гардаггүй, ажлын хэвийн горимоор ажилладаг тул нэмэлтээр жолооч ажиллах шаардлага үүсдэггүй тул төсвийн хэмнэлт хийх, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс жолоочийн 2 орон тоог цөөрүүлж шийдвэрлэсэн. Э.Мыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулан өгсөн. Мөн ээлжийн амралтын тооцоог бүрэн хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон болно.

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/55 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан, Э.Мын хөдөлмөрийн гэрээг цуцлах үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.М 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энх-Амгалан овогтой Мөнхбат миний бие 2017 онд тус байгууллагад анх жижүүрийн ажилд орсон.Тэгээд 2017 оны 3 дугаар сараас Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний жолооч болж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. 2019 онд Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээ нь 4 жолооч, 4 машинтай байсан. 2020 оны 11 дүгээр сард 1 жолооч даргын жолоочоор орж ирээд 5 жолоочтой болсон. Сүүлд нэг машин нь эвдэрч актлагдсан. Түүнээс илүү орон тоотой, ажил хийдэггүй байсан асуудал байгаагүй. 2020 оны 12 дугаар сард 0001-ХӨА улсын дугаартай Тоёота Ланд Крүйсэр-200 машиныг жолооч Батмөнхөд хүлээлгэж өгсөн ба аймгийн Засаг дарга, тамгын газрын дарга буцаагаад танд үүнтэй дүйцэх хэмжээний цалинтай ажлыг энэ дотор нь шийдэж өгнө гэсэн. Тэр хооронд би жижүүрт гарлаа, ийш тийшээ постод явлаа, тамгын газрын нэг ёсны нөхөөсний ажлыг хийж бүх юманд явсан. Машинаа авчихсан юм чинь би яаж жолоочийн ажлаа хийх юм бэ. Нийтлэг үйлчилгээний албаны даргын даалгасан янз бүрийн ажлыг л хийдэг байсан. Намнангийн арын постод ч гарч байсан.

...Засаг дарга, тамгын даргын жолооч гэж байхгүй, Аймгийн засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч гэж л байгаа. Энэ албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.М нь 2016 онд Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жижүүрийн албан тушаалд томилогдсон байдаг. Ингээд 2017 оноос тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын жолоочоор ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын 1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр төсвийн захирагч нарт даалгасан байдаг. Уг тогтоолын дагуу аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн 14.2.12-т заасан өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2021 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн А/194 дүгээр захирамжаар Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Ингэхдээ жолоочийн орон тоо 5 байсныг 3 болгон цөөрүүлсэн. Жолоочийн орон тоог цөөрүүлж баталсан шалтгаан нь Х аймгийн Засаг даргын Тамгын газар нь нийт 3 автомашинтай бөгөөд үүнийг Х аймгийн Засаг дарга болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга албан хэрэгцээнд ашигладаг. Нэг машин нь одоогоор ажиллагаагүй байгаа. Иймд автомашины тоогоо дагуулж жолоочийн 2 орон тоог цөөрүүлж шийдвэрлэсэн. Тамгын газрын жолоочийн албан тушаал нь хэвийн горимд буюу өглөө 09 цагаас ажил нь эхэлж, 18 цагаас тардаг. Мөн ээлжинд гардаггүй байсан учир нэмэлт жолоочийн хэрэгцээ, шаардлага байгаагүй учраас Э.Мыг жолоочийн ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэж, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Э.Мад Шинэ Мөрөн худалдааны төвийн жижүүрийн ажлын байрыг мөн санал болгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Төсвийн тухай хуулиар аймгийн Засаг даргад, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог оновчтой тодорхойлж, ажил, үүргийн давхардлыг арилгах чиг үүргийг олгосон. Уг эрх хэмжээний хүрээнд Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчилсөн гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2019 оны аймгийн Засаг даргын баталсан 31 орон тоо 2021 оны бүтэц, орон тооны өөрчлөлтөөр мөн цөөрч, багассан зүйлгүй, хэвээрээ юм биш үү гэсэн асуудал ярьж байна. 2021 оны Засгийн газрын 43 дугаар тогтоолоор бүх төрийн байгууллагуудын төсвийн захирагч нарт байгууллагын хэмжээнд ажил, үүргийн давхардлыг арилгах, бүтэц, орон тоог оновчтой тодорхойлох, төсөвт зардлыг хэмнэх талаар чиг үүргийг өгсөн. Үүний дагуу бүтэц, зохион байгуулалтад анализ хийн Засаг даргын тамгын газар нь 3 автомашинтай байхад 5 жолоочийн хэрэгцээ, шаардлага байхгүй гэж үзсэн. 2 жолооч нь өглөө, орой цагаа бүртгүүлээд тардаг байсан. Э.Мыг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Орон тоо цөөрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тодорхой ажиллагаа хийгддэг. Бид зохих ажиллагааг гүйцэтгэсэн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан. Уг заалтын агуулгаас хууль хэрэглээг оновчтой хийсэн нь харагдана.

...Э.Мад ээлжийн амралт олгоогүй. Харин Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар ажилтанд ээлжийн амралт олгох зааврыг баталсан. Уг тушаалын 15 дугаар заалтад ажил олгогч ажилтныг ажлаас халах үедээ ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэж заасан. Манайх ээлжийн амралт олгох мэдэгдэл, ээлжийн амралтын тооцоо хийх гэсэн хоёр маягтыг баталсан. Манай байгууллагын хүний нөөцийн ажилтнаас маягтаа зөрүүлэхдээ алдаа гаргаж, мэдэгдэл гэх маягт дээр бөглөсөн байна. Гэхдээ сайн харвал уг маягтад амралтаа эдэлж дуусаад орох хугацааг тавиагүй байгаа.Энэ нь ээлжийн амралтын тооцоо хийсэн гэдгийг нотолно. Мөн Э.М нь ажлаас чөлөөлөгдөж, амралтын тооцоо хийгдсэн гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа.

... Орон тоо цөөрүүлсэн нөхцөл байдлын хувьд зайлшгүй ажлын чиг, үүргийн давхардлыг арилгаж, ачааллыг тэнцвэржүүлэх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай болсон. Жолоочийн албан үүрэг нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахаас гадна эрүүл мэнд болон бусад байдлаараа онцлогтой. Засаг дарга нь төрийн өндөр албан тушаалтан өөрийн жолоочоо сонгох нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ. Намын харьяаллаар ажлаас чөлөөлсөн гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой тайлбар хийх нь илүүц байх. Төрийн албан хаагч улс төрөөс ангид байх ёстой. Бүтэц, орон тооны өөрчлөлт хийхдээ нэхэмжлэгч Э.Мад мэдэгдэж, тодорхой хэмжээний тэтгэлгийг олгох талаар хэлж байхад ямар ч тайлбарыг хэлээгүй. Ажлын байр санал болгоход хүлээж аваагүй. Өөр нэмэлт тайлбаргүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг зөрчсөн гэх зүйлийг тайлбарладаг. Иймээс шүүхээс холбогдох байгууллагын баримт бичигт үзлэг хийсэн. Үзлэгээр Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Аын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаал нь нэхэмжлэгчид хэрхэн очсон нь тодорхой бус гэдэг нь тогтоогдсон. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэдэг нь харагддаг.

Хоёрдугаарт, ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хууль зүйн үндэслэлгүй гаргасан. Захиргаа өөрийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлнө гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1-д заасан зохицуулалтыг баримталсан нь тохироогүй байна. Уг заалтыг баримталсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо цөөрүүлсэн, цомхотгосон гэдгийн аль үндэслэлээр чөлөөлж байгаагаа тодорхой заах ёстой. Тушаалаа цөөрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан гэж тайлбарладаг хэдий ч энэ зөвтгөх үндэслэл болохгүй гэж бодож байна. Тушаал анхнаасаа хууль зүйн үндэслэлтэй байж чадаагүй. Бүтэц, орон тоогоо цөөрүүлсэн боловч энэ нь бодит нөхцөл байдалтай тохирохгүй байгаа учир шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Х аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Х аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны засаг даргын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тэрээр Х аймгийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгоно хэмээн шаардлагаа тодруулжээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1914 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-15 тал/-аар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байх ба Э.М нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл дахин гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох ба 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход уг хугацаа 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөр дуусах байсан, нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Х аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага тавьсан. Хариуцагч Х аймгийн Засаг даргын тамгын газар нь орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр Э.Мыг ажлаас чөлөөлсөн, тухайн ажлын байр одоо байхгүй, түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Э.М нь Х аймгийн засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жижүүрээр, мөн даргын 2017 он 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор тус тус томилогдон ажиллаж байгаад Х аймгийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 5 дугаар тал/

Ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/194 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байна.

Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Мад 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгчээ. /хх-ийн 12 дугаар тал/

Аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо албаны дарга 1, ня-бо 1, нярав 1, архивын сан хөмрөгийн эрхлэгч 1, лавлагааны архивч 1, хэвлэл мэдээллийн ажилтан 3, бичиг хэргийн эрхлэгч 1, оператор, бичээч 1, иргэдийг хүлээн авах төвийн ажилтан 2, жолооч 5, жижүүр 6, үйлчлэгч 6, мужаан, засварчин 1, сантехникч слесарь, цахилгаанчин 1, засаг даргын туслах 1, нийт 32 байсныг тус аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/194 дугаар захирамжаар, албаны дарга 1, ня-бо 1, нярав 1, сантехникч слесарь 1, мужаан 1, жолооч 3, үйлчлэгч 7, жижүүр 8, нийт 23, /1 дүгээр хавсралт/ засаг даргын туслах, нарийн бичгийн дарга 1, засаг даргын олон нийттэй харилцах ажилтан 1, бичиг хэргийн эрхлэгч 1, архивч, бичээч 1, техникч, тоног төхөөрөмж хариуцсан ажилтан 1, архивын сан хөмрөгийн эрхлэгч 1, лавлагааны архивч , нийт 8, /2 дугаар хавсралт/ байхаар шинэчлэн тогтоожээ. / хх-ийн 6-8 дугаар тал/

Дээрх үйл баримтад зохигчийн хэн аль нь маргаагүй.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д...дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна..., 14.1.17-д ...аймаг , нийслэл, сум дүүргийн засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн..., 14.2.12-д...эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтооно...гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл Аймгийн засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох эрх бүхий этгээд байх ба аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/194 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төрийн үйлчилгээний бусад албан тушаалын орон тоог тогтоох тухай захирамж /хх-6 дугаар тал/-ийн 1 дүгээр хавсралтад нэхэмжлэгч Э.Мын ажиллаж байсан ажлын байрны орон тоо хамрагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж, ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан.

Мөн дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээсэн.

Э.М нь ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн гэдгийг үгүйсгээгүй байх тул ажил олгогчийн хуулиар тогтоосон мэдэгдэл өгөх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А...Э.Мад ээлжийн амралт олгоогүй. Харин ээлжийн амралт олгох зааварт ажил олгогч ажилтныг ажлаас халах үедээ ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэж заасан байдаг. Үүний дагуу ээлжийн амралтын тооцоо хийсэн. Манайх ээлжийн амралт олгох мэдэгдэл, ээлжийн амралтын тооцоо хийх гэсэн хоёр маягттай, хүний нөөцийн ажилтнаас Э.Мад маягтаа өгөхдөө амралтын тооцоо хийх маягт өгөх байтал мэдэгдэл гэх маягт өгч, бичиг хэргийн алдаа гаргасан байгаа. Гэхдээ сайн харвал уг маягтад амралтаа эдэлж дуусаад орох хугацааг тавиагүй, энэ нь ээлжийн амралтын тооцоо хийсэн гэдгийг нотолно...хэмээн тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтад зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох бөгөөд мөн зүйлийн 55.2 дахь заалтад зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

Харин ажилтанд ээлжийн амралт олгох хугацаа болоогүй байхад ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны
166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 15 дугаар зүйлд заасны дагуу   ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийх бөгөөд ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Э.М нь ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль тогтоомж зөрчсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Х аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нь...ажил олгогч нь тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан. Гэвч дээрх үндэслэлд орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, салбар нэгж татан буудсан, цомхотгосон гэх мэт үндэслэл байгаа. Яг аль үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй. Шүүх хуралдаан дээр л ажилтны тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байна. Тэгвэл тушаалдаа ажилтны тоог цөөрүүлсэн гэдгээ тодорхой дурдаж өгөх байсан, мөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон нь тодорхойгүй, 5 жолооч байхад ямар журмаар сонгож Э.Мыг ажлаас халсан нь ойлгомжгүй, намын харьяаллаар ялгаварлан гадуурхсан...хэмээн маргасан.

Гэвч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримталж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй ажилтнуудтай харьцуулан ялгаварлан гадуурхалт хийгээгүй гэдгээ нотлох үүргийг хуулиар ажил олгогчид ногдуулаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Э.Мын Х аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Мын нэхэмжлэлтэй, Х аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Х аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ