Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч З.Энхжаргал,

            Шүүгдэгч Б.Ринчинсамбуу, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Ринчинсамбууд холбогдох 201625032231 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол үндэсний их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 11 дүгээр гудамж, Зүүн Ард-Аюушийн 332 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баатарын Ринчинсамбуу (РД:УШ98032050),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн зүүн талд гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Г.Бат-Оршиход хүч хэрэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би таксинаас Түвшинбаяртай цуг буугаад явж байтал урдаас 2 эмэгтэй, нэг залуу гарч ирсэн. Би залуутай нь мөрөөрөө шүргэлцээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Түвшинбаяр  хохирогч бид хоёрыг салгасан. Хохирогчтой хамт явж байсан хүмүүсийг танихгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэв. Хохирогчид 2.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтад байхдаа өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Б.Ринчинсамбуугаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эгч Бадамсүрэнгийн эзэмшлийн 8 нэрийн хүнсний дэлгүүр дээр ажилласан юм. Орой дэлгүүрээ хаагаад 23 цагийн орчимд гарах гэж байхад үл таних залуу орж ирээд талх худалдаж аваад гарсан. Гэртээ харихаар гартал тэр залуу үүдэнд зогсож таараад хамт тамхилж байхдаа танилцахад өөрийгөө Түвшинбаяр гэж танилцуулсан. Тэгээд хоёулаа хорооллын эцэст байрлах Өүшин нэртэй бааранд ороод тэндээ 2 шил пиво авч уусан. ...02 цаг болж байхад тэндээс гарахад Түвшинбаяр нь манай эмэгтэй найз дуудаад байна хоёулаа Саппорад байрлах Кенко бааранд оръё гээд тэнд дагаж очоод тэндээ 2 шил пиво уусан, тэндээ сууж байгаад дахин өөр баранд орохоор болоод талбайн хажуу талд байрлах Митинг нэртэй баар руу явахаар болсон. Ингээд талбай руу явахад бид хоёр таксинд суугаад явсан. Гэтэл Түвшинбаяр нь таксины жолоочийг буцаад эргэчих гэсний дагуу таксины жолооч машинаа эргүүлээд нөгөө урсгал руу ороод зогссон. Бид хоёр таксинаас буугаад явж байхад 2 эрэгтэй, нэг эмэгтэй гурван хүн зогсож байсан. Тэгсэнээ нэг залуу нь надтай мөрөөрөө шүргэлцсэн, тэгэхээр нь бид хоёр шууд л заамдалцаж авахад одоо нэрийг нь мэдэх болсон Бат-Орших нь намайг цохиж авсан тэгэхээр нь нөгөө хүнтэй зууралдахаа болиод Бат-Оршихыг гараараа цохиж авсан, гэхдээ нүүр хэсэгт нь 4-5 удаа цохиж авахад газар уначихсан, газар унахаар нь би дээрээс нь нэмж 3 удаа өшиглөсөн гэжээ.

Хохирогч Г.Бат-Оршихоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-...Би 2016 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө РС тоглоомын газарт тоглож байгаад Азаа гэдэг залуутай танилцсан юм. Хамт явсан эмэгтэйг бас мэдэхгүй, зүгээр л танилцсан юм. Танилцаад орой нь шоудаж хамт нэг газар суучихаад харих гээд явж байсан юм. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их дэлгүүрийн зүг төв зам дагуу алхаж явахад төв замаар явж байсан машин зогсоход хоёр залуу бууж ирээд манай найз Азаа руу шууд дайраад барьж авсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ороод нэг залуутай нь зууралдаж байх үед одоо нэрийг нь мэдэх болсон Ринчинсамбуу гэгч нь миний араас чулуугаар цохиж газар унагаасан. Тухайн үед чулуугаар цохиж гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн боловч шинжээчийг байцаасан тэмдэглэл зэргийг уншаад үзэхэд намайг Б.Ринчинсамбуу нь хөлөөрөө өшиглөж л гэмтэл учруулсан юм байна. Ойр орчимд төв зам дагуу байсан болохоор одоо бодоод байхад чулуу ч байхгүй байсан байх гэж бодож байна. Миний биед учирсан гэмтлийг Б.Ринчинсамбуу нь хөлөөрөө өшиглөж болон гараараа цохиж гэмтэл учруулсан гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Х.Хасбаатараас:-...Би гэрэл зургийг хараад санаж байна. Тухайн үед Цагдаагийн дэслэгч Лхагвасүрэнгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Их дэлгүүрийн баруун талд Монос эмийн сангийн ойролцоо нэг залуу гүйгээд ирсэн, яасан гэхэд такситай хүмүүс зодчихлоо гэхээр нь гүйж очоод хэн зодсон талаар асуухад одоо надад зургийг нь харуулсан залууг зодсон гэж хохирогч болох залуу хэлсэн гэжээ.

2.Д.Лхагвасүрэнгээс:-...Би гэрэл зургийг хараад санаж байна. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч, Хасбаатарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Их дэлгүүрийн баруун талд Монос эмийн сангийн ойролцоо нэг залуу гүйгээд ирсэн, яасан гэхэд такситай хүмүүс зодчихлоо гэхээр нь гүйж очоод хэн зодсон талаар асуухад одоо надад зургийг нь харуулсан залууг зодсон гэж хохирогч болох залуу хэлсэн байдаг. Ингээд цагдаагийн хэлтэс дээр ирээд надад сая зураг харуулсан залууг мөн хамт явсан залууг нь эрүүлжүүлэх гэтэл хохирогч гээд байгаа залуу нь саяхан надад зургийг нь харуулсан залууг намайг зодсон гээд заагаад байсан тул хамт явсан гэх залууг нь зүгээр явуулчихсан юм. Одоо надад зургийг нь харуулсан залуу нь нөгөө залуугаа ахаа гэж байсан. Миний анзаарч харснаар нэг нэгнийгээ таньдаггүй хүмүүс шиг л байсан. ...Хохирогч Г.Бат-Орших хэлэхдээ намайг зодсон гэж Б.Ринчинсамбууг шууд заасан учир Б.Ринчинсамбуу гэх залууг саатуулсан. Хохирогч Г.Бат-Орших нь миний санаж байгаагаар ганцаараа явж байсан. Өөр хүмүүс харагдаагүй. Шууд хохирогч залууг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирүүлсэн, яг юунаас болоод маргалдсан талаар мэдээгүй гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016.11.16-ны №15657 тоот актын дүгнэлтэд:

1.Бат-Оршихын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, хацар хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, дагзны хуйх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд
үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.6.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Шинжээч эмч Ц.Оюун-эрдэнийг байцаасан тэмдэглэлд:-...Дүгнэлтэд тусгагдсан хохирогч Г.Бат-Оршихын биеийн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь өвлийн хатуу ултай гутлаар цохих өшиглөх үед үүсгэгдэх боломжтой гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Ринчинсамбуу нь 2016 оны 11 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнийн 03 цагийн үед  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн зүүн талын гудамжинд шалтаг шалтгаангүйгээр Г.Бат-Оршихыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бат-Оршихын “…Их дэлгүүрийн зүг төв зам дагуу алхаж явахад төв замаар явж байсан машин зогсоход хоёр залуу бууж ирээд манай найз Азаа руу шууд дайраад барьж авсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ороод нэг залуутай нь зууралдаж байх үед одоо нэрийг нь мэдэх болсон Ринчинсамбуу гэгч нь хөлөөрөө өшиглөж болон гараараа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Хасбаатарын “…Их дэлгүүрийн баруун талд Монос эмийн сангийн ойролцоо нэг залуу такситай хүмүүс зодчихлоо гэхээр нь гүйж очоод хэн зодсон талаар асуухад одоо надад зургийг нь харуулсан залууг зодсон гэж хохирогч болох залуу хэлсэн” гэх мэдүүлэг,  Д.Лхагвасүрэнгийн “Миний анзаарч харснаар нэг нэгнийгээ таньдаггүй хүмүүс шиг л байсан....Хохирогч Г.Бат-Орших хэлэхдээ намайг зодсон гэж Б.Ринчинсамсууг шууд заасан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн 2016.11.16-ны ¹15657 тоот ат, хохирогчийн “гомдол саналгүй” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Баатарын Ринчинсамбууг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2,0 сая төгрөгийг шүүгдэгч Б.Ринчинсамбуугаас нөхөн төлснийг дурдаж байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Б.Ринчинсамбуугийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Ринчинсамбууг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ринчинсамбууг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ринчинсамбууд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ринчинсамбууд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

            6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ринчинсамбууд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.БУЯННЭМЭХ