| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0209/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/07
2025 01 09 2025/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2439000000220 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг 12 айлын орон сууцны хойд талд байсан Ц.******* эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргааш наадам болно гээд сум орсон чинь манай найз миний мотоциклыг унаад алга болсон. Тэгээд мал эзэнгүй болохоор нь 12 цагийн үед сумаас урагшаа гараад алхаж байсан чинь нэг мотоцикл байхаар нь буцаагаад авчирч өгнө гэж бодоод унаад явсан. Тэгээд наадам өнгөрсний дараа эзнийг нь олсон. Тэгээд *******тай уулзаад хөл дүүжлэх санаатай таны мотоциклыг унаад явсан юм аа гээд мотоциклыг нь өгөх гэсэн чинь би авахгүй надад 500,000 төгрөг өг гэсэн. Мөнгийг нь өгөхгүй жаахан удсан чинь цагдаад өгсөн байсан. Тэгээд үнэлгээгээр 1,500,000 төгрөг гарсан байсан. Би хохирол төлөөд мотоциклыг нь буцаагаад өгсөн...” гэв.
Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны үеэр яг хэдний өдөр байснаа санахгүй байна мотоциклтойгоо явж байгаад бороо их орсон байсан учраас шинээр тавигдаж байсан засмал зам хөндлөн гарч чадахгүй орхисон юм. Тэгээд орой болсон байсан учраас хонуулаад маргааш өглөө нь авах гэхэд байхгүй болсон байсан. Би тухайн үедээ миний мотоциклыг таньдаг нэг нь унаад явсан байх буцаагаад аваад ирэх байлгүй гэж бодоод өдийг хүртэл цагдаагийн байгууллагад хандаагүй юм. ... миний хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Миний мотоциклыг маань хулгайлан авч явсан манай нутгийн залуу болох ******* нь миний хохирол, төлбөрийг маань бэлэн мөнгөөр бүрэн барагдуулж, намайг хохиролгүй болгосон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... ******* нь надад хэлэхдээ тухайн үед миний мотоциклыг хүн унаад явчихсан байхаар нь би гэр рүүгээ харих гээд л таны мотоциклыг аваад явчихсан юм гэх утгатай зүйлийг ярьж хэлж байсан... ******* нь надтай уулзаад “Би таны мотоциклыг хулгайлчихсан юм аа. Таны мотоциклыг өгье” гэж л хэлсэн. Тэгэхээр нь би *******д хандан “Ах нь одоо наад мотоциклыг чинь авахгүй. Би шинээр мотоцикл авчихсан. Чи ахдаа зүгээр 500.000 төгрөг л өгчих. Тэгээд хоёулаа энэ асуудлаа нэг мөр дуусгая. Чи мөнгөө өгчихвөл ах нь гомдолгүй” гэж хэлсэн. Тэгэхэд ******* уг нь тэгье гэсэн боловч тэр өдрөөс хойш сураггүй алга болчихсон учир би энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн үед *******гээс яагаад мотоциклоо авахгүй гэсэн бэ гэхээр 1. Би шинээр мотоцикл авчихсан байсан, 2. Би хулгайд алдсан мотоциклоо авахгүй гэж хэлсэн. Өөрөөр надад ямар нэгэн шалтгаан энэ тэр бол байгаагүй...” гэжээ. (хх-ийн 12-13, 16-17, 78-79),
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ц.******* ахтай 2023 оны 08 дугаар сарын эхээр ******* суманд явж байгаад тааралдахад надад “ах нь наадмын үеэр хул шар өнгийн мотоциклоо хулгайд алдчихсан. Тэгээд яаж явган явж байх вэ гээд дахиад мотоцикл 500,000 төгрөгөөр худалдаж авч уналаа” гэж ярьж байсан. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын дундуур адуунд явж байгаад миний танил *******ийн ******* гэх залуугаас адуу сурахаар хөдөө гэрийн гадуур очтол Ц.******* ахын алдсан гэж байсан мотоцикл мөн бололтой гэрийнх нь урд талд урагшаа харуулаад хүнд данхраат дээр нь тавьчихсан байсан. Тэгээд би тухайн үед тэдний гэрт хүн байхгүй байсан болохоор цаашаа адуундаа явсан. Дараа нь Ц.******* ахад адилхан мотоцикл байсан талаар хэлнэ гэж байгаад мартчихсан байна лээ. ...******* өөрөө шаргал өнгийн Hensse гэдэг нэртэй мотоциклтой. Би 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******тэй хамт ******* суманд архи ууж байгаад хөдөө явъя гэхэд согтуурхаад байхаар нь би өөрөө унаж гэр рүүгээ яваад 2 хоногийн дараа эргүүлж өөрт нь хүлээлгэж өгч байсан...” гэжээ. (хх-ийн 20-21),
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “....би 2023 оны 07 дугаар сард яг хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна. Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 айлын орон сууцны хойд талд байсан ******* гэх хүний эзэмшлийн, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, хул шар өнгийн, Даюун маркийн мотоциклыг хулгайлсан асуудал гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. ... Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ... би тухайн үед мотоцикл хулгайлан авч яваад ойролцоогоор 7-8 хоногийн дараачаас нь уг хулгайлан авч явсан мотоциклоо эзэнд нь буцааж өгөх зорилгоор эзнийг нь хайж байгаад уг мотоциклыг манай сумын ******* ахын мотоцикл болохыг нь мэдсэн. Ингээд би уг хулгайлан авч явсан мотоциклоо 2023 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь бол хэлж мэдэхгүй байна ******* ахад мотоциклыг нь буцааж өгөх гэхэд ******* ах надад хандан “Би шинээр мотоцикл авчихсан. Наад мотоциклыг чинь авахгүй. Мөнгийг нь авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* ахын мотоциклыг нь сумын төв дээр нэг хамаатныхаа дүүгийн хашаанд нь түр аваачиж тавиад ******* ахад мотоциклынх нь мөнгө гэж 500.000 төгрөг өгөхөөр ******* ахтай харилцан тохиролцсон юм. Тэгээд би ******* ахад мотоциклынх нь мөнгийг өгч чадахгүй явсаар байгаад саяхан буюу 2024 оны 06 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь бол хэлж мэдэхгүй байна, мотоциклынх нь мөнгө гэж 500.000 төгрөгийг данс руу шилжүүлэн өгч ******* ахыг хохиролгүй болгосон. Тэгээд би мөн өөрийн хулгайлан авч явсан мотоциклоо ******* ахыг аваарай гэж хэлсэн бөгөөд ******* ах манай хамаатны дүүгийн хашаанаас мотоциклоо очиж авахгүй явж байгаад 2024 оны 07 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь бол хэлж мэдэхгүй байна, манай хамаатны дүүгийн хашаанаас өөрөө очиж мотоциклоо авсан байсан. Одоо уг мотоцикл ******* ах дээр байгаа...” гэжээ. (хх-ийн 37-38, 83-84),
Гэрч Г.ын мэдүүлэг (хх-ийн 23-24),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШД-158 дугаартай “...Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 1,500,000.0 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 27-29),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6),
Ц.******* Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 8),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 50-51),
Ц.******* Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 71),
С.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 63-65),
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай тэмдэглэл (хх-ийн 104-107),
С.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар (хх-ийн 53, 54, 55, 56, 58, 59) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2023 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг 12 айлын орон сууцны хойд талд байсан Ц.******* эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргааш наадам болно гээд сум орсон чинь манай найз миний мотоциклыг унаад алга босон. Тэгээд мал эзэнгүй болохоор нь 12 цагийн үед сумаас урагшаа гараад алхаж байсан чинь нэг мотоцикл байхаар нь буцаагаад авчирч өгнө гэж бодоод унаад явсан. Тэгээд наадам өнгөрсний дараа эзнийг нь олсон. Тэгээд *******тай уулзаад хөл дүүжлэх санаатай таны мотоциклыг унаад явсан юм аа гээд мотоциклыг нь өгөх гэсэн чинь би авахгүй надад 500,000 төгрөг өг гэсэн. Мөнгийг нь өгөхгүй жаахан удсан чинь цагдаад өгсөн байсан. Тэгээд үнэлгээгээр 1,500,000 төгрөг гарсан байсан. Би хохирол төлөөд мотоциклыг нь буцаагаад өгсөн...” гэх, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай найз мотоциклыг унаад явчихсан. Тэгээд би унаагүй болоод замд таарахаар нь унаад явсан...” гэх, “...хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны үеэр яг хэдний өдөр байснаа санахгүй байна мотоциклтойгоо явж байгаад бороо их орсон байсан учраас шинээр тавигдаж байсан засмал зам хөндлөн гарч чадахгүй орхисон юм. Тэгээд орой болсон байсан учраас хонуулаад маргааш өглөө нь авах гэхэд байхгүй болсон байсан. Би тухайн үедээ миний мотоциклыг таньдаг нэг нь унаад явсан байх буцаагаад аваад ирэх байлгүй гэж бодоод өдийг хүртэл цагдаагийн байгууллагад хандаагүй юм. ... ******* нь надад хэлэхдээ тухайн үед миний мотоциклыг хүн унаад явчихсан байхаар нь би гэр рүүгээ харих гээд л таны мотоциклыг аваад явчихсан юм гэх утгатай зүйлийг ярьж хэлж байсан...” гэх, гэрч Э.*******ын “...*******тэй хамт ******* суманд архи ууж байгаад хөдөө явъя гэхэд согтуурхаад байхаар нь би өөрөө унаж гэр рүүгээ яваад 2 хоногийн дараа би өөрт нь хүлээлгэж өгч байсан...” гэх мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШД-158 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Ц.******* Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Ц.******* Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******г “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл байдаг.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинж нь Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байхыг шаарддаг.
Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1.”автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг; гэж,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.2. “автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг гэж зааснаас үзэхэд мотоциклыг автотээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.******* “...******* нь надад хэлэхдээ тухайн үед миний мотоциклыг хүн унаад явчихсан байхаар нь би гэр рүүгээ харих гээд л таны мотоциклыг аваад явчихсан юм гэх утгатай зүйлийг ярьж хэлж байсан...” гэх, шүүгдэгч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргааш наадам болно гээд сум орсон чинь манай найз миний мотоциклыг унаад алга босон. Тэгээд мал эзэнгүй болохоор нь 12 цагийн үед сумаас урагшаа гараад алхаж байсан чинь нэг мотоцикл байхаар нь буцаагаад авчирч өгнө гэж бодоод унаад явсан. Тэгээд наадам өнгөрсний дараа эзнийг нь олсон. Тэгээд *******тай уулзаад хөл дүүжлэх санаатай таны мотоциклыг унаад явсан юм аа гээд мотоциклыг нь өгөх гэсэн чинь би авахгүй надад 500,000 төгрөг өг гэсэн. Мөнгийг нь өгөхгүй жаахан удсан чинь цагдаад өгсөн байсан...” түүний мэдүүлгийг нотолж байгаа гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******тэй хамт ******* суманд архи ууж байгаад хөдөө явъя гэхэд согтуурхаад байхаар нь би өөрөө унаж гэр рүүгээ яваад 2 хоногийн дараа би өөрт нь хүлээлгэж өгч байсан...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн ******* сумын төвд Э.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Э.******* нь С.*******г сумын төвд үлдээж мотоциклыг нь унаж явсан, С.******* нь гэртээ харихаар явж байхад нь эзэнгүй мотоцикл таарахаар нь гэр рүүгээ харих зорилгоор буюу хөл дүүжилж Ц.******* мотоциклыг унаж явсан үйл баримт тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс С.******* нь тухайн мотоциклыг өөр дээрээ байлгаад байгаа нь завших зорилготой байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч С.*******гийн “...2023 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь бол хэлж мэдэхгүй байна ******* ахад мотоциклыг нь буцааж өгөх гэхэд ******* ах надад хандан “Би шинээр мотоцикл авчихсан. Наад мотоциклыг чинь авахгүй. Мөнгийг нь авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* ахын мотоциклыг нь сумын төв дээр нэг хамаатныхаа дүүгийн хашаанд нь түр аваачиж тавиад ******* ахад мотоциклынх нь мөнгө гэж 500.000 төгрөг өгөхөөр ******* ахтай харилцан тохиролцсон юм...” гэх, түүний мэдүүлгийг нотолсон хохирогч Ц.******* “...Би тухайн үед *******гээс яагаад мотоциклоо авахгүй гэсэн бэ гэхээр 1. Би шинээр мотоцикл авчихсан байсан, 2. Би хулгайд алдсан мотоциклоо авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч С.******* нь Ц.******* орхиж явсан улсын дугааргүй улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклыг завших санаа зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.
Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.*******гийн үйлдэлд хохирогч Ц.******* мотоциклыг завших буюу өөрийн болгож захиран зарцуулах санаа зорилго тогтоогдоогүй, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинж агуулагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч С.******* нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч С.******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч С.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн тул шүүгдэгч С.*******г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Харин улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч С.*******гийн хувьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сард Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны “... санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ...” гэсэн ойлголтыг хэргийн үйл баримт, түүнд өгөх хууль зүйн дүгнэлтээр тодорхойлох ба цаг хугацааны хамаарал, гэм буруугийн хэлбэрийг гол шалгуур болгож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхийг шүүхэд үүрэг болгосон.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаа” гэх ойлголт нь шийтгэх тогтоол хэзээ хүчин төгөлдөр болсон, гүйцэтгэх хуудас хэзээ бичигдсэн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэзээ үүсгэж, хувийн хэрэг нээснээс үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох тул Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс тэнссэн хугацааг тоолох бөгөөд С.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан гэж үзнэ.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******* эд хөрөнгөд 1,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...С.******* нь миний хохирлыг барагдуулж 1.500.000 төгрөг өгсөн тул надад гомдол байхгүй...” гэх хүсэлтийг (хх-ийн 71) Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч С.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР