Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

П.Золжаргалд  холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч, шүүгч                         Б.Батзориг

                       Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                            Д.Буянжаргал

                      

                         Оролцогчид

                        Прокурор                                     Б.Энхтулга

                          Шүүгдэгч                                     П.Золжаргал

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч              З.Хүрэлсүх

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч              Т.Билгүтэй

                          Хохирогчийн өмгөөлөгч               А.Отгонбаяр

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гавлиу хайрхан овогт Пүрэвийн Золжаргалд холбогдох эрүүгийн 1832000840119 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 02-17 насны 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн Минжийн хангайн гудамж 85 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 2-2-41 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гавлиу хайрхан овогт Пүрэвийн Золжаргал, /РД:МЭ80080279/

 Холбогдсон хэргийн талаар: П.Золжаргал нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.Эрдэнэзулыг өөрийн эрхшээлдээ байлган байнга хүчирхийлэн, зодон доромжилж, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэн 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Охироо гэх газарт эхнэр Ж.Эрдэнэзул нь өвөлжөөний дам нуруунаас өөрийгөө дүүжлэн нас барсан, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 2-2-41 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин 6 настай З.Маралмааг уйлаад дуугүй болсонгүй гэх шалтгаанаар хацар, дух хэсэгт ялааны алуураар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ

Анхан шатны шүүх П.Золжаргалд холбогдох хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 38 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Гавлиу хайрхан овогт Пүрэвийн Золжаргалд холбогдох 1832000840119 тоот эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2.1, 14.2.2, 14.3.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч П.Золжаргалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч яллагдагч П.Золжаргал нь хуульд заасан хувийн мэдээллээ өөрчлөгдсөн тухайгаа шүүхэд мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.”  гээд, шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: ...шүүгдэгч П.Золжаргалд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээрээ прокурорт буцаасан нь дараах хууль тогтоомж болон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд;

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар үрчлэн авсан хүүхэд болон садны хүнийг ойлгохоор хуульчилсан. Эдгээрээс үзэхэд З.Маралмаа нь 6 настай бага насны хүүхэд болох, мөн шүүгдэгч П.Золжаргалтай хамт амьдарч түүнийг асрамж, хамгаалалтад байгаа төрсөн охин гэдэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол..." гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлын ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж..., мөн бага насны хүүхэд..." гэсэн шинжүүдийг ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин 6 настай Маралмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан... гэж тодорхойлон дүгнэн яллах дүгнэлтэд бичсэн. 2015 оны Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх тохиолдолд тухайн үйлдлийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоох зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд зааснаар аюулгүйн зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийлгэх нөхцөл үүсдэг. Тиймээс Эрүүгийн хуульд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тусад нь хуульчлан 11.7 дугаар зүйлээр тогтоон өгсөн бөгөөд П.Золжаргалын өөрийн төрсөн охин болох 6 настай хүүхдийнхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол..." гэж заасан иш татсан байдлаар хуульчлагдсан хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байхад шүүхээс хэргийг зүйлчлэлийг ойлгомжгүй. аюулгүйн зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

2. Амь хохирогч Ж.Эрдэнэзул, мөн насанд хүрээгүй хохирогч З.Маралмаагийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, нэхэмжлэгчээр Б.Цэндсүрэнг тогтоосон мөрдөгчийн тогтоолууд хэргийн 1 дүгээр хавтасны 83, 94, 97, 3 дугаар хавтасны 114 талуудад авагдсан, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг болон гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, мөрдөгчид гаргаж өгсөн хүсэлт зэргээр Ж.Эрдэнэчимэгийг уг хэрэгт хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т “гэр бүлийн гишүүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг; 1.22.“төрлийн хүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д заасныг; 1.24.“үр хүүхэд” гэж төрсөн, дагавар. үрчилж авсан хүүхэд. ач, зээ, гуч, жичийг; 1.25.“хангалттай үндэслэл" гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг; гэж заасныг тус тус үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчмын хэмжээ хязгаарын хүрээнд Ж.Эрдэнэчимэгийг хохирогчоор тогтоосныг хэргийн хохирогч бол биш гэж шууд үгүйсгэсэн нь өөрөө үндэслэлгүй,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Отгонбаяраас гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3-д заасны дагуу хүлээн авч тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор буюу дээд шатны прокурорын тогтоолоор 3-р хавтаст хэргийн 205-206 дугаар хуудсанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" тогтоол, 3-р хавтаст хэргийн 203 дугаар хуудас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Отгонбаяраас гаргасан хэргийн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлүүлэх гомдолд дурдсан зүйлийн талаар тодорхой шийдвэрээр гаргаж. хариуг хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргах эрхийг ханган өгсөн ба өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дээрх гомдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 17/2019 дугаартай гомдол гаргасныг тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор гомдлын дагуу хэргийг хянан хяналтын прокурор Г.Цолмонгэрэлийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шалгах, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 04 дугаартай шийдвэр гаргасан. Хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс өмгөөлөгчийн гомдолд дурдсан зүйлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн хэргийг зүйлчилсэн нь дээд шатны прокурорын шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдсэн гэж үзсэн.

Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор буюу дээд шатны прокурорын зүгээс хэргийг хянаад хяналтын прокурор Г.Цолмонгэрэл нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байх тул хяналтын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 22 дугаартай “Яллагдагчаар татах тогтоол нэмэлт. өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.16, Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байхад шүүхээс ...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэсэн гомдол нь үндэслэлтэй... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4. Шүүгдэгч П.Золжаргалын ар гэрт байгаа эрх ашиг нь зөрчигдсөн хохирогч нар болох насанд хүрээгүй нэг, бага насны 3 хүүхдийн асран хамгаалагч. харгалзан дэмжигчийн хэрхэх талаар асуудлыг шийдвэрлэх ажиллагааг хийлгэх, зайлшгүй шаардлагатай хэдийгээр дүгнэсэн боловч шүүгдэгчийн гэм буруугийн болон ял. хариуцлагын талаар шийдвэрлэхэд шууд нөлөөлөх үндэслэлийг зааж үгүйсгэсэн талаар дүгнэлт хийж чадаагүй, шүүх захирамжийнхаа тодорхойлох хэсгийн 4 дэх заалтад Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасны дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээг хийлгэх гэснийг дурдсан. Дээрх хуулийн заалт нь 'хүүхдийн эрхийн хууль зүйн хороо" гэж гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж. мөрдөн шалгагдаж байгаа. эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон. гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. албадлагын арга хэмжээ авагдсан. зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон нутгийн нэгжийг; Гэсэн заалт байх бөгөөд гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Золжаргалын хүүхдүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан. эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг” гэсэн нөхцөл байдал үүссэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин шүүгдэгч П.Золжаргалын насанд хүрээгүй том охин нь Улаанбаатар хотод талийгаач ээжийнхээ төрсөн эгч Ж.Эрдэнэчимэгийн асрамж, хамгаалалтад, бага насны 3 хүүхэд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд өөрийн гэртээ эмэг эх Оюунхүү болон Б.Цэндсүрэн нарын асрамж, хамгаалалтад байдаг талаар хавтаст хэрэг авагдсан бичгийн баримтуудаар тогтоогддог ба хохирсон хүүхдийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эрхийг нь хамгаалуулах талаар насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийн ар гэрийнхэн нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох хууль хяналтын болон төр захиргааны байгууллагад хандаж хүсэлт гаргасан тохиолдол хавтаст хэрэгт байхгүй байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэсэн шүүгдэгч П.Золжаргалын үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд П.Золжаргалд холбогдох хэргийг тус аймгийн Мандал дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Тиймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талийгаачийн биед урьд өмнө нь хүнд гэмтэл учруулж байсан талаар гэрчийн мэдүүлэг, талийгаач өөрөө өгч байсан мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэргээр 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан. Энэхүү гомдлыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор хүлээн аваад, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа болон бусад асуудал байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг шалга гээд хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, даалгавар өгсөн байдаг. Энэхүү даалгавар авсан прокурор үүний дагуу ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй. Ажиллагаа хийгээгүй 6-7 сар болсон, би шаардаж байсан боловч ажиллагаа хийж байгаа гэж тайлбарладаг. Ерөнхий прокурорын даалгавар өгсөн тогтоол хүчингүй болоод байхад дараагийн прокурор зүйл ангийг байхгүй болгоод, хяналт тавьж байсан прокурортой нь уулзахад “...хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэж байгаа юм...” гэсэн хариулт өгсөн. Би хариуд нь “...түргэн шуурхай шийдвэрлүүлэх гэж байгаа гээд хүний хийсэн үйлдлийг шалгахгүй орхиж болохгүй, үүнийг шалгах ёстой...” гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Энэхүү байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээд 38 дугаартай шүүгчийн захирамждаа тодорхой дурдаад, энэ асуудлыг шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч яллагдагч П.Золжаргал нь хуульд заасан хувийн мэдээллээ өөрчлөгдсөн тухайгаа шүүхэд мэдэгдэж байхыг үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу П.Золжаргалд холбогдох эрүүгийн 1832000840119 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 6 настай төрсөн охин З.Маралмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй хэдий ч  хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж буй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан үг, хэлбэрийн дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх шаардлагатай байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл зүйлчлэлийг хүндрүүлж буй үндэслэлийн нэг болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэдгийг хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй дарамтад суурилсан харилцаа гэж ойлгох нь зүйтэй бөгөөд тухайн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгсний эцэст зүйлчлэлийг хүндрүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өсвөр насны хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор, мөн зүйлийн 2-д зааснаар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих дээрх хүмүүс байхгүй эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгуулллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болохоор, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д ....Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ...” гэж тус тус  хуульчилсан байхад үүнийг зөрчиж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нагац эмээ Б.Цэндсүрэнг шууд томилсон нь хууль зөрчсөн байна.

Дээр дурьдсан буюу хэргийг мөрдөн шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар захирамжийн тодорхойлох хэсгийн 2 болон 4 дэх хэсэгт хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй бөгөөд харин тухайн хэсгүүдэд заасан бусад үндэслэлийг  эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжтойг дурьдах зүйтэй байх ба шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3 дах хэсэгт хийсэн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул тухайн асуудлаарх эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн яллагдагчийг өөрийн эхнэр Ж.Эрдэнэзулыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд: Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийг тодорхойлохдоо “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба прокуророос яллагдагч П.Золжаргалыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх болон яллах дүгнэлт үйлдэхдээ түүнийг чухам ямар үйлдэл, эс үйлдлээр нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг үйлдэл тус бүрээр нь ялгалгүйгээр хэт ерөнхий байдлаар үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байх ба энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотловол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ энэ гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн” гэх үйлдлүүдийн чухам аль үйлдлийг нь ямар цаг хугацааны давтамжтайгаар хэрхэн, яаж үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Золжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ