Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.Г ,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ч.Х холбогдох эрүүгийн ************* дугаартай дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч овогт Ч Х /РД: *********************/.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 19-ний  шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Grасе микро” загварын ****** дугаар улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож яваад зогсох үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангаагүйн улмаас уг тээврийн хэрэгсэл нь насанд хүрээгүй хохирогч Г.А-г дайрсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ч.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 19-ний  шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Grасе микро” загварын ******** дугаар улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож яваад зогсохдоо аюулгүй байдлыг хангаагүйн улмаас уг тээврийн хэрэгсэл газрын руу гүйж, иргэн Х.Г ийн гэрийг дайрч гарахдаа насанд хүрээгүй хохирогч Г.А-г дайрсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 6-18 дахь тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Малчин сумын 2 дугаар багийн Нарлаг хорооллын 403 тоот хашаанд монгол гэрт амьдардаг. Манай хашаа хорооллын дээд эхэнд нь байдаг. 2024 оны 8 дугаар сарын 18-ны орой эхнэр О, том охин А, хоёр дахь охин Н, бага хүү Н нарын хамт гэртээ эхнэр бага хүү бид гурав голын орон дээр, хоёр охин гэрийн баруун талд унтсан. Гурав дахь охин А  хадам ээжийнд хонож байсан. Бид нар унтаж байхад шөнө дунд гэнэт хүчтэй чимээ гарч, гэр унасныг мэдээд харанхуйд дэргэд хэвтэж байсан эхнэр хүүхдээ харахад байсан бөгөөд баруун талын орон дээр унтаж байсан Н нь босоод зогсчихсон байсан. Харин том охиныг хайж байтал гэнэт эхнэр микро машины доороос татаж гаргахад охин шоокын байдалтай, толгой нь хагарсан байхаар нь өргөөд орон дээр тавьсан. Тэгээд харанхуй байсан учраас утсаа хайж байхад манай хашааны ар талын хашааг машин дайрсны улмаас хугарсан байсан бөгөөд тухайн газраар эмэгтэй хүн гэрэл бариад ороод ирсэн бөгөөд түүний дараа нэг эрэгтэй орж ирээд уучлалт гуйж, амиа хорлоно гээд янз бүрийн зүйл яриад байхаар нь тухайн хүнийг тайвшруулж, машин асаалттай байсан тул жолоочоор нь унтраалгасан. Утсаа олж аваад эмнэлэг болон ах дүү нар луугаа ярьсан. Удалгүй гэгээ орсны дараа сайн харахад саарал өнгийн микро машин манай гэрийг дайрч унагаасан бөгөөд тухайн жолооч нь Ч.М гэх залуугийн байсан. Өөрөөс нь яаж байгаа талаар асуухад машинаа уулын ташууд асаалттай нь гар кардан татаад буугаад шээж байхад машин гүйгээд явсан гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед уг залуутай ярилцахад согтуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23, 25 дахь тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хичээл орох болцон байсан тул гэр орны асуудал нэн хэрэгтэй байсан тул холбогдогч нартайгаа яриад гэр орны асуудал яаралтай шийдэж өгмөөр байна гэсэн тэгээд ирээд нийт 12 сая төгрөгийн асуудал шийдэж өгсөн. Тэгээд хүүхдээ эмнэлэг 7 хоног хэвтүүлээд хот авч явсан. “...хотоос ирээд дахин шинжээч томилж шинжилгээ хийдгэсэн. Одоо болохоор бодит хохирол 3,747,232 төгрөг, сэтгэл санааны хохирол 8,573,400 төргөг нийт 12,320,632 төргөг болсон . Миний охины хувьд сэтгэл санаа их тавгүй байгаа, явдлын хувьд тааруу хазгай яваад байгаа. Эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан цаашдаа бас дахиад хот руу эмчилгээнд авч явна. Ер нь хүүхдийн цаашдын эрүүл саруул болгоход л анхаармаар байна. Гэртэй холбоотой хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

-Насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед өөрийн гэрт эцэг Х.Г , эх Д.О, төрсөн дүү Г.Н, Г.Н нарын хамт унтсан. Тухайн үед эцэг, эх болон бага дүү нар нь гэрийн голын орон дээр харин би дүү Н-гийн хамт газраар баруун талд унтсан. Би шөнө унтаж байхад чанга дуу гарч нэг мэдэхэд машины доороос ээж намайг гаргаж орон дээр хэвтүүлсэн. Тухайн үед яг юу болсныг санахгүй байгаа бөгөөд шөнө байсан учраас зарим зүйлийг сайн хараагүй. Ямар ч байсан намайг ээж аймгийн төв орж ирж гэмтлийн тасагт 7 хоног хэвтүүлэн 8 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. Миний толгойны хуйхны хэсэгт зүсэгдэж оёдол тавиулсан, биеийн бусад хэсэгт шалбарсан, хэвлий хэсгээр гэмтэлтэй учраас гишгэж чадахгүй байгаа мөн нуруу нугас хавиар өвдөж байгаа, сууж босоход толгой эргэдэг бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

-Гэрч Л.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Малчин сумын дунд сургууль төгссөн найз нарын хамт 20 цагийн үед уулзаж Х-н микро машинтай Малчин сумын 1 дүгээр багийн нутагт байх мөн ангийн найз болох А гэх залуугийн хөшиг тайлах ёслолд очсон. Тэгэхэд 5 хүн явсан бөгөөд Ч.Х нь машинаа барьж очсон. Тухайн үед эрүүл машинаа бариад тухайн айлд 22 цагийн үед очиж 01 цаг хүртэл найрлаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн айлаас 01 цагийн үед бид тав гарч Ч.Х нь машинаа бариад сумын төв рүү явах замдаа удаан явж, 03 цагийн үед орж ирээд эхлээд А, Б, Б нарыг сумын төв дотор буулгаж намайг хамгийн сүүлд 03 цаг өнгөрч байхад Нарлаг хороололын 505 тоот хашааны үүдэнд буулгаад манай хорооллоор доош явсан. Би гэрт орсны дараа Ч.Х рүү чат бичээд залгахад ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Түүний дараа 04 цагийн үед Ч.Х над руу чатаар залгаад “Андаа би машинаа гүйлгүүлчлээ” гээд орилоод утсаа тасалсан. Би тухайн үед хашааны гадна явж байсан бөгөөд Ч.Х манай гэрийн ойролцоо уулын орой дээр орилох шиг болохоор нь би хорооллын дээд эхэнд гүйгээд гарахад Ч.Х нь Н ахын хашааны ойролцоо зогсож байхаар нь яваад очиход “Би орохоос айгаад байна. Чи ороод харчих. Би машин гүйлгээд хүүхэд мөргөчих шиг боллоо” гэхээр нь би ороод харахад Н ахын гэрийг машин мөргөж унагааж, хүүхдээ тэврээд сууж байх үед Ч.Х нь араас орж ирээд уйлаад суусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

-Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2024 оны 08 дугаар сарын 18-ны орой өөрийн ачааны машинтай өвс ачиж буулгачхаад гэрт ирчхээд айлын найранд яваад ирэхэд миний ***** УВА улсын дугаартай микро машиныг манай дунд хүү бариад гарсан байсан. Урд өмнө нь хөдөө гэр хооронд барьдаг байсан учраас санаа зовоогүй. Гэтэл 8 дугаар сарын 19-ний өдөр үүрээр 4 цагийн үед Н гэх залуу утсаар яриад танай залуугийн барьж явсан машин уул руу гүйгээд гэрийг нь дайрсан гэдгийг хэлэхээр эхнэрийн хамт хашаанд нь очиход гэрийн ар талын хашаа мөргөж унагааж, нэвт гарч гэрийг нь дайрсан бөгөөд гэрт байсан хүмүүсээс том охины толгой гэмтсэн байсан учраас аймаг руу явуулсан уулын ташууд гарч машинаас буухдаа асаалттай орхиж, гар кардан татаад буугаад шээж байхад машин нь гүйгээд айлын хашаа мөргөсөн гэдэг зүйлийг хэлсэн. Би уг машиныг хүнээс авч төлбөр тооцоо дууссан боловч өөрийн нэр дээр болгож амжаагүй. Би хүүхдээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Ч.Х багаасаа хөдөө машин унаа тэрэг барьдаг боловч албан ёсоор үнэмлэх аваагүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн айлд очиход нэг шил архи задалж өгснийг бөөндөө уучхаад хоол унд идчихээд буцаж сумын төв рүү орж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

-Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Бид тав найранд очсон байсан учраас хоол унд идэнгээ нэг шил архи хувааж ууж дуусаад сумын төв рүү ирсэн. Ч.Х нь тухайн айлаас гарахад гайгүй машинаа хэвийн тогтуун барьж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

-Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манайх Малчин сумын 2 дугаар баг Нарлаг хорооллын 413 тоотод оршин суудаг бөгөөд манай хашаа уг хорооллын дээд эхэнд бага зэргийн уулын ташуу учраас өөрийн гэрийг зүүн зүгт хаалгаа харуулж газрыг нь өндөрлөж гэрээ барьсан Хашааны хойд талдаа хөндлөн замтай мөн манайхаас залгуулаад уулын толгод байдаг. 2024 оны 8 дугаар сарын 18-ны орой нөхөр гурван хүүхдийн хамт гэртээ амарсан. Манай гурав дахь охин А нь эмээгийндээ хонож байсан. Би нөхөр бага хүүхэдтэйгээ голын орон дээр, хоёр охин хамт газраар гэрийн баруун талд унтаж байсан. Гэтэл шөнө 03 цаг болж байхад бороо орохоор нь би гадагш гарч бие засаж, гэрийн гадна байсан хувцас оруулж байхад манай хорооллын ойролцоо машин асаалттай чимээ гарсан бөгөөд ямар нэгэн гэрэл үзэгдэхгүй байсан. Тэгээд гэртээ ороод унтаад удаагүй байхад гэнэт чанга чимээ гарахаар нь би гэрийн ойролцоо аянга буусан гэж бодоод нөхрөө дуудах хооронд манай гэрийг машин хөндлөн дайрч унагасан байсан тул босоод хүүхдүүдээ хайхад нөхөр бага хүүхэд бол дэргэд хэвийн байсан. Хоёр охиноо дуудахад хоёр дахь охин Н нь ээжээ гээд дуугарсан харин том охин А нь дуугарахгүй байхаар нь би хайж байгаад машин доор хэвтсэн байдалтай байхад нь татаж гаргаж ирээд шууд орон дээр тавиад эмч дуудсан. Гэр дайрсан машин бол асаалттай байсан бөгөөд түүнээс 5-10 минутын дараа Ч.Х болон Д гэх хоёр хүн ирээд Ч.Х нь танай хүүхэд гайгүй юу гэхээр нь би машинаа унтраа гэж хэлээд унтраалгасан. Түүний дараа эмч ирээд хүүхдээ аваад эмнэлэг дээр оччихоод шууд аймаг явсан. Түүнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй байна. Одоогоор бол миний биеийн байдал хэвийн бөгөөд манай том охин Г.А-гийн толгой хагарсан, хэвлийд гэмтэлтэй гэсний дагуу гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоо хөл дээрээ сайн гишгэж чадахгүй амин үзүүлэлт хэвийн бусадтай харилцаатай, хоол ундаа хэвийн идэж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 373 дугаартай “Г.А-гийн биед тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд язарсан шарх, зуун гуя, баруун өвдөгний үений дотно хэсэгт, баруун зүүн шилбэнд зулгаралт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, аарцаг орчмын зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, толгойн оройн хэсгийн хуйханд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал), 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 987 дугаартай “Г.А-гийн биед ууцны Ѕ1, 2 дугаар нугалам, баруун зүүн сүүжний тогооны урд багана, баруун умдаг ясны их бие, зүүн умдаг ясны доод салаа, баруун, зүүн суудал ясны хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн ташаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх ууцны Ѕ1, 2 дугаар нугалам, баруун зүүн сүүжний тогооны урд багана, баруун умдаг ясны их бие, зүүн умдаг ясны доод салаа, баруун, зүүн суудал ясны хугарал, зүүн ташаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Мед Травма эмнэлгийн аарцаг яс, хоёр талын түнхний үений тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээний хариугаар тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 107-109 дэх тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай “Г.А-гийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байгаа нь сэтгэцийн хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дахь тал),

-Шинжээчийн  2024 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаартай "...эвдэрсэн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нийт 5,700,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 145 дахь тал),

Цагдаагийн ерөнхий газрын “Ч.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” гэх жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 163 дахь тал,

Шүүгдэгч Ч.Х-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би ангийн найзын найранд очоод  хүн нэг шил архи хувааж уусан. Би их согтоогүй бүх зүйлийг санаж байсан. Сум төв хүртэл хэвийн явж ирээд хүмүүсээ тарааж буулгачхаад харьж явах замд шээс хүрээд байхаар нь машинаа зогсоож гар карданаа татчихаад буугаад шээж байтал машин уруудаад гүйгээд явчихсан. Араас нь орилоод гүйхэд Н ахын хашаа, гэрийг дайрчихаар нь айгаад очиж чадахгүй сүүлд буулгасан Л.Д-ийг дуудаад хамт очиход хүүхэд дайрсан байсан. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Сайн эмч болоод А-г бүх талаар нь тусалж сайн эмчилнэ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэж тус тус заажээ.

 Жолооч Ч.Х-гийн согтуурлын зэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн "... Увс аймгийн Малчин сумын 2-р баг Нарлаг гэх хороололд УАЗ-31512 маркийн ****** УВХ улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэл дотор шалгахад 1,25% байв. мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20 дахь тал)-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг тогтоожээ.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Ч.Х-г согтуу байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Х нь жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 163 дахь тал/-аар “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байна”, 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зогсох үйлдэл хийхдээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг чанд сахиж, тухайн тээврийн хэрэгслийн бүрэн аюулгүй болгож зогсоогоогүйн улмаас авто машин газрын уруу хэсэг рүү гүйж, иргэн Х.Г-н гэрийг мөргөж, гэрт унтаж байсан насанд хүрээгүй хохирогч Г.А-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна.

Ийм шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан, 5,700,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэн /550,000х9=4,950,000/-тэй тэнцэх хэмжээ буюу 4,950,000 төгрөгөөр үнэлэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу насанд хүрээгүй хохирогч Г.А-д эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардалд 3,647,232 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчээс нийт 8,597,232 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээс завсарлага авч төлсөн байна.

Эд хөрөнгө буюу гэрийн эд зүйлд учирсан хохирол 5,700,000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч шүүгдэгчийн зүгээс 12,524,500 төгрөгөөр шинэ гэр авч өгсөн, энэ талууд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч Г.А-д цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал буюу хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар  шүүгдэгч Ч.Х-гээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь  Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцээр хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгод нийцэхээс гадна уг конвенцийн 3 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж  заасанд нийцнэ гэж дүгнэлээ.

            2. Шүүгдэгч Ч.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ч.Х-д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Д.Г-гийн өгсөн: “Ч.Х нь манай дунд хүү бөгөөд дээрээ нэг ах, доороо нэг эрэгтэй дүүтэй. Ах дүү хоёр нь тусдаа гарч, Малчин сум болон Улаангом суманд амьдардаг. Ах нь малчин бөгөөд дүү нь одоогоор ажилгүй байгаа. Нөхөр бид хоёрын хувьд хөдөө мал маллан амьдарч байгаад нөхөр Д.Ч нь бөөрөө авхуулсан, хөлний үе солиулах шаардлагатай гэх эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны хавар Малчин сумын төв рүү шилжин орсон. Нөхөр бид хоёрын хувьд тогтсон ажил байхгүй бөгөөд Чулуунбаатар нь хааяа нэг сум аймаг хооронд хүн, ачаа тээвэрлэдэг. Ч.Х-гийн хувьд Малчин суманд 9 дүгээр анги төгсөж, аймгийн төвд 12 дугаар анги төгсөж дээд сургууль авч одоо Улаанбаатар хотод АШУҮИС-н 5 дугаар курсын оюутан. Зуны амралтаараа хөдөө ирж, сумандаа оршин суудаг. Зан байдлын төлөв даруу тогтуун, илүү дутуу ямар нэгэн аашгүй, хэлсэн ярьсан зүйлээс зөрөөд байдаггүй. Бие эрүүл мэндийн хувьд ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Х-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар шүүгдэгч Ч.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Х-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Насанд хүрээгүй хохирогчид цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ