| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2019/03134/И |
| Дугаар | 181/ШШ2019/02630 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2019/02630
2019 12 16 181/ШШ2019/02630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: байрлах Нм ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ҮГ ХХК -д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ҮГ ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж ирсэн ба 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээг дахин шинээр байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2015 оноос хойш 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл манайхаас ҮГ ХХК-д 33 113 100 төгрөгийн бараа буюу цагаан будаа нийлүүлж тооцоог хоёр тал харилцан нягтлан бодож 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ҮГ ХХК-иас манай компанид 18 103 120 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тооцоо нийлсэн баримт-аар баталгаажуулсан. Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ҮГ ХХК-ийн Гүүд прайс" дэлгүүрийн Их монгол салбарт 168 000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зайсан салбарт 525 000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Зайсан салбарт 430 200 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хүүхдийн 100 салбарт 430 200 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зайсан салбарт 524 400 төгрөгийн нийт 2 077 800 төгрөгийи барааг нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус компани 12 932 180 төлбөрийг манай компанид шилжүүлж, 20 180 920 төгрөгийн төлбөр төлөөгүйгээс 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байх тул ҮГ ХХК-иас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү
Манай компани нь 20 000 000 төгрөгөөс нийлүүлсэн барааны буцаалт, бэлнээр төлсөн мөнгийг хасахад ҮГ ХХК нь бүтээгдэхүүний үнэ 16 611 920 төлөөгүй байгаа тул манай компани алдангид 3 388 880 төгрөг нэхэмжилж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.9-д алдангийн талаар талууд тохиролцсон бөгөөд үүнд аль нэг тал нь мөнгөн төлбөр төлөх үүргээ зохих хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас нөгөө талд алданги төлөх үүрэг үүссэн бол алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Энэхүү зохицуулалт энэ гэрээнд төдийгүй талуудын тохиролцсон өмнөх гэрээнд хамаарна гэж үзэж байгаа учраас алданги 3 388 880 төгрөг гэж үзээд 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ҮГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөвшөөрч байгаа. Манай компани нь Нм ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж 18 103 120 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг баталгаажуулснаас хойш нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг Нм ХХК-д төлсөн байдаг. Дээрх төлбөрийг дараах байдлаар шилжүүлсэн байдаг. Үүнд: Нм ХХК-ийн Хаан банк дахь 5010024354 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг, Нм ХХК-ийн Хаан банк дахь 5010024354 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн түүнчлэн тус компанид 2019.07.29-ны өдөр 1,474,400 төгрөгийн, 2019.07.29-ны өдөр 1,304,500 төгрөгийн, 2019.07.29-ны өдөр 805,700 төгрөгийн барааг буцаан олгосон байдаг.
Одоогийн байдлаар 13,596,320 төгрөгийг Нм ХХК-д төлөх тооцоо байгаа болно. Гэтэл тус компани нь ҮГ ХХК-иас илүү мөнгө нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр нь 16 611 920 төгрөг байгаа юм байна гэдгийг сая ойлголоо. Нэхэмжлэл дээр алдангийн талаар огт бичээгүй байгаа. Би сая компанийн нягтлан бодогч руу залгаад тодруулахад барааны үлдэгдэл төлбөр 16 611 920 төгрөг байгаа гэсэн тул нэхэмжлэлийн барааны үнэ 16 611 920 төгрөгийн шаардлагад маргах зүйл байхгүй.
Харин Нм ХХК-тай байгуулсан хоёр гэрээгээр нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байгаа тул манай компани алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.9 дэх заалт нь алданги шаардах эрхийг олгоогүй бөгөөд харин алданги төлөх үүргийн дээд хэмжээг тогтоосон заалт юм гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НМ ХХК нь хариуцагч ҮГ ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
НМ ХХК нь ҮГ ХХК-тай 2015 оны 07 сарын 08-ны өдөр 07/08 дугаартай, 2019 оны 06 сарын 30-ны өдөр 10229 дугаартай Худалдааны хамтран ажиллах гэрээ-г тус тус байгуулж, НМ ХХК нь цагаан будаа болон хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ҮГ ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүрээр худалдан борлуулж үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хх-6-14х/
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Нм ХХК нь нэхэмжлэлдээ бараа, бүтээгдэхүүний үнийн төлөгдөөгүй төлбөрт 20 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь бараа, бүтээгдэхүүний үнээс төлөгдөөгүй төлбөрийг 16 611 920 төгрөг гэж тайлбарлаж байгааг хариуцагч ҮГ ХХК нь хүлээн зөвшөөрч талууд төлөгдөөгүй төлбөр 16 611 920 төгрөг байгаа талаар маргаагүй.
Иймд хариуцагч ҮГ ХХК-иас 16 611 920 төгрөгийг гаргуулж Нм ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Нм ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул алдангийн талаар дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх хүртэл нэхэмжлэгч талаас алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гараагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг /мэтгэлцэх/-т алданги 3 388 880 төгрөг гэж тайлбар гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, нэмэгдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Нм ХХК-ийн нэхэмжлэлээс 3 388 880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ҮГ ХХК-иас 16 611 620 /арван зургаан сая зургаан зуун арван нэгэн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж НМ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 388 380 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч НМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ҮГ ХХК-иас 241 008 /хоёр зуун дөчин нэгэн мянга найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нм ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА