Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Г.Олдох, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

            Хохирогч Г.Батбаатар, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, тэдгээрийн хэлмэрч И.Болормаа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ганжуурын Олдоход холбогдох 201725030117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамж, 184 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Ганжуурын Олдох, (РД:ЧП64082978),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр)  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 504 тоот өөрийн гэртээ хоол хийхээр мах хөшиглөж байхад нь хохирогч Г.Батбаатар нь түүнийг “мөнгө олж ирсэнгүй, дэлгүүрээс зээлээр худалдан авсан буузны мөнгийг төлсөнгүй, архи уулаа” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Г.Батбаатар нь яллагдагч Г.Олдохын цамцных нь захнаас заамдаж хоолойг нь боож унагахад түүнийг хутгатай гараараа түлхэн хайхрамжгүй хандсаны улмаас Г.Батбаатарын цээжний зүүн тал руу хутгалан бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад Г.Олдохоос сэжигтнээр мэдүүлэхдээ:-Тэр өдөр найз Жанцандоржтой тааралдаж тэдний гэрт бид хоёр 0.5 литрийн Арвай гэх нэртэй архийг хувааж уучихаад тэднийхээс гарч замаараа дэлгүүр орж нэг хайрцаг тамхи, 500 грамм сонгино худалдаж аваад гэртээ харьсан. Гэртээ ирэхэд Г.Батбаатар утсаар тоглоом тоглоод сууж байхаар нь хоолоо хийхгүй юу хийж байгаа юм гэхэд сонгино ногоо байхгүй юу хийх юм гээд уурлаад байсан. Тэгээд би гэрт байсан махыг аваад хойд талд байдаг ширээн дээр тавиад махаа хөшиглөж байтал Г.Батбаатар миний унинд хавчуулсан түрүүвчийг үзчихээд мөнгө байхгүй юм уу, мөнгөө яасан гээд уурлаад байхаар нь өнөөдөр зах ажиллахгүй гэнэ, маргааш мөнгө өгье гэхэд би дэлгүүрт өртэй, бууз авчихсан гэхээр нь мах ав гэж өгсөн мөнгөө яасан гэхэд Г.Батбаатар нь найзынхаа хүүхдийн ёолкны модон дээр тавьсан гээд уурлаад над руу салаавч гаргаад байсан. Г.Батбаатар нь ширээ тойрч ирээд намайг заамдаад сандлын аравч руу дарж унагаан хоолой боохоор нь тавиулах гэж түлхэж оролдохдоо хутгатай гараараа түлхчихсэн байсан. Г.Батбаатарын биед учруулсан гэмтлийг би учруулсан. Би дүүгээ санаатайгаар хутгалъя гэж бодоогүй. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байсан гэжээ.

            Хохирогч Г.Батбаатараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Мөрдөн байцаалтад Г.Батбаатар хохирогчоор мэдүүлэхдээ:-2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад ах Г.Олдох согтуу орж ирэхээр нь би ахыг архи уулаа, дэлгүүрээс бууз зээлээр авчихсан, дэлгүүрт 5000 төгрөгийн өртэй гээд унинд хавчуулсан түрийвчийг нь аваад үзэхэд мөнгөгүй байхаар нь хэрүүл маргаан хийсэн. Тэр үед би хоол хийх гээд ширээн дээр хутга, мах, гамбанз гаргаад тавьчихсан байсан. Тэгтэл Г.Олдох ах хоол хийхээр ширээний ард хоолны мах хөшиглөөд сууж байсан. Би ахыг мөнгөгүй байхад архи уулаа дэлгүүрийн өрийг өг гэхэд над руу салаавч гаргахаар нь миний уур хүрч ахын хувцасны энгэрээс нь базаж аваад заамдаж унагаан дарсан, тэр үед ах намайг түлхээд гар руу цохиод байхаар нь хартал миний цээжнээс цус гарч байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, ах надаас уучлалт гуйсан тул ахыгаа уучилсан. Ахдаа ял шийтгэл хүлээлгэмээргүй байна. Би өөрөө ажил хийдэггүй, ах ажил хийдэг. Би группынхээ мөнгийг аваад ахын олсон мөнгөтэй нийлүүлээд амьдралаа авч явдаг гэжээ.

            Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.04-ний ¹1143 тоот дүгнэлтэд:

            1.Г.Батбаатарын биед цээжний зүүн суганы өмнөд шугамаархи, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, эгэмний шугамаархи зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Батбаатарын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөднийн хий шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн талын зүсэгдсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.

            5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.01.10-ны ¹417 тоот дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн шаргал цамцанд 20 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай байна. Мөн 35 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай гарсан байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай саарал цамцанд 4 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай гарсан байна. Мөн 30 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай гарсан байна.

            3.Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт шаргал утасны сэмэрдэс байна.

            4.Дээрх хувцаснуудад гарсан зүссэн уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байна гэжээ.                      

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Г.Олдох нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 504 тоот өөрийн гэртээ төрсөн дүү Г.Батбаатарын “мөнгө олж ирсэнгүй, дэлгүүрээс зээлээр худалдан авсан буузны мөнгийг төлсөнгүй, архи уулаа” гэх шалтгаанаар түүнтэй  маргалдан, улмаар дүү Г.Батбаатар нь ах Г.Олдохыг цамцных нь захнаас заамдаж хоолойг нь боож унагахад түүнийг хутгатай гараараа түлхэн хайхрамжгүй хандсаны улмаас Г.Батбаатарын цээжний зүүн тал руу хутгалан бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь шүүгдэгч Г.Олдохын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батбаатарын “…Г.Олдох ах хоол хийхээр ширээний ард хоолны мах хөшиглөөд сууж байсан. Би ахыг мөнгөнгүй байхад архи уулаа дэлгүүрийн өрийг өг гэхэд над руу салаавч гаргахаар нь миний уур хүрч ахын хувцасны энгэрээс нь базаж аваад заамдаж унагаан дарсан, тэр үед ах намайг түлхээд гар руу цохиод байхаар нь хартал миний цээжнээс цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 217.01.04-ний ¹1143 тоот дүгнэлт, хохирогчийн хувцаст үзлэг хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.01.10-ны ¹417 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Сартуул овогт Ганжуурын Олдохыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Олдох урьд нь 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул түүнийг 2016 онд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Г.Батбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Г.Олдохын хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Сартуул овогт Ганжуурын Олдохыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Г.Олдохыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор эрээн иштэй хутга нэг ширхэг, шаргал өнгийн цамц нэг ширхэг, богино ханцуйтай фудволк нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Олдоход оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Олдоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ