| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0533/З |
| Дугаар | 128/ШШ2022/0726 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2022/0726
2022 10 03 128/ШШ2022/0726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б***** ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б***, Л.Б***
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*** нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*** , Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-4*** дүгээр тушаалаар Б***** ХХК-д Хан-Уул дүүргийн Т**** аманд орших 3,0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2**** дугаар гэрчилгээгээр 5 жилийн хугацаагаар олгосон.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ашиглах эрхийг хүчингүй болгосныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1*** дүгээр албан бичгээр мэдэгдсэн.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгээр ... нэгэнт төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
1.4. Б***** ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэл гаргасан.
1.5. Б***** ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Б***** ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ж*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Манай компани 2011 онд Хан-уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат
газрын Т**** аманд аялал жуулчлалын зориулалтаар 3 га газар эзэмшихээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу хүсэлтээ гарган газрын хураамж 15 сая төгрөг, гэрчилгээний үнэ 22,500 төгрөг зэргийг төлж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, зэргийг хийж батлуулан, гурвалсан гэрээ байгуулж зохих журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж хууль ёсны газар ашиглагч болсон.
Манайд газар ашиглах эрх олгосноос хойш "Аялал жуулчлалын цогцолбор
барихаар холбогдох зөвшөөрлүүдийг авч Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, зураг төсөл хийлгэхэд нийт 200 сая төгрөг, 2016 оны 2-р улирал хүртэл газрын төлбөрт 18,2 сая төгрөг төлсөн бөгөөд уг газартаа гэр буудлаар үйл ажиллагаагаа явуулж байсан 2016 оны 2-р улирлаас 2019 оны 1 сар хүртэл газрын үнэлгээний маргаан шүүх дээр эцэслэгдээгүй, мөн гадаадын хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцох явцад дэлхий нийтийг хамарсан цар тахалаас үүдэн хөрөнгө оруулалт удааширсан.
Гэвч цар тахалаас үүдсэн хүндрэлтэй үед компани бизнесээ өргөжүүлэхээр
төлөвлөж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/** тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хууль зөрчин олгосон гэж 8 жилийн дараа цуцалсан байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмшиж 8 жил үйл ажиллагаагаа хуулийн дагуу ийнхүү явуулж байхад газар эзэмших эрх хууль бус тухай огт яригдаж мэдэгдэж байгаагүй байж, гэнэт хууль бус байжээ гэж тодорхойлж эрх цуцлах шийдвэр гаргасан байна. Мөн яг ямар хуульд заасан үндэслэлээр уг газар ашиглах эрх олгосон тушаалыг хууль зөрчин олгосон гэж үзэж байгаа нь огт ойлгомжгүй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагаа хийж, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байхаар заасан байх боловч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд сонсох ажиллагааг хийгээгүй манайд огт шийдвэрийн талаар огт мэдэгдээгүй.
Уг тушаалыг бид анх 2021 оны 10 сарын 15-ны өдөр мэдсэн бөгөөд үүнийг зөвшөөрөлгүй хуульд заасан хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.О*** д 2021 оны 11 сарын 18-ны өдөр **** тоот албан бичгээр гомдол гаргасан.
Уг гомдлын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н*** 2021 оны 11 сарын 18-ны Х**** дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чиглэл өгч, судлахыг хүсэж уг албан бичгээр гомдлыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 05 сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгээр ...нэгэнт төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй. Тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандах-ыг мэдэгдсэн хариу ирүүллээ.
Иймд манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль
орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/** дугаар
тушаалын манай "Б***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй
болгуулж, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч компани нь Байгаль орчны тухай хууль болон Тусгай хамгаалалттай тухай хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд хүсэлтээ өгсөн байдаг. Хүсэлтийн дагуу 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3 га газрыг олгохоор шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хууль зөрчиж гаргасан гэж үзэж хүчингүй болгосон. Энэ тушаал хүчинтэй бөгөөд хууль зөрчсөн шийдвэр байгаагүй гэж маргаж тус нэхэмжлэлийг гаргаж байна. Тусгай хамгаалалттай газарт газар олгохоор хүсэлтээ өгсөн байх ёстой ба Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, гурвалсан гэрээ байгуулан нэг удаагийн нөхөн төлбөрийг өгсөн байх ёстой мөн хуульд заасан гэрчилгээний үнийг төлсөн. Төлбөрийг төлөөгүй бол цуцлах ёстой байдаг ч бидний хувьд төлбөрийг төлсөн байдаг. Мөн 8 жил үйл ажиллагаа явуулсан. Гэр амралтын тухайд 4 жил үйл ажиллагаа явуулсан. Энэ бүх хугацаанд хариуцагч яамтай гэрээгээ хийж төлбөрөө төлж сунгаж, нарийвчилсан үнэлгээг дахин хийж, аялал жуулчлалын үйл ажиллагаагаа дэлгэрүүлж, хөгжүүлж явуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтраад эскиз зураг боловсруулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингээд 8 жилийн дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар илт хууль зөрчсөн гэж тушаал гаргаж цуцалсанд харамсалтай байна. Анх 5, 6 бичиг баримт бүгд бүрдэж нэхэмжлэгч компанид газар олгогдсон. Нэхэмжлэлд дурдагдсан нийт хөрөнгө оруулалтын зураг төсөл хийгдэж газрын төлбөрт 18,000,000 төгрөг, байгаль орчны үнэлгээнд 20, 30 сая төгрөг төлсөн байдаг. Ингээд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэр амралтад зориулж 280,000,000 төгрөг оруулсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоосон. Энэ заалтад дараах үйл ажиллагаа явуулж болно гээд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан. 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар байгаль орчны сайд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу газар олгохыг тусгай хамгаалалттай газрын даргад даалгасан байдаг. Хуульд заасан үндэслэл нь хүн түр буудаллах, отоглох гэж заасан. Хүн буудаллах буюу отоглох байрыг аялал жуулчлалын тухайд маш том ерөнхий бөгөөд энэ дотор усан аялал, морин аялал, гэр амралт гээд бусад бүх зүйл ордог учраас аялал жуулчлалын дагуу олгогдож байсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** тоот тушаалын Б***** компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлээ гаргаж байна.
Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар сүүлд батлагдсан хуульд отог аялагч гэсэн ухагдахуун орсон нь энэ өөрөө аялал жуулчлалын бүс юм гэж тайлбарлаж байна. Аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө, санхүү гаргасны дараа ингэж болохгүй. Одоо гаргаж байгаа тушаал нь хүртэл хариуцлагагүй үйлдэл юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 гэдэг заалт өөрөө аялагч зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гээд заасан байна. Үүний дагуу үйл ажиллагаа явагдсан. Анхнаасаа хууль бусаар газар олгосон гэж үзэж байгаа бол өнөөдөр тус хуулийн заалтаар хүчингүй болгох биш, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож болно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна. Газрын төлбөрийг төлөөд үйл ажиллагаа явуулж байсан. Яам сунгахгүй гэсэн учир гурвалсан гэрээ байгуулаагүй. Гэрээ хийгдээгүй учир дүүрэг татварын мөнгийг авахгүй. Ийм учир шалтгаан байсан. Зураг төсөл гээд бүхий л үйл ажиллагаа хийгдсэн байсан. Бүх зөвшөөрлийг үе шатанд өгч байсан асуудлыг өөрөө 8 жилийн дараа хууль бус гэж болохгүй. 8 жилийн хугацааны бүх асуудал тэгвэл бүгдээрээ хүчингүй болох ёстой. Иймд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа, 27 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нь яамны бүрэн эрх гэсэн заалтуудыг үндэслэн гаргасан байдаг. Энэхүү тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2019 онд ** тоот тушаал гаргаад хууль зөрчиж олгогдсон аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан. Цуцлахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглох үйл ажиллагаа гэсэн үндэслэлүүдийг үндэслэсэн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан заалтыг үндэслэж гаргасан тушаал байгаа. Тус тушаал хүчин төгөлдөр тушаал юм. Нэхэмжлэгч компанид 2021 онд аялал жуулчлалын зориулалтаар гэдэг асуудал нь буруу ашиглалттай гэж үзсэн. Иймд хүчин төгөлдөр тушаал гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б***** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- хариуцагч нь маргаан бүхий газрыг анхнаасаа аялал жуулчлалын зориулалтаар олгож 2011 оноос хойш өдийг хүртэл ашиглуулсан, захиргааны байгууллагын шийдвэрт итгэж газар ашиглагчаас үйл ажиллагаа явуулж их хэмжээний зардал гаргасныг харгалзан үзээгүй,
- аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь хууль зөрчсөн гэж газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж тайлбарлан маргасан.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ... хуулийн 17 дугаар зүйлийн 17.3дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин ... газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Б***** ХХК-д 3,0 га газрыг ашиглах эрх олгосон 2011 оны А-4*** дүгээр тушаал багтжээ.
3. Тушаалын үндэслэл болгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх заалтууд нь Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар явуулахыг хориглох үйл ажиллагааг нэрлэн заасан, Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах захиргааны байгууллагын эрх хэмжээг тодорхойлсон ерөнхий зохицуулалтууд байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аялал жуулчлалын зориулалтаар бус аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжтой байсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,
3.1. Хариуцагч нь Б***** ХХК-д анх газар ашиглах эрх олгохдоо тус компанийн Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл-ийг хүлээн авч уг төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2012 онд баталгаажуулсан,
3.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-4** дүгээр тушаалаар ... төслийг хянан үзэж Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г олгохыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн, тус газрын даргаас аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн 2**** тоот гэрчилгээг олгосон,
3.3. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх шийдвэрүүдэд үндэслэн эрх бүхий этгээдээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн М**** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авч, 2017 онд Аялал жуулчлалын цогцолбор-ын эскиз зургийг батлуулсан байна.
3.4. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газрыг аялал жуулчлал-ын зориулалтаар олгох ёсгүй байсан хэмээн тайлбарлаж, хүчингүй болгосон нь агуулгын хувьд зөрчилтэй байх тул маргаан бүхий акт нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.
3.5. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа-г явуулж болохоор, 33 дугаар зүйлийн 33.1-т Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох-оор тус тус хуульчилсан, Б***** ХХК-д анх газар ашиглах эрх олгосон А/4*** дүгээр тушаал нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г хуульд нийцүүлэн олгохыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн, тус газраас Б***** ХХК-ийн төслийг хянаж улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г Аялал жуулчлал-ын зориулалтаар анх олгосноос тус тус үзвэл, газар ашиглах зориулалтыг гэрчилгээнд Аялал жуулчлал гэж бичсэн нь газар ашиглах эрхийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.
5. Тодруулбал, хуулийн этгээд нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй, түүнчлэн захиргааны байгууллагаас тодорхой зориулалтаар газар ашиглуулах эрх олгох эрх хэмжээтэйн зэрэгцээ хуульд заасан тодорхой зориулалт-ыг захиргааны байгууллага өөрөө тодорхойлохоор байх тул аялал жуулчлал-ын зориулалтаар газар ашиглах эрх олгосныг буруутгах, уг шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байжээ.
6. Хэрэвзээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжтой байсан гэж үзвэл, хариуцагч нь Б***** ХХК-ийн газар ашиглалтын байдалд хяналт тавих замаар аялал жуулчлал-ын гэх газар ашиглах зориулалтыг хангуулах боломжтой байжээ.
7. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь өмнө гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд гэж заасан журмыг хэрэгжүүлэх шаардлагатай байсан байхад уг зохицуулалтыг хэрэглээгүй нь маргаан бүхий актыг хууль бус шийдвэр гэж үзэхэд хүргэж байх ба үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх, эрхийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжгүйд хүргэжээ. Учир нь:
7.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх анх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-4** дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийг үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
7.2. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нөхцөлийг нэрлэн заасан тул хариуцагч нь хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг шалган тогтоосон байх шаардлагатай атал хариуцагч талаас, нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олж авахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх, бусад хууль бус арга хэрэглэсэн талаар, мөн бусад нөхцөл бүрдсэн талаар тайлбар гаргаж маргасангүй.
7.3. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан хугацаа өнгөрсөн байх тул
8. Энэ тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
9. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон, Б***** ХХК-иас 2017 онд эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр ...уг гэрээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэх хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн боловч хугацаа сунгасан шийдвэр гараагүй тохиолдолд хариуцагч нь дуусгавар болсон газар ашиглах эрхийг дахин хүчингүй болгох шаардлагагүй байжээ.
10. Хэдийгээр хариуцагчаас газар ашиглах эрхийг хүчинтэй гэж үзэж маргаан бүхий актаар уг эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч тодорхой хугацаагаар олгогдсон газар ашиглах эрхийн хувьд уг хугацаа дуусгавар болсноор захиргааны акт үйлчлэл мөн дуусгавар болох тул эрх зүйн үйлчлэлгүй актыг хүчингүй болгох замаар эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгох боломжгүй.
11. Иймд дээрх дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалын Б***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ