Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/25

 

С.Төмөрбаатарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Б.Батзориг

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                               Оролцогчид

                                    Прокурор                                     В.Батдэлгэр

                                      Шүүгдэгч                                     С.Төмөрбаатар

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Цолмонгэрэл

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/137 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбагавж овогт Сүрэнжавын Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 1802002970163 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1957 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Орчлон хороолол 45-42 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Дамбагавж овогт Сүрэнжавын Төмөрбаатар /РД:ЧЕ57021518/

 Холбогдсон хэргийн талаар: С.Төмөрбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөрхүртэлх хугацаанд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хүнгүйч зүр хүзүү” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаль экологид 1.122.620 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх С.Төмөрбаатарт холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 137 дугаартай шүүгчийн захирамжаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 24.2 дугаар  зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 1802002970163 тоот эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай,

2. Яллагдагч С.Төмөрбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.гээд, шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцэлдээ:

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Капитал авто сервис" ХХК-ний ашигт малтмал ашиглах МҮ020907 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хүнгүйч зүр хүзүү" гэх газарт байрлах уурхайн эксковатор,  ачааны автомашины оператор жолоочоор ажиллаж байсан О.Далайжаргал /1-р хх-ийн 27-р хуудас/, Г.Ганбаяр /1-р хх-ийн 29-р хуудас/ нар болон тухайн уурхайд ашиглаж байсан техник хэрэгслүүдийн эзэмшигч А.Ганхуяг /2-р хх-ийн 51-р хуудас/ яллагдагч С.Төмөрбаатарт зуучлан түрээсэлсэн Ж.Эрдэнэбат /1-р хх-ийн 42-43-р хуудас/ нараас мөн гэрчийн мэдуүлэг авсан. Дээрх техник хэрэгслүүдийг хэрхэн яаж ашиглаж байгаль экологид гэм хор учруулсан болохыг тоггоох нь зайлшгүй шаардлагатай хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан бол төгссөн гэмт хэрэгт тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.

Гэрч А.Чулууны: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 цагаас эхлээд шороогоо угааж алт олборлож эхэлсэн. ...Манай уурхай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хүнгүйч зүр хүзүү гэх газарт ашигт малтмал ашиглах МҮ020907 дугаартай тусгай зөвшөөрөлтэй. ...Их олон хүн аваад уурхай ажиллуулах гээд гараад ирчихсэн болохоор өөр зөвшөөрөл аваагүй газарт очоод ухсан юм." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р хуудас/,

Яллагдагч С.Төмөрбаатарын "...2018 оны 05 дугаар сараас уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой болсон боловч тусгай зөвшөөрөл дагалдах бичиг баримтуудын бүрдэл дутуугаас ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй. Энэ хугацаанд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр координатын бус газар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээгээр тухайн газраас дээж авч ажиллаж байхад Цагдаагийн алба хаагчид үйл ажиллагааг зогсоосон. ...Авснаас хойш бидний зүгээс хил хязгаар, координат, солбицолын цэгээ мэргэжлийн байгууллагад хандаж нарийвчлан тогтоолгоогүй, мөн тухайн газруудад хандаж хил хязгаар шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн байдлыг нягтлан шалгуулаагүйгээс ийм асуудалд ороод байна. ...зөвшөөрөлгүй цэг, газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэж байгаа тул тухайн газарт техникийн нөхөн сэргээлтийг бүрэн дүүрэн хийж байгаль орчинг хэвийн байдалд оруулсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-217-р хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар "Капитал авто сервис" ХХК нь ашигт малтмал ашиглах МҮ020907 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Хүнгүйч зүр хүзүү" гэх газарт байрлах уурхайн талбайгаас өөр зөвшөөрөлгүй цэг, газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон Мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай “Хэргийг сэргээх тухай” прокурорын тогтоолыг яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулж дахин мэдүүлэг авахаар мөрдөгч дуудсан бөгөөд мөрдөгчийн дуудсанаар ирсэн боловч мэдүүлэг өгөхөөс татгалзсан талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан ба үүнийг прокурорын тогтоолыг танилцуулаагүй, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашгийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн яллагдагч С.Төмөрбаатар нь прокурорын яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй бөгөөд тхайн үед Монгол Улсын хилээр гарч явсан талаар өмгөөлөгч Г.Цолмонгэрэл хяналтын прокурорт бичиж өгсөн хүсэлт нь хавтаст хэрэгт хавсаргагдсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 305 дугаартай яллах дүгнэлтийг С.Төмөрбаатар 2020 оны 02 дугаар сард гардаж авсан.

Энэ хугацаанд яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь хуульд заасны дагуу гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд гомдол, хүсэлт гаргаагүй нь тэдгээрийн гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарласан тохиолдол биш юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/137 дугаартай шүүгчийн захирамжийг болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцсэн, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, хэргийг хэрхэн яаж үйлдсэн нь тодорхойгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан. Прокурорын тогтоол нь хууль бусаар хэргийг сэргээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлийн дагуу хэргийг сэргээж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан 4 үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд хуулийн дагуу хэн ч гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байсан. Хэрвээ хэргийг сэргээж байгаа бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газраас С.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу С.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 1802002970163 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 378 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамжаар ...хууль бусаар олборлолт хийсэн гэх газарт яг ямар техник хэргэслийг ашигласан болох нь тогтоогдоогүй байна... гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн  хувьд ногдох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтооход мөрдөн байцаалтын шатанд дээрхи ажиллагааг хийх нь чухал ач холбогдолтой болохыг анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд С.Төмөрбаатарт холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг сэргээх тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг /2-р хх-ийн 156-р ху/ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй, уг тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид албан ёсоор танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5, 7.7 дугаар зүйлүүдэд заасан яллагдагчийн хуулиар олгогдсон  эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/137 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ