| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2020/00802/и |
| Дугаар | 151/ШШ2020/01134 |
| Огноо | 2020-08-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2020/01134
| 2020 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2020/01134 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Л.Нарангэрэл, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух ......... овогт П.А -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоотод оршин суух Ч.Б-д холбогдох
Гэм хорын хохирол 1,484,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга, хариуцагч Ч.Б., хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А. миний бие 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 50 минутад Сүхбаатар дүүрэг, Монгол улсын их сургуулийн зүүн урд талын 4 замын уулзвар дээр явган хүний гарцаар гарж байтал Тоёота маркын 2675 УНБ машиныг жолоодож явсан Ч.Б. гэнэт хөдлөн мөргөж унагаасан. Энэ гэмтлийн улмаас замын цагдаа дуудаж хэмжилт хийлгэсэн. Цагдаа нар бид хоёрыг эвлэрвэл жолоочийн машиныг хураахгүй, эвлэрэхгүй бол хэрэг үүсээд цаашаа маш их цаг хугацаа авна гэхэд эвлэрнэ гэсэн. Цагдаа нар таниас юу хүсэж байна гэхэд би толгой их өвдөж байна, араар хатгуулж өвдөж байна. Тэгээд энийг томографикаар авgхуулдаг юм байна. Энэ 150,000 төгрөг болдог гэж хэлэхэд Ч.Б. гэмтлийн эмнэлэг үнэтэй байна. Шүүх эмнэлэг арай хямд байдаг. 140,000 төгрөг болдог гэсэн гэж хэлсэн. тэгээд замын цагдаа нарт эвлэрлээ гэсэн. Тэгээд тэндээсээ яваад Замын цагдаагийн газар очсон. Тэр үед шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь залгасан. Тэгээд утсаар ярьсан чинь би таньд мөнгө төлөхгүй, та харин миний машины тоосыг арчиж өгсөнд баярлалаа, хохь чинь гэж хэлсэн. Би энэ үгэнэд гомдоод байгаа юм. Энэ хугацаанд би шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэр үед ухаан алдаж унасан. Тэр үед тархины доргилт гэж гарсан. Тэгээд 2 сайн эмнэлэг байсан. Би аль болох хямд эмнэлэгт нь хэвтсэн. Намайг 12 хоног хэвт гэсэн ч тэр үед боломж муу байсан болохоор 7 хоноод эмнэлгээс гарсан. Толгойн гэмтэл чинь маш аюултай шүү та үнэтэй тариа хийлгэх хэрэгтэй гэж хэлээд
тэр тариаг нь хийлгэсэн, тарианы үнэ 135,000 төгрөг гэж байсан. Тэгээд дараа нь 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо бол өглөө бүр толгой өвдөж байна. Иймд энэ хугацаанд эмчилгээ, зардалд зарцуулсан баримтаар батлагдсан 1,484,540 төгрөгийг хариуцагч Ч.Б.оос гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан үндэслэлээр хариуцагч Ч.Б.оос 1,484,540 төгрөгийг нэхэмжилж байна. Нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 А, Г, 9.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй байгаа. Хариуцагч нь худал мэдүүлэг өгч байна. Эрүүгийн хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Харин Иргэний хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Ингээд хариуцагч нь буруугаа хүлээхгүй байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед би найзуудтайгаа явж байсан. Би төв замын машиныг явахыг хараад уулзвар руу орох гээд зогсож байгаад хөдөлтөл П.А. урд зогсож байсан. Өөрөө машины хамар цохиод зогсож байхаар нь та яаж байна гэсэн чинь ах нь эмнэлгээс гараад явж байна гэж хэлсэн. Та машинд суучих гэр рүү нь хүргэж өгсөн чинь ахын дүү ингээд зүгээр явах гэж байгаа юм уу гэхээр нь танд өгье гэсэн ч мөнгө алга гэж хэлсэн. Тэгсэн манай 2 найз яагаа ч үгүй байж наадах чинь юу нэхээд байгаа юм гэсэн. Тэгээд манай хоёр найз ажилтай байсан болохоороо яваад өгсөн. Тэгээд П.А. чи ахдаа хэдэн төгрөг өгчихгүй юу даа толгой тархиа үзүүлье гэсэн. Тэгэхээр нь би таныг мөргөөгүй, хоёулаа хэрэг болсон газраа очъё гэсэн. Тэгээд бид хоёр цагдаа дуудаад хэмжилт хийлгэсэн. Би энэ ахыг хүргэж өгөөд ажил дээрээ очсон. Тэгсэн ээж гэнэт залгаад чи хүн мөргөсөн юм уу, цагдаагаас залгаад байна гэсэн. Тухайн машин миний ээжийн машин байсан. Тэгээд Тээврийн цагдаагийн газар очсон, тэр үед миний жолооны үнэмлэх болон тээврийн гэрчилгээг гаргаж өгсөн, ойр орчим камер байна гэж хэлсэн. Би наад хүнийг чинь мөргөөгүй гэсэн. Тэгсэн цагдаа нар аав шиг хүнтэйгээ яаж харьцаад байгаа юм гэсэн. Тэгээд чи 5 оноо хасуулаад, нэмээд торгууль төлнө гэсэн. Тэгээд би юу хүсэж байгаа юм гэсэн чинь ах 250,000 төгрөг өгчих гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Тэгээд таныг би мөргөөгүй тиймээс хоёулаа хуулиар нь явъя гэсэн. Би мөргөөгүй байхад намайг мөргөсөн гээд байгаа юм. Би ажил дээрээ байхад над руу цагдаагаас залгасан. Цагдаа нар нь өвөө, аав шиг хүнийг мөргөсөн байна гэж хэлсэн. Хамт гэмтэл орьё гэсэн чинь Мөнгөн гүүр хувийн эмнэлэг оръё гэсэн чинь орохгүй гэсэн. Энэ асуудлаа эндээ шийдэхгүй бол шүүхээр явах болно гэж хэлж байсан. Надад мөнгө байхгүй байна гэсэн. Энэ хүнийг мөргөсөн гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулж, тухайн үед ослын газар дээр цагдаа дуудаагүй учраас 5 оноогоо хасуулсан. Прокурорын тогтоол надад ирээгүй байгаа, миний бие энэ нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Учир нь би тухайн иргэний үүсгээд буй осол буюу автомашинаар биед нь халдсан хэргийг үйлдээгүй болно. Тухайн иргэнийг огт мөргөөгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Б.ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар гэрээ байгуулж оролцож байгаа. Өмгөөлөгчийн зүгээс дүгнэж хэлэхэд, хэргийн газрын үзлэгийг хайнга хийсэн байгаа юм. Тухайлбал, нэг хүний үгээр, ачилт хийж байсан ачигч нарыг дуудаж үнэртүүлж үзээд гарын үсэг зуруулсан, оролцогчдод танилцуулалгүй хийсэн байгаа юм. Энэ үзлэгийг үндэслээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.17-д хүндэвтэр гэмтэл учраагүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хэрэгсэхгүй болгосон байгаа. Манай үйлчлүүлэгч хэргийн газрын үзлэгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгчийг мөргөөгүй, гэм буруугүй байхад энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А. нь хариуцагч Ч.Б.ид холбогдуулан гэм хорын хохирол 1,484,540 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгч, Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, зохигч талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1,484,540 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б.оос гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зам тээврийн осол гаргаагүй учраас төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохигч талууд, түүний өмгөөлөгч нар осол болсон үйл баримтын талаар маргаж мэтгэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлуулахаар гэрч Б.Лхам, Э.Энхзориг, Б.Барсбаатар, Б.Баярбаатар нарыг асуулгасан ба гэрчүүдийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. /хх-93-102/
Хариуцагч Ч.Б. нь өөрийн татгалзлын үндэслэл болох бусад нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнийг осол гаргасан гэж олсон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Хариуцагч Ч.Б. нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 50 минутын үед Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн их сургуулийн баруун урд талын замд Toyota Harrier маркийн 2675УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан..., ... уг ослын улмаас явган зорчигч П.А.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Тээврийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 10732 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн шүүхэд өгсөн мэдүүлэг, 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хуульд заасан журмаар бүрдүүлж цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /107-124/
Иймд хариуцагч жолооч Ч.Б.ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь Toyota Harrier маркийн 2675УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байсан, одоо бусдад худалдсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Баасанжавын Бямбасүрэн байх бөгөөд түүний зөвшөөрлөөр хариуцагч Ч.Б тус тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-111-112, 116-119, 123-124, 127-128/
Иймд нэхэмжлэгч П.А. нь Иргэний хуулийн 228 дугаар зүлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдаснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийн улмаас гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д заасан тул гэм хор учруулсны нөхөн төлбөрийг тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б. нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх эмнэлгийн үзлэгийн 8,000 төгрөг, тархины томографи зураг авахуулах 120,000 төгрөг, Манал оточ эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1,035,000 төгрөг, эм тариа худалдан авсан нийт 195,000 төгрөг, шүүхийн зардал /шуудан, нотариат, хувилах, унаа, тэмдэгтийн хураамж/-д 126,540 төгрөг, нийт 1,484,540 төгрөгийг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтаар шүүх эмнэлгийн үзлэгийн 8,000 төгрөг, тархины томографи зураг авахуулах 120,000 төгрөг, Манал оточ эмнэлэгт 1 удаа хэвтэн эмчлүүлсэн төлбөр 385,000 төгрөг, эм тариа худалдан авсан 135,000 төгрөг, шүүхийн зардалд 79,740 төгрөг, нийт 727,740 төгрөгийг хариуцагч Ч.Б.оос гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа Манал оточ эмнэлэгт 1 удаа хэвтэн эмчлүүлсэн төлбөр 650,000 төгрөг, эм тариа худалдан авсан 60,000 төгрөг, баримтгүй нэхэмжилсэн шүүхийн зардлын 10,000 төгрөг, шүүх шийдвэрлэвэл зохих тэмдэгтийн хураамжийн 36,800 төгрөг, нийт 756,800 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б.оос 22,016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ
Д.АЛТАНТУУЛ