Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Э.Алтанцоож, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Энхболдын Алтанцоожид холбогдох 201625032264 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамж, 720 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяжих овогт Энхболдын Алтанцоож (РД:УХ94110431),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 40-836 тоотод оршин суух Ж.Ганхүүгийн өвлийн сууцны үүдний тамбарт нэвтэрч мужааны багаж хэрэгсэл хулгайлан авч 320.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Би 9 дүгээр анги төгссөн. Түүнээс хойш 2013-2014 оны хооронд цэргийн алба хаасан. Дараа нь барилгын ажил хийдэг. Тухайн үед би согтуу байсан тул зарим зүйлийг л санаж байгаа. Энэ айлыг би танихгүй, тухайн үед эзэнгүй айсан. Эгчийндээ орох гэж байгаад андуураад айлд орсон гэв.

            Хохирогч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.П.Энхмаагаас:-2016 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн үед босоход манай байшингийн үүдний тамбарт манай нөхрийн дүү Гансүхийн мужааны багажнууд алга болсон байсан. Манай нөхөр Ганхүү болон түүний төрсөн дүү Гансүх нарын хамтын багаж байсан юм. Кен загварын улаан өнгийн гар цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилттой дрилл 1 ширхэг, Кен загварын түрдэг гар хөрөө, цахилгаан гар харуул зэрэг эд зүйлүүд алдагдсан гэжээ.

2.Ж.Гансүхээс:-2016 оны 11 сарын 17-ны өглөө манай төрсөн ах Ганхүү над руу чиний мужааны багажийг алдчихлаа одоо яах вэ гэж залгасан. Тэгэхээр нь цагдаагийн газарт хэлээд дуудлага өгчих гэж хэлсэн юм. Тэгээд ах цагдаад мэдэгдсэний дараа, өдөр нь цагдаагийн газраас мужааны багажийг чинь олчихсон ирээд үзэж хар бүртгэ гэсэн. Би ахын хамт алдагдсан эд зүйлээ хүлээн авсан бөгөөд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

   Гэрч А.Анхбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 11 сарын 16-ны орой 19 цагаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Согоот 113 дугаар чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Ш.Пүрэв-Очирын хамт 20-73 УНҮ улсын дугаартай автомашинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн шөнө Хайлаастаас уруудаад цагдаагийн хэлтэс рүү явахад Сургуулийн 34 гудамжны төв зам дагуу үл таних 20-25 орчим насны залуу гар өргөөд зогсож байсан бөгөөд хажуудаа мужааны багаж хэрэгслүүд тавьчихсан байхаар нь шалгахад Энхболд овогтой Алтанцоож (РД:УХ94110431) дугаартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хаягтай гэж хэлж байсан юм. Тухайн үед уг залуугаас юун мужааны багаж хаанаас авч яваа юм бэ гэхэд “би барилгын компанид туслах ажил хийдэг, манай компанийн эд зүйл байгаа юмаа” гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирээд уг компанийн захирал руу утсаар залгаж асуухад тухайн этгээдийг манайд ажилладаг гэж байсан бөгөөд захирлыг нь дуудчихаад цагдаагийн хэлтэс дээр байлгаж байхад зугтаагаад явсан. Түүнийг зугтаасан хойно хулгай хийсэн юм байна гэж бодсон. Өглөө нь цагдаагийн хэлтэс дээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 40-836 тоотоос мужааны багажаа алдсан гэж өргөдөл гаргаж ирээд. хураан авсан эд зүйлээ хэргийн гомдол гаргагчид хүлээлгэн өгсөн. Тухайн үед уг залуу ганцаараа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Э.Алтанцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 40-836 тоотод оршин суух Ж.Ганхүүгийн өвлийн сууцны үүдний тамбарт нэвтэрч мужааны багаж хэрэгсэл хулгайлан авч 320.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Энхмаагийн “…манай байшингийн үүдний тамбарт манай нөхрийн дүү Гансүхийн мужааны багажнууд алга болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Анхбаярын “…шөнө Хайлаастаас уруудаад цагдаагийн хэлтэс рүү явахад Сургуулийн 34 гудамжны төв зам дагуу үл таних 20-25 орчим насны залуу гар өргөөд зогсож байсан бөгөөд хажуудаа мужааны багаж хэрэгслүүд тавьчихсан байхаар нь шалгахад Энхболд овогтой Алтанцоож (РД:УХ94110431) дугаартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хаягтай гэж хэлж байсан юм. Тухайн үед уг залуугаас юун мужааны багаж хаанаас авч яваа юм бэ гэхэд “би барилгын компанид туслах ажил хийдэг, манай компанийн эд зүйл байгаа юмаа” гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирээд уг компанийн захирал руу утсаар залгаж асуухад тухайн этгээдийг манайд ажилладаг гэж байсан бөгөөд захирлыг нь дуудчихаад цагдаагийн хэлтэс дээр байлгаж байхад зугтаагаад явсан. Өглөө нь цагдаагийн хэлтэс дээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 40-836 тоотоос мужааны багажаа алдсан гэж өргөдөл гаргаж ирсэн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Баяжих овогт Энхболдын Алтанцоожийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль үндэслэлтэй байна.

            Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Э.Алтанцоожийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Баяжих овогт Энхболдын Алтанцоожийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Алтанцоожийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Алтанцоожид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Алтанцоожийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Алтанцоожид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Алтанцоожид урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ