Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00874

 

 

 

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00874

Хөвсгөл аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Н.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Д.Б-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 155/2021/00817/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Н.М (цахим), хариуцагч Д.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2015 оны 2 дугаар сард танилцаж, үерхэж байгаад 2016 онд 5 сартай хүүхдээ алдаж байсан. Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ 2-5 хоног гэртээ ирэхгүй утсаа ундрааж, ажлаа таслаад явчихдаг байсан. Би 5 сартай жирэмсэн байхдаа хариуцагчийн араас их хөөцөлдөж явдаг байсан. Үүнийг хариуцагчийн аав, ээж, ах дүү нар нь бүгд мэднэ. Архи хэрэглэхээ болихгүй юм бол салъя гэхэд Д.Б би дахиж архи ууж, дэмий тэнэж, олон хоногоор явахгүй гэж амлалт өгдөг байсан учир би итгэж 2016 оноос хойш дахин хамт амьдарч 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Ш төрсөн. Охиноо төрснөөс хойш нааш цааш ирэн очин байж байгаад хүүхдээ нэг ой хүрсний дараа бид хоёрыг хаяад явсан. 2016 онд 5 сартай хүүхэд маань зулбасан шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж ...багадаа 9-10 хоногоор тэр эмэгтэйтэйгээ архидан согтуурдаг байсан. Би тэр эмэгтэйн гэрт нь очиж Д.Бийг авч байсан удаатай. Тиймээс ийм хүнтэй цаашдаа хамт амьдрах бодолгүй байна. Хүүхдээ нэг нас хүрснээс хойш Д.Б нь хүүхэдтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй.

Тусдаа амьдарч салах болсон шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. Хүүхэд нь гарахаар гайгүй болчих болов уу гэж итгэж явсаар байгаад би энэ хүнээр амьдралаа тоглуулсан. Дээрх байдлыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Шыг эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Боос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү. ...2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. ...Хариуцагч нь манайд амьдардаг байсан. Тусдаа гараагүй байсан. ...Охин Б.Ш Д аймгийн Д сумын 4 дүгээр цэцэрлэгийн ахлах А бүлэгт явж байгааОхин маань эрүүл саруул бойжиж байгаа. ...Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. ...2019 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Охин бид хоёрыг орхиж явснаасаа хойш охин дээрээ нэг удаа ч ирээгүй, асууж сураглаж байгаагүй.

...Би өөр хүнтэй гэр бүл болж хамтран амьдарсан зүйл байхгүй. ...Өөрөө Р суманд англи хэлний багш эмэгтэйтэй гэр бүл болчихоод намайг хамтран амьдрагчтай болсон гэж хэлээд зогсож байхаасаа ичээрэй. ...Хариуцагчтай амьдарч байх хугацаандаа би хүүхдээ өнчрүүлэхгүй гэж их тэвчиж амьдарсан. Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх юм бол багадаа 7-10 хоног ор сураггүй болж, би араас нь хайж хайж сургийг гаргахад эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байсан. Би ийм хүнтэй цаашдаа амьдрахыг хүсэхгүй байна. Би энэ хүнийг олон хоногоор архи ууж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явдаггүй байсан бол би зууралдаал хамт амьдрах байсан.гэв.

Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2015 оны 02 дугаар сард танилцсан. 2016 оны 8 дугаар сард гэрлэлтээ батлуулж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Ш төрсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан нь үнэн. Бид тусдаа амьдраад 3 жил болсон. Н.М нь хамтран амьдрагчтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байна. Манай найзууд хотод таараад дугаарыг нь асуухад дугаараа өгөөгүй байсан. Би хүүхэдтэйгээ нэг ч удаа холбоо барьж байгаагүй нь үнэн. Холбоо барьдаггүй байсан шалтгаан нь дугаарыг нь мэддэггүй. Фейсбүүкээр холбоо барих гэхээр миний фейсбүүкийг блок хийсэн байсан. Иймд гэрлэлт цуцлуулж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Шыг эх Н.Мийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхэд бага байгаа тул эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй2019 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байгаагэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь Д.Бид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2015 оны 02 дугаар сард танилцаж, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 115/004590 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Ш төрсөн болох нь 6701000024 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдов. (хх-ийн 7, 9, 10 дугаар тал)

Нэхэмжлэгч Н.М, хариуцагч Д.Б нар нь хоорондын таарамжгүй харьцаа, хариуцагчийн согтууруулах ундаа хэрэглэдэг байсан, гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэж байсан зэргээс болоод хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн нас зэргийг харгалзан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Шыг эх Н.Мийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Боос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Шыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Бийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.Боос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Н.М нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Н.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 105,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мт олгохоор тогтлоо.

Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Мт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Бид тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Б, Н.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Ш -ыг эх Н.Мийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Ш-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Боос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Бид, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Н.Мт тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос улсын тэмдэгтийн хураамж 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мт олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Мт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Бид тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ