| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
2024 08 05 2024/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Б,
Улсын яллагч: В.Т /томилолт/,
Шүүгдэгч: Б.Б
Шүүгдэгч: Э.Б,
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Б, З овогт Э Б нарт холбогдох эрүүгийн **************************** дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч халдвар судлагч их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт У хот, Б дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 6-44 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б /РД:************************
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, “Гурван бухат групп” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 10-р байр 29 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2, 114.1 зүйлд зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, З овогт Э.Б /РД:*******************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь “Говь-Хармагтай” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа тус компанийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд нүүрс тээврийн ажил гүйцэтгэхээр битүүмжлэгдсэн тээврийн 171 дүгээр багаас ковид 19 халдвар илэрсэн боловч битүүмжлэгдсэн багийн гишүүдийн суурьшлын бүсэд гараагүйн хариуд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлыг бүсэд шуурхай штабын орлогчоор ажиллаж байсан Б.Б 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр интернэт банк ашиглаж өөрийн 5644151677 дугаартай дансаар Б.Б ************ дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар
хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчаар буюу Нийтийн албанд нийтийн
болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт ‘’нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг’’, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна", Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна"-ийн 4.1.1 дэх заалт "төрийн улс төрийн, захиргааны: тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан"-д зааснаар нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5 дахь хэсэг /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/ 7.1.6 дах хэсэг /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх/-т заасныг тус тус зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 12/37/А/30 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагаа зохицуулах журам"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 23 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд шуурхай штабын орлогчоор ажиллаж байхдаа Говь-Хармагтай ХХК-ийн 171-р битүүмжлэгдсэн тээврийн багаас ковид-19 халдвар илэрсэн боловч суурьшлын бүсээс гаргаагүйн хариуд Говь-Хармагтай ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Э.Ба өөрийн ***************** дугаартай дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ‘’Хийсэн хэргээ хүлээж байна. Э.Б 500 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас ганцхан зүйлийг тодорхой товчхон хэлчихье. Тухайн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-с эхэлж Цагаан хадны суурьшлын бүс дээр шуурхай штабын орлогч гэдэг албан тушаал дээр ажиллаж байсан. Би өөрийгөө өмөөрч хэлээгүй, тухайн үеийн нөхцөл байдлын талаар хэлж байгаа юм шүү. Өвчлөл маш их гарч байсан. Ханбогдын Засаг даргын захирамжаар суурьшлын бүсэд нэвтрүүлэхгүй хорио цээр хүртэл тогтоогоод бид нар өдөр, шөнөгүй ажиллаж байсан юм. Тэр үед блок нэлээн тавигдаад 3 сайдын тушаал дээр 7 хоногт 2 ба түүнээс дээш тохиолдлоор өвчин гарсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид 21 хоног тээвэрлэлтэд оролцуулахгүй гэсэн заалт ирсэн. Тэрний дагуу нэлээн их блок тавигдаад сүүлдээ жолоочийн хомсдол бий болж байсан. Тийм учраас эднийхээс гарсан 7 хоноод яг дараагийн 2 дахь тохиолдол нь гарч байсан. Заавал битүүмжилсэн тээврийн баг гэдэг утгаараа биш аж ахуйн нэгжид гэхээр нэг аж ахуйн нэгж чинь 2, 3, 10 гээд битүүмжилсэн тээврийн багтай, тэгээд блок тавихаар аж ахуйн нэгж дээр нь тавихаар зүв зүгээр битүүмжилсэн тээврийн багуудыг гаргах ийм хүндрэлтэй асуудлууд нэлээд гарч байсан. Тэрний улмаас ажил ихтэй шуурхай штабт ажиллаж байсан Хөсүтийн ажиллаж байсан хүмүүсүүд хоолны хордлогод өртөөд нэлээн байсан. Өвчлөл ихтэй болохоор бүгдээрээ өдөржингөө ковролдоо гадуур явна. Дээрээс нь Хятадын талд шинжилгээний хариу бараг өдөр болгон эерэг сорьцууд гарч байсан. Шөнөжингөө ажиллана. Өдөр,шөнөгүй ажиллаж байсан тийм үе байсан юм. Миний Э. Батболдоосямар учраас авчихсан гэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүстэй нэг өдөр баярлуулчихъя гэсэн сэдлээр 500 000 төгрөгийг авсан. Бид нарын ажил дээр тэгж баярлуулах үйл явдал боломж бололцоо тухайн үед гараагүй. Би хийсэн хэргээ хүлээгээд байж байгаа.
Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Улсад 33 жил ажиллаад өнгөрсөн 2023 оны 12 сард тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаандаа бүх чадлаараа нэлээн хичээж ажиллаж байсан. Ялангуяа улсын хэмжээнд ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар нэлээдгүй ажлуудыг хийсэн гэж ингэж боддог. Өөрийгөө эцсийн эцэст балалсандаа үнэхээр маш их гэмшиж байна. Дээрээс нь би ийм өвчтэй хүүхэдтэй миний хүүхэд бааз шээхдээ хүртэл хүний тусламж авдаг, огт ярьж чадахгүй ийм хүүхэд хардаг. Миний нөхөр улсад олон жил ажиллаж байсан ажлаа хийж явж байгаад зүрхний шигдээсээр нас барсан юм. Миний хадам талаас хүүхдийг минь нааш цааш нь харалцдаг байсан. Одоо үнэхээр хүндрэлтэй байгаа учраас би хүүхдээ харах гээд тэтгэвэртээ гарсан. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Маш олон жил ажиллачхаад эцсийн бүлэгт ийм гэрээ хийсэндээ үнэхээр өөртөө гомдож байна. Хэдэн сар нойртой, нойргүй байсан. Үнэнийг хэлэхэд би хэнд ч гомдоогүй өөртөө гомдож байна. Миний түмэн буруу. 33 жил ажилласан ажлынхаа үр дүнг баллахаар хэлэх ч үг олдохгүй байна. Маш их хүндрэлтэй өөр хэлэх үг алга болсон.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батболд мэдүүлэхдээ: ‘’Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баясгалангийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь гаргасан дүгнэлт тайлбартаа: ‘’Өмгөөлөгч миний бие шүүхийн шатанд Б.Баясгалангийн эрх ашгийн хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр дараах өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг гаргая гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурор Т.Солонгын зүгээс миний үйлчлүүлэгч Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулсан байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн хувьд маргах зүйл байхгүй учир юу вэ гэхээр нэгэнт тухайн үед хавтаст хэрэгт хуулийн хүрээнд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Иймээс шударга ёсны зарчим бол байх ёстой. Гэм буруугийн зарчим гарцаагүй байх ёстой. Ийм учраас нэгэнт миний үйлчлүүлэгч 500 000 төгрөг авсан нь тогтоогддог, өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-г журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах нь зүйтэй байна. Хууль бус орлогын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогын хувьд хураах албадлагын арга хэмжээ гэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэргийн замаар олсон 500 000 төгрөгөө Авлигатай тэмцэх газрын дансанд төлсөн байгааг шүүхээс дурдаж өгөөч ээ гэдэг саналыг гаргаж байна.
Улсын яллагчийн дүгнэлтийг сонсож байна. Нэгэнт шүүхээс гэм буруутайд миний үйлчлүүлэгчийг тооцож байна.Хуулийн хүрээнд гэж өмгөөлөгчийн байр суурьтай адилхан байна. Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээс хасаад 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа юм байна. Хуульчлалын үйлчлэлийн хувьд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамласан. Үйлдэл, эс үйлдэхэд гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан байна. 22 дугаар зүйлийн 4.1 дээр өөрчлөлт орсон байдаг. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр өөрчилж ялын бодлого хариуцлага чангарсан. Гэмт хэргийн тухайд 2022 оны 7 дугаар сарын асуудал яригдах учраас улсын яллагчийн одоо санал болгож байгаа ял шийтгэл нь гэм буруу болон тухайн үйлдсэн нөхцөл байдалд тохирч гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын төрөл дээр нь торгох ялын 5000 нэгжээр торгох саналыг оруулж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг тал бүрээс нь харгалзана гэж хуульд заасан. Миний үйлчлүүлэгчийн тухайд гэрчийн мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар бол саад учруулаагүй, өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч явсан байдаг. Хувийн байдлын тухайд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэн өөрийнх нь одоо үр хүүхэдтэй холбоотой, өөрөө ганц хүүгийнхээ асран хамгаалагчаар тогтоогдсон. 90%-ийн хөдөлмөрийн чадвар хамгаалалтгүй, доороо бааж шээгээд явж байдаг ийм хүнийг насаар нь асран хамгаалах үүргийг хүлээчихсэн байгаа баримтуудыг гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хууль бусаар олж авсан 500 000 төгрөгийг төрийн санд байршуулсан байгаа. Шүүх хуралдаанаас өмнө оруулж байгаа байдлыг энэ хүн гэм буруу дээрээ өөрийн гэсэн дүгнэлтийг хийж байна гэдэг нөхцөл байдлууд харагдаж байгаа учраас улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгөөч ээ гэдэг дүгнэлтээ гаргаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Баясгалан, Э.Батболд нарт холбогдох 2429000000102 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт үйлдэгдсэн нотлох баримтууд бид бүхэн сая шинжлэн судалж дүгнэлт хийлээ. Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй, маргадаггүй юм байна. Тийм учраас Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн Э.Батболдыг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг тус тус шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Хэргийн хувьд хохирол, төлбөр гэдэг асуудал яригдах боломжгүй байна. Өөрөөр хэлэх юм бол журмын эсрэг гэмт хэрэг. Хахуульд авсан 500 000 төгрөгөө улсын орлого болгосон талаарх нотлох баримтаар шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна. Ийм саналыг шүүх хуралдаанд тавьж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 22 .4 дүгээр зүйлийн дэх хэсэг 22.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтүүдийг хэлье. Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Э.Батболдын хувьд мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамлан 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс тус тус оруулж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан СиДи байгаа. Хавтаст хэрэгт хавсаргасан хэвээр үлдээх ийм саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар нэхэмжилсэн баримтыг Авлигатай тэмцэх газраас ирүүлээгүй гэсэн ийм саналыг оруулж байна.
Нэмэлт тайлбарын хувьд товчхон нэг зүйлийг хэлье. Бид бүхэн авлигатай тэмцэх, авлигын эсрэг асуудлыг хууль зүйн хүрээнд шийдвэрлэж байгаа. Шүүх хуралдаан дээр нэг л зүйлийг ойлгоосой гэж бодож байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг юм. Ажлаа бүтээхийн тулд төрийн албан хаагчид хахууль өгөөгүй бол энэ ширээний ард хэн хэн нь суухгүй байх байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өөрөө ажлаа бүтээхийн тулд төрийн албан хаагчид өгч буй үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг буй болгож байгаа юм. Тийм учраас миний хувьд энэхүү үйлдлийг хэлж, гаргаж хийж, төрийн албан хаагчид хандсан энэ үйлдэлдээ дүгнэлт хийж ойлгох ёстой гэдгийг энэ шүүх хуралдаанаар ухаараасай гэж бодож байгаа юм. Өнөөдөр төрийн албан хаагч бид бүхэн ялгаа байхгүй адилхан төрийн албан хаадаг. Бид бүгдийг авлигачин гэж хэлдэг. Авлигыг хэн өгдөг вэ? өөрснөө ажлаа бүтээхийн тулд өгдөг, гэхдээ авдаг нь буруу өгдөг нь ч буруу. Ийм учраас ойлгож, хууль зүйн дүгнэлт хийсний үр дүнд миний зүгээс ийм саналыг оруулсан гэдгээ нэмж тайлбарлаж хэлье.’’ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батбуяны “...би тус компанийг 2011 онд барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулсан. 2017 оноос улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч одоог хүртэл явуулж байна...тиймээ энэ хүн /Батболд/ 2022 онд ажиллаж байсан. Яг хэдэн сараас хэдэн сарын хооронд ажиллаж байсан болох талаар нь мэдэхгүй байна. Тушаал дээрээс тодорхой харагдах байх. 410121820 дугаартай данс нь миний данс мөн байна. Би тухайн үед ажилчдадаа урамшуулал гэж мөнгөө хийдэг байсан. Яг юунд зориулж өгсөн мөнгө болох талаар мэдэхгүй байна. Тухайн үед дархлаа дэмжих зорилгоор ажилчдадаа янз бүрийн зүйл авч өгдөг байсан. Би энэ Баясгаланд өгөөрэй гэж мөнгө бол өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/
Говь-Хармагтай ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Ажилд
авах тухай" тушаал” /хавтаст хэргийн 88 дахь тал/
Б.Баясгаланг ажилд томилох тухай тушаал Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/174 дугаартай "Албан
томилолтоор ажиллуулах тухайн тушаал /хавтаст хэргийн 31-33 дахь тал/
Эрдэнэсүх овогтой Батболдын Хаан банкны 5644151677 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 160-195 дахь тал/
Эрүүгийн 2201000700047 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 152-195 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баясгалангийн: “...тухайн үед өвчлөл их байсан учраас жолоочийн хомсдол үүссэн. Ингээд баг болгоныг блоклохоос илүү өвчтэй хүмүүс болон ойрын хавьтлаа гаргаж байсан юм аа. Уг нь бол 7 сард блок их тавьсан юм...миний хувьд гэм буруутайгаа маргах зүйлгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 106 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Батболдын: “...би яг Баясгалан гэх хүнд мөнгө төгрөг өгч байгаа талаар хэлээгүй. Харин хүнд ер нь мөнгө өгч аргалах боломжтой гэдгийг хэлсэн...миний хувьд гэм буруутайгаа маргах зүйлгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1.2-т ‘төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
“Хахууль авах” гэмт хэргийн шинжид хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын нэгдмэл сонирхолд үүссэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх нөхцөл байдал хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн мэдээлэлд нийтлэгдэж, 10 хоногийн хугацаа өнгөрсөн буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд, шүүгдэгч Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсан нь “Хаан банк” ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 232 дахь тал/
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч Б.Баясгалангийн байршуулсан 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Баясгалангийн “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Батболдын “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Э.Б Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Г.М “...улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгөөч ээ.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б “...манай өмгөөлөгч хэлсэн миний хүүхдийн амьдралын байдлыг харгалзан үзэж торгох ял оноож өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгч Э.Б “...байхгүй.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 62 дахь тал/
Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, Э.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч З овогт Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б, Э.Б нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б нарт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын ************ тоот дансанд шүүгдэгч Б.Б байршуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ
2024 08 05 2024/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: В.Төгсбаяр /томилолт/,
Шүүгдэгч: Б.Баясгалан,
Шүүгдэгч: Э.Батболд,
Шүүгдэгч Б.Баясгалангийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавчууд овогт Батбаярын Баясгалан, Зээрднүүд овогт Эрдэнэсүхийн Батболд нарт холбогдох эрүүгийн 2429000000102 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч халдвар судлагч их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 6-44 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хавчууд овогт Батбаярын Баясгалан /РД:ХБ66041809/.
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, “Гурван бухат групп” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 10-р байр 29 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2, 114.1 зүйлд зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Зээрднүүд овогт Эрдэнэсүхийн Батболд /РД:ЛЮ89022171/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Батболд нь “Говь-Хармагтай” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа тус компанийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд нүүрс тээврийн ажил гүйцэтгэхээр битүүмжлэгдсэн тээврийн 171 дүгээр багаас ковид 19 халдвар илэрсэн боловч битүүмжлэгдсэн багийн гишүүдийн суурьшлын бүсэд гараагүйн хариуд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлыг бүсэд шуурхай штабын орлогчоор ажиллаж байсан Б.Баясгаланд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр интернэт банк ашиглаж өөрийн 5644151677 дугаартай дансаар Б.Баясгалангийн 5027801482 дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.Баясгалан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар
хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчаар буюу Нийтийн албанд нийтийн
болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт ‘’нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг’’, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна", Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна"-ийн 4.1.1 дэх заалт "төрийн улс төрийн, захиргааны: тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан"-д зааснаар нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5 дахь хэсэг /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/ 7.1.6 дах хэсэг /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх/-т заасныг тус тус зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 12/37/А/30 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагаа зохицуулах журам"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 23 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд шуурхай штабын орлогчоор ажиллаж байхдаа Говь-Хармагтай ХХК-ийн 171-р битүүмжлэгдсэн тээврийн багаас ковид-19 халдвар илэрсэн боловч суурьшлын бүсээс гаргаагүйн хариуд Говь-Хармагтай ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Э.Батболдоос өөрийн 5027801482 дугаартай дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баясгалан мэдүүлэхдээ: ‘’Хийсэн хэргээ хүлээж байна. Э.Батболдоос 500 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас ганцхан зүйлийг тодорхой товчхон хэлчихье. Тухайн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-с эхэлж Цагаан хадны суурьшлын бүс дээр шуурхай штабын орлогч гэдэг албан тушаал дээр ажиллаж байсан. Би өөрийгөө өмөөрч хэлээгүй, тухайн үеийн нөхцөл байдлын талаар хэлж байгаа юм шүү. Өвчлөл маш их гарч байсан. Ханбогдын Засаг даргын захирамжаар суурьшлын бүсэд нэвтрүүлэхгүй хорио цээр хүртэл тогтоогоод бид нар өдөр, шөнөгүй ажиллаж байсан юм. Тэр үед блок нэлээн тавигдаад 3 сайдын тушаал дээр 7 хоногт 2 ба түүнээс дээш тохиолдлоор өвчин гарсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид 21 хоног тээвэрлэлтэд оролцуулахгүй гэсэн заалт ирсэн. Тэрний дагуу нэлээн их блок тавигдаад сүүлдээ жолоочийн хомсдол бий болж байсан. Тийм учраас эднийхээс гарсан 7 хоноод яг дараагийн 2 дахь тохиолдол нь гарч байсан. Заавал битүүмжилсэн тээврийн баг гэдэг утгаараа биш аж ахуйн нэгжид гэхээр нэг аж ахуйн нэгж чинь 2, 3, 10 гээд битүүмжилсэн тээврийн багтай, тэгээд блок тавихаар аж ахуйн нэгж дээр нь тавихаар зүв зүгээр битүүмжилсэн тээврийн багуудыг гаргах ийм хүндрэлтэй асуудлууд нэлээд гарч байсан. Тэрний улмаас ажил ихтэй шуурхай штабт ажиллаж байсан Хөсүтийн ажиллаж байсан хүмүүсүүд хоолны хордлогод өртөөд нэлээн байсан. Өвчлөл ихтэй болохоор бүгдээрээ өдөржингөө ковролдоо гадуур явна. Дээрээс нь Хятадын талд шинжилгээний хариу бараг өдөр болгон эерэг сорьцууд гарч байсан. Шөнөжингөө ажиллана. Өдөр,шөнөгүй ажиллаж байсан тийм үе байсан юм. Миний Э. Батболдоос ямар учраас авчихсан гэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүстэй нэг өдөр баярлуулчихъя гэсэн сэдлээр 500 000 төгрөгийг авсан. Бид нарын ажил дээр тэгж баярлуулах үйл явдал боломж бололцоо тухайн үед гараагүй. Би хийсэн хэргээ хүлээгээд байж байгаа.
Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Улсад 33 жил ажиллаад өнгөрсөн 2023 оны 12 сард тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаандаа бүх чадлаараа нэлээн хичээж ажиллаж байсан. Ялангуяа улсын хэмжээнд ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар нэлээдгүй ажлуудыг хийсэн гэж ингэж боддог. Өөрийгөө эцсийн эцэст балалсандаа үнэхээр маш их гэмшиж байна. Дээрээс нь би ийм өвчтэй хүүхэдтэй миний хүүхэд бааз шээхдээ хүртэл хүний тусламж авдаг, огт ярьж чадахгүй ийм хүүхэд хардаг. Миний нөхөр улсад олон жил ажиллаж байсан ажлаа хийж явж байгаад зүрхний шигдээсээр нас барсан юм. Миний хадам талаас хүүхдийг минь нааш цааш нь харалцдаг байсан. Одоо үнэхээр хүндрэлтэй байгаа учраас би хүүхдээ харах гээд тэтгэвэртээ гарсан. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Маш олон жил ажиллачхаад эцсийн бүлэгт ийм гэрээ хийсэндээ үнэхээр өөртөө гомдож байна. Хэдэн сар нойртой, нойргүй байсан. Үнэнийг хэлэхэд би хэнд ч гомдоогүй өөртөө гомдож байна. Миний түмэн буруу. 33 жил ажилласан ажлынхаа үр дүнг баллахаар хэлэх ч үг олдохгүй байна. Маш их хүндрэлтэй өөр хэлэх үг алга болсон.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батболд мэдүүлэхдээ: ‘’Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баясгалангийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь гаргасан дүгнэлт тайлбартаа: ‘’Өмгөөлөгч миний бие шүүхийн шатанд Б.Баясгалангийн эрх ашгийн хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр дараах өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг гаргая гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурор Т.Солонгын зүгээс миний үйлчлүүлэгч Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулсан байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн хувьд маргах зүйл байхгүй учир юу вэ гэхээр нэгэнт тухайн үед хавтаст хэрэгт хуулийн хүрээнд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Иймээс шударга ёсны зарчим бол байх ёстой. Гэм буруугийн зарчим гарцаагүй байх ёстой. Ийм учраас нэгэнт миний үйлчлүүлэгч 500 000 төгрөг авсан нь тогтоогддог, өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-г журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах нь зүйтэй байна. Хууль бус орлогын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогын хувьд хураах албадлагын арга хэмжээ гэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэргийн замаар олсон 500 000 төгрөгөө Авлигатай тэмцэх газрын дансанд төлсөн байгааг шүүхээс дурдаж өгөөч ээ гэдэг саналыг гаргаж байна.
Улсын яллагчийн дүгнэлтийг сонсож байна. Нэгэнт шүүхээс гэм буруутайд миний үйлчлүүлэгчийг тооцож байна.Хуулийн хүрээнд гэж өмгөөлөгчийн байр суурьтай адилхан байна. Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээс хасаад 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа юм байна. Хуульчлалын үйлчлэлийн хувьд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамласан. Үйлдэл, эс үйлдэхэд гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан байна. 22 дугаар зүйлийн 4.1 дээр өөрчлөлт орсон байдаг. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр өөрчилж ялын бодлого хариуцлага чангарсан. Гэмт хэргийн тухайд 2022 оны 7 дугаар сарын асуудал яригдах учраас улсын яллагчийн одоо санал болгож байгаа ял шийтгэл нь гэм буруу болон тухайн үйлдсэн нөхцөл байдалд тохирч гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын төрөл дээр нь торгох ялын 5000 нэгжээр торгох саналыг оруулж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг тал бүрээс нь харгалзана гэж хуульд заасан. Миний үйлчлүүлэгчийн тухайд гэрчийн мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар бол саад учруулаагүй, өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч явсан байдаг. Хувийн байдлын тухайд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэн өөрийнх нь одоо үр хүүхэдтэй холбоотой, өөрөө ганц хүүгийнхээ асран хамгаалагчаар тогтоогдсон. 90%-ийн хөдөлмөрийн чадвар хамгаалалтгүй, доороо бааж шээгээд явж байдаг ийм хүнийг насаар нь асран хамгаалах үүргийг хүлээчихсэн байгаа баримтуудыг гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хууль бусаар олж авсан 500 000 төгрөгийг төрийн санд байршуулсан байгаа. Шүүх хуралдаанаас өмнө оруулж байгаа байдлыг энэ хүн гэм буруу дээрээ өөрийн гэсэн дүгнэлтийг хийж байна гэдэг нөхцөл байдлууд харагдаж байгаа учраас улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгөөч ээ гэдэг дүгнэлтээ гаргаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Баясгалан, Э.Батболд нарт холбогдох 2429000000102 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт үйлдэгдсэн нотлох баримтууд бид бүхэн сая шинжлэн судалж дүгнэлт хийлээ. Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй, маргадаггүй юм байна. Тийм учраас Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн Э.Батболдыг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг тус тус шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Хэргийн хувьд хохирол, төлбөр гэдэг асуудал яригдах боломжгүй байна. Өөрөөр хэлэх юм бол журмын эсрэг гэмт хэрэг. Хахуульд авсан 500 000 төгрөгөө улсын орлого болгосон талаарх нотлох баримтаар шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна. Ийм саналыг шүүх хуралдаанд тавьж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 22 .4 дүгээр зүйлийн дэх хэсэг 22.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтүүдийг хэлье. Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Э.Батболдын хувьд мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамлан 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс тус тус оруулж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан СиДи байгаа. Хавтаст хэрэгт хавсаргасан хэвээр үлдээх ийм саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар нэхэмжилсэн баримтыг Авлигатай тэмцэх газраас ирүүлээгүй гэсэн ийм саналыг оруулж байна.
Нэмэлт тайлбарын хувьд товчхон нэг зүйлийг хэлье. Бид бүхэн авлигатай тэмцэх, авлигын эсрэг асуудлыг хууль зүйн хүрээнд шийдвэрлэж байгаа. Шүүх хуралдаан дээр нэг л зүйлийг ойлгоосой гэж бодож байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг юм. Ажлаа бүтээхийн тулд төрийн албан хаагчид хахууль өгөөгүй бол энэ ширээний ард хэн хэн нь суухгүй байх байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өөрөө ажлаа бүтээхийн тулд төрийн албан хаагчид өгч буй үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг буй болгож байгаа юм. Тийм учраас миний хувьд энэхүү үйлдлийг хэлж, гаргаж хийж, төрийн албан хаагчид хандсан энэ үйлдэлдээ дүгнэлт хийж ойлгох ёстой гэдгийг энэ шүүх хуралдаанаар ухаараасай гэж бодож байгаа юм. Өнөөдөр төрийн албан хаагч бид бүхэн ялгаа байхгүй адилхан төрийн албан хаадаг. Бид бүгдийг авлигачин гэж хэлдэг. Авлигыг хэн өгдөг вэ? өөрснөө ажлаа бүтээхийн тулд өгдөг, гэхдээ авдаг нь буруу өгдөг нь ч буруу. Ийм учраас ойлгож, хууль зүйн дүгнэлт хийсний үр дүнд миний зүгээс ийм саналыг оруулсан гэдгээ нэмж тайлбарлаж хэлье.’’ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батбуяны “...би тус компанийг 2011 онд барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулсан. 2017 оноос улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч одоог хүртэл явуулж байна...тиймээ энэ хүн /Батболд/ 2022 онд ажиллаж байсан. Яг хэдэн сараас хэдэн сарын хооронд ажиллаж байсан болох талаар нь мэдэхгүй байна. Тушаал дээрээс тодорхой харагдах байх. 410121820 дугаартай данс нь миний данс мөн байна. Би тухайн үед ажилчдадаа урамшуулал гэж мөнгөө хийдэг байсан. Яг юунд зориулж өгсөн мөнгө болох талаар мэдэхгүй байна. Тухайн үед дархлаа дэмжих зорилгоор ажилчдадаа янз бүрийн зүйл авч өгдөг байсан. Би энэ Баясгаланд өгөөрэй гэж мөнгө бол өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/
Говь-Хармагтай ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Ажилд
авах тухай" тушаал” /хавтаст хэргийн 88 дахь тал/
Б.Баясгаланг ажилд томилох тухай тушаал Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/174 дугаартай "Албан
томилолтоор ажиллуулах тухайн тушаал /хавтаст хэргийн 31-33 дахь тал/
Эрдэнэсүх овогтой Батболдын Хаан банкны 5644151677 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 160-195 дахь тал/
Эрүүгийн 2201000700047 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 152-195 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баясгалангийн: “...тухайн үед өвчлөл их байсан учраас жолоочийн хомсдол үүссэн. Ингээд баг болгоныг блоклохоос илүү өвчтэй хүмүүс болон ойрын хавьтлаа гаргаж байсан юм аа. Уг нь бол 7 сард блок их тавьсан юм...миний хувьд гэм буруутайгаа маргах зүйлгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 106 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Батболдын: “...би яг Баясгалан гэх хүнд мөнгө төгрөг өгч байгаа талаар хэлээгүй. Харин хүнд ер нь мөнгө өгч аргалах боломжтой гэдгийг хэлсэн...миний хувьд гэм буруутайгаа маргах зүйлгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1.2-т ‘төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
“Хахууль авах” гэмт хэргийн шинжид хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын нэгдмэл сонирхолд үүссэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх нөхцөл байдал хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн мэдээлэлд нийтлэгдэж, 10 хоногийн хугацаа өнгөрсөн буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд, шүүгдэгч Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсан нь “Хаан банк” ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 232 дахь тал/
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч Б.Баясгалангийн байршуулсан 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Баясгалангийн “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Батболдын “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Э.Батболдыг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Баясгалангийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “...улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгөөч ээ.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Баясгалангаас “...манай өмгөөлөгч хэлсэн миний хүүхдийн амьдралын байдлыг харгалзан үзэж торгох ял оноож өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгч Э.Батболдоос “...байхгүй.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.Баясгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Баясгалан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 62 дахь тал/
Шүүгдэгч Э.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавчууд овогт Батбаярын Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Зээрднүүд овогт Эрдэнэсүхийн Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нар нь торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч Б.Баясгалангийн байршуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баясгалан, Э.Батболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.