Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2022/0062

 

 

                                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг       

                                                   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Г.П, П.А, П.А нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн УБХ-т холбогдох “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны... тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.П, П.А, П.А нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №41 дугаартай тогтоолоор Г.П, Д.А, П.А, П.А бид нарт Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Согоот” баг 6 дугаар хороолол, 20 байрны ... тоот, орон сууцны зориулалттай 44.5 м.кв, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж өгсөн тул өмчлөгчөөр 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч, холбогдох зардлаа төлсөөр ирсэн.

2002 онд эхнэр Д.А Япон улс руу явах шаардлагатай болсон тул 7000 ам.долларыг бэр Д.Г-өөс зээлсэн. Ингэхдээ зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар болсон. Гэтэл эхнэр Д.А-ийн төрсөн дүү Д.А, түүний эхнэр Д.Г нар БНСУ-д ажиллаж, амьдарч байсан тул барьцаанд тавих боломжгүй болсон.

Иймд бэр Д.Г-ийн саналын дагуу түүний хүү А.Т /5 настай байсан/- ын нэр дээр зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд өмчлөх эрхийг түр шилжүүлэх гэсэн боловч тэрээр насанд хүрээгүй байсан тул хадам аав Г.Д-ийг хамтран өмчлөгчөөр оруулан бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа түр шилжүүлж өгсөн.

Тухайн үед А.Т нь эрх зүйн чадамжгүй этгээд байсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч нараас зөвшөөрлийг нь огт аваагүй болно. Мөн бэлэглэлийн гэрээг байгуулахад уг орон сууцны хамтран өмчлөгч П.А, П.А нарыг огт оролцуулаагүй байдаг.

Улмаар эхнэр Д.А Япон улсад ажиллаж байх хугацаандаа зээлсэн мөнгөө ээж Д.З-аар дамжуулан Д.Г-д тухайн үеийнх нь ханшаар /9.200.000 төгрөг/ бүрэн төлж дуусгасан. Ингээд орон сууцныхаа гэрчилгээг шилжүүлэн авах гэсэн боловч Д.Г гадаадад, А.Т насанд хүрээгүй байсан тул болохгүй байсан.

Гэтэл А.Т, түүний ээж Д.Г нар нь тус орон сууцыг өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй, харин ч бүр А.Т нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Дундын емчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 50.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

Дээрх маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгч бидний орон сууц өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгуулснаар өөрийн орон сууцаа өмчлөх эрхтэй болж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга, агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Согоот” баг 6 дугаар хороолол, 20 байрны ... тоот, орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэл нь хууль зүйн талаасаа эрх зүйн зөрчилтэй, утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд үндэслэл байхгүй, бодит байдалд биелэх боломжгүй байсан гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна.

Мөн тус бүртгэл нь улсын бүртгэлийн “үнэн, зөв байх зарчим”-д нийцэхгүй, А.Т нь тухайн үед эрх зүйн чадамжгүй, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зөвшөөрлийг аваагүй, гэрээг байгуулахад орон сууцны хамтран өмчлөгч П.А, П.А-ыг огт оролцуулаагүй байсан тул улсын бүртгэгч тухайн бүртгэл хийхээс татгалзах ёстой байсан. Гэтэл холбогдох хууль, дүрэм, журмаа зөрчиж бүртгэл хийсэн байна.

Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, “Согоот” баг 6 дугаар хороолол, 20 байрны .. тоот, орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

        Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтдээ: “Г.П, П.А, П.А-ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн УБХ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 2 тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаа билээ. Гэтэл шүүхээс бүртгэлийг хийх үндэслэл болсон нотариатын үйлдэлтэй холбоотой хувийн хэрэг, холбогдох баримтуудыг гаргуулахаар Орхон аймгийн Архивын тасагт албан бичиг хүргүүлсэн боловч “...архивт хадагалах хугацаа дууссан тул холбогдох лавлагаа гарахгүй болно” гэсэн хариуг ирүүлсэн. Улмаар шүүхээс тус байгууллагад үзлэг хийсэн боловч мөн шаардлагатай баримт бичгүүд гарч ирсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заажээ.

            Иймд нэхэмжлэгч Г.П, П.А, П.А-аас надад итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны .. тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь Орхон аймгийн УБХ-т холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны .. тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч Г.П, П.А, П.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг О.Ч-т олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь нэхэмжлэгчийн нэгэн адил эрх, үүргийг тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдэлж оролцохоор байна. /ХХ-ийн 46, 47, 138 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, тодруулбал, хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.П, П.А, П.А-ын Орхон аймгийн УБХ-т холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны .. тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Т, Г.Д нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2022/0023/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

                                            ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ