Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 24 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Боржгон овогт Лувсангомбын Чулуунжав /РЮ70022561 /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8-7 тоотод оршин суух, Монгол овогт Буриадын Ганзам /РГ82060409/-т холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 6.000.000 /зургаан сая / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, хариуцагч Б.Ганзам, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Чулуунжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Л.Чулуунжав би Б.Ганзамд 2015-7 сарын 31-нд 3.000.000 /гурван сая төгрөг/ нэг сарын хугацаатай 0,8 хувийн хүүтэй зээлээч гэж эгч Б.Ганболд нь зуучилсны улмаас зээлсэн нь үнэн болно. Б.Ганзам нь хүү болох /нэг сая төгрөг/ 2016 оны 5 сард өгсөн. Түүнээс хойш мөнгөө авья гэхэд удахгүй хүүтэй чинь мөнгийг өгнө түр хүлээж бай гэдэг байсан ба сүүлдээ утсаа авахгүй хариу таг болсон. Гэрт нь очиход эгч Гантуяа эгч Ганболд нар хэл амаар доромжилж гэрээсээ хөөж гаргасан. 2016 оны 8 сарын 24-нд эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргаж өгсөн боловч огт ирээгүй болно. Одоо би 2016 оны 3 сар, 4 сар, 5 сар, 6сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар= 10 сар, 2017 оны 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар =6 сар нийт 16 сарын 240.000=3.000.000 сая төгрөг үндсэн мөнгө 3.000.000 төгрөг 6.000.000 /зургаан сая төгрөг/ нийт нэхэмжилж байна. Иймд тус нэхэмжлэлийг харгалзан гомдлыг барагдуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ээж маань Ганзамын эгч Ганболдтой хуурай эгч дүүс гээд их найз байсан. Ганболд нь миний дүү их амжилттай сайн явж байгаа гэж хэлсээр байгаад ээжээс дүү Ганзамдаа 3 сая төгрөгийг зээлж авч өгсөн байсан. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн байсан. Шүүхэд ээж банкны баримтаа гаргаж өгсөн байгаа. Тэгээд хүү гэж өгөхгүй байж байгаад 1 сая төгрөгийг 2016 онд өгсөн. Үүнийг нь хүүндээ тооцсон. Ингээд нэхэмжлэл дээр бичсэн байгаа хүү 3 сая, үндсэн мөнгө 3 сая нийт 6 сая төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч Б.Ганзам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганзам миний бие Чулуунжаваас 2015.07.13-нд 3000.000 төгрөг зээлэн авч 2015.08.13-нд 300.000 09.13-нд 300000 11.17-нд 540.000 12.15-нд 300.000 2016.03.17-нд 300.000 2016.04.16-нд 240.000, 2016.05.17-нд 1.000.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Зарим өгсөн мөнгө энэ бичигдээгүй мартсан болохоор бичигдэхгүй орхисон. 1000.000 төгрөгийг дансаар өгсөн болно. Гэтэл Чулуунжав нь надаас мөнгөний хүү, хүүгээс хүү бодож их мөнгө нэхэмжилж байгаа. Ямар нэгэн байдлаар миний бие болон энд нэр дурдагдсан хүмүүс Чулуунжавыг ямар нэгэн байдлаар доромжлоогүй өөрийнхөө надад үзүүлдэг доромжилсон янз бүрийн мессэж бичдэгийгээ намайг хэлсэн болгож буруугаар гуйвуулан нэхэмжлэлдээ бичсэн байна. Миний өмнө өгсөн мөнгө төгрөгийг нэгийг ч энд дурдаагүй байна. Чулуунжав бид 2-ын дундах тооцоо аль дээр цэгцэрсэн надад одоо өгөх өглөг байхгүй болно. 2 нялх охины минь хажууд намайг араас дагаж ирэн үл таних эмэгтэй дагуулан ирж зодуулан миний Iphone 6 утсыг авсан ч юмуу тэр үедээ гээсэн. Энэ бүгд цагдаа дээр эрүү үүсэн шалгагдаж байгаа. Гээсэн Iphone 6 утсыг Чулуунжаваас болж хаясан тул одоо надад энэ хүнд ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгний тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг заавал бичгээр хийхээр хуульд заасан байх тул хүүг тооцон гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Б.Ганзам нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хүү тооцсон хугацаанаасаа өмнөх хугацаануудын хүү гэж мөнгийг нэхэмжлэгчид өгч байсан байна гэж үзэх үндэстэй байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч ч 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 3 сар хүртлэх хүүг тооцож нэхэмжлээгүй байна. Тэгэхээр тэр хугацааны хүүг тооцоод мөн 1 сая төгрөг бэлнээр өгсөн гэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Чулуунжав нь хариуцагч Б.Ганзамаас зээл, зээлийн хүү нийт 6.000.000 / зургаан сая / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ганзам нь ...2015.08.13-нд 300.000 09.13-нд 300000 11.17-нд 540000 12.15-нд 300000 2016.03.17-нд 300000 2016.04.16-нд 240000, 2016.05.17-нд 1.000.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Зарим өгсөн мөнгө энэ бичигдээгүй мартсан болохоор бичигдэхгүй орхисон. 1000000 төгрөгийг дансаар өгсөн болно. Гэтэл Чулуунжав нь надаас мөнгөний хүү, хүүгээс хүү бодож их мөнгө нэхэмжилж байгаа. Ямар нэгэн байдлаар миний бие болон энд нэр дурдагдсан хүмүүс Чулуунжавыг ямар нэгэн байдлаар доромжлоогүй өөрийнхөө надад үзүүлдэг доромжилсон янз бүрийн мессэж бичдэгийгээ намайг хэлсэн болгож буруугаар гуйвуулан нэхэмжлэлдээ бичсэн байна. Миний өмнө өгсөн мөнгө төгрөгийг нэгийг ч энд дурдаагүй байна. Чулуунжав бид 2-ын дундах тооцоо аль дээр цэгцэрсэн надад одоо өгөх өглөг байхгүй болно ... гэж маргажээ.

Нэхэмжлэгч Л.Чулуунжаваас хариуцагч Б.Ганзам нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 сая төгрөгийг 0,8 хувийн хүүтэйгээр зээлсэн, энэ талаар амаар хэлцэл хийгдсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгч Л.Чулуунжавын хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шижлүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Л.Чулуунжав нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Чулуунжав нь нэхэмжлэлдээ хариуцагч Б.Ганзамаас зээлийн хүү болох 3 сая төгрөгийг тооцон гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх ба нэхэмжлэгч Л.Чулуунжав хариуцагч Б.Ганзам нарын хооронд амаар хэлцэл хийгдсэнээс өөрөөр бичгээр гэрээ хийгдсэн зүйлгүй гэж зохигчид тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Л.Чулуунжав нь хариуцагч Б.Ганзамд зээлсэн 3 сая төгрөгөнд хүү тооцон авах эрхгүй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Б.Ганзам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Чулуунжав бид хоёрын дундах тооцоо аль эрт цэгцэрсэн би 4 сая гаруй төгрөгийг Чулуунжавт өгсөн гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч үүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2016 онд 1 сая төгрөгийг өгсөн үүнийг хүүнд тооцсон. Мөн шүүхэд Л.Чулуунжавын гаргаж өгсөн банкны баримтын ард талын нүүрэнд тэмдэглэсэн бичиг нь ээж Л.Чулуунжавын өөрийн нь бичсэн зүйл учир түүнд бичигдсэн өгөв гэх тэмдэглэгээтэй мөнгийг Б.Ганзам өгсөн байх...гэсэн тайлбар,

Нэхэмжлэгч Л.Чулуунжавын шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын ард талын нүүрэнд бичигдсэн 2015.7.31-нд Ганзам-2000000 төгрөг+ 1000000=3 сая 8 хувийн хүүтэй зээлэв. 8.30-нд 160000 авна +80000 240000 авна өгөв. Ганзам 2000000-хүү 9.30 160 өгөв 80000 өгөв 10.30-нд 160000 өгөв 11.6-нд 80000 өгөв ... гэх бичиглэл бүхий баримт зэргээс дүгнэхэд хариуцагч Б.Ганзам нь нэхэмжлэгч Л.Чулуунжавт 1720000/ нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг төлсөн байна гэж үзлээ.

Дээрхи нэхэмжлэгч Л.Чулуунжавын шүүхэд гаргаж өгсөн банкны баримтын ард талын нүүрэнд бичигдсэн хэсгийг 1-рт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж

2-рт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж

3-рт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг тус тус үндэслэн үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Л.Чулуунжавт хариуцагч Б.Ганзамд зээлсэн мөнгө болох 3 сая төгрөгөөс буцаан өгөгдөөгүй 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч Б.Ганзамаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1-т зааснаар нэхэмжлэгч Л.Чулуунжаваас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ганзамаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1.280.000 төгрөгөнд ногдох 35.270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чулуунжавт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Ганзамаас 1.280.000 / нэг сая хоёр зуун наян мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Чулуунжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.280.000 /дөрвөн сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзамаас 35.270 / гучин таван мянга хоёр зуун дал / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Чулуунжавт олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА