Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02923

 

 

 

 

 

 

2020 12 14

181/ШШ2020/02923

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Н.А

хариуцагч:  н.н

гэрээний үүрэгт 842.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н.А, хариуцагч Н.н.н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Би Н.н.нтай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж 1 жилийн хугацаатай, сарын 730.000 төгрөгөөр, барьцаанд 500.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Миний бие гэрээнд заасан хугацааны дагуу 2020 оны 5 дугаар сарын 5-нд байраа буцаан хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар барьцаанд төлсөн мөнгийг гэрээ дууссанаас хойш 1 сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 5-ны өдөр өгөх байсан ч өнөөг хүртэл өгөөгүй. Иймд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 137 хоногийн алдангид 342.500 төгрөг, барьцааны 500.000 төгрөг, нийт 842.500 төгрөгийг хариуцагч Н.н.нгаас гаргуулж өгнө үү.

Н.н.н анхнаасаа дүү Отгонбаатартай харьцаж бай гэсэн, Отгонбаатар надад байр хүлээлгэн өгсөн, бас надаас хүлээн авсан. Би энэ байранд бүх засварыг нь өөрийн зардлаар хийж, эд нарт 1 жилийн дотор 8,000,000 төгрөгийн хөлс өгөөд, Н.н.нгийн дүүд гэрээнд заасан модон шүүгээ, улаан хөргөгч, интернет төхөөрөмж 3-ын хамт 05 дугаар сарын 05-ны өдөр байрыг буцааж бүрэн хүлээлгэж өгсөн. 05 дугаар сарын 05-ны өдөр байр хүлээлгэж өгөхөд дотор нь олон зүйл байсан. Би анх байр хүлээж авахдаа өөрөө зардал гаргаж засна харин чи байранд байгаа эд хогшлоо ав гэж хэлэхэд за гэж хэлээд алга болчихсон. Би утсаар залгаж гал тогооны өрөөнд засвар оруулах гээд байна. Чи зуух, хөргөгч, хөлдөөгч, гал тогооны салж унах гэж байгаа тавилгуудаа ав гэж хэлсэн боловч аваагүй. Н. Отгонбаатар дараа нь утсаар хэрэггүй гаргаад хаячих гэж хэлсэн. Зуух, хөлдөөгч, хивсийг нь би машин хөлсөлж өөрөө зардал гаргаж түүний зусланд нь хүргэж өгсөн. Анх 05 дугаар сарын 05-ны өдөр байранд ороход өөрөө гаргаж хая гэж ярьсан мөртлөө намайг 12 дугаар сард Австри Улсад байхад бөөн асуудал үүсгэж би буцаж ирээд албан ёсоор гэрээ байгуулсан. Тэгэхэд гэрээнд ямар ч гал тогооны хэрэгсэл яриагүй, бичээгүй. 12 дугаар сард байранд байгаа тавилгуудаа бүгдийг нь харж хүлээлцсэн. Байранд байсан 3 ширхэг байгаа эд зүйлээрээ тохирсон мөртлөө одоо жилийн дараа барьцааны 500,000 төгрөгөө авах гэтэл гал тогооны тавилга яриад өгөхгүй гэж ярьж байгаа нь үндэсгүй.

Нэгдүгээр асуудал нь гал тогооны тавилга, хоёрдугаарт хаалганы асуудал гэнэ. Хаалганы хувьд миний буруу бол байсан. Гэхдээ 100 хувь миний буруу биш. Миний өгсөн зургийн 2 дугаар хуудсанд зураг нь байгаа. Засвар хийж байхад 30 гаран жил ашиглаж муудсан хаалга нь арамаараа салж унасан. Миний шинээр хийсэн арам зурган дээр байна. Би засвар хийж байсан хүнийг унасан хаалгыг хашаандаа аваачаад тавьчих, зайгүй байна гэж хэлсэн. Одоо тэр хүний утас нь болохгүй байгаа. Би Н.н.н гэдэг хүний дүүтэй 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр утсаар тохирох гэж оролдсон, хаалгандаа мөнгөө суутгаад үлдэгдэл мөнгө өг гэтэл нэг төгрөг ч өгөхгүй гэсэн. Эгчтэй нь ярихаар дүү рүүгээ чихээд байдаг. Би ямар ч тооцоогүй байр түлхүүрийг нь буцааж өгсөн тул хариуцагч өөрөө барьцаа буцааж өгөхгүй байгаад алданги тооцох ёстой гэж бодож байна.

Гэрээнд 1 ширхэг шүүгээ, 1 ширхэг хөргөгч, интернетийн тавилга гэж бичсэн мөртлөө сая ярихдаа гал тогооны тавилга болгох юм. Модон тавилга, гал тогооны шүүгээ гэж тэс өөр 2 өөр зүйл. 2019 оны 12 дугаар сард гэрээ байгуулахад ямар ч гал тогооны тавилга дурдаагүй, учир нь өмнө 5 сард надад хаячих гэж хэлснээр нь би гаргаад хаяихсан байсан. Би өөрийнхөө гал тогооны тавилгыг тавьж байгаад гарахдаа авсан. Барьцааны мөнгө буцааж өгөх болохоор дүү нь гал тогооны тавилга яриад эхэлсэн. Модон шүүгээ нь том өрөөнд нь байсан. Би модон шүүгээг нь өгсөн. Одоо болохоор модон шүүгээгээ гал тогооны тавилга болгож худлаа зүйл ярьж байна. Өнгөрсөн жилийн 05 дугаар сард дүү итгэмжлэл явуулаагүй байгаа гээд гэрээ байгуулаагүй байсан.

Отгонбаатар та 2 асуудлаа хоорондоо ярьчаарай гэсэн. Тиймээс би асуухад Отгонбаатар гал тогооны шүүгээг, угаалтуурыг ч гаргаж хая гэсэн. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байрны түлхүүр авсан. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүтэн жилээр нь 8,000,000 төгрөгийн хөлс төлсөн. Сарын өмнө би энэ нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгөхөд шүүгчийн туслах нь Н.н.н гэдэг хүн ирж уулзаад, хаалганы л асуудал ярьсан гэж байсан. Одоо гэтэл гал тогооны тавилга болгоод явчихдаг гайхаж байна. Энэ хаалга 30 жил болсон ашиглагдахгүй хаалга. Хоёрдугаарт би зүгээр байсан хаалгыг авч хаяагүй. Би буруугаа хүлээж мөнгөө хас гэсэн. Би хаалганд 50000 төгрөг өгнө. Гал тогооны тавилгын хувьд би мөнгө өгөхгүй. Би гал тогоог чинь өөрийн зардлаар цэвэрлэсэн, зассан. Би энэ мөнгөө аваагүй.

Хэрвээ би төлбөрийн үлдэгдэлтэй байсан бол надаас төлбөрийн алданги авна гэж гэрээн дээр бичсэн тул яг адилхан барьцааг өгөөгүй хугацаанаас алданаги авна гэж үзсэн гэв.

Хариуцагч нэхэмжлэлээс зарим хэсгийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Энэ байр манай дүү Н.Нямсүрэнгийн байр. Дүү гадаадад Герман Улсад амьдардаг учраас би итгэмжлэл авч Н.Атэй дүү Н.Нямсүрэнгийнхээ өмнөөс гэрээ байгуулсан. Дүү Отгонбаатар байрны бүх төлбөр мөнгийг авдаг. Би Н.Атэй маргаад байх зүйл байхгүй. Н.А байраа хүлээлгэж өгсөн, төлбөрөө бүрэн өгсөн.

Би Отгонбаатарт та 2 учраа олоод барьцааны мөнгийг өг гэж хэлсэн. Манай дүү надад гал тогоо руу орох өрөөний модон хаалга, гал тогоонд байсан хуучин тавилга, угаалтуур байхгүй байна. Байхгүй байгаа тавилгын учрыг олоод ойлголцвол би мөнгийг нь өгье гэж хэлсэн. Гэрээнд гал тогооны тавилгыг модон шүүгээ гэж тусгагдсан, зураг дээр ч гарсан. Н.Агийн өгсөн зураг дээр ч 5 ширхэг гал тогооны шүүгээ байгаа. Гал тогооны тавилга хуучирсан байсан нь үнэн, гэхдээ хүний хэрэгцээг хангаж байсан болохоор бид нар байлгаж байсан. Түрээсэлж байгаа хүмүүс юмаа хийгээд амьдраад болоод байдаг. Энэ тавилга дээр учраа олбол Н.Агийн мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Н.А одоо гал тогооны тавилга байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Н.А надтай гэрээ байгуулсан мөртлөө тавилга гаргаж хаяхдаа надад хэлсэн бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан. Надад хэлсэн бол би өөрийн гараашид авчирч байгаад дараа нь байр хүлээлгэж өгсний дараа буцаагаад тавих байсан. Барьцаа 500,000 төгрөгийн хувьд алданги тооцох заалт гэрээнд байхгүй. Тийм учраас би алданги өгч чадахгүй. Алданги түрээсийн төлбөр дээр тохирсон болохоос барьцаа буцааж өгөх асуудал дээр алданги тооцох заалт байхгүй. Хэрэв байрны хийц өөрчлөх, байгаа тавилгыг гаргаж хаяхаар бол гэрээ хийсэн хүнд хэлнэ гэж байгаа. Манай дүү Отгонбаатар 4 эгчтэй, айлын бага учраас эрх, ааш хэцүү болохоор би Н.Атэй аль болох эвтэй байдлаар ярьж, ойлголцох гэж оролддог.

Энэ байранд өмнө нь манай Отгонбаатар дүү амьдарч байсан. Гэрээ байгуулахдаа байранд би очоогүй. Би нотариат дээр очиж шууд гэрээ байгуулсан.

Тэр үед гал тогооны тавилга байгаа гэж л оруулж гэрээ байгуулсан. Хүлээлгэж өгсөн зургаараа ч гэсэн баталгаажиж байна.

Барьцааны 500,000 төгрөгийг дүү Отгонбаатар өгөх ёстой. Манай дүүгийн данс руу түрээсийн болон барьцааны мөнгө нь орсон.

Би хаалганы 50000 төгрөгийг хасаад барьцааны мөнгийг нь өгье. Орон сууц хөлслөх гэрээнд барьцааны мөнгөнд алданги тооцно гэсэн заалт байхгүй учир алданги 342.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Н.А нь хариуцагч Н.н.нд холбогдуулан барьцаа 500 000 төгрөг болон түүнд алданги тооцон дүнгээр 342 500 төгрөг бүгд 842500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хаалганы үнийг тооцон хасая гээд үлдэх шаардлагаа бүрэн дэмжиж тайлбар гаргасан.

Хариуцагч тал Ц.Н.Аг гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж, орон сууцыг хүлээлгэн өгсөн тул барьцааны мөнгийг буцаан өгнө гээд харин гал тогооны шүүгээ мөн хаалгыг мэдэгдэлгүй гаргаж хаясан тул барьцааны мөнгөнөөс хасч тооцно гээд хаалганы үнэнд 50 000 төгрөг тооцон хасч үлдэх мөнгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар зэргээр;

Иргэн Н.н.нд 2019 оны 6 сарын 8-ны өдрөөр огноолсон Герман Улсад амьдардаг Н.Нямсүрэнгээс өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 10 дугаар байрны 12 тоот 4 өрөө орон сууцыг хөлслүүлэх, түрээслүүлэх, үүнтэй холоотой гэрээ хийх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, нотариатад төлөөлөх, улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээ өгч бүртгэл хийлгэх, авах зэрэг үйлдэл хийх эрхийг 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон/хэргийн 6/, Н.н.н Ц.Н.А нар амаар тохиролцон 2019 оны 5-р сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 10 дугаар байрны 12 тоот 4 өрөө орон сууцыг хөлслөхөөр болсон, орон сууцанд өмнө нь амьдарч байсан Н.Нямсүрэн, Н.н.н нарын төрсөн дүү Н.Отгонбаатар Н.н.нгийн зөвшөөрлөөр орон сууцыг хүлээлгэн өгснөөр Ц.Н.А орон сууцыг хүлээн авсан,

үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Н.А, Н.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.н.н нарын хооронд орон сууц хөлслөх тухай гэрээ/хэргийн 4-5/ бичгээр байгуулагдсан, гэрээнд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 10 дугаар байрны 12 тоот 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Н.А 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаатай, талууд хөлслүүлэх эхний 1 жилд жилээр нь тооцож бөөнд нь 8 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн, үлдэгдэл 4 сарын төлбөр 2.920.000 төгрөгийг 2020 оны 04 сарын 20-ны өдөр хөлслүүлэгчид төлөх, хэрэв энэ төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 2020 оны 05 сарын 05-ны өдөр гэрээг цуцлах, хөлслөгч 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл нэг хоногийн 0,5 хувиар алданги тооцож хөлслүүлэгчид төлөх, барьцааны мөнгө 500 000 төгрөгийг хөлслүүлэгчид 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа, төлбөрийн болоод гэрээнд заасан бусад асуудлаар үүрэг зөрчөөгүй тохиолдолд хөлслүүлэгч хөлслөгчид буцаан өгөхөөр тохиролцсон, хөлслүүлэгч хөлслөгч талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө нөгөө талдаа урьдчилан мэдэгдэнэ гэжээ.

Гэрээнд тохиролцсоноор Ц.Н.А хөлс 8 000 000 төгрөгийг орон сууцыг 2019 оны 5 сарын 5-ны өдөр хүлээн авч нүүж орсон өдрөө төлсөн, барьцаа 500 000 төгрөгийг гэрээ байгуулсан 2019 оны 12 сарын 6-ны өдөр тохирсон хугацаандаа бүрэн төлсөн, гэрээний 3.5-д заасан улаан том хөргөгч, цахилгаан холбооны модем, модон шүүгээ зэрэг тавилгатай орон сууц хүлээн авсан, Ц.Н.А хөлслүүлэгчид мэдэгдэн орон сууцанд засвар хийсэн, 2020 оны 5 сарын 5-ны өдөр хариуцагч тал орон сууцаа хүлээн авснаар талууд тохиолцон гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан хуулийн шинж агуулга бүхий хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдэж, талууд гол нөхцлөө тохиролцон эрх үүргээ хэрэгжүүлсэн байна.

Харин хөлслөгч орон сууцыг бүрэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн эсэх, хариуцагч тал хүлээлгэн өгсөн дээрх орон сууцанд гал тогооны 5 шүүгээ бүхий тавилга хүлээлгэн өгсөн эсэх, хөлслүүлэгч барьцааны мөнгийг тохирсон хугацаанд төлөөгүй үед алданги хариуцахаар тохиролцсон эсэхэд маргаж байна.

Маргаж байгаа гал тогооны 5 ширхэг шүүгээ, угаалтуур бүхий тавилгын хувьд гэрээний 3.5 заалтад нарийвчлан заагаагүй, том өрөөнд мөн модон шүүгээ байсан, хөлслөгч том өрөөний модон шүүгээг хүлээлгэн өгсөн болохыг талууд маргаагүй.

Нэхэмжлэгч бичгээр гэрээ хийгдэхээс өмнө 2019 оны 5 сарын 5-ны өдөр нүүж ороход гал тогооны өрөөнд хуучирсан модон шүүгээнүүд байсан болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн гэрэл зураг/хэргийн 8-9/-аас харагдана.

Талуудын тайлбараар уг орон сууцанд өмнө нь амьдарч байсан төрсөн дүү Н.Отгонбаатар орон сууцыг Ц.Н.Ад хүлээлгэн өгсөн байх ба нэхэмжлэгч засвар хийх үедээ Н.Отгонбаатарт гал тогооны хуучирч муудсан шүүгээнүүдээ ав гэхэд гаргаад хаячих гэж хэлснээр нь хаясан гэж тайлбарлаж байна.

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй ба Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх-ийг хөлслүүлэгчийн үүрэг болгон зохицуулсан тул хөлсөлж буй сууцны доторх тавилгыг хүлээлгэж өгөх үүрэг хариуцагчид байсан, энэ үүргээ биелүүлсэн гэх баримт гал тогооны шүүгээний хувьд нотлогдохгүй байх тул хуучирч муудсан шүүгээг хэрэглэхгүй, ирж ав гэж орон сууцыг хүлээлгэж өгсөн дүүд нь хэлж мэдэгдэхэд гаргаж хая гэснээр хаясан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэхгүй, түүнийг буруутгах үндэсгүй,Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6.хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэхүүргээ хөлслөгч Ц.Н.А хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр орон сууц тавилгыг хүлээлгэн өгч, түүний эрх үүргийг хэрэгжүүлсэн төрсөн дүүд нь мэдэгдэж, хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч Н.н.н гал тогооны шүүгээ, угаалтуурыг үнэлж шаардаагүй нь дээрх байдлыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болно.

Гэрээний 5.2-т хөлслөгч байранд өөрийн зардлаар засвар хийж болохыг тохирсон, харин нэхэмжлэгч засвар хийхдээ өрөөний хаалгыг салгаж хүнд өгч явуулсан нь гэрээний 5.7-д хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байхгэж заасныг зөрчсөн буруутай, Иргэний хуулийн 289.1.4.хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, 289.1.5.гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөхүүргээ хөлслөгч зөрчсөн гэж үзэж, хариуцагчийн олон жил хэрэглэсэн хуучирсан гэж 50 000 төгрөгөөр үнэлснээр тооцон үнийг нэхэмжлэгчид хариуцуулав.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.гэж заасан, талуудын гэрээнд нэг дэх хэсгийн 5-д хөлслүүлэх төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, 2020 оны 4 сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 сарын 28-ны өдөр хүртэл нэг хоногийн 0,5 хувийн алданги тооцож хөлслүүлэгчид төлнөгэсэн нь хөлслүүлэгчийн 8 хоногийн хугацааны алданги тооцон хөлслөгчөөс шаардах эрхийг тохиролцсон, харин гэрээнд хөлслүүлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд хөлслөгч алданги хариуцуулах тохиролцоо байхгүй байна.

Гэрээний гол нөхцлийн талаар талууд маргаагүй ба алданги тохирсон стандарт нөхцлийн талаар мөн маргаагүй болно.

Иймд барьцаа мөнгөний шаардлагад анзын гэрээ бичгээр хийгдээгүй тул нэхэмжлэгч гэрээнд тохиролцоогүй алданги шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Н.н.нгаас барьцаанд төлөгдсөн 500 000 төгрөгөөс хаалганы 50 000 төгрөгийг суутган үлдэх 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 392 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан дүнгээр хариуцагчид хариуцуулан үлдэх хэсгийг нэхэмжлэгчид хариуцуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 289 дүгээр зүйлийн 289.1.5., 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг тус тус баримтлан Н.н.нгаас 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төгрөгийг гаргуулж Ц.Н.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 392 500 /гурван зуун ерэн хоёр таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н.Агээс 14 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ