| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/162 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/162
2024 10 14 2024/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Бдаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Б,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц /томилолтоор/,
Шүүгдэгч: Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я овогт Б.Д холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн ***** дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т ‘’албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эхийг хязгаарлах’’, 7.1.5-д ‘’албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах’’, 7.1.6-д ‘’албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх’’, 7.1.7-д ‘’албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх’’ гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т ‘’албаны эрх мэдлээ хэтрүүлэх’’, 39.1.4-т ‘’албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх’’ гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан ‘’Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам’’-ын 3 дахь хэсгийн 3.2-т ‘’Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ’’ гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 дугаартай ‘’Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам’’-ын 3 дахь хэсгийн 3.8-д ‘’Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, дац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна’’, 3.12 дахь хэсгийн 3.12.5-д ‘’Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хууданд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна’’ гэж заасныг,
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тээврийн хэрэгслийн шалгагчийн ‘’Албан тушаалын тодорхойлолт’’-ын Албан тушаалын зорилтод ‘’Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, хилийн зөрчлийг илрүүлэх’’ гэж заасныг тус тус зөрчиж ‘’хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх’’ ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулж өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Ханбогд сумын Гашуунсухайт дахь боомтод байрлах Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажлын байдандаа байхдаа иргэн О.Дарь-Очроос өөрийн ‘’Хаан’’ банкинд эзэмшдэг 5607029254 тоот дансаар дамжуулан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг, мөн иргэн Г.Баттулгаас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг, иргэн С.Батчулуунаас 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг, иргэн Р.Лхамаагаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийг, иргэн Б.Мөнх-Эрдэнээс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 75,000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 150,000 төгрөгийг, иргэн Ч.Цэгмэдээс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг нийт 725,000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Дашням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар С.Батгэрэлийн эрүүгийн 2302001580197 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Дарь-Очирын “...2017-2019 онд “Мэнд Транс” ХХК-д жолоочоор ажилладаг байсан бөгөөд Тавантолгой уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэрлэдэг байсан, “Бейбен Транс” ХХК нь Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлоход нүүрс тээвэрлэдэг би жолоочоор ажиллаж байна. Би 2015-2023 онд хилийн цэргийн 0131 дүгээр ангид шалгагчаар ажиллаж байсан Батмөнхийн Дашням гэх хүнийг танихгүй, харилцаа холбоо байхгүй, өр авлагын асуудал байхгүй. Би Хаан банкны 5114142588 дугаарын дансыг өдөр тутамдаа ашигладаг. Одоогоос 4 жилийн өмнөх асуудал байна, би нарийн санахгүй байна. Ер нь бол Хилийн боомт дээр хилийн цэргийнхэн шалгалт хийх явцад тээврийн хэрэгсэл, жолооч нарын мэдээлэл зөрүүтэй байх зэрэг зөрчил гардаг, миний хувьд уг нь гайгүй л байх ёстой, таньж мэдэх хүмүүс гуйж л байгаа харагддаг ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Лхамаагийн “...тухайн үед нүүрс тээврийн машины хувьд арлын номер зөрөх, чиргүүлийн өргөн зөрөх зэрэг асуудал байдаг байсан, энэ утгаараа энэ мөнгийг хийсэн. Би санахгүй байна, унаж буй тээврийн хэрэгсэл байнга солигддог байсан учир мэдэхгүй байна, тээврийн хэрэгсэл эвдрээд өөр машин унах үе олон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Батчулууны “...Монгол Улсын хил дээр очоод хилийн цэрэгт нь энэ машин бичиг баримтгүй байгаа юм аа энийг манай хөтөч 100,000 төгрөг гээд өгөөд ороод ирээрэй гэж хэлсэн юм аа гэж хэлсэн чинь тэр хилийн цэргийн дардас дардаг хүн нь зөвшөөрөөд надаас 100,000 төгрөг авсан. Тэгээд би тэр бичиг баримтгүй машинаа унаад Хятад улсын хил гараад хоолой гэдэг нэртэй газарт тэр машинаа үлдээгээд буцаад явганаар хил гарч ирсэн. Тухайн үед би тэр хилийн цэргийн залууд өөрийн дансаараа шилжүүлж өгч байсан. Миний унаж гаргасан бичиг баримтгүй машин нь аль компанийн машин гэдгээ би мэдэхгүй байна. ...би Дашням гэдэг хүн бол танихгүй. Тэгэхдээ би 2019 онд нүүрс тээвэрт явдаг байхдаа нэг удаа бичиг баримтгүй машин унаад улсын хилээр гарахдаа хилийн цэргийн залууд 100,000 төгрөг өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баттулгын “...тэр үед Хятад улс руу урагшаа орох гээд хилийн цэрэг дээр шалгуулж байхад лацны тороос тасарчихсан байсан тэгээд тэр үед торгуулийн мөнгө гэж хэлэхээр 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед шалгагч эрэгтэй хүн байсан би тэр хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Цэгмэдийн “...намайг тэр үед хилээр нүүрс тээвэр хийгээд Гашуун Сухайт боомтод байх үед цалин ороогүй байн аа надад 100,000 төгрөг зээлчих гэсэн тэгэхээр нь би өгсөн байгаа энэ мөнгийг буцааж аваагүй ээ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 06/8904 тоот албан бичгээр ирүүлсэн ”...О.Дарь-Очир, Г.Баттулга, С.Батчулуун, Р.Лхамаа, Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Цэгмэд ...” нарын Өмнөговь аймгийн Гашуун Сухайт боомтоор нэвтэрсэн талаарх лавлагаа /1-р хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Б.Дашнямыг ажилд томилсон чөлөөлсөн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, ажил эрхлэлттэй холбоотой бусад баримтууд /1-р хавтаст хэргийн 116-131, 194-200 дахь тал/,
Яллагдагч Б.Дашнямын Хаан банканд эзэмшдэг 5607029254 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 27 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Дашнямын “...хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....” /1-р хавтаст хэргийн 181-182 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Дашням нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Дашням нь тухайн үед Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн байна.
Хахууль гэдэг нь хахууль өгөх ба хахууль авах гэмт хэргийн зүйл бөгөөд мөнгө, үнэт цаас, бусад эд хөрөнгө буюу эд хөрөнгийн шинжтэй ашгийн байдалтай материаллаг урамшууллын бүхий л төрлийг багтаасан ерөнхий ойлголт юм.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.Дашням өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Б.Дашнямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Дашнямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Дашням нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 134 дэх тал/
Иймд, шүүгдэгч Б.Дашнямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Дашнямын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дашнямын Авлигатай тэмцэх газрын төрийн банкин дахь барьцаа хохирлын 100900033401 тоот дансанд байршуулсан гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 725,000 /долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Я овогт Б.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, хураан авсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д Авлигатай тэмцэх газрын төрийн банкин дахь барьцаа хохирлын ******** тоот дансанд байршуулсан гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 725,000 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ