| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/307 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/307
2024 12 03 2024/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******н ******* нарт холбогдох эрүүгийн 2339004340120 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4-401 тоот хашаанд байрлах байшинд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд “зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4-401 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ш.*******тай маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд “толгойн зүүн хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр срын 22-ны өдөр бид хоёр муудалцаад энэ хэрэг гарсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирсон зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа тараад машинтай ирж байхад *******, хоёр амдаад зогсож байсан. Би нэг юм авхуулах юм уу гэхэд “үгүй ээ, танаар дандаа юм авхуулдаг нэг юм байна” гээд манайд очиж хувааж уусан. гараад яваад бид хоёр маргалдсан. Тэгээд намайг мангасдсан. Гар чи айлд ингэх хэрэг байхгүй гээд гаргасан. Тэгээд түрийнээсээ хайч гаргаад ирэхэд нь зөрүүлээд өшиглөхдөө халтирч унаад ******* угаалтуур мөргөчихсөн. Би ч ойчсон. Тэгээд би гэр лүүгээ орсон. Цонхоор харсан чинь ******* угаалтуур руу ороод байхаар нь би хажуу айл руу ороод даргаар эмнэлэгт хүргүүлсэн. ... гэм буруугаа зөвшөөрч байна ...” гэв.
Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны орой 16 цагийн орчимд сумын Засаг даргын тамгын газраас ажлаа тараад гэр лүүгээ явж байтал суманд байрлах “” дэлгүүрийн үүдэнд Ш.*******, С. нар зогсож байхдаа намайг дуудсан. Ингээд тэр хоёр луу би явж очтол нь 1 шил архи ууя гэхээр нь “Үгүй. Би уухгүй. Харин та хоёрт 1 шил архи авч өгье” гэж хэлсэн. Тэгтэл “Дандаа та надад авч өгдөг. Надад 1 шил архи байна. Энэ архийг уучихъя” гэж хэлсэн. Ингээд , ******* нар нь миний машинд суугаад манай гэрт бид 3 явж очсон. Тэгээд манай гэрч очоод бид гурав Оосордагвын авсан “Агар” нэртэй 0.75 граммын 1 шил архийг гурвуулаа хувааж уусан. Уг архийг хуваагаад ууж байхдаа Ш.******* нь манай хуучны худ ураг байсан гэх айлыг хулгай зэлгий хийдэг гээд байн байн яриад байхаар нь тухайн үед би Ш.*******ад “Надад ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгтэл Ш.******* намайг “Чи гийн гадаа машинтай болон мотоциклтой зогсож ашгийг нь хуваалцдаг байх” гэж хэлээд миний нүүр лүү цохиж, гараараа базаад түлхэж авсан. ... Ш.******* гутлынхаа түрийг гэнэт ухаад үйлийн хайч түрийнээсээ гаргах гэхээр нь би гүйж очоод *******ыг хөлөөрөө жийж тийрсэн. Тэгтэл Ш.******* манай хашааны зүүн хэсэгт байрлах угаалтуурын дор тавьсан цементэн хэсгийг толгойгоороо мөргөж газар унасан. ...Ш.******* над руу харахдаа нүүр хэсэг нь цус болсон, хайчаараа даллаж миний зүүн талын хавирга хэсэг рүү хайчаараа 1 удаа хатгаж авсан. Тэгэхээр нь би эргэх гэтэл дахиж над руу хайчаар далайж хайчаараа зүүн гарын бугалга хэсэгт ахиж 1 удаа хатгаж авсан бөгөөд хатгах үед нь би өрсөж Ш.*******ын дух хэсэгт нь 1 удаа цохиж авсан...” гэжээ. (1-р хх-ийн 34-37),
Хохирогч Ш.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...адуу мал ярьж байгаад хоорондоо маргалдаж муудсан бөгөөд хоорондоо заамдалцаж автал ах намайг гараараа цохиж авсан бөгөөд ингээд бид хоёр гэрээс нь гадагшаа гартал ах араас цээж нүцгэн гарч ирсэн. Ингээд бид хоёр зууралдаж аваад хоёр биеэ түлхэж унагаагаад газар дээр дороо ороод ноцолдсон бөгөөд миний гутлын түрийнд байсан морины дэл засдаг үйлийн хайч гутлын түрийнээс газар унахаар нь би хайч авч Н.******* рүү далайтал Н. ах бид хоёр хайч хоорондоо булаацалдсан бөгөөд булаацалдаж байх хооронд Н.******* ахын бие рүү хайч хүрч хатгасан байсан. Мөн Н.******* ах миний дух руу хөлөөрөө жийж өшиглөсөн....” гэжээ. (1-р хх-ийн 41-43),
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.******* ах намайг архи дарс уулаа энэ тэр гээд загнаж байсан. Мөн найз намайг архи дарс их ууж байна гэхээр нь би жоохон уур хүрээд тухайн архинаас ганц нэг удаа татаад Н.******* ахын гэрээс би явлаа гээд гараад явсан...” гэжээ. (1-р хх-ийн 46-47),
Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 16-17 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна, Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4-401 тоотод байх өөрийн гэртээ сумынхаа ******* гэх хүнтэй маргалдаж муудалцсан. Тэгэхэд ******* гэх хүн надтай маргалдаж муудалцаж байгаад хайч гаргаад ирсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд л ******* гэх хүний цээж орчим луу нь л гэж бодоод байна. Яг тодорхой сайн санахгүй байна. Хөлөөрөө нэг удаа тийрсэн л асуудал гаргасан...” гэжээ. (1-р хх-ийн 87-89),
Шүүгдэгч Ш.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4-401 тоотод сумынхаа ******* гэх залуутай маргалдаж муудалцаж, *******гийн нүүр хэсэг нь гараараа цохиж, хайчаар зүүн бугалга, зүүн суганы ар хэсэгт нь 2 удаа хайчаар хатгаж, биед нь гэмтэл шарх учруулсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (1-р хх-ийн 93-95),
Гэрч Д.ы мэдүүлэг (1-р хх-ийн 49-50),
Гэрч Л.ын мэдүүлэг (1-р хх-ийн 52-53),
Гэрч Г.ын мэдүүлэг (1-р хх-ийн 55-56),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 460 дугаартай “...1. Н.Лхагвасүрэнгийн биед зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 64-65),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны 459 дугаартай “...1. Ш.*******ын биед толгойн зүүн хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт (1-р хх-ийн 74-75),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 17),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 19-22, 23-24),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 28-29),
Яаралтай тусламжийн хуудас, эмчийн тодорхойлолт (1-р хх-ийн 62, 61, 72, 73),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 96, 108),
Мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 109-110, 111-112),
Хэнтий аймгийн сумын Хэрлэн тооно багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 143),
Ш.*******ын Төрийн банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 124, 127),
Н.*******гийн Төрийн банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 125, 128-134),
Ш.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 114, 115, 116, 117),
Н.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 118, 119, 120) болон хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******н ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4-401 тоот хашаанд байх гэрт харилцан зодолдож Ш.******* нь Н.*******гийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн хар өнгийн бариултай хайчаар зүүн бугалга хэсэг рүү 1 удаа, зүүн суганы ар хэсэгт 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, зүүн суганы ар хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.******* нь Ш.*******ын толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “толгойн зүүн хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ш.*******ын “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4401 тоотод сумынхаа ******* гэх залуутай маргалдаж муудалцаж, *******гийн нүүр хэсэг нь гараараа цохиж, хайчаар зүүн бугалга, зүүн суганы ар хэсэгт нь 2 удаа хайчаар хатгаж, биед нь гэмтэл шарх учруулсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.*******гийн “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 16-17 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна, Хэнтий аймгийн сумын 3 дугаар баг 4-401 тоотод байх өөрийн гэртээ сумынхаа ******* гэх хүнтэй маргалдаж муудалцсан. Тэгэхэд ******* гэх хүн надтай маргалдаж муудалцаж байгаад хайч гаргаад ирсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд л ******* гэх хүний цээж орчим луу нь л гэж бодоод байна. Яг тодорхой сайн санахгүй байна. Хөлөөрөө нэг удаа тийрсэн л асуудал гаргасан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч С.Оосордагвын “...Н.******* ах намайг архи дарс уулаа энэ тэр гээд загнаж байсан. Мөн найз намайг архи дарс их ууж байна гэхээр нь би жоохон уур хүрээд тухайн архинаас ганц нэгэн удаа татаад Н.******* ахын гэрээс би явлаа гээд гараад явсан...” гэх, шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...адуу мал ярьж байгаад хоорондоо маргалдаж муудсан бөгөөд хоорондоо заамдалцаж автал ах намайг гараараа цохиж авсан бөгөөд ингээд бид хоёр гэрээс нь гадагшаа гартал ах араас цээж нүцгэн гарч ирсэн. Ингээд бид хоёр зууралдаж аваад хоёр биеэ түлхэж унагаагаад газар дээр дороо ороод ноцолдсон бөгөөд миний гутлын түрийнд байсан морины дэл засдаг үйлийн хайч гутлын түрийнээс газар унахаар нь би хайч авч Н.******* рүү далайтал Н. ах бид хоёр хайч хоорондоо булаацалдсан бөгөөд булаацалдаж байх хооронд Н.******* ахын бие рүү хайч хүрч хатгасан байсан. Мөн Н.******* ах миний дух руу хөлөөрөө жийж өшиглөсөн” гэх, шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Тэгтэл Ш.******* намайг “Чи гийн гадаа машинтай болон мотоциклтой зогсож ашгийг нь хуваалцдаг байх” гэж хэлээд миний нүүр лүү цохиж, гараараа базаад түлхэж авсан. ... Ш.******* гутлынхаа түрийг гэнэт ухаад үйлийн хайч түрийнээсээ гаргах гэхээр нь би гүйж очоод *******ыг хөлөөрөө жийж тийрсэн. Тэгтэл Ш.******* манай хашааны зүүн хэсэгт байрлах угаалтуурын дор тавьсан цементэн хэсгийг толгойгоороо мөргөж газар унасан. ...Ш.******* над руу харахдаа нүүр хэсэг нь цус болсон, хайчаараа даллаж миний зүүн талын хавирга хэсэг рүү хайчаараа 1 удаа хатгаж авсан. Тэгэхээр нь би эргэх гэтэл дахиж над руу хайчаар далайж хайчаараа зүүн гарын бугалга хэсэгт ахиж 1 удаа хатгаж авсан бөгөөд хатгах үед нь би өрсөж Ш.*******ын дух хэсэгт нь 1 удаа цохиж авсан” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, эмчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны 459 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ... амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ.
Шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...би өөрийгөө хамгаалах гээд л ******* гэх хүний цээж орчим луу нь л гэж бодоод байна...” гэж буюу Ш.*******ын толгой хэсэгт өшиглөсөн үйлдлээ аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хохирогч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...адуу мал ярьж байгаад хоорондоо маргалдаж муудсан бөгөөд хоорондоо заамдалцаж автал ах намайг гараараа цохиж авсан бөгөөд ингээд бид хоёр гэрээс нь гадагшаа гартал ах араас цээж нүцгэн гарч ирсэн. Ингээд бид хоёр зууралдаж аваад хоёр биеэ түлхэж унагаагаад газар дээр дороо ороод ноцолдсон бөгөөд миний гутлын түрийнд байсан морины дэл засдаг үйлийн хайч гутлын түрийнээс газар унахаар нь би хайч авч Н.******* рүү далайтал Н. ах бид хоёр хайч хоорондоо булаацалдсан бөгөөд булаацалдаж байх хооронд Н.******* ахын бие рүү хайч хүрч хатгасан байсан. Мөн Н.******* ах миний дух руу хөлөөрөө жийж өшиглөсөн” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Харин шүүгдэгч нар нь харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.*******гийн Ш.*******ын толгой хэсэгт өшиглөж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны 459 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.*******, Н.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч Д.Чулуунпүрэв нь шүүгдэгч Ш.*******ад 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ш.*******, Н.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь хоорондоо харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Н.******* нь шүүгдэгч Ш.*******аас нэхэмжлэх зүйлгүй гэж, хохирогч Ш.******* нь шүүгдэгч Н.*******гээс нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 10,7 см урттай хайчийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******н ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******, *******н ******* нарт тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 10,7 см урттай хайч” 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ш.*******, Н.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.*******, Н.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР