| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03522/И |
| Дугаар | 181/ШШ2020/02958 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2020/02958
| 2020 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2020/02958 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.М ХХК /РД: ............./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: И.Э трейд ХХК /РД: ............./-д холбогдох
Бараа материал худалдах, худалдан авах гэрээг цуцлах, 87,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, түүний өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Э трейд ХХК нь Домофон нийлүүлэх ёстой байсан ч хугацаанд нь нийлүүлээгүй мөн биет байдлын доголдолтой Домофон нийлүүлсэн. Иймээс И.Э трейд ХХК-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Бараа материал худалдах, худалдан авах гэрээг цуцлуулах, Домофон системийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 58,500,000 төгрөг, алданги 29,250,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг И.Э трейд ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулж нийт 58,500,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Тоног төхөөрөмжийг ажлын 3 хоногт нийлүүлэхээр тохиролцсон. Гэтэл нийлүүлсэн гэх домофон систем нь биет байдлын доголдолтой, чанаргүй, систем нь хуучирсан ашиглагдахгүй болсон, дагалдах хэрэгсэл нь дутуу стандартын шаардлага хангахгүй төхөөрөмжийг өгсөн юм. И.Э трейд ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон И.М ХХК-д өгч байсан хүсэлтдээ төлбөр төлөх асуудал болон доголдолтой бараа нийлүүлсэн гэдэгт маргадаггүй. Зарим эд хөрөнгө аль нэг талаас шалтгаалж эвдэрсэн байх юм бол түүнийг нь үндсэн төлбөрөөс хасуулъя. Дараа нь тоног төхөөрөмжийг хүлээлцэх үед гэмтэл доголдолтой, дутуу, буруу хэрэглэсэн байвал хариуцагч тал тусад нь нэхэмжлэл гаргаад шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв манай зүгээс шалтгаалсан байх юм бол үндсэн төлбөрийн үнийн дүнгээс хасаж тооцоход асуудалгүй.
Домофон системийг хугацаанд нь нийлүүлээгүй, мөн ажлаагүйгээс болоод өөр компаниар домофон систем нийлүүлэгдсэн. И.М ХХК болон И.Э трейд ХХК нар нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Ингэхдээ нэмэлт гэрээнд алдангийн талаар харилцан тохиролцсон. Иймд домофон системийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 58,500,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 29,250,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг И.Э трейд ХХК-аас нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани И.М ХХК-тай Самсунг брэндийн Home automation-ийн системийн тоноглол нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу барилгын талбай нийлүүлэх естой тоногтөхөөрөмжийн 90% нийлүүлсэн бөгөөд тухайн компаний няравт хүлээлгэн өгсөн болно.
Гэвч энэхүү гэрээгээр нийлүүлэх тоног төхөөрөмжүүд нь Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн хотхон орон сууцнуудад суурилуулж хэвийн ажиллаж байгаа болно. Тоног төхөөрөмжүүдийг барилгын тайлбай дээр хүргэж өгөх уг төхөөрөмжүүд хайрцаг баглаа боодолтой хүлээлгэн өгсөн болно. Тиймээс энэхүү төхөөрөмжүүдийг биет байдалын доголдолтой чанаргүй систем нь хуучирсан ашиглагдахгүй болсон стандарт шаардпага хангаагүй гэж нийлүүлэгч талаас үзэхгүй байна. Бид үндсэн гэрээнд тусгагдаагүй нэмэлтээр тоног төхөөрөмж суурилуултын ажлыг гүйцэтгэж 1 блок байрны тоноглолуудыг суурилуулж гүйцэтгэсэн болно. Захиалагч тал манай нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг туслан гүйцэтгэгч хувь хүмүүсээр хийлгэж тоног төхөөрөмжүүдийг гэмтээсэн эвдсэн тохиолдолууд гарсан.
Тиймээс дээрх үндэслэлүүдээр захиалагч талын хүү торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй ба гэрээний урьдчилгаа төлбөрийг гэрээ цуцлагдсан учир нийлүүлэгч тал тодорхой хугацаа тохирон барагдуулах ба төлбөр барагдуулахдаа тоног төхөөрөмжүүдийг тоо ширхэг ажиллагааны хэвийн эсэхийг шалган хүлээн авч эвдэрсэн тоног тоног төхөөрөмжүүдийн үнийг үндсэн гэрээний урьдчигаа буцаан төлөх дүнгээс хасуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.М ХХК нь хариуцагч И.Э трейд ХХК-д холбогдуулан Бараа материал худалдах, худалдан авах гэрээг цуцлах, 87,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тоног төхөөрөмжийг бодитойгоор хүлээлгэн өгсөн, эвдэрч гэмтсэн зүйлийг үндсэн үүргээс хасуулах гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Зайсан И.М хотхоны Б, В блокын 85 айлын орон сууцанд 85 айлын домофон систем төхөөрөмж, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, И.М ХХК нь 65,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарч байх бөгөөд дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт 58,500,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хариуцагч нь 79 ширхэг домофон систем, 20 ширхэг хонх нийлүүлсэн. Уг төхөөрөмж нь ажиллагаагүй, ашиглах боломжгүй байсан тул удаа дараа мэдэгдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталгаа гаргасан боловч үүргээ гүйцэтгээгүй. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 58,500,000 төгрөг болон гэрээнд заасан алданги 29,250,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг гаргуулан авч, нийлүүсэн барааг буцаан өгөхөөр нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Урьдчилгаа төлбөрийг гэрээ цуцлагдсан учир нийлүүлэгч тал тодорхой хугацаа тохирон барагдуулах ба төлбөр барагдуулахдаа тоног төхөөрөмжүүдийг тоо ширхэг ажиллагааны хэвийн эсэхийг шалган хүлээн авч эвдэрсэн тоног төхөөрөмжүүдийн үнийг үндсэн гэрээний урьдчилгаа буцаан төлөх дүнгээс хасуулах хүсэлтэй байна. Хүү, торгуулийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.
Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзсан болон урьдчилгаа төлбөр 58,500,000 төгрөг төлөх үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч И.Э трейд ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 58,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.М ХХК-д олгож, И.М ХХК-аас гэрээний дагуу нийлүүлсэн домофон систем төхөөрөмж, түүнтэй холбоотой баримт бичгийг гаргуулж, хариуцагч И.Э трейд ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг барагдуулах шаардлага гаргах боломжтой бөгөөд анз шаардах эрхгүй юм. Иймд, алданги 29,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч И.Э трейд ХХК болон И.М ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Бараа материал худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн 58,500,000 төгрөгийг хариуцагч И.Э трейд ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч И.М ХХК-д олгож, И.М ХХК-аас гэрээний дагуу нийлүүлсэн домофон систем төхөөрөмж, түүнтэй холбоотой баримт бичгийг гаргуулж, хариуцагч И.Э трейд ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн алданги 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Э трейд ХХК-аас 450,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР