Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2018/00119

 

 УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Найман зовхист, 10 давхар хаягт байрлах Ньюком майнинг сервис ХХК /РД:5314631/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гурван гал оффис 6 давхар хаягт байрлах Их мандах үйлст ХХК /РД:5715423/-д холбогдох

141,000,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Их мандах үйлст ХХК-тай 2013 оны 9 сарын 10-ны өдөр 13/0910-1 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн. Техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6,500,000 төгрөг /НӨАТ ороод 7,150,000 төгрөг/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 18,750 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Түрээсийн төлбөрийг түрээслэгч нь түрээслүүлэгчид банкны дансанд техник хэрэгслийг хүлээлцэхээс өмнө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан энэхүү үүргээ 2014 оны 3 сарын 16-ны өдрөөс хойш зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 35,630,000 төгрөг, алданги 17,815,000 төгрөг нийт 53,445,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Эхний гэрээний хугацаа дуусахад хариуцагч талаас доргиурт индүү машин түрээслэх хүсэлт гаргасан тул 2014 оны 3 сарын 14-ний өдөр мөн 14/0313 тоот Түрээсийн гэрээг 2 компанийн хооронд байгуулж, SLBTLOKOEC4NU1711 серийн дугаар бүхий ТЕRЕХ ТV800 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаанд түрээслүүлээд, цаашид худалдахаар тохиролцсон. Гэрээний 7 дугаар зүйлийн 2-т техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 2,700,000 төгрөг /НӨАТ ороод 2,970,000 төгрөг/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 9,000 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Дээрхи ТЕRЕХ ТV800 доргиурт индүү машины түрээсийн төлбөрийг түрээслэгч тал бүрэн төлж барагдуулсан.

 

 

 
 

 


2014 оны 3 сарын 31-ний өдөр 14/0313 тоот тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр TEREX ТV1300 доргиурт индүү машиныг Их мандах үйлст ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан үүргээ 2014 оны 9 сарын 13-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас 11,880,000 төгрөг, алданги 2,744,280 төгрөг, нийт 114,624,280 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 5 сарын 20-ны өдрийн 14/0331 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний /TERX TLB840/ төлбөрийг 2014 оны 6 сарын 19-ний өдрөөс хойш төлөөгүй 5,390,000 төгрөг, алданги 1,374,450 төгрөг, нийт 6,764,450 төгрөгийн хохирол, 2014 оны 2 сарын 4-ний өдрийн 13/0910-2 тоот FIORI DB250 ВF09В5250 тоног төхөөрөмж түрээсийн гэрээний дагуу төлөгдөх 28,600,000 төгрөгийг 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс хойш төлөөгүй, алданги 7,235,800 төгрөг, нийт 35,835,800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд бид өмнө нь 2014 оны 12 сарын байдлаар алданги нэхэмжилсэн байсан бол одоо 2015 оны 5 сарын 4-ний өдрийг хүртэлх алдангийг нэхэмжилж байна. Мөн түрээслүүлж байх хугацаанд болон түрээслүүлсний дараа дээрх тоног төхөөрөмжийг засварласны хөлс 31,078,872 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн нэхэмжлэл дээр алданги 18,343,150 төгрөг нэмэгдсэн. Иймд Их мандах үйлст ХХК нь манай байгууллагатай байгуулсан тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн дагуу төлөгдөх 81,500,000 төгрөг, алданги 29,169,530 төгрөг бүгд 110,669,530 төгрөг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хөлс 31,078,872 төгрөг, нийт 141,000,402 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК нь хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги болон засвар үйлчилгээний зардал нийт 141,000,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 сарын 3-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ньюком майнинг сервис ХХК болон Их мандах үйлст ХХК нарын хооронд 2013 оны 9 сарын 10-ны өдөр 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-8-13 тал/ байгуулагдаж Ньюком майнинг сервис ХХК нь Их мандах үйлст ХХК-д BF09B5249серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6,500,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 18,750 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор, 2014 оны 3 сарын 14-ний өдөр 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-15-20 тал/ байгуулагдаж Ньюком майнинг сервис ХХК нь Их мандах үйлст ХХК-д SLBTL0K0EC4NU1711 серийн дугаар бүхий TEREX TV800 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 2,700,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 9,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор, 2014 оны 3 сарын 31-ний өдөр 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-21-26 тал/ байгуулагдаж Ньюком майнинг сервис ХХК нь Их мандах үйлст ХХК-д SLBTLPKOEC5CH1732 серийн дугаар бүхий TEREX TV1300 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 3,600,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 12,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор, 2014 оны 2 сарын 4-ний өдөр 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-27-32 тал/ байгуулагдаж Ньюком майнинг сервис ХХК нь Их мандах үйлст ХХК-д BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6,500,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 18,750 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор, 2014 оны 5 сарын 20-ны өдөр 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-33-38 тал/ байгуулагдаж Ньюком майнинг сервис ХХК нь Их мандах үйлст ХХК-д SMFJB4AC0CHKM1516 серийн дугаар бүхий TEREX TLB840 универсал тракторыг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 4,900,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 15,400 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тус тус харилцан тохиролцсон байх ба гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлбөрийг эцсийн худалдах үнээс хасаж гэрээний зүйлсийг худалдахаар тохиролцжээ.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дахь заалтад заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа байх ба Иргэний хуулийн 313 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлд тавигдах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дахь заалтад Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад зааснаар гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анз шаардах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцон шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Ньюком майнинг сервис ХХК болон Их мандах үйлст ХХК нарын хооронд 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машины түрээсийн төлбөр 35,630,000 төгрөгийг Их мандах үйлст ХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 35,630,000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 17,815,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан ба Ньюком майнинг сервис ХХК нь FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг Их мандах үйлст ХХК-аас 2014 оны 3 сарын 16-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-48 тал/-аар урд шил хагархай, усны банк холгогдсон, усны шлангаас ус гоожсон, урагш явах switch ажиллагаа доголдолтой гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 35,630,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, уг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 35,630,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дахь заалтад заасны дагуу 35,630,000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 35,630 төгрөгийг алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 3 сарын 16-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 586 хоногт тооцоход нийт алдангийн хэмжээ 20,879,180 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнд нийцүүлэн алдангид 17,815,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь Ньюком майнинг сервис ХХК болон Их мандах үйлст ХХК нарын хооронд 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох SLBTLPKOEC5CH1732 серийн дугаар бүхий TEREX TV1300 доргиурт индүүний түрээсийн төлбөр 11,880,000 төгрөгийг Их мандах үйлст ХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 11,880,000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 2,744,280 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан ба Ньюком майнинг сервис ХХК нь TEREX TV1300 доргиурт индүүг Их мандах үйлст ХХК-аас 2014 оны 10 сарын 13-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-45 тал/-аар машины хөдөлгүүр, системүүд маш их гоожилттой, яндан хугарч гээгдсэн, дугуйны хусуурууд суларсан, гэмтсэн, хөдөлгүүрийн таг, хаалт хагарч цоорсон, дээд хаалт, саравч цохигдож үрчийсэн гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 11,880,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, уг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 11,880,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дахь заалтад заасны дагуу 11,880,000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 11,880 төгрөгийг алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 375 хоногт тооцоход нийт алдангийн хэмжээ 4,455,000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангид 2,744,280 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Ньюком майнинг сервис ХХК болон Их мандах үйлст ХХК нарын хооронд 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох SMFJB4AC0CHKM1516 серийн дугаар бүхий TEREX TLB840 универсал тракторын түрээсийн төлбөр 5,390,000 төгрөгийг Их мандах үйлст ХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 5,390,000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 1,374,450 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан ба Ньюком майнинг сервис ХХК нь TEREX TLB840 универсал тракторыг Их мандах үйлст ХХК-аас 2014 оны 7 сарын 2-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-43 тал/-аар урд хамар /копуд/-ны татагч түгжээ гэмтэлтэй гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 5,390,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, уг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 5,390,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дахь заалтад заасны дагуу 5,390,000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 5,390 төгрөгийн алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 7 сарын 2-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 478 хоногт тооцоход нийт алдангийн хэмжээ 2,576,420 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангид 1,374,450 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Ньюком майнинг сервис ХХК болон Их мандах үйлст ХХК нарын хооронд 2014 оны 2 сарын 4-ний өдөр байгуулагдсан 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машины түрээсийн төлбөр 28,600,000 төгрөгийг Их мандах үйлст ХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 28,600,000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 7,235,800 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан ба Ньюком майнинг сервис ХХК нь BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг Их мандах үйлст ХХК-аас 2014 оны 10 сарын 13-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-47 тал/-аар машины hydraulic систем маш их гоожилттой, насос сул, усны банк устай хөлдсөн, hose задарсан, бохирдол маш их, цонх, шил толь хагарсан, явах анги тос гоожсон, усны насос ажиллахгүй гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны 2 сарын 4-ний өдөр байгуулагдсан 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 28,600,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, уг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2014 оны 2 сарын 4-ний өдөр байгуулагдсан 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 28,600,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дахь заалтад заасны дагуу 28,600,000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 28,600 төгрөгийн алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 375 хоногт тооцоход нийт алдангийн хэмжээ 10,725,000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангид 7,235,800 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр болон алдангиас гадна түрээсийн зүйлсийн эвдрэл гэмтлийг засварлахтай холбоотой гарсанд зардалд 31,078,872 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан бөгөөд түрээсийн зүйлсийн эвдрэл гэмтлийг өөрөө засварласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан засвар үйлчилгээний ажлын тайлан /хх-52-55 тал/-гаар тогтоогдсон, өөрийн хийсэн засвар үйлчилгээний зардлыг өөрөө үнэлэн 31,078,872 төгрөг төгрөг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 2013 оны 9 сарын 10-ны өдрийн 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 35,630,000 төгрөг, алдангид 17,815,000 төгрөг, 2014 оны 3 сарын 31-ний өдрийн 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 11,880,000 төгрөг, алдангид 2,744,280 төгрөг, 2014 оны 2 сарын 4-ний өдрийн 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 28,600,000 төгрөг, алдангид 7,235,800 төгрөг, 2014 оны 5 сарын 20-ны өдрийн 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 5,390,000 төгрөг, алдангид 1,374,450 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 31,078,872 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй гэх боловч нийт нэхэмжлэлийн үнийн дүнг 141,000,402 төгрөг гэж нэхэмжлэлд тодорхойлсон, дээр дурдсан түрээсийн төлбөр, алданги, зардлын нийт дүн 141,748,402 төгрөг болж байхад 141,000,402 төгрөг нэхэмжилсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн зүгээс Ньюком майнинг сервис ХХК-д төлөх түрээсийн төлбөр, алданги, хохирлын хэмжээ 141,748,402 төгрөг болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч өөрөө 141,000,402 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Их мандах үйлст ХХК-аас 141,000,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Их мандах үйлст ХХК-аас 141,000,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 9 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866,000 төгрөгийн 862,952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,048 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Их мандах үйлст ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 862,952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ньюком майнинг сервис ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

 

 

 
   

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2018/

                  Улаанбаатар хот

 

 УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

“ ” ХХК-ийн хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/05/17 дугаар “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлд 2017 оны 10 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, түүний өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, хариуцагч байгууллагын өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х. нь “ ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Гүний уурхайн-Уурхайн хэлтсийн уурхайчны ажлыг гүйцэтгэж, элдэв зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэвч тус байгууллагын хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэг нь 2017 оны 10 сарын 1-ний өдөр “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гарган зайлшгүй дагаж мөрдөх ёстой ажил олгогчийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өндөрт ажиллаж байхдаа өндрийн бүсээ зүүгээгүй ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Энэхүү хүний нөөцийн менежерийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь анхнаасаа хэлбэрийн болоод агуулгын алдаатай, хууль бус шийдвэр болсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд гаргасан шийдвэр гэж үзэж байгаа тул ажилтан миний эрхийг зөрчин үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна.

Тус байгуулалгын хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн 2017 оны 10 сарын 1-ний өдрийн 129/05/17 дугаар “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Х.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.14 дэх хэсэг болон “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09б/05/17 тоот тушаалыг тус тус үндэслэсэн байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ноцтой зөрчил гаргасан гэж үзэж буй тухайн өдөр /2017 оны 09 сарын 30-ны өдөр өглөөний 9 цг орчимд/ бидний ажил эхлээгүй байсан бөгөөд би сагстай өргөгч машин /тавцант өргөгч машин/ дээр өндрийн бүсийг зүүгээд урагшлахад аргамжаа ханасан учир аргамжааг тайлж, дараагийн армагмааг авах гэтэл аргамжааг дарж резин тавьсан байсан. Резин хүнд байсан учир би уурхайчин Гансүхтэй резинийг хамтрач татсан. Ингээд үүний цаанаас улаан өнгийн аргамжааг гаргаж авсан. Энэ явцад нэг хүн доороос биднийг доошоо буухыг шаардаж, малгайн гэрлээр дохисон. Машины удирдлага ажиллуулж байсан Оргилболд тавцанг доошоо буулгасан. Болсон явдал, учир шалтгаанаа тайлбарлаж хэлсэн боловч орчуулагч цааш юу гэж дамжуулсныг би мэдэхгүй. Ингээд уурхайн дарга, ээлжийн ахлагч нарыг дууд гээд тэд ирсэн. Араас нь аюулгүй ажиллагааны багийнхан ирж, бид 13 цаг 20 минутын хөнөгөөр газрын газаргад гарч ирсэн. Үүний дараа хүний нөөцийн ажилтанд би болсон процессийг бичиж өгсөн.

Аюулгүй ажиллагааны ажилтан надаас болон хамт байсан 2 хүнээс нэг нэгээр нь дуудаж мэдүүлэг аваад өглөө ирээрэй гээд явуулсан. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд менежер өрөөндөө дуудаж, хүний нөөцийн менежер намайг болон тухайн үед ээлжинд хамт ажиллаж байсан Оргилболд, Гансүх бид гурвыг ажлаас халсан тухай мэдэгдсэн. Хөдөлмөрийг гэрээг цуцлах тушаалд бичигдсэн “өндрийн бүсээ зүүгээгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь би өндрийн бүсээ зүүсэн байсан, зөвхөн ханасан аргамжаагаа тайлаад дараагийн аргамжааг авахаар урагшилж байсан. Энэ нь ажилтан надаас шалтгаалж хийгдсэн үйлдэл биш бөгөөд өөрөөр хэлбэл замд байсан хүнд резинийг зайлуулж байж дараагийн аргамжааг авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Мөн ийм тохиолдолд ноцтой зөрчилд тооцно, түүний үр дагавраар хөдөлмөрийн гэрээ цуцлах болно гэсэн анхааруулга өгч байгаагүй.

Хөдөрмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай”  улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн тогтоолд: ...ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино” гэж тайлбарласан байдаг. Үүнийг задалвал миний ажлаас халагдсан үйлдэл нь юун түрүүнд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан эсвэл бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан байх ёстой ба энэхүү үйлдлээрээ түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон байх, мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл хийсэн байх ёстой гэсэн урьдчилсан нөхцөл харагдаж байна. Гэтэл ажилтан миний ажлаас халагдсан үндэслэл болсон өндрийн бүсээ зүүж гараад, аргамжаа ханасны улмаас дараагийн аргамжааг авах гээд өмнөх аргамжааг тайлсан байсан нь дээрхийн аль ч дурдагдсан нөхцөл байдлыг бий болгоогүй төдийгүй тэрхүү нөхцөл байдал үүсэхэд хүргээгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүрэг”-ийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хауйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” гэсэн заалтыг үндэслэсэн. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт зааснаар “хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг” хэлнэ гэжээ. Гэтэл ажилтан надад энэ байгууллагад ажиллаж байх хугацаанд албан ёсоор ийм баримт бичгийг танилцуулж байгаагүй бөгөөд энэхүү нийтлэг үүргийг зөрчвөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах болно гэсэн зааварчилгаа нэг ч удаа өгч, анхааруулж байгаагүй. Тиймээс дээрх хуулийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна.

Дээр дурдсан “Компанийн үйл ажиллагааны дагуу зайлшгүй мөрдөх ёстой Ажил олгогчийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа” гэсэн баримт бичгийг надад танилцуулж, анхааруулж байгаагүй. Мөн дээр дурдсан захирлын тушаалыг ч би хараагүй, надад танилцуулаагүй учир ямар агуулгатай зүйл байгааг ч мэдэхгүй. Тиймээс дээрхи бичгийн дагуу ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцох болон түүний үр дагаврын талаар ямарваа нэгэн тохиролцоо бидний хооронд байхгүй тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь мөн үндэслэлгүй.

Байгууллагын хүний нөөцийн менежер нь ажил олгогч биш бөгөөд ажил олгогчийг төлөөлж хөдөлмөрийн гэрээг байгуулсан эрх бүхий этгээд биш, хөдөлмөрийн гэрээг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн цуцлах эрх олгогдсон этгээд ч биш юм.

 Иймд “ ” ХХК-ийн  Хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 128/05/17 дугаар “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 09б/05/17 тоот “Гүйцэтгэх захирлын зарим бүрэн эрхийг Хүний нөөцийн менежерт итгэмжлэн шилжүүлэх тухай” тушаалын дагуу тус компанийн Хүний нөөцийн менежерт хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар ажил олгогчийг төлөөлөн аливаа шийдвэр гаргах, гэрээ байгуулах, цуцлах эрх олгогдсон байдаг. Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд ажил олгогч хуулийн этгээдийн эрх бүхий төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 129/05/17 тоот тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй.

“ ” ХХК нь “Оюу толгой” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дэлхийн томоохон уул уурхайн төсөл болох “Оюу толгой” төсөлд 2 ба 5 дугаар босоо ам нэвтрэх, 1 дүгээр босоо амын хөндлөн малталт, барилга байгууламжийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг Канад улсын инженерүүдийн удирдлага дор 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амжилттай гүйцэтгэж байна. Энэ хүгацаанд эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг 100 хувь хангаж ажилласаар ирсэн бөгөөд тус компанийн ажилтнууд  Улсын хууль тогтоомж, өөрийн болон “Оюу толгой” ХХК-ийн дүрэм, журам, стандартыг чанд сахиж ажилладаг юм.

Энэ нь манай компанийн Оюу толгой төсөл болон дэлхийн олон оронд уул уурхайн салбарт амжилттай ажиллах, гэрээт гүйцэтгэгчээр шалгарсан гол үндэслэл, давуу тал болж байгаа юм. Уурхайсин Х. нь манай компанитай 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж эхлэхээс өмнө Оюу толгой төсөлд ажиллахад шаардлагатай мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм, журамтай холбоотой 120 удаагийн сургалтад хамрагдсан ба энэ нь манай компанийн болон Оюу толгой ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бодлоготой шууд холбоотой юм. Сургалттай холбоотой нотлох баримтыг Оюу толгой ХХК-ийн сургалтын хэлтсээс гаргуулж өгөх болно. Нөгөө талаас манай компанийн хэвийн үйл ажиллагаа, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд “ ” ХХК нь ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг нэн тэргүүнд ээлжинд хангахыг ажилтнууддаа зөвлөсөөр ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна. 28.1.8-т аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж заасан үүргээ бүрэн биелүүлж, Х.д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, холбогдох дүрэм, журмыг бүрэн танилцуулж, сургалтад хамруулж байсан. Манай компанийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж эхлэхээс өмнө 2-3 сарын хугацаанд Улаанбаатар хотод онол практикийн цалинтай сургалтанд суудаг бөгөөд Оюу толгой төсөлд очсон хойноо ч өдөр бүр ажил эхлэхээс өмнө зайлшгүй аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байж тухайн өдрийн ажлаа эхэлдэг юм. Х.тай 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох дараах үндэслэлээр Ажил олгогч энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө шууд цуцална” 5.4.14-т “компанийн үйл ажиллагааны онцлогийн дагуу зайлшгүй мөрдөх ёстой Ажил олгогчийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг санаатайгаар болон санамсаргүйгээр зөрчсөн” гэж заасныг үндэслэн Х.-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/05/17 тоот тушаалаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь дараах үндэслэлээр хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалтгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх, 18.2.5-т ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх, 18.2.8-т ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах гэж заасныг ноцтой зөрчсөн.

2. Х. нь өөр 2 ажилтны хамт 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сагстай өргөгчинд өндрийн ажил хийх, цахилгааны кабельд резинэн хаалт суулгах үүрэгтэй байсан ба өндөрт ажиллах зөвшөөрөл, ноцтой эрсдлийн хяналтын шалгах хуудас, аврах төлөвлөгөөтэй танилцаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа /өндрөөс унах аюултай, хувийн хамгаалах хэрэгсэл бүрэн өмсөх, өндрийн бүс зүүх/ авсан боловч санаатайгаар зөрчсөн.

3. Ноцтой зөрчил гаргахаас өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 06:50 минутад босон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хурлаар өндөрт ажиллах зааварчилгаа өгсөн бөгөөд уг хурлаар дараах асуудал яригдсан байхад үүнийг санаатай зөрчсөн.

а/. 1.5 метрээс өндөр ажиллах тохиолдолд урьдчилан сэргийлэх болон хамгаалах хэрэгсэл заавал ашиглана.

б/. Уналтаас хамгаалах систем Бэхлэх цэг, Өндрийн бүс, Холбогч гэсэн 3 хэсгээс бүрддэг.

в/. Өндрөөс унах аюулын талаар

4. Тодорхойлсон аюулыг хэрхэн удирдах талаар зааварчилгаанд “нэн тэргүүнд аюулгүй бай, Хэрэв та аюулыг хянах боломжгүй эсвэл танд аюултай санагдвал ажлаа зогсоож ахлагчдаа нэн даруй мэдэгд” гэж заасны дагуу ажлаа үргэлжлүүлж хийх боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн бол ажлыг зогсоох эрх нэхэмжлэгчид байсан боловч үүнийг хэрэгжүүлэхгүйгээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчсөн.

5. Ажил эхлэхээс өмнө ажлын байрыг шалгаж ахлах ажилтан гарын үсэг зурснаар тухайн өдрийн ажил эхэлдэг байтал ахлах ажилтны зөвшөөрөлгүйгээр ажлаа эхэлсэн,

6. Амаар болон бичгээр зааварчилгаа авсан боловч санаатай зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлд “өндрийн бүсээ зүүгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь өндрийн бүс зүүсэн байсан, зөвхөн ханасан аргамжаагаа тайлаад дараагийн аргамжаагаа тайлаад дараагийн аргамжааг авахаар урагшилж байсан. Энэ тохиолдолд ноцтой зөрчилд тооцно, түүний үр дагавраар хөдөлмөрийн гэрээ цуцлах болно” гэсэн анхааруулга өгч байгаагүй, ажилтан надад энэ байгууллагад ажиллаж байх хугацаанд албан ёсоор ийм баримт бичгийг танилцуулж байгаагүй” гэж дурдсан нь илтэд үндэслэлгүй байна. Х.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн аюулгүй зааварчилгааг зөрчих нь ноцтой зөрчилд тооцогдохоор тодорхой заасан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн   ХХК-иас явуулж байсан сургалтаар ажлаас халах үндэслэл болохыг хангалттай тайлбарлаж байсан. Хувийн хамгаалах хэрэгслийн журмын дагуу өндрийн хамгааллын бүс хэрэглэж байгаа тохиолдолд 2 аргамжааг ашиглах үүргээ биелүүлээгүй ба 2 аргамжаа бэхэлгээтэй тохиолдолд өндрийн бүс ашигласанд тооцох буюу аюулгүй байдал бүрэн хангагдах юм. 2 аргамжаа бэхэлгээгүй, тайлагдсан тохиолдолд өндрийн бүс ашигласанд тооцох буюу аюулгүй байдал бүрэн хангагдах юм. 2 аргамжаа бэхэлгээгүй, тайлагдсан тохиолдолд өндрийн бүс зүүсэн гэж үзэхгүй ба Х. үүнийг сайн мэдэж байгаа. Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах, 2 аргамжаа зэрэг бэхэлгээтэй байж өндрийн бүсийг зүүсэнд тооцох талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтанд хангалттай тайлбарласан. Шаардлагатай тохиолдолд хамт ажиллаж, сургалтад хамрагдсан ажилтнаас өндрийн бүс ашиглахтай холбоотой ямар зааварчилгаа өгч байсныг гэрчлүүлнэ.  

Иймд Х.ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х. нь хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/05/17 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Х.ыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж маргадаг.

            Ажил олгогч ” ХХК, ажилтан Х. нарын хооронд 2016 оны 07 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдан, Х. нь тус компанийн Гүний уурхайн-Уурхайн хэлтсийн уурхайчны албан тушаалд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна.

            Зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, мөн 24 дүгээр зүйлд: ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж тус тус заасан зохицуулалтад бүрэн нийцсэн байна.

            Ажилтан Х. нь 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн “ ” ХХК-ийн Гүний уурхайд уурхайчнаар ажиллаж эхэлсэн ба улмаар ажил олгогч ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 129/05/17 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, ажилтан Х.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.14 дэх заалт болон “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09б/05/17 тоот тушаалыг үндэслэн түүнийг 2017 оны 09 сарын 30-ны өдөр зайлшгүй мөрдөх ёстой ажил олгогчийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өндөрт ажиллаж байхдаа өндрийн бүсээ зүүгээгүй ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

            Талуудын маргаж буй үндэслэл болсон 2017 оны 09 сарын 30-ны өдөр уурхайн гүнд ажиллагсдад буюу Х.д өглөө 6 цаг 50 минутанд ажлын өмнөх хурал эхэлж “Өндөрт ажиллах” уурхайн хүрээний аюулгүй ажиллагаатай холбоотой зүйл, осол, аюулгүй ажиллах, чухал мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэн 7 цаг 15 минутанд хурал дууссан талаархи хурлын тэмдэглэл болон ирцийн бүртгэл хөтлөгдсөн, мөн ирцийн бүртгэл ба цусан дахь спиртийн агууламж тогтоох хуудсыг бөглөж, тухайн хуудсанд “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан үгүй, эсэх талаар тэмдэглэж, ажилтнуудаар буюу Х. гарын үсэг зурсан талаархи бичгийн нотлох баримт тус тус хэрэгт авагдсан байна. Энэ талаар талууд маргахгүй байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.4-т заасан зохицуулалт энэхүү маргаанд хамаарна.

            Харин нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдэгт хамаарахгүй тул ажлаас халсан нь үндэслэлгүй гэж маргаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарладаг. Тодруулбал, “...өндрийн бүсээ зүүж гараад, аргамжаа ханасны улмаас дараагийн аргамжааг авах гээд өмнөх аргамжааг тайлсан байсан...” гэжээ.

            Гэтэл Х.ы гаргасан дээрх зөрчил нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдохоор заасан байгаа нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч байгууллагаас Х.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд: Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн талаар, 5.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох дараах үндэслэлээр Ажил олгогч энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө шууд цуцална” гэж, 5.4.14-т “Компанийн үйл ажиллагааны онцлогийн дагуу зайлшгүй мөрдөх ёстой Ажил олгогчийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг санаатайгаар болон санамсаргүй зөрчсөн” тохиолдлыг “ноцтой зөрчилд” тооцохоор тус тус зааж, харилцан тохиролцсон байна.

            Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүрэг”, 18.2-т “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна.”, 18.2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалтгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.5-т “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх”, 18.2.8-т “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах”-аар тус тус заасан нь зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйл, 5.4, 5.4.14-т тус тус заасан заалтыг ажилтан Х. биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

            Хариуцагч болох Ажил олгогч нь ажилтнуудад “Сагстай өргөгчийн сургалт”-ыг зохион байгуулсан байдал нь хэрэгт авагдсан “Сургалтын бүртгэлийн хуудас”-аар хөдөлбөргүй нотлогдож байна.

            Нэхэмжлэгч нь Хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн Х.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хэлбэрийн болоод агуулгын алдаатай, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд гаргасан, Ням гаригт ажлын бус цагаар гаргасан учир хууль бус шийдвэр гэж тус тус маргадаг.

            Хэрэгт авагдсан баримтаар “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09б/05/17 дугаар тушаалаар тус компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар ажил олгогчийг төлөөлөн аливаа шийдвэр гаргах эдгээр шийдвэрийг гаргахад шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх, гэрээ байгуулах, цуцлах, тушаал гаргах зэрэг эрхийг Хүний нөөцийн менежер /Э.Шүрэнцэцэг/-т итгэмжлэн олгосон байх тул нэхэмжлэгчийн маргаж буй тушаал гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд хөдөлмөрийн гэрээг “Ням гариг”-т гаргасан эсэх нь хуулиар хориглоогүй байх тул хамааралгүй гэж үзлээ.

            Мөн нэхэмжлэгч нь ажил олгогч “ ” ХХК-ийг үйл ажиллагааны онцлогийн дагуу зайлшгүй мөрдөх ёстой Ажил олгогчийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн бичиг баримтыг танилцуулаагүй, анхааруулж байгаагүй гэж маргадаг боловч түүний тайлбар хэрэгт авагдсан 2016 оны 5 сарын 18-ны өдрийн 30б/05/16 дугаар “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай”   ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралтаар батлагдсан “Дотоод журам”, тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 149/05/16 дугаар тушаалаар “Оюу толгой” ХХК-ийн өндөрт ажиллах журмыг Оюу толгой төсөлд ажиллаж байгаа “ ” ХХК-ийн ажилтнуудад мөрдүүлэхээр баталж тус тус мөрдүүлэн ажиллаж байгаа зэргээр үгүйсгэгдэж байна.

            Иймээс, дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч “ ” ХХК нь ажилтан Х.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнээд нэхэмжлэгч Х.ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “ ” ХХК-д холбогдуулан гаргасан “ ” ХХК-ийн хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/05/17 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Х.ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ