| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2031000200045 |
| Дугаар | 2020/ДШМ/28 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ДШМ/28
Ч.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2031000200045 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1978 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 3-р хэсэг 0316 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ын ******* /РД М078061811/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 01-р сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах тусгай хамгаалалттай газар болох “Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын “Тэмээн хүзүү” гэх газраас 2.02м3 хэрэглээний хуурай /нарс, улиангар/ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 37-82 СЭА улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ
Анхан шатны шүүх Ч.*******д холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар. ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Ч.*******д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Ч *******д анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн Ч.*******гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тужийн нарсны хашаанд байгаа 1.5 см урттай, 18 см голчтой, 124 ширхэг хэрэглээний нарс мод зэргийг улсын орлого болгож, 37-28 СЭА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол Улсад орж ирсэн “Kia Bongo” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож. жинхэнэ эзэмшигч Б.*******ад олгосугай.
6.Эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөө. сүхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцэлдээ: ...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.*******г “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Ч.*******д холбогдох хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн талаар уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тайлбарыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-д заасныг зөрчсөн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Ч.*******д үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн дагуу Ч.*******д холбогдох эрүүгийн 2031000200045 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Ч.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.******* /хх-ийн 40-41-р ху/, иргэний нэхэмжлэгч Б.******* /хх-ийн 43-р ху/, гэрч М.Хишигт /хх-ийн 44-46-р ху/, Ц.******* /хх-ийн 47-48-р ху/, Д.******* /хх-ийн 55-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №18-04-015/03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60-р ху/, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №ТХҮ-518/019 тоот дүгнэлт /хх-ийн 74-75-р ху/, Эргүүл хяналт шалгалтын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-12-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р ху/, Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 5 дугаар заалтуудыг үйлдэхдээ техникийн буюу бичвэрийн алдаа гаргаж хуулийн зүйл, хэсгийг буруу бичсэн, орхигдуулсан зөрчил гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зэргээр тогтоогдож байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 5 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд: Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2 дугаар заалтуудын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3” гэж өөрчлөн, 5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний дараа “ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар” гэсэн үг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ