| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 186/2024/0526/Э/220/2024/0805 |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
2024 12 10 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,
Улсын яллагч: Г.Ц /томилолтоор/,
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Г холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар
хотод Баянгол дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны баримт бичгийн шалгагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 19 дүгээр байрны 11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С.Г /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу Хил хамгаалах
ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид баримт бичиг шалгагчаар
ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн
7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас
шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа
урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж
авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд
сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гашуунсухайт
боомт дахь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хийлийн цэргийн 0131 дүгээр
ангийн шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх талбайд
хахууль өгөгч Д.Эрдэнэбулганы тээврийн хэрэгсэлд “баримт бичиг шалгагч” албан
тушаалын тодорхойлолтод заасан “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр
шалган нэвтрүүлэх” гэсэн албаны чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа
явуулж тээврийн хэрэгслийн талбайд нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний
хариуд Д.Эрдэнэбулганаас 2018 оны 8 дугаар сарын 03-ны шилжүүлсэн 100,000
төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 5087030823 дугаарын дансаар
дамжуулан өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар
хорооны нутаг дэвсгэрт бэлэн мөнгөний машинаас авч, 100,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гүррагчаа мэдүүлэхдээ: ‘’Байхгүй.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Цогтмагнай гаргасан дүгнэлт тайлбартаа: ‘’Өмнөговь аймаг Ханбогд сумын сум дундын прокурорын хяналтын прокурор, Г.Цогтмагнай би, томилолтоор Гүррагчаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Гүррагчаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Гүррагчаа нь нийтийн албан тушаалтнаар буюу хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн 0131 дүгээр ангид баримт бичиг шалгагчаар ажиллаж байх хугацаандаа авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 1.5-д заасан албаны үүргээ гүйцэтгэх эсвэл гүйцэтгэхгүй байгаатай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 7.1.6 албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлэх 7.1.7 албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх гэж заасныг тус тус зөрчиж Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гашуун сухайт боомт дахь хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх талбайд хахууль өгөгч Д.Эрдэнэбулганы тээврийн хэрэгсэлд баримт бичиг шалгагч албан тушаалын тодорхойлолтод заасан зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх гэсэн албаны чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж тээврийн хэрэгслийн талбайд нэвтрүүлж албаны чиг үүрэг хэрэгжүүлсний хариуд Эрдэнэбулганаас 2018 оны 08 сарын 03-ны өдөр шилжүүлсэн 100.000 төгрөгийг өөрийн хаан банканд эзэмшдэг 5087030823 дугаарын дансаар дамжуулан өөрийн оршин суух Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бэлэн мөнгөний машинаас буюу АТМ-аас гаргуулан авч 100.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн нь авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комисс Батсайханы 2024 оны 06 сарын 06-ны өдрийн эрүүгийн 2302001580197 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас, гэрч Эрдэнэбулганы 2023 оны 04 сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг авсан 1 дүгээр хавтаст хэргийн 54,55 дугаар хуудас, яллагдагч Гүррагчаагийн 2023 оны 06 сарын 06-ны өдөр өгсөн Хаан банкны 5087030823 тоот дансыг миний бие эзэмшдэг, миний нэр дээр байдаг данс тул гүйлгээ хийх эрх надад байдаг би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг авагдсан 1 дүгээр хавтасны 41-42 дугаар хуудас, яллагдагч Гүррагчаагаас төрийн сангийн 100900033401 тоот дансанд 100.000 төгрөг тушаасан тухай мөнгөн шилжүүлгийн баримт хавтаст хэргийн 1 дүгээр хуудасны 44 дугаар хуудас, яллагдагч Гүррагчаагийн эзэмшлийн хаан банкны 5087030823 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга 1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас, яллагдагч Гүррагчаагийн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт ажил эрхлэлттэй холбоотой хувийн байдалтай холбоотой бусад баримтууд 1 дүгээр хуудасны 106-127 дугаар хуудас, яллагдагч Гүррагчаагийн 2024 оны 10 сарын 28-ны өдөр өгсөн Өмнөговь аймгийн хилийн 0131 дүгээр ангид баримт бичгийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа Ханбогд сумын хайрхан баг гашуун сухайт хилийн боомтод Эрдэнэбулганаас 100.000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 118 дугаар хуудас зэрэг нотлох баримтууд тус тус болно. Иймд шүүгдэгч Гүррагчаагийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинэчлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Гүррагчааг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн тухайд бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 100.000 төгрөгийг 2023 оны 06 сарын 07-ны өдөр авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын төрийн банк дахь 100900033401 тоот дансанд байршуулсан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай, шүүгдэгч С.Гүррагчаагийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Гүррагчаа нь хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ 100.000 төгрөг, 100.000 төгрөгийг тухайд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэм хэмжээд гэм бурууд тохирсон байх ёстой. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйл 2 дахь хэсгийг журамлан хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээд 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ял оногдуулах саналтай байна. Авсан 100.000 төгрөгтэй нь холбоотойгоор хэр хэмжээнд нь тааруулаад хамгийн ял оногдуулах санал гаргасан. Үүнийгээ дэмжиж байна.’’ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батсайханы 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн
“...Эрүүгийн 2302001580197 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай
тэмдэглэл...” 1-р хавтаст хэргийн 6 дахь тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эрдэнэбулганы 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн
“...Миний зүгээс 2018 оны 2 дугаар сард хувийн эзэмшлийн суудлын
тэрэгтэйгээр согтуугаар жолоо барьж яваад Орхон аймгийн Цагдаагийн газрын
замын цагдаагийн албан хаагчид 1 жилээр жолоодох эрхийг хасуулж байсан юм.
Ингээд 2018 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц мод”
нэртэй нүүрс ачиж буулгах талбай руу нүүрс тээвэрт явж байгаад Монгол Улсын
хил буюу Гашуун сухайт авто замын боомтын хилийн цэргийн алба хаагч шалгаад
тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаар зөрчил илэрсэн. С.Гүррагчаа
гэж бол танихгүй, тухайн үед гарч байсан алба хаагчид учир байдлаа тайлбарлаж,
гуйж байгаад хилийн цэргийн алба хаагчид 100,000 төгрөгийг шилжүүлж байсан
тул тэр гүйлгээ гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 54-55 дахь тал,
Яллагдагч С.Гүррагчаагийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн
“...Хаан банкны 5087030823 тоот дансыг миний бие эзэмшдэг . Миний нэр
дээр байдаг данс тул гүйлгээ хийх эрх надад байдаг. Би өөрийн гэм буруугаа
бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал,
Яллагдагч С.Гүррагчаагаас Төрийн сангийн 100900033401 тоот дансанд
100,000 төгрөгийг тушаасан тухай мөнгөн шилжүүлгийн баримт 1-р хавтаст хэргийн 44 дэх тал,
Яллагдагч С.Гүррагчаагийн эзэмшлийн “Хаан” банкны 5087030823
дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга
1-р хавтаст хэргийн 86-88 дахь тал,
Яллагдагч С.Гүррагчааг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, ажил эрхлэлтэй болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд 1-р хавтаст хэргийн 106-127 дахь тал,
Яллагдагч С.Гүррагчаагийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн
“...Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангид баримт бичгийн шалгагчаар
ажиллаж байх хугацаандаа Ханбогд сумын Хайрхан баг Гашуунсухайт хилийн
боомт дээр Д.Эрдэнэбулганаас 100,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 118 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1.2-т ‘төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч С.Гүррагчааг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Гүррагчаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
“Хахууль авах” гэмт хэргийн шинжид хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын нэгдмэл сонирхолд үүссэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх нөхцөл байдал хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн мэдээлэлд нийтлэгдэж, 10 хоногийн хугацаа өнгөрсөн буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд, шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын төрийн банкин дахь ********* тоот дансанд байршуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 44 дэх тал/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Гү Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын Төрийн банкин дахь ******* тоот дансанд байршуулсан гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Г “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйл 2 дахь хэсгийг журамлан хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Г “Байхгүй.” гэх аналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч С.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 197 дахь тал/
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, хураан авсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт С.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, хураан авсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Г Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын Төрийн банкин дахь ******** тоот дансанд байршуулсан гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ