Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 119/ШШ2022/0060

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Ч.М-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063369 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.Д-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хяналтын прокурор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад                                                       

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ч.М нь зөрчлийн 20220079 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Ч.Д нь “иргэнд төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ч.Д-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

Эрх бүхий албан тушаалтан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг М дарханы газар нь иргэнд төлбөрийн баримт олгоогүй зөрчилд шийтгэл оногдуулахдаа холбогдогчийн зөрчил үйлдсэнийг нотлож тогтоогоогүй, иргэн Ч.Д-ийн өмнөх сарын орлого хэд болохыг нотлох баримт байхгүй байхад ямар нотлох баримтыг үндэслэж 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд”, 8.1-т: “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”, 8.2-т: “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,

8.З-т: “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Мөн эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063369 дугаартай шийтгэлийн хуудсыг дарж засварласан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ч.М-д холбогдуулан гаргасан “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063369 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.Д-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичивгэжээ. 

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар Эвлэрлийн гэрээндээ: “2022 оны 8-р сарын 29-ний өдрийн 46 дугаар прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нар дараах үндэслэлээр эвлэрч энэхүү гэрээг байгуулав.

Шаардлагад Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 8.1, 8.2-р заалтад зааснаар шийтгэл оногдуулахад нотлох баримт хавсаргаагүй тул 11.19.8.3 дахь заалтаар шийдвэрлүүлэхээр зөрчлийн буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нь зөрчил үйлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Мөн зөрчил үйлдэгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулиа төлсөн байх тул  шийтгэлийн хуудсыг хүчингүй болголгүй эвлэрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн ТХ-ийн ТУБ Ч.М-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063369 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.Д-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар  нь “..... зөрчил үйлдэгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэл биелэгдсэн зэргийг харгалзан эвлэрч” эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.  

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Ц.Х-д итгэмжлэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно заасан.

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар харилцан буулт хийж, эвлэрэн хэлэлцсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарын “зөрчил үйлдэгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэл биелэгдсэн зэргийг харгалзаж харилцан тохиролцсон тухай” эвлэрлийг баталж, 119/2022/00058/з дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ