Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2019/00036

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 25 өдөр Дугаар 181/ШШ2019/00036 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ДЭТ ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Энх-Өглөө ХХК/РД:/-д холбогдох,

 

29 089 050 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 27 043 445 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ДЭТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2940 ширхэг бетон шон худалдан авахаар Энх-Өглөө ХХК-ийн ерөнхий захирал Б.Баттогтохтой тохиролцон 2018 оны 8-р сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, мөн өдөр захиалсан барааны урьдчилгаа болох 40 сая төгрөгийг Энх-Өглөө ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу иргэн Б.Баттогтохын дансанд шилжүүлсэн.

2018 оны 9-р сарын 09-ний өдөр захиалсан барааны эхний хэсгийг ачуулахаар Улаанбаатар хотод очиход захиалсан бараа хийгдэж эхлээгүй байсан учир гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгийг буцаан авах хүсэлт тавихад тухайн захиалсан барааг хийхээр материалаа татан авсан, гэрээт хугацаанд нийлүүлэх болж 8-р сарын 26-нд байгуулсан гэрээг хүчингүй болгож, Бетон шон нийлүүлэх ажлын гэрээ-г 9-р сарын 9-нд Энх-Өглөө ХХК-ийн ажлын байранд дахин шинээр хийсэн.

Учир нь манай компани нь Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээгээр тухайн бетон шонгуудыг 9-р сарын 20-ны дотор Өмнөговь аймгийн Баянзагт суулгаж дуусгах үүрэгтэй ажиллаж байсан бөгөөд Энх-Өглөө ХХК нь уг хугацаанд 2940 шон нийлүүлж амжихааргүй болсон учир шилжүүлсэн 40 сая төгрөгт 1740 бетон шонг 9-р сарын 18-ны дотор нийлүүлэхээр гэрээ хийсэн.

Энх-Өглөө ХХК нь гэрээний хугацаа буюу 9-р сарын 18-нд захиалсан барааг нийлүүлээгүй бөгөөд 9-р сарын 25-нд 349 ширхэг, 9-р сарын 30-нд 401 ширхэг нийт 750 бетон шонг нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн гэж өөрийн компанийн тээврийн машинаар хүргэж хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 990 ширхэг бетон шон гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй учир хэрэглэгдэхгүй болсон. Манай компани нь Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өөр компаниас тухайн барааг худалдан авсан.

Энх-Өглөө ХХК-ийн ерөнхий захирал Б.Баттогтох, борлуулалтын менежер Д.Батжав нартай байнга утсаар холбогдож гэрээний хугацаа дууссан, бараа нийлүүлэгдэхгүй байгаа талаар мэдэгдэж байсан ба сүүлдээ утсаар холбогдоход утсаа авахгүй, ямар ч мэдээлэл өгөхгүй, гэрээний 4.3-т заасан /захиалгат барааны ажлыг зургаар баталгаажуулан Захиалагчид өгөх үүрэгтэй/ үүргийг биелүүлэхгүй байсан.

Уг бетон шонгуудыг Өмнөговь аймгийн Баянзагт суулгах ажлын гэрээний хугацаа дуусч, уг шонгууд нь гэрээндээ нийлүүлэгдээгүй учир шаардлагагүй болсноор гэрээ цуцлах тухай албан тоотыг 2018 оны 10-р сарын 09-нд Энх-Өглөө ХХК-нд интернэт хаягаар нь хүргүүлж, уг тоотонд гэрээ цуцлах, захиалсан барааны үлдэгдэл төлбөр 22 770 000 төгрөгийг 9-р сарын 12-нд багтаан шилжүүлэх талаар хүсэлтийг өгсөн. Албан тоот хүргэсэн талаар Энх-Өглөө ХХК-ийн ерөнхий захирал Б.Баттогтоход утсаар мэдэгдэх гэтэл утсаа авахгүй байсан учир мэссэжээр мэдэгдсэн.

10-р сарын 14-нд Б.Баттогтохтой, 15-нд захирал Т.Халиунтай утсаар холбогдож гэрээний хугацаа 30 хоногоор хэтэрсэн талаар мэдэгдэж үлдэгдэл төлбөр шилжүүлэх талаар мэдэгдсэн ч одоо болтол төлбөрийн буцаалт хийгдэхгүй байна.

Иймд захиалсан барааг Бетон шон нийлүүлэх ажлын гэрээ-ний хугацаанд нийлүүлээгүй учир Энх-Өглөө ХХК-иас захиалсан барааны үлдэгдэл төлбөр төгрөг /990ш х 23 000 төг/, алданги 1 821 000 /22 770 000х0,2%х40 хоног/, нийт 24 591 600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн ДЭТ ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Энх-Өглөө ХХК-тай Бетон шон нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 40,0 сая төгрөгийг 8-р сарын 28-ны өдөр Энх-Өглөө ХХК-ийн нэхэмжилснээр Энх-Өглөө ХХК-ийн ерөнхий захирал Б.Баттогтохын дансанд шилжүүлсэн ч захиалсан бараа гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй учир урьд гаргасан нэхэмжлэл дээр 4 497 450 төгрөгийг нэмэлтээр нэхэмжилж байна.

1. Гэрээний хугацаа хэтрүүлж, нийлүүлсэн болон нийлүүлээгүй материалын алданги нийт 3 031 630 төгрөг /96 324+202 906+2 732 400/

а. 349 ширхэг бетон шонг нийлүүлээгүй 6 өдрийн /2018.09.19-2018.09.24 /алданги - 96,324 төгрөг /349 ширхэг х23 000=8 027 000х0.2%=16 054х6/

б. 401 ширхэг шонг нийлүүлээгүй 11 өдрийн/2018.09.19-2018.09.29/ алданги 202 906 төгрөг /40ширхэг х 23 000=9 223 000х0.2=18 446х11/

в. 990 ширхэг шонг нийлүүлээгүй 60 өдрийн /2018.09.19-2018.12.28/ алданги 2 732 400 /990 ширхэг х 23 000=22 770 000х0.2%=45 540х60/

2. Гэрээний хугацаанд нийлүүлээгүй 990 ширхэг бетон шонг өөр компаниас худалдан авч Баянзагт суурилуулахад ажилласан ажилчдын ажпын хөлсний зардал 732 000 төгрөг /Гэрээт хугацаанд материал нийлүүлэгдсэн бол 11 дүгээр сард Баянзаг явж энэ зардал гарахгүй байсан. Албан томилолт, унааны зардлыг тооцоогүй болно/

3. Энх-Өглөө ХХК-тай Улаанбаатарт очиж уулзахаар зарцуулсан шатахууны зардал 733 820 төгрөг /гэрээний хугацаанд материал нийлүүлэгдсэн бол энэ зардал гарахгүй байсан болно/

а. 9-р сарын 09-нд Даланзадгад-Улаанбаатар-Даланзадгад чиглэлд зарцуулсан шатахууны үнэ 374 220 төгрөг /177 220+130 000+67 000/

б. 10-р сарын 29-нд Даланзадгад-Улаанбаатар-Даланзадгад чиглэлд зарцуулсан шатахууны үнэ 359 600 төгрөг /999 998+79 600+180 000/

4. Энх-Өглөө ХХК-иас 2018 оны 10 дугаар сард нэхэмжилсэн 24 591 600 төгрөг, одоо нэхэмжилж байгаа 4 497 450 төгрөг, нийт 29 089 050 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ДЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч талаас хэвтэй марктай холбоотой энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлгээр шийдэгдсэн гэж ойлгож байна. 2018 оны 8-р сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр 2018 оны 9-р сарын 09-ний өдөр авах шонгийн хэв маркийн хувьд ямар нэгэн доголдолгүй үйлдвэрлэгдсэн гэж хариуцагч талын мэргэжлийн хүн тодорхой ярьсан. Хариуцагч талаас анх манай компани үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай гэж итгүүлсний үндсэн дээр гэрээ хийсэн байдаг. 2018 оны 9-р сарын 09-ний өдрөөс 2018 оны 9-р сарын 19-ний өдрийн хооронд 2940 ширхэг шон нийлүүлж өгч чадахгүй харин 1740 ширхэг шонг үйлдвэрлэж чадна гэснээр гэрээ хийгдсэн байгаа. Харин хариуцагч нарын ярьж байгаагаар хугацаа дуусангуут шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Харин ч хариуцагч байгууллагад хангалттай нэмэлт хугацаа өгч байсан. Хариуцагч талаас гэрээний хугацаа дууссанаас хойш 9-р сарын 25-30-ны өдрүүдэд шонг нийлүүлсэн байдаг. Ганц манайд зориулагдсан шон хийсэн гэж байгаа нь 1-рт хариуцагч талаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, 2-рт 2018 оны 9-р сарын 09-ний өдрийн гэрээнээс хариуцагчийн менежмент нь чанар стандартад нийцсэн, нэгэн хэвийн бетон шон нийлүүлсэн гэж тайлбарласан байхад хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байгаа юм. Тээврийн зардлын хувьд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар бараа нийлүүлэхтэй холбоотой бүх зардал багтсан гэж гэрээ хийгдсэн байдаг. Тийм учраас Зам тээврийн сайдын тушаалыг үндэслэн тээвэрлэлтийн зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн тушаалд талууд зөвшилцөж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Энх-Өглөө ХХК гэрээний хугацаа хожимдуулан шон нийлүүлсэн бөгөөд тээвэрлэлтийн зардлын нэг талын шатахууны төлбөрийг ДЭТ ХХК-иас гаргаж өгсөн. Гэрээний хугацаа хэтрүүлэх болсон үндэслэл нь ДЭТ ХХК-иас үүдэлтэй гэдэг нь үндэслэлгүй юм. Харин ч ДЭТ ХХК-иас гэрээний үүргийг биелүүлсэн. Харин хариуцагч Энх-Өглөө ХХК нь гэрээний хугацаанд шон нийлүүлээгүй удаа дараа хугацаа хожимдуулсан учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч Энх-Өглөө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДЭТ ХХК-ийн 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн хурал дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 4 497 450 төгрөгөөр нэмэгдүүлж, 29 089 050 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авч танилцаад уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Учир нь ИХ-ийн 223-р зүйлийн 223.1 дэх хэсэгт ... хугацаанд гүйцэтгэсэн үүргийн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ мөн хуулийн 219.2 дах хэсэгт ... үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Бодит байдал дээр захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгдэх боломжгүй байдалд хүргэсэн шалтгаанд үүрэг гүйцэтгүүлэгч "ДЭТ" ХХК тодорхой хэмжээгээр буруутай байдаг төдийгүй өөрсдөө гэрээнээс татгалзах журам зөрчин гэрээний харилцааг дуусгавар болгосноос үүсэх үр дагавар буюу алданги, мөн гарах нь тодорхой байсан тээврийн зардал зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал:

а. Захиалагч нь захиалгат ажлыг эхлээд 15 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэх маш давчуу хугацааг гэрээнд заасан ч тус компаний зүгээс ирүүлсэн бетон шонгийн хэмжээ, бетон зуурмагийн стандартыг заасан баримтын дагуу захиалсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бетоны марк бага байснаас үүдэлтэй шонг хэвэнд биежүүлэх хугацаа 3-4 хоногоор уртсаж, үйлдвэр доторх хийн хатаагуур руу зөөвөрлөж хатаах ажиллагааны хугацаа мөн дагаад уртсаж байсан. Яг энэхүү маягаар эхний 349 ширхэг шонгийн зарим хэсгийг үйлдвэрлэсэн ба бэлэн болсон шонгийн ирмэг, булангууд сэтэрч, үйрээд тээвэрлэлтийн ая даах чадвар муутай, цаашид хэрэглээнд ашиглалтын шаардлага хангахгүй байж болох доголдол гарч байсан нь цаашид манай компаний эрх ашигт ч сөрөг үр дагавартай байсан. Тиймээс ДЭТ ХХК-ийн холбогдох хүмүүстэй ярилцаад тохиролцоонд хүрсэн тул бетоны маркыг нэмэгдүүлж шонгуудыг цааш үйлдвэрлэхээр болж хугацаа тохирч ажлаа эхлүүлсэн тул гэрээнд заасан хугацаа хэтрэх нь ойлгомжтой болж нэмэлт хугацаа тогтоосон.

б. Мөн байгаль цаг уурын нөхцөлтэй холбоогойгоор шонгийн цутгалт хэвэнд биежих хугацаанд нөлөөлж байснаас гадна ДЭТ ХХК-ийн удирдлагуудын зүгээс захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ажиллагаанд саад учруулж шонг үйлдвэрлэхээ зогсоо авахгүй, гэрээгээ цуцлана, үлдэгдэл мөнгөтэй нь хамт нь явуул, мөнгө явуулахгүй бол шонг ачуулах хэрэггүй гэх мэт үл ойлгогдох шийдвэрүүдийг олон дахин гаргаж шон үйлдвэрлэлтийг ажиллагааг тухай бүр 2-3 хоногоор зогсоолгох, үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд хүлээн авахгүй байх зэргээр асуудлыг хүндрүүлж байснаас үүдэн гэрээний хугацаа, мөн нэмэлт хугацаа хэтрэх шалтгаан болсон. Иймээс манай компаниас гэрээгээр хүлээгээгүй үүрэг гүйцэтгэж үйдвэрээс гарсан 753 ширхэг шонг 2 удаагийн тээвэрлэлтээр нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж буй газарт хүргэсэн ба ачаа, тээвэрийн зардал нь 12 691 445.20 төгрөгтэй тэнцэж байна.

г. Нэхэмжлэгч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж байгаагаа албан ёеоор ойлгомжтой илэрхийлээгүйгээс манай компанид 14 582 000 төгрөгийн хохирол учруулсан.

Учир нь гэрээний хугацаанд захиалагчаас ирүүлсэн зуурмагийи марк бага байсантай холбоотойгоор 124 ширхэг бетон шонгийн гологдол гарсан нь 2 852 000 төгрөгтэй тэнцэх хохирол юм. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018.10.09-ний өдөр гэрээ цуцдах тухай албан бичиг компаний интернет хаягаар илгээсэн гэх боловч 2018.10-р сарын дундуур 11 500 000 төгрөгийн өртөг бүхий 500 ширхэг шонг авна гэж үйлдвэрлүүлсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл зөрүү мөнгөтэй нь хамт шилжүүлэхгүй бол шонг ачуулах хэрэггүй гэх татгалзлаар татан авалт хийгээгүй байгааг манай компаний зүгээс үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул ИХ-ийн 224-р зүйлд зааснаар манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба алданги нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэж байна.

Мөн гэрээнээс өөрсдөө татгалзаж, үлдэгдэл 990 ширхэг шонг авахгүй гэж тохирсон атлаа үйлдвэрлэгдээгүй шонг бусдаас худалдаж авч зардал гаргасан гэж хохирол нэхэж байгаа үндэслэлгүй байна. Энэ нь угаас нэхэмжлэгчээс өөрөөс нь гарах ёстой зардал болохоос нэмэлтээр учирсан зардал гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс ДЭТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад захиалгын дагуу үйлдвэрлэгдсэн 510 ширхэг шонг оруулан тооцохоос гадна манай компанид учруулсан ачаа тээврийн зардал 12 691 445.20 төгрөг, доголдолтой шонгийн зардал 2 852 000 төгрөг зэрэг хохирлыг гаргуулж, Энх-Өглөө ХХК-д өгнө үү. Энх-Өглөө ХХК болон ДЭТ ХХК-иуд нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр гэрээ хийсэн бөгөөд захиалагч компанийн өгсөн марк загварын дагуу шонг үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байсан. Ингээд 2018 оны 09 сарын 09-ны өдөр ирж уулзахад нь үйлдвэрлэхэд болохгүй байна гэдгийг хэлсэн. Тухайн үед ДЭТ ХХК-ийн өгсөн захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн. Утсаа авахгүй байсан асуудал байхгүй, би олон удаа утсаар ярьж санхүүгийн баримт үйлдэж байсан. Эдний талаас уг нь машин явуулна гэж байсан бид хүлээгээд байж байхад гэнэт нэг өдөр манайхыг шүүхэд дуудсан байгаа. Үйлдвэрлэсэн байгаа 500 ширхэг шонг эднийх өөрсдөө авах нь зүйтэй яагаад гэхээр захиалгын дагуу хийгдсэн бөгөөд өөр байгууллага ашиглах боломжгүй. Харин үлдсэн 365 ширхэг шонгийн үнэ болох 8,621,000 төгрөгийн төлж болно гэхэд тохиролцоонд хүрэхгүй байгаа учраас манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Хариуцагч Энх-Өглөө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энх-Өглөө ХХК нь ДЭТ ХХК-ний гэрээ цуцалж, 24 591 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбогдуулан 2018.12.04-ны өдөр гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирлын төлбөрт 18 984 000 төгрөг гаргуулж, уг мөнгийг ундсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин өнөөдрийн байдлаар дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа бензин тосны зардлын хохирол гэх хэсгийн 4 632 000 төгрөг гэснийг жолооч Ш.Баяндалайгийн 2018.09.24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 100 км зайд байрлах Баянзаг жуулчны баазад ДЭТ ХХК-ийн захиалсан барааг хүргэсэн ачаа тээврийн зардал болох 12 691 445.20 төгрөг гэж үнийн дүнг өөрчилж сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа нийт үнийн дүнг 8 059 445 төгрөгөөр нэмэгдүүлж, байгаа ба үүнтэй холбогдуулан өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Учир нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэх 1 тн км-ийн жишиг үнэ.хөлс, шатахууны зардлыг тооцох жишиг үнийн тарифыг Зам тээврийн сайдын 2013 оны 162 дугаартай тушаалаар баталсан байдаг тул жолооч Ш.Баяндалайгийн ачаа тээврийн зардлыг уг тарифыг баримтлан гаргаж хохирлоо тодорхойлж байгаа болно.

Иймээс манай компаний Гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирлын төлбөрт 18 984 000 төгрөгийг ДЭТ ХХК-иас гаргуулан, тус компаний нэхэмжилсэн 24 591 600 төгрөгнөөс хасч, үлдэгдэл 5 607 600 төгрөгийг ДЭТ ХХК-д буцаан төлөх боломжийг олгоно уу гэх сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээнээс татгалзснаас үүссэн хохиролд 27 043 445 төгрөгииг ДЭТ ХХК-иас гаргуулж, тус компанийн нэхэмжилсэн 24 591 600 төгрөгтэй харилцан тооцож, үлдэх хэсгийг Энх-Өглөө ХХК-д олгож өгнө үү гэж өөрчилж байгааг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Энх-Өглөө ХХК-ийн өмгөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээний хугацаа сунгах талаар харилцан тохиролцож болно. Үүнийг гэрээ зөрчсөн гэж хэлж болохгүй юм. Стандартад нийцэхгүй байсан асуудалтай холбоотойгоор өөрсдөө ирж дахин гэрээ байгуулсан. 2-рт үйлдвэрлэсэн барааг тээвэрлэхтэй холбоотой асуудал гарсан. Өөрөө тээвэрлэлт хийгээгүйгээс болоод хугацаа алдсан байдаг. Гэрээнээс татгалзаж гэрээг цуцалж байгаа бол ИХ-д 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж үзэж байна. Гэрээнээс албан ёсоор татгалзаж биелэх боломжгүй гэж үзэж байсан бол албан ёсоор шуудангаар явуулах боломжтой байсан. Мөн барааг ганц энэ компанийн хэмжээ болон загвараар хийсэн байдаг. Тэгэхээр зөвхөн энэ компани ашиглах боломжтой байдаг. Удирдлагууд хоорондоо үл ойлголцолтой байсан. Нэг хүн нь зогсоо гэж хэлж байгаа нь тодорхой хэмжээгээр бидэнд үйлдвэрлэлтийг зогсоож хугацаа сунгаж байсан учраас гүйцэтгэгч талд хохирол учирсан. Тээвэрлэлтийн асуудлаа зохицуулаагүйгээс болоод бид тээврийн зардал төлж хохирсон. Бидний зүгээс 732,000 төгрөгийг авахгүйгээр бусад тээвэрлэлтийн зардлыг нэхэмжилж байгаа. Мөн тухайн үед 500 ширхэг шонг үйлвэрлүүлэхгүй байх албан ёсны мэдэгдэл өгөөгүйгээс болж энэ шонг үйлдвэрлэсэн байгаа. Тийм учраас 500 ширхэг шонгийн үнийг нэхэмжилж байна. Захиалагчийн буруутай захиалгаас болж үйлдвэрлэлтээр гологдол гарсан шонгийн үнэ болох 2,852,000 төгрөг, нэг талын шатахууны зардлыг хасаж бодоод 11,750,000 төгрөг, нийт 26,512,945 төгрөгийг ДЭТ ХХК-иас нэхэмжилж, тус компанийн нэхэмжлэлийн үнийн дүнд тооцож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ДЭТ ХХК хариуцагч Энх-Өглөө ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 22 770 000/хорин хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг, үлдэгдэл төлбөрийн алдангид 1 821 000/нэг сая найман зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг, төмөр бетон шонг хугацаандаа нийлүүлээгүй алдангид нийт 3 031 630/гурван сая гучин нэгэн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг, ажлын хөлсний зардалд 732 000/долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийг, шатахууны зардалд 733 820/долоон зуун гучин гурван мянга найман зуун хорь/ төгрөгийг, бүгд 29 089 050/хорин есөн сая наян есөн мянга тавь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч Энх-Өглөө ХХК нэхэмжлэгч ДЭТ ХХК-д холбогдуулан 124/нэг зуун хорин дөрөв/ шонгийн хохиролд 2 852 000/хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийг, 500/таван зуу/ ширхэг шонгийн хохиролд 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг, ачаа тээврийн зардалд 12 691 445/арван хоёр сая зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг, бүгд 27 043 445/хорин долоон сая дөчин гурван мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Энх-Өглөө ХХК нь шүүх хуралдаанд ачаа тээврийн зардалд нэхэмжилсэн 12 691 445/арван хоёр сая зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг 530 500/таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах журам зөрчсөн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч ДЭТ ХХК нь хариуцагч гэрээний хугацаанд шонг нийлүүлээгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр № 11/2018 Бетон шон нийлүүлэх ажлын гэрээ байгуулсан болох нь тус гэрээгээр нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Тус гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1, 3.2, Хавсралт № 1-т зааснаар хариуцагч нь 1/нэг/ ширхэг нь 23 000/хорин гурван мянга/ төгрөгийн үнэтэй, нийт 2 940/хоёр мянга есөн зуун дөч/ ширхэг, бүгд 67 620 000/жаран долоон сая зургаан зуун хорь/ төгрөгийн үнэтэй төмөр бетон шонг урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш 15/арван тав/ хоногийн хугацаанд нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 40 000 000/дөчин сая/ төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3/гурав/ хоногийн дотор хариуцагчийн нэхэмжлэхийг хүлээн авснаар, үлдэгдэл төлбөр 27 620 000/хорин долоон сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг төмөр бетон шонг хүлээлгэн өгсний дараа хариуцагчийн нэхэмжлэхийг хүлээн авснаас 3/гурав/ хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 3-ын 3.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 2/хоёр/ хоногийн дотор буюу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 40 000 000/дөчин сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь ажлын үр дүнд биет байдлын доголдол гарсан буюу төмөр бетон шон чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Гэрээний 2-ын 2.1-т заасан хугацаанд ажлын үр дүн буюу нийт 2 940/хоёр мянга есөн зуун дөч/ ширхэг төмөр бетон шонг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Бетон шон нийлүүлэх ажлын гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж нэг бүр нь 23 000/хорин гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий, нийт 1 740/нэг мянга долоон зуун дөч/ ширхэг, бүгд 40 020 000/дөчин сая хорин мянга/ төгрөгийн үнэтэй төмөр бетон шонг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид 349/гурван зуун дөчин ес/ ширхэг төмөр бетон шонг, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 401/дөрвөн зуун нэг/ ширхэг төмөр бетон шонг, нийт 750/долоон зуун тавь/ ширхэг төмөр бетон шон/цаашид Шон гэх/-г хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээнд заасан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 740/нэг мянга долоон зуун дөч/ ширхэг Шонг хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч нь хүн*******гэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь ... үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж ... гэж заасан.

Хариуцагч нь Гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж 1 740/нэг мянга долоон зуун дөч/ ширхэг Шон хүлээлгэн өгөхөөс 990/1740-750=990/ /есөн зуун ер/ шонг хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэрээг цуцалсан болох нь хариуцагчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № 61 мэдэгдлээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Шонгийн төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 22 770 000/хорин хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид Шонгийн төлбөрт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь бүгд 17 250 000/арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий, нийт 750/долоон зуун тавь/ ширхэг Шонг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зарлагын баримт, Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 990/есөн зуун ер/ ширхэг Шонгийн үнэ болох 22 770 000/хорин хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 22 770 000/хорин хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 22 770 000/хорин хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг буцаан шилжүүлээгүй алдангид 1 821 000/нэг сая найман зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээнд 22 770 000/хорин хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг буцаан шилжүүлэх хугацаа заагаагүй тул хариуцагчаас 1 821 000/нэг сая найман зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид нийт 3 031 630/гурван сая гучин нэгэн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээг цуцалсан тул алданги гаргуулах үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалснаар зохигчид Гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй ба Гэрээг цуцлах хүртэлх Гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан хугацаанаас 6/зургаа/ өдрийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 349/гурван зуун дөчин ес/ ширхэг Шонг, 11/арван нэг/ өдрийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 401/дөрвөн зуун нэг/ Шонг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.1-т зааснаар зохигчид алдангийг 0.2/тэг аравны хоёр/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээнд заасан хугацааг 6/2018.09.19-2018.09.24/ /зургаа/ өдрөөр хэтрүүлсэн алдангид 96 324/349x23000=8027000, 8027000x0.2%=16054, 16054x6=96324/ /ерэн зургаан мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг, 11/2018.09.19-2018.09.30/ /арван нэг/ өдрөөр хэтрүүлсэн алдангид 202 906/401x23000=9223000, 9223000x0.2%=18446, 18446x11=202906/ /хоёр зуун хоёр мянга есөн зуун зургаа/ төгрөгийг, нийт 299 230/96324+202906=299230/ /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 990/есөн зуун ер/ ширхэг Шонг Гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй алдангид 2 732 400/хоёр сая долоон зуун гучин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гэрээг цуцалсан байх тул 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацааны алдангийг нэхэмжлэх эрхгүй байна.

 

Хариуцагчаас 990/есөн зуун ер/ ширхэг Шонгийн алдангид 2 732 400/хоёр сая долоон зуун гучин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 11 дүгээр сард Баянзагт шон суурилуулсан ажилчдын ажлын хөлсөд 732 00/долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан № ӨМАОНӨГ/201812069 гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж Баянзагт шон суурилуулсан байх тул хариуцагч нь ажилчдын ажлын хөлс гэх 732 00/долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шатахууны зардалд 733 820/долоон зуун гучин гурван мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүсэл зоригоо илэрхийлэн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх ба 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой Улаанбаатар хотруу зорчсон болох нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас шатахууны зардалд 733 820/долоон зуун гучин гурван мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 23 069 230/22770000+299 230=23069230/ /хорин гурван сая жаран есөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 6 019 220/1821000+2732400+73200+733820=6019220/ /зургаан сая арван есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 124/нэг зуун хорин дөрөв/ Шонгийн хохиролд 2 852 000/хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагчийн тайлбар, Д.Батжавын гэрчийн мэдүүлгээр 124/нэг зуун хорин дөрөв/ ширхэг Шон нь биет байдлын доголдолтой байсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:, 352.2.1гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ... ажлыг шинээр гүйцэтгүүлэх; гэж заасан.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь 124/нэг зуун хорин дөрөв/ ширхэг Шонг шинээр хийлгүүлсэн байх тул нэхэмжлэгчээс хохиролд 2 852 000/хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 500/таван зуу/ ширхэг Шонгийн хохиролд 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гэрээг цуцалсан байх ба хариуцагч нь 500/таван зуу/ ширхэг Шонг Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчээс 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс ачаа тээврийн зардалд 12 160 945/арван хоёр сая нэг зуун жаран мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нийт 750/долоон зуун тавь/ ширхэг Шонг Өмнөговь аймаг, Булган сумын Дал баг Баянзагт тээвэрлэн хүргэсэн талаар маргахгүй байх боловч Гэрээнд зааснаар тээврийн зардлыг хариуцагч хариуцна гэж маргаж байна.

 

Гэрээний 4-ийн 4.4-т зааснаар хариуцагч нь ажлын үр дүн буюу Шонг үйлдвэрийн байрнаасаа ачиж өгөх үүрэг хүлээсэн байх ба тээвэрлэн нэхэмжлэгчид хүргэж өгөх үүрэг хүлээгээгүй болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5Ажил гүйцэтгэгч дараахь шаардлага гаргах эрхтэй:, 352.5.1.гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй ... үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь тээврийн зардалд 250 000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний төлбөрийн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5, 352.5.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс ачаа тээврийн зардалд 11 910 945/12160945-250000=11910945/ /арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь ачаа тээврийн зардлыг тооцохдоо Монгол Улсын Зам, тээврийн яамны сайдын 2013 оны 162 дугаар тушаалыг баримталсан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс нийт 11 910 945/арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн 14 602 000/2852000+11500000+250000=14602000/ /арван дөрвөн сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Энх-Өглөө ХХК-иас бүгд 23 069 230/хорин гурван сая жаран есөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЭТ ХХК-д олгож, үлдсэн 6 019 220/зургаан сая арван есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ДЭТ ХХК-иас бүгд 11 910 945/арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Энх-Өглөө ХХК-д олгож, үлдсэн 14 602 000/арван дөрвөн сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Энх-Өглөө ХХК-иас бүгд 23 069 230/хорин гурван сая жаран есөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЭТ ХХК-д олгож, үлдсэн 6 019 220/зургаан сая арван есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ДЭТ ХХК-иас бүгд 11 910 945/арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Энх-Өглөө ХХК-д олгож, үлдсэн 14 602 000/арван дөрвөн сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ДЭТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 367 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Энх-Өглөө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 273 296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЭТ ХХК-д олгож, хариуцагч Энх-Өглөө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ДЭТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 205 525 төгрөгийг гаргуулан хариуцагч Энх-Өглөө ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ