Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/27

 

Ж.Мөнхбатад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Б.Батзориг

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                              

                                   Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Энхцэцэг

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагар овогт Жаргалсайханы Мөнхбатад холбогдох эрүүгийн 1931003550228 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Бүргэдэй 1 дүгээр баг 4-р гудамжны 136 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Жагар овогт Жаргалсайханы Мөнхбат /РД:МА84022330/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Мөнхбат нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой" гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 11.5м3 нарс модыг бэлтгэж, улсын дугаар номергүй Зил 131 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ж.Мөнхбатад холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 73 дугаартай цагаатгах тогтоолоор:

“1.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2,

34.19-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003550228 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жагар овогт Жаргалсайханы Мөнхбатыг цагаатгасугай.

2. Ж.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-р зүйлийн 2.2-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4.Хавтаст хэргийн 15-р хуудсанд авагдсан Зил 131 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг болон хавтаст хэргийн 17-р хуудсанд авагдсан машины чиргүүлийг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолуудыг, хавтаст хэргийн 25-р хуудсанд авагдсан цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Хууль бус зөвшөөрлөөр бэлтгэсэн 84 ширхэг буюу 11.5м3нарс модыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцэлдээ: ...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах байдлаар няцааж байна. Үүнд :

1.Ж.Мөнхбат нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 11.5м3 нарс модыг бэлтгэж. улсын дугаар номергүй “Зил 131" маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Отгонжаргалын мэдүүлэг /хх-н 30-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Баттөрийн мэдүүлэг/хх-н 32-р хуудас/, Гэрч Г.Сайнжаргалын мэдүүлэг /хх-н 35-36-р хуудас/, Гэрч П.Батсайханы мэдүүлэг /хх-н 37-р хуудас/, Гэрч С.Мөнхзулын мэдүүлэг /хх-н 38-р хуудас/, Гэрч М.Ганзоригийн мэдүүлэг /хх-н 41-р хуудас/, Гэрч Г.Мартын мэдүүлэг/хх-н 42-43-р хуудас/, Гэрч П.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/, Гэрч М.Намжилмаагийн мэдүүлэг /хх-н 47-р хуудас/, Гэрч Б.Нинагийн мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/, Гэрч Ц.Дэлгэрцогтын мэдүүлэг /хх-н 51-52-р хуудас/, Гэрч Д.Баттөрийн мэдүүлэг /хх-н 53-р хуудас/, Гэрч З.Түвшинтөгсийн мэдүүлэг /хх-н 54-р хуудас/, Гэрч Н.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-н 55-56-р хуудас/, "Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай “Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн, 1978 онд Монгол улсад орж ирсэн, 3ил-131 /дизель механик/ маркийн автомашин нь 2019 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 3.000.000 /гурван сая/-ын үнэтэй болно” гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-н 60-62-р хуудас/, Шинжээч М.Ганболдын “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18-04-015/07 дугаартай дүгнэлт /хх-н 67-68-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ТХҮ/518-083 дугаартай авто машин болон цахилгаан хөрөөний үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-н 73-75-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-10-р хуудас/. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13-р хуудас/бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Мөнхбатыг цохолттой албан бичиг өгөхөөр нь ой хэдийгээр хаалттай ч гэсэн гачигдал гарсан онцгой үед албан бичгээр мод бэлтгэж болно гээд ойлгоод явсан болох нь шүүгдэгчийн аливаа юмыг ойлгох чадвар, түүний бичиг үсэг мэддэггүй зэрэг хувийн байдлаас харагдаж байгаа ба уг албан бичгийг албан ёсны зөвшөөрөл гэж бусад хүмүүс ч ойлгосон болох нь албан бичиг бичүүлж авсан болон шүүгдэгчийг гуйж модонд явуулсан гэрч нар модонд цуг явсан гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна’ гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан” гэтэл Ж.Мөнхбатын хувьд хэзээ, хаанаас ямар модыг хэдий хэмжээтэй бэлтгэх талаар тухайн бичигт бичсэнийг мэдээгүй гэсэн атлаа “Цантахын ногоон толгой” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4.41 метр куб хуурай нарс мод 7.1 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Цагаатгах тогтоолд “мөн шүүгдэгч нь тухайн эрх олгосон гэх бичгийн дагуу өөртөө ашиг олох зорилгогүй зөвхөн талийгаачийн буяны ажилд зориулж дээрх модыг бэлтгэн, тээвэрлэсэн болох нь хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг, дээрх модыг талийгаачийн гэрийнх нь хашаанд буулгахаар хашаанд оруулсан байсан зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Тэгвэл шүүхээс уг албан бичгийг албан ёсны зөвшөөрөл гэж үнэлж байгаа бол 10 метр кубээс илүү бэлтгэсэн модыг хэрхэн үзэж байгаа талаар дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Ойн тухай хуулийн 35.4-т дараах тохиолдолд “хууль бусаар мод бэлтгэсэн” гэж үзнэ: 35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол гэж хуульчилсан байна. Нөгөөтэйгүүр цагаатгах тогтоолд улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай “Цагаатгах тогтоол"-ыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцсэн. Гэм буруугүйд тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн дагуу гарсан тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Ж.Мөнхбатад холбогдох хэргийг хэлэлцээд, хэрэгсэхгүй болгох цагаатгах тогтоол гаргасан. Тухайн тогтоолын үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. ... Анхан шатны шүүх зөвшөөрлөөс илүү бэлтгэсэн модонд дүгнэлт хийлгүй, олгосон зөвшөөрлийн дагуу мод бэлтгэсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2-д заасныг зөрчсөн  гэж үзэж байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэдийгээр цагаатгах тогтоол гаргасан гэх боловч шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү. Иймд цагаатгах тогтоол гэж үзэх үндэслэлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ж.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Ж.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1931003550228 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2020/ШЦТ/73 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн боловч хэргийн оролцогч болох Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт “Шийтгэх тогтоол” гэсэн албан бичгийн маягт дээр үйлдсэн  цагаатгах тогтоолын хувийг гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:...,

1.6. шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;... гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Ж.Мөнхбат нь Сэлэнгэ  аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг болон байгаль орчны байцаагчийн цохолтын дагуу /хх-ийн 04-р ху/ мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасан мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, байгаль орчны байцаагчид мэдэгдэж  заасан газарт нь түүний хяналтад  үйл ажиллагаа явуулаагүй, түлшний хуурай модноос гадна заасан хэмжээнээс хэтрүүлж зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн зэрэг үйлдэлд тодорхой эрх зүйн  дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан ...дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолоор Ж.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон    ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Цагаатгах тогтоолоор Ж.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ