Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Овогт Э.Э-д холбогдох эрүүгийн *************************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д Овогт Э.Э /регистрийн дугаар: О***************/.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Э.Э нь Увс аймгийн цагдаагийн газрын Өндөрхангай сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/669 дугаартай шийтгэврээр Өндөрхангай сумын иргэн Б.Н-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавихдаа 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Н-н торгуулийн төлбөрт төлсөн 400,000 төгрөгийг өөрийн эхнэр Т.Б Хаан банканд бүртгэлтэй ************* тоот дугаарын шилжүүлэн авч хувьдаа ашиглан өөртөө, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн ******************* дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

1.Иргэний нэхэмжлэгч Б.Н-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 20-21 дэх тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.Н-н мэдүүлэг /хавтас хэргийн 46-47, 158-159 дэх тал/,

3. Гэрч П.Я-ын мэдүүлэг /хавтас хэргийн 17-18 дахь тал/,

4. Гэрч Э.Т-гийн мэдүүлэг /хавтас хэргийн 23-24 дэх тал/,

5. Гэрч З.Б-ийн мэдүүлэг / хавтас хэргийн 32-33 дахь тал/,

6. Гэрч Л.Л-гийн мэдүүлэг /хавтас хэргийн 26-27 дахь тал/,

7. Гэрч Т.Б мэдүүлэг /хавтас хэргийн 35-36 дахь тал/,

8. Гэрч Б.М-гийн мэдүүлэг /хавтас хэргийн  38-39 дэх тал/,

9. Гэрч Э.Г-ийн мэдүүлэг /хавтас хэргийн 41-42 дахь тал/,

10. Гэрч Х.Х-гийн мэдүүлэг /хавтас хэргийн 29-30 дахь тал/,

11. Зөрчлийн *************** дугаартай зөрчлийн хэргийн хуулбарууд /хавтас хэргийн 52- 97 дахь тал/,

12. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Э.Э, Б.Н, Т.Б нарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хавтас хэргийн 98- 99 дэх тал/,

13. Б.Н-н эзэмшлийн Хаан банк ХХК дахь ****************** дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 103, 110 дахь тал/,

14. Т.Б-н эзэмшлийн Хаан банк ХХК дахь ****************** дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 104-105, 109 дэх тал/,

15. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Э.Т-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг  /хавтас хэргийн 111-112 дахь тал/,

16. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 28/1072 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.Э-ын гэрлэлт, гэр бүлийн лавлагаа, мэдээлэл /хавтас хэргийн 115-120 дахь тал/,

17. Увс аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 48-2/4171 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.Э-ын ажилд томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /хавтас хэргийн 121-128 дахь тал/,

18. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 48/4302 дугаартай Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг, танилцуулга, бусад баримт /хавтас хэргийн 143-147 дахь тал/,

19. Цагдаагийн газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48/3885 дугаартай албан бичгийн хуулбар /хавтас хэргийн 148 дахь тал/,

20. Цагдаагийн газрын үйл ажиллагааны код 812 журмын хуулбар /хавтас хэргийн 146-147дахь тал/,

21. Яллагдагч Э.Э-ын мэдүүлэг /хавтас хэргийн 151-152 дахь тал/-үүдийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа:

Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа учраас тусгайлан шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, дүгнэлт танилцуулахдаа дурдан гээд нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Иргэний нэхэмжлэгч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Өндөрхангай сумын төвд буюу 5 дугаар багт өөрийнхөө Даюун маркийн мотоцикльтой явж байгаад цагдаад баригдсан юм. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир согтолттой гарсан. Ингээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх асуудлаар Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Э.Э-д шалгагдаж улмаар тус асуудал нь шүүх рүү шилжин 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж шийтгэгдсэн байгаа. Шүүхээс намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн бүртгэлгүй мотоцикль жолоодсон гэж үзээд 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юмаа. Шүүх хурал болсноос хойш 2 хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэврээ авсан. Ингээд Улаангом суманд байхдаа шүүхийн шийтгэврийн дагуу торгуулийг нь яаралтай төлөхөөр Өндөрхангай суманд байсан өөрийн эхнэр Э.Т рүү өөрийнхөө утсаар утасдаж “Шүүхээс намайг 1 жил жолоодох эрх хасаж, 400,000 төгрөгөөр торголоо. Чи цагдаа дээр очоод торгуулийн дансыг нь аваад миний торгуулийн мөнгийг төлчих” гэж хэлсэн. Үүний дагуу Э.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өндөрхангай сумын цагдаа дээр очиж хэсгийн төлөөлөгч Э.Э-оос торгууль төлөх дансны дугаарыг нь авч миний Хаан банкны данснаас картаар торгуулийн 400,000 төгрөгийг төлсөн байсан. Э.Т нь надад торгуулийн мөнгө төлсөн данс нь Т.Б гэх хүний данс байсан талаар хэлэхэд би тухайн үед энэ хүн нь шүүхэд ажилладаг, торгуулийн мөнгө авдаг хүн юм байна гэж бодоод л өнгөрсөн. Үүнээс хойш намайг Өндөрхангай суманд хөдөө мал дээрээ байхад өөрийгөө Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах гэж танилцуулсан П.Я гэх эмэгтэй миний юнителийн дугаар луу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр залгаад “Б.Н мөн үү, та 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр торгуулсан мөнгөө төлөөгүй байгаа юм уу? Ямар шалтгааны улмаас төлөөгүй юм бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь миний бие түүнд “Би тус 400,000 төгрөгийн торгуулийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Э.Т-өөр дамжуулж төлсөн байгаа” гэдгээ хэлсэн. Гэтэл П.Я нь “та тухайн өдөр торгууль төлсөн дансныхаа хуулгыг явуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Өндөрхангай сумын Хаан банкин дээр очиж миний Хаан банкны дансны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дансны хуулгыг гаргуулан авч тухайн хуулганы зургийг дарж фэйсбүүкээр П.Я руу явуулсан. Ийм л асуудал болсон. Би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус торгуулийн 200,000 төгрөгийг төлөөгүй. Тэр өдөр билүү 2024 оны 10 дугаар сарын 10-ны үеэр байх Э.Энь над руу утсаар яриад “Торгуулийн мөнгийг чинь өгчихсөн шүү” гэж хэлж байсан. Түүнээс хойш надтай холбогдоогүй. Бид хоёрын хооронд ямар нэг өглөг, авлага /зээл/ байгаагүй ээ. Одоо ч гэсэн байхгүй. Би Э.Э гэх хүнийг урьд өмнө таньж мэддэггүй байсан, хувийн холбоо хамаарал байхгүй. Шүүгчийн шийдвэрт торгуулийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад буюу Э.Э-д даалгасан гэсэн санагдаж байна. Үүний дагуу л торгуулийн дансыг цагдаа мэдэж байгаа гээд л эхнэрээ цагдаа руу явуулсан юмаа. Би уг асуудлыг ойлгохдоо эхлээд 400,000 төгрөгийг торгуулийн дансанд төлөх ёстой. Түүний дараа 200,000 төгрөгийг нь буцаан олгох юм байна л гэж ойлгоод эхнэрийг 400,000 төгрөг төлөөрэй гээд хэлчихсэн юмаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  20-21 дэх тал/

2. Иргэний нэхэмжлэгч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй байдлаар хэлсэн байгаа.  Би 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж зөрчлийн арга хэмжээ авагдсан.  Шүүх хурал болсноос хойш 2 хоногийн дараа буюу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн шийдвэр /шийтгэвэр/-ээ авсан. Ингээд Улаангом суманд байхдаа шүүхийн шийтгэврийн дагуу торгуулийг нь яаралтай төлүүлэхээр тухайн үед Өндөрхангай суманд байсан өөрийн эхнэр Э.Т рүү өөрийнхөө утсаар утасдаж “Шүүхээс намайг 1 жил жолоодох эрх хасаж, 400,000 төгрөгөөр торголоо. Чи цагдаа дээр очоод торгуулийн дансыг нь аваад миний торгуулийн мөнгийг төлчих” гэж хэлсэн. Үүний дагуу Э.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өндөрхангай сумын цагдаа дээр очиж хэсгийн төлөөлөгч Э.Э-оос торгууль төлөх дансны дугаарыг нь авч миний Хаан банкны данснаас картаар торгуулийн 400,000 төгрөгийг төлсөн байсан. Э.Т нь надад хэлэхдээ тэр торгуулийн мөнгө төлсөн данс нь Т.Б гэх хүний данс байсан талаар хэлэхэд би тухайн үед энэ хүн нь шүүхэд ажилладаг, торгуулийн мөнгө авдаг хүн юм байна гэж бодоод л өнгөрсөн. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийг хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногийн дотор биелүүлбэл шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх боломжтой гэж дурдсан байсан. Миний хаан банкны эзэмшлийн ******** тоот дансны мэдээллийг гаргуулан авахад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр "Буцаалт ХААНААС:340000 Э.Э" гэх утгаар 200,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Хэсгийн төлөөлөгч Э.Э нь мөнгө хийхийнхээ өмнө миний эхнэр Т-тэй утсаар яриад намайг асуугаад байсан байна лээ. Тэгж байхдаа мөнгө хийсэн байсан. Би дээр мэдүүлэг өгснийхөө дараа суманд очиж Хаан банк руу орж өөрийнхөө дансыг шүүлгэж үзэхэд 2024.10.08-ны өдөр Э.Э-ын нэрээр мөнгө орсон байсан. Тухайн үед гүйлгээг хийж байхдаа мөнгө орсон эсэхийг мэдэхгүй байсан тул торгуулийн мөнгө гэж илүү авсан 200,000 төгрөгийг авах талаараа мэдүүлсэн юм. Уг мөнгө орж ирснийг эхнэр Т нь танай мөрдөгчид мэдүүлэг өгч байхдаа мэдэхгүй байсан тул өгөөгүй гэх утгатай зүйлийг хэлсэн юм шиг байна. Э.Э нь надад 200,000 төгрөгийг буцааж өгсөн тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн түүнтэй холбоотой гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48, 158-159 дэх тал/,

3. Гэрч Э.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхөр Б.Н нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж шүүх хуралд орсон юм. Шүүхээс түүнд 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байсан. Манай нөхөр Б.Н нь бичиг үсэг мэдэхгүй учир шүүх хурал болохоос өмнө уг асуудалгай холбоотойгоор аймгийн төв рүү очиж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч байсан. Б.Н нь шүүх хуралд орсноосоо хойш 2 хоногийн дараа шүүх дээр очиж шийдвэрээ авсан санагдаж байна. Уг шүүхийн шийдвэрээ авсныхаа дараа Увс аймгийн Улаангом суманд байхдаа над руу утсаар залгаад “Шүүхээс намайг 400.000 төгрөгөөр торгосон, торгуулийн мөнгийг яаралтай төлөх ёстой юм байна. Чи сумын цагдаа дээр очоод торгуулийн мөнгө төлдөг дансны дугаар аваад мөнгийг нь төлчих гэж хэлсэн” түүний дагуу миний бие тухайн өдөр Өндөрхангай сумын цагдаа дээр очиход хүн байхгүй болохоор нь хэсгийн төлөөлөгч Э.Эын 80821510 тоот дугаарын утас руу залгаад өөрийгөө “Б.Н-н эхнэр байна. 400.000 төгрөгийн торгуулийг хаашаа, ямар данс руу хийх талаар асуутал тэрээр надад “Чи чам руу мессеж явуулъя чи наад 400,000 төгрөгөө миний явуулсан данс руу шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Э.Э-ы  ****************** тоот дугаарын утаснаас ****************** тоот дугаарын дансыг явуулсан байсан. Уг дансны мэдээлэл ирсний дараа би Б.Н-нХаан банканд бүртгэлтэй 5811105698 тоот дугаарын данснаас карт ашиглаж сумын төвийн Хаан банкин дотор байрлалтай бэлэн мөнгөний машин /АТМ/-аас 400,000 төгрөгийг Э.Э- ын өгсөн данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үеэр тус дансны нэрийг харвал Т.Б гэх хүний данс байсан. Тухайн үед би бодохдоо торгуулийн мөнгийг энэ хүний данс руу хийдэг юм байна даа гэж бодоод л өнгөрсөн. Мөнгө шилжүүлснийхээ дараа Э.Э руу утасдаж мөнгө шилжүүлсэн талаараа хэлсэн. Тэрээр мөнгөө хийснийхээ дараа над руу яриарай гэж хэлсэн юм. Түүнээс хойш Э.Э-той холбогдоогүй. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын эхээр 04, 05-ны үед аймгийн сум дундын шүүхээс өөрийгөө шүүгчийн туслах гэж танилцуулсан эмэгтэй Б.Н руу утсаар яриад “Та торгуулиа төлөөгүй юм биш үү, таны торгууль төлөгдөөгүй байна шүү дээ, хэрэв торгуулиа төлсөн бол мөнгө шилжүүлсэн баримтаа, дансны хуулгаа явуулаад өгөөч” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Б.Н бид хоёр сумын төвийн Хаан банк ороод Б.Н-н2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дансны хуулгыг аваад зургийг нь дарж Б.Н-н фэйсбүүк хаягаас тус шүүгчийн туслах руу зургийг нь явуулсан юм. Түүнээс хойш шүүхээс дахин холбогдоогүй. Би анх 200,000 төгрөг төлөхийг мэдээгүйгээр энэ данс руу нь хийсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа Б.Н нь 400,000 төгрөг төлөөд дараа нь 200,000 төгрөгийг буцааж өгдөг юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Э-оос “200,000 төгрөгийг буцааж өгдөг юм уу? яаж буцааж авах вэ?” гэсэн утгатай мессежийг явуулсан. Э.Э нь “Аймаг орсны дараа буцааж өгье” гэсэн хариуг хэлсэн. Э.Э, Б.Н нарын хооронд ямар нэг өр, авлага /зээл/ байгаагүй. Нэг нэгнийгээ мэддэггүй байсан байхаа. Э.Э200,000 төгрөгийг буцааж өгсөн талаар хүн асуувал хэлээрэй гэсэн зүйлийг Б.Н-д хэлсэн гэж ойлгосон. Б.Н хүн асуувал Э.Э 200,000 төгрөгийг буцааж өгсөн гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Энэ асуудлыг Б.Н сайн мэдэх байхаа. Э.Э нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Б.Н байна уу гээд л надаас асуугаад мессеж бичээд байсан. Тэр Б.Н-тай холбогдсон байхаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

4. Гэрч П.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахаар 2022 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Б.Над холбогдох дээрх зөрчлийн хэрэг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагт ерөнхий шүүгчид хуваарилагдаж тухайн өдрийнхөө 16 цагт уг шүүх хурал товлогдож шүүх хурал болж 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/669 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 400,000 төгрөгөөр торгож, торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавихыг эрх бүхий албан тушаалтан, хэсгийн төлөөлөгч Э.Э-д даалгасан юм. Шийтгэврийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр холбогдогч болон түүний өмгөөлөгчид Д.Б гардуулсан. Уг шүүхийн шийтгэвэрт хяналт тавих зорилгоор хэсгийн төлөөлөгч Э.Э-ын өөрийнх нь утас руу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны үед холбогдон  Б.Н-н торгууль төлөгдсөн эсэх талаар тодруулахад тэрээр “холбогдогч Б.Н төлөөгүй” гэсэн хариуг өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн хугацаанд 2-3 удаа залгахад Э.Э нь надад “Б.Н торгуулиа төлөөгүй байгаа” гэж хэлсэн. Түүнээс хойш Э.Э-той холбогдож тодруулах гэтэл утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь миний бие Шүүх, цагдаа, прокурор холбогдох албан тушаалтнууд ашигладаг дундын Viber группт “Б.Н нь торгууль төлсөн эсэх”-ийг тодруулахад Өндөрхангай сумын Цагдаагийн хэсгийн дарга Лхагвасүрэн нь “2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Н торгууль төлөөгүй байгаа юм байна” гэсэн зүйлийг бичсэн байсан. Үүнээс хойш Э.Э-той 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны үед Зөрчлийн тасгийн дарга Б.Б-оор дамжуулж холбогдсон. Э.Э-оос “Б.Н торгуулиа төлсөн үү” гэж асуутал тэрээр надад “төлөөгүй” гэж хэлсэн. “Торгох шийтгэлд хяналт тавихыг танд даалгасан байгаа шүү дээ” гэдгийг нь хэлсэн. Түүнээс хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Н-н ********** тоот дугаарын утас руу холбогдож “Та торгуулиа төлсөн үү?” гэж асуусан. Б.Н нь надад хэлэхдээ: “Ах нь торгуулиа аль дээр төлсөн байгаа, эхнэрээ явуулаад төлүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие торгуулийн хэдэн төгрөгийг, ямар дансанд төлснийг тодруулахад цагдаагаас Б гэдэг хүний данс өгсөн тэр данс руу Н торгууль гэсэн утгаар шилжүүлсэн байгаа гэж хэлсэн. Цагдаа дээр торгууль төлөх зорилгоор өөрийн эхнэрийг явуулахад Б гэх хүний данс өгсөн. Түүний дагуу дээрх данс руу 400,000 төгрөгийг Б.Н гэх утгаар шилжүүлсэн талаар хэлсэн. Тэгэхээр нь миний бие Б.Н-аас “Та яагаад 400,000 төгрөгийг төлсөн юм бэ? танд баримт нь байна уу?” гэж асуухад: би мобайл банкаар шилжүүлсэн гэж хэлсэн. Би Б.Н-д тухайн банкнаасаа дансны хуулгаа аваад над руу явуулаад өгөөч гэж хэлээд фэйсбүүкээ өгсөн. Тэрээр над руу фэйсбүүк чатаар тухайн торгууль төлсөн дансны хуулгыг явуулсан. Би ирсэн дансны хуулганы зураг холбогдох мэдээллийг ерөнхий шүүгчид танилцуулахад тэрээр цагдаа, прокурорын газарт Э.Э-д арга хэмжээ авахуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийг прокурорын газраас танай байгууллагад хүргүүлсэн байсан. Албан бичгийг цагдаа, прокурорын байгууллагад хүргүүлсэн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Н-н торгууль төлсөн баримт гэх 1 /нэг/ хуудас Төрийн банкны “Мөнгөн шилжүүлгийн баримт”-ыг манай жолооч Х.Х- надад өгсөн. Тэрээр надад хэлэхдээ “Энэ чиний нэхээд байгаа баримт юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн хэзээ, ямар байдлаар өгснийг асуугаагүй ээ. Уг баримтыг үзвэл Б.Н-н өмнөөс 200,000 төгрөгийг төлсөн талаарх баримт байсан бөгөөд Б.Н-н гарын үсгийг харвал, зөрчлийн хэрэг дээрх гарын үсэгтэй нь зөрүүтэй харагдаж байсан. Б.Н нь шүүх хурал болсноос хойш буюу шийтгэврийг гардаж авснаас хойш өөрөө хүсвэл хэдийд ч торгуулиа төлөх боломжтой. Холбогдогчид шийтгэвэр гардуулж өгснөөс хойш 14 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй. 14 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй бол шийтгэвэр хүчин төгөлдөр болсон гэж үздэг. Шийтгэвэр хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногийн хугацаанд торгуулийн 400,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлөх боломжтой байдаг. Энэ талаар Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийг хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногийн дотор биелүүлбэл шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх боломжтой гэж дурдсан байдаг” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 17-18 дахь тал/,

5. Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Миний бие 2022 оны 3 дугаар сараас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргаар ажиллаж байна. Увс аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга нь албан тушаалын тодорхойлолтын дагуу зөрчил хянан шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилладаг. Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн хэргийг хурлаар хэлэлцэж шийтгэврийг надад хүргүүлдэг юм. Би шийтгэврийг хүлээн авч алба хаагчдад хуваарилан биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгодог. Шийтгэврийн хувийг өөртөө авч үлдэн торгууль төлөгдөж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Шүүхийн шийтгэвэрт торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавихыг эрх бүхий албан тушаалтан буюу зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан албан тушаалтанд даалгадаг. Миний бие Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/669 дугаартай шийтгэврээр Өндөрхангай сумын иргэн Б.Н-ыг Зөрчлийн тухайн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, мөн зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т тус тус заасан зөрчил гаргасан гэж үзэн 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэврийг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хариуцсан албан тушаалтан буюу тухайн сумын хэсгийн төлөөлөгч Э.Э-д энэ шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаарай, торгуулийг төлүүлээрэй гэж мэдэгдсэн. Үүнээс хойш 2024 оны 9 дүгээр сарын сүүлээр буюу сайн дураар төлөх 15 хоногийн хугацаа дуусах үеэр Б.Н-н торгууль төлөгдсөн эсэх асуудлыг шүүхийн ажилтан надаас асуусан санагдаж байна. Түүний дагуу миний бие Э.Э-той холбогдож Б.Н-н төлбөр төлөгдсөн эсэхийг тодруулахад Э.Э нь “Б.Н тухайн төлбөрөө төлсөн байгаа, төлсөн баримтыг нь шүүх, цагдаа ашигладаг дундын “Viber-т тавьсан байгаа” гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь миний бие “Vibeг”-т тавигдсан мэдээллийг шүүж үзвэл Б.Н-н төлбөр төлсөн баримт байхгүй байсан. Б.Н-н төлбөр төлсөн баримт байхгүй байсныг мэдсэнийхээ дараа дахин Э.Э-той холбогдон тодруулахад өгсөн байх ёстой гэж хэлээд алга болсон. Би түүнтэй дахин холбогдох гэсэн боловч утсаа аваагүй. Ингээд байж байтал шүүхийн ажилтан над руу утсаар холбогдоод “Э.Э, Б.Н-н торгуулийн мөнгийг өөрийнхөө дансаар авсан байна. Түүнтэй яаралтай холбогдмоор байна” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би Э.Э-ыг ажил дээр явж байхаар нь албан өрөөндөө оруулж ирээд “Чи шүүгчийн туслахтай яриад учраа ол” гээд П.Ятай утсаар яриулсан. Э.Э нь “Ямар сонин юм бэ? Б.Н нь төлбөрөө төлчихсөн байх ёстой доо. Би баримтаа сумандаа үлдээчихсэн юм болов уу?” гэж хэлээд өрөөнөөс гарч явсан. Ингээд байж байтал маргааш нь Цагдаагийн газрын даргын нэр дээр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Э нь торгуулийн мөнгийг хувьдаа авч ашигласан байж болзошгүй байх тул арга хэмжээ авч хариу ирүүлнэ гэсэн утгатай албан бичиг ирсэн. Уг албан бичгийг дарга хүлээж авч танилцаад над руу шалтгааныг судалж танилцуул гэсэн цохолт хийж надад өгсөн. Би уг албан бичгийн дагуу Б.Н-н торгуулийн мөнгөтэй холбоотой асуудлыг судалж Өндөрхангай сумын сум дундын тасгийн дарга Л.Л-тэй холбогдоход: “Э.Э нь надад хэлэхдээ Б.Н-н эхнэр нь шүүх хурал болсноос хойш 2 хоногийн дараа надтай ирж уулзсан. Тэрээр ирж уулзахдаа би Б.Н-н торгуулийн мөнгийг төлөх гэсэн юм. Тэрээр өөр газарт ажилтай байгаа, одоо торгуулиа төлмөөр байна. Одоо төлөхгүй бол би хөдөө явна. Тэгэхээр нь Э.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр банк хаасан байсан учраас Б.Н-н эхнэрээс чи мөнгөө бэлнээр өгчих, би танаас авсан мөнгийг цааш нь тушаачхаад мэдэгдье гэж хэлээд данс өгсөн, түүний дагуу эхнэр нь Б.Н-н торгуулийн мөнгийг шилжүүлсэн, уг мөнгийг харсан чинь 400,000 төгрөг ороод ирсэн байсан учир 200,000 төгрөгийг нь банканд тушаагаад, үлдэгдэл мөнгийг нь Б.Над буцаан өгсөн” гэсэн зүйлийг хэлсэн гэж надад хэлсэн. Дээрх нөхцөл байдлыг цагдаагийн газрын даргад танилцуулж болсон асуудлын талаар албан бичиг төлөвлөж шүүх рүү хүргүүлсэн. Шүүхийн туслахтай холбогдож Б.Н-н төлбөр төлсөн баримтыг авсан уу? гэж асуухад ямартай ч баримтаа авсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр дээрх шийтгэврийн биелэлт хангагдсан гэж ойлгож байгаа. Би тасгийн дарга Л.Л-гээс Б.Н-н дугаарыг аваад түүнтэй холбогдох гэсэн боловч утас нь болохгүй байсан. Яг ямар дугаар байсныг нь санахгүй байна. Э.Э-оос төлбөр төлсөн баримтыг нь авъя гэхээр тэрээр утсаа авахгүй, эхнэр хүндрэлтэй төрсөн гэх шалтгаанаар чөлөө аваад явсан байсан. Би тасгийн дарга Л.Л-ээс Б.Н-н дугаарыг аваад холбогдох гэхэд утас нь холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

6. Гэрч Л.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс Өндөрхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байна. Гэрч П.Я-ын мэдүүлэгт дурдагдсан асуудал үнэн. Шүүх, Зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтнуудын дунд шүүх хурлын тов зарлах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг түргэн хугацаанд хангуулах зорилгоор “Шүүх, цагдаа” нэртэй дундын группийг ашигладаг юм. Уг группт 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ерөнхий шүүгч Б.Г туслах П.Я нь Өндөрхангай сумын иргэн Б.Н торгуулиа төлсөн эсэхийг тодруулж асуулт асуусан байсан. Уг торгууль төлсөн эсэх мэдээллийг авах зорилгоор Э.Э-той өөрийнх нь утсаар холбогдож тодруулахад “Б.Н нь торгуулиа төлсөн эсэхийг мэдэхгүй байна” гэсэн зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь миний бие энэ хүн торгуулиа төлөөгүй юм байна гэж ойлгоод дээрх группт торгууль төлөөгүй байгаа юм байна гэсэн мэдээллийг оруулсан юм. Шүүхийн шийтгэвэр гарсны дараа хариуцсан албан тушаалтан буюу шийтгэврийн хуудас дээр нэр заагдсан албан тушаалтан шийтгэгдсэн этгээдтэй холбогдож хуулийн хугацаанд торгуулиа төлөхийг шаарддаг. Торгуулийг аймгийн хүү, торгуулийн орлогын **************** дугаарын дансанд төвлөрүүлэх талаар хэлдэг байгаа. Хувийн дансаар ямар нэг торгууль, төлбөр авах ямар нэг зохицуулалт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

7. Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Э.Э-той 2024 онд гэр бүл болсон. Дундаасаа 1 хүүхэдтэй. Би төрөөд 1 сар болж байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Хаан банкинд ****************** дугаарын харилцах данс эзэмшдэг. Өөр банканд данс эзэмшдэггүй. Энэ дансыг 2016 оноос хойш ашиглаж байна. Миний Хаан банкинд бүртгэлтэй ****************** дугаарын дансанд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Н-н Хаан банканд бүртгэлтэй 5811105698 тоот дугаарын данснаас 400,000 төгрөгийн орлого орсон нь үнэн. Энэ мөнгийг миний нөхөр Э.Э-над руу хүнээр шилжүүлэгдсэн мөнгө байгаа юм. Тухайн өдөр миний нөхөр Э.Э Өндөрхангай суманд би Улаангом суманд гэртээ байсан. Тэрээр над руу яриад хүнээс мөнгө орно шүү гэж хэлсэн. Би 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Н-аас шилжүүлсэн 400,000 төгрөгийг Э.Э-ын хэлсний дагуу холбогдох данс руу нь шилжүүлсэн санагдаж байна. Миний санаж байгаагаар 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Э.Э нь 150,000 төгрөгийг ажлынхаа хүн рүү шилжүүлгэж байсан. Тэр мөнгө нь тасгаас нь хурааж байгаа мөнгө гэж ойлгосон. Үүнээс өөрөөр дээрх 400.000 төгрөгийг хэрхэн ямар байдлаар зарцуулснаа сайн санахгүй байна. Энэ талаар ямар нэг зүйл хэлээгүй. Зарцуулж болох эсэх талаар ямар нэг зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

8. Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 7 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 29-ний хооронд Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажилласан. Би Хаан банканд 5818058956 дугаарын данс эзэмшдэг. Би Тулгаагийн Болор-Эрдэнэ гэх хүнийг танихгүй. Түүнтэй ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. Миний данс руу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Т.Б-н******************  данснаас 150.000 төгрөг орж ирсэн нь үнэн. Энэ мөнгө бол Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Э.Э-оос над руу шилжүүлсэн мөнгө болов уу гэж бодож байна. Учир нь гэвэл тухайн үед манай тасаг дотооддоо зохион байгуулалт хийгээд манай тасгийн эрүүгийн мөрдөгч Б.Х нь Улаанбаатар хотод хагалгаанд орохтой холбоотойгоор  тасгийнхаа алба хаагчдаас мөнгө хураахаар болсон юм. Үүнтэй холбоотойгоор Э.Э өөрийн хүсэлтээр 150,000 төгрөгийг шилжүүлсэн нь дээрх гүйлгээ мөн байна. Бүх албан хаагчдаас 150,000 төгрөгийг хураагаагүй алба хаагч нар боломжоороо шилжүүлсэн байгаа. Би Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Б.Н гэх хүнийг танихгүй. Ямар нэг холбоо хамаарал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

9. Гэрч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие /Увс аймгийн шүүхийн тамгын газрын жолоочоор ажилладаг. Би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр П.Яд Б.Н-н торгууль төлсөн баримт гэх 1 хуудас Төрийн банкны “Мөнгөн шилжүүлгийн баримт”-ыг өгсөн нь үнэн. Тус мөнгө төлсөн баримт буюу банкны "мөнгөн шилжүүлсэн баримт”-ыг Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Э.Э  надад өгсөн юм. Тэрээр надад хэлэхдээ “Энэ торгуулийн мөнгөтэй холбоотой жаахан асуудал байгаа юм. Энэ баримтыг танай ерөнхий шүүгчийн туслах П.Я нэхээд байгаа юм. Чи энэ баримтыг хүргээд өгчхөөч” гэж хэлсэн юм. Түүний дагуу дээрх баримтыг П.Я-д өгсөн. Э.Э прокурорын газрын гадаа надтай таараад уг баримтыг өгсөн. П.Я-д уг “Мөнгөн шилжүүлгийн баримт”-ыг өгсний дараа тэрээр энэ баримт дээрх гарын үсэг нь асуудалтай юм байна, ямартай ч аваад хэрэгтээ хавсаргана гэж хэлж байсан. Э.Э бид хоёр бага байхаасаа л нэг нэгнийгээ мэднэ. Багийн найзууд байгаа юм. Бид хоёр Увс аймгийн Улаангом суманд төрж, өссөн хүмүүс байгаа юм. Э.Э2024 оны 10 дугаар сарын 10-ны үед над руу утсаар холбогдоод “Танай “Я /Я/ намайг алчихлаа даа. Манайх руу албан бичиг хүргүүлсэн байна” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Би тухайн үед ямар учиртай болохыг нь мэдээгүй ээ. Дараа нь сонсоод байхад Э.Э нь торгуулийн мөнгийг өөрөө аваад зарцуулчихсан, дараа нь тэр мөнгөө төлсөн л гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

10.. Зөрчлийн ************* дугаартай зөрчлийн хэргийн шийтгэвэр, шийтгэвэр гардуулсан баримтын хуулбарууд /хавтас хэргийн 88-91 дэх тал/,

11. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Т.Б-н****************** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15:28 цагт Б.Н-ын ********** данснаас 400.000 төгрөг “Н ТОРГУУЛЬ” утгатай орлого, 2024 оны 8 дүгээр сарын 12-ны өдөр 17:20 цагт Baby shop uvs 270.100 төгрөг, Б.М-гийн ************ дансанд E утгатай 150.000 төгрөгийн зарлага тус тус хийгдсэн” гэх тэмдэглэл / хавтас хэргийн 98- 99 дэх тал/,

12. Б.Н-н эзэмшлийн Хаан банк ХХК дахь ****************** дугаартай дансны “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15:28 цагт Т.Б-н****************** дугаарын дансанд 400.000 төгрөгийг “Н торгууль” утгаар шилжүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр **************** дугаарын данснаас 200.000 төгрөгийн “буцаалт Хаанаас:340000 Э.Э ” утгатай орлого орсон” хуулга /хавтас хэргийн 103, 110 дахь тал/,

13. Т.Б-н эзэмшлийн Хаан банк ХХК дахь ****************** дугаартай дансны “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15:28 цагт Б.Н-ын ************** данснаас 400.000 төгрөг “Н ТОРГУУЛЬ” утгатай орлого орсон хуулга /хавтас хэргийн 104-105 дахь тал/,

13. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Э.Т-гийн гар утсанд үзлэг хийсэн “Samsung Galaxy S8  маркийн хар өнгийн утсанд үзлэг хийхэд 8***********0 дугаарыг E  гэж хадгалсан байх бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны хооронд  харилцсан түүх, мессежүүдийг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх мөрдөгчийн тэмдэглэл, 8 ширхэг гэрэл зураг  /хавтас хэргийн 111-113 дахь тал/,

14. Увс аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 48-2/4171 дугаартай албан бичгээр ирүүлсэн ЦЕГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/518 дугаар тушаалаар “Э.Э-ыг Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчийн ажлаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 6 дугаар сарын 15-ны өдрөөс мөн газарт Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр томилсон” талаарх ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн  мэдэгдэх хуудас, албан тушаалын тодорхойлолт /хавтас хэргийн 121-128 дахь тал/,

15. Шүүгдэгч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хувийн дансаар ямар ч тохиолдолд торгуулийн мөнгө авч болохгүй гэдгийг мэднэ. Тухайн үед иргэн Э.Т нь АТМ ашиглаж мөнгө тушаана, банкны баримт гарахгүй гээд байхаар нь өөрийн эхнэрийн дансаар мөнгийг нь авчихсан юм. Энэ мөнгөө цаашаа тушаах зорилготой авсан. Тухайн үед мартсанаас дээрх асуудал үүслээ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

1.1 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

Шүүгдэгч Э.Э нь Увс аймгийн Цагдаагийн газрын Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Холбогдогч Б.Н-ыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт улсын бүртгэлд бүртгүүлээгүй “Даюун” загварын улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд холбогдуулан шалгаж,  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, мөн зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т тус тус зааснаар шийтгэл оногдуулах санал гаргаж Тугч овогт Б.Над холбогдох 2435000666 дугаартай зөрчлийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/669 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 400,000 төгрөгөөр торгож, торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавихыг эрх бүхий албан тушаалтан, Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Э.Э-д даалган шийдвэрлэж, шийтгэврийг 2024 оны 9 дүгээр сарын 11-нд Увс аймгийн Цагдаагийн газарт, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр холбогдогч Б.Н болон түүний өмгөөлөгчид Д.Б гардуулжээ.

Холбогдогч Б.Н 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэвэрт заасны  дагуу торгуулийг төлөхийг Өндөрхангай суманд байсан өөрийн эхнэр Э.Т рүү утсаар хэлэхэд  Э.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Э.Э-с торгууль төлөх дансны дугаарыг утсаар асуухад өөрийн эхнэр Т.Б эзэмшлийн Хаан банкны ****************** дансыг өгөхөд 400,000 төгрөгийг Б.Н-н *************** данснаас шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Э 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 160001878331 дугаарын данснаас 200.000 төгрөгийн “буцаалт Хаанаас:340000 Э.Э” утгатайгаар Б.Н-н *************** дугаартай дансанд шилжүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 09-нд 200.000 төгрөгийг Төрийн сангийн ********* дугаартай дансад Н ОК********** утгатай шилжүүлж, баримтыг нь шүүхэд гаргаж өгчээ.

 

          1.2. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1-т “Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтангэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Э-ыг ЦЕГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/518 дугаар тушаалаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр томилсон  байна.

Сумын хэсгийн төлөөлөгч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан “Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарч байгаа тул шүүгдэгч Э.Э-ыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлтийн тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж,

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4"давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Э.Э нь Увс аймгийн Цагдаагийн газрын Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/669 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Н-д оногдуулсан 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавих албан үүргийг биелүүлэхдээ орон нутгийн хүү, торгуулийн дансанд орох ёстой 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй буюу өөрийн эхнэр Т.Б-н эзэмшлийн Хаан банкны ****************** дансанд шилжүүлэн авах ёсгүй мөнгийг авч ашигласан нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдэл юм.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийг шийтгэвэр хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногийн дотор биелүүлбэл шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх бөгөөд энэ боломжийг холбогдогчид эдлүүлэхгүйгээр шийтгэвэр хүчин төгөлдөр болоогүй байхад 400.000 төгрөг шилжүүлэн авсан, шүүгчийн туслах болон дээд шатны албан тушаалтны зүгээс шийтгэвэр биелэгдсэн эсэхийг лавлахад холбогдогч биелүүлээгүй байгаа талаар удаа дараа хариу өгч байсан, 400,000 төгрөгийг өөрийн эхнэр Т.Б-н эзэмшлийн Хаан банкны ****************** дансанд байсан мөнгийг зарцуулж, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл нь 400,000 төгрөгт хүрэлцэхгүй болсон зэрэг байдлуудаас дүгнэхэд энэ гэмт хэргийг шууд санаатайгаар өөртөө эдийн засгийн давуу байдал буюу ашигтай байдлыг бий болгох зорилгоор үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Нийтийн албаны албан тушаалтан нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна тусгайлсан үүргийг биелүүлж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн биелэлтийн хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь албаны чиг үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх үндэслэл болохгүй.

            Иймд шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.3. Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь Увс аймгийн Цагдаагийн газрын Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/669 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Над оногдуулсан 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг биелүүлэхдээ орон нутгийн хүү, торгуулийн дансанд орох ёстой 400,000 төгрөгийг өөрийн эхнэр Т.Б-н эзэмшлийн Хаан банкны ****************** дансанд шилжүүлэн авч ашиглан тул энэ гэмт хэргийн улмаас 400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

 Шүүгдэгч Э.Э нь иргэний нэхэмжлэгч Б.Н-д 200,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, 200,000 төгрөгийг хүү, торгуулийн дансанд шилжүүлж Б.Н-н торгуулийг төлсөн болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Э.Эрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.Э нь “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 120 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 28/1072 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.Э-ын гэрлэлт, гэр бүлийн лавлагаа, мэдээлэл /хавтас хэргийн 115-120 дахь тал-ээр шүүгдэгч Э.Э нь эхнэр, хүүхдийн хамт Увс аймаг Улаангом сумын ******* дугаар багийн ********* гудамжны ***** тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-д ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жил хасаж, 2 /хоёр/ жил зорчих эрх хязгаарлах ял  шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Э.Э-д  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э-д урьд  авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д Овогт Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Э.Э-ын  нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр жил зорчих эрх хязгаарлах ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Э.Э-д  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ГАНСҮХ