Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Э.Одбадрал, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтуяагийн Одбадралд холбогдох 201625031163 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ах, эгч нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33 дугаар гудамжны 0545 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхтуяагийн Одбадрал (РД:ХК84011217),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Өлзийсайханы амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан Нокио 6030 маркийн гар утсыг нь дээрэмдэж 55.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-дээрх хэрэгт шалгагдаж байхдаа оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу шүүхэд хэрэг шилжүүлсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шүүн таслах ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:         

Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Тухайн үед хохирогч эхлээд намайг цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон. Гэхдээ утсыг нь санаатай авч зугтаагаагүй. Нэг мэдсэн миний халаасанд байсан. Тэгээд тэр өдрийн орой нь гэрт нь аваачиж өгөхдөө 20.000 төгрөг өгсөн. Надад батлан даагч олдохгүй болохоор нь шүүхэд ирээгүй гэв.

            Э.Одбадралаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-...Би хэрэг гарсан өдөр Өлзийсайхан ахтай Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, усан сан өгсөх замд тааралдсан юм. Тухайн үед Өлзийсайхан ах согтуу явж байсан. Тэгээд би Өлзийсайхан ахтай уулзаад утсыг нь гуйж 3 гаруй минут найзтайгаа ярьсан. Тэгсэн чинь Өлзийсайхан ах утсаа авъя гэхээд байхаар нь би байж бай гэхэд намайг цохихоор нь би эргүүлээд Өлзийсайхан ахыг 2-3 удаа нүүр рүү нь цохиод утсыг нь авч зугтаасан. Дараа нь тэр утсыг нь 84-н буудал орж нэг хүнд 5.000 төгрөгөөр зараад дэлгүүр орж архи авах гэж байтал цагдаагийн машин ирээд цагдаа нар намайг аваад явсан. …Нэг удаа шүүх дээр очсон. Тэгээд дараа нь очихоосоо айгаад очоогүй. Тэгээд би нэг хэсэг гороо түүж үйлдвэр комбинат, парк орчмоор явсан юм гэжээ.

            Хохирогч Д.Өлзийсайханаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед согтуу байдалтай өөрийн найз Баярмандахын гэр рүү явж байсан. Манай найз Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, усан сангийн тэнд байдаг ба би алхаад усан сангийн доод хэсэгт явж байхад нэг 30 орчим насны эрэгтэй хүн ирээд ахаа утсаар чинь ганц яриадхая гэхээр нь би өгсөн. Тэгээд 3 гаруй минут нэг хүнтэй ярьж байгаад дуусахаар нь одоо утсаа авъя гэхэд миний баруун талын нүд рүү нэг удаа цохьсон чинь би газар унасан. Тэгээд газар унасан байхад 2 удаа толгой руу өшиглөөд зугтаагаад явсан. Тэр үед манай найз Баярмандахын эгч Цэвээролом зам дагуу ирж байсан бөгөөд намайг дээрэмдсэн залууг харчихаад Од гэх залуу гэсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч би тэр үедээ толгойноос цус гараад байсан болохоор тэр газраасаа яваад эмнэлэг явсан юм. Баярмандахын дүү Сүхбаатар хэлэхдээ тэр залууг Жаргалатын 33-545 тоотод оршин суудаг гэж хэлсэн. Тэр залуу 30 орчим насны эрэгтэй хүн байсан ба цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Ж.Цэвээроломоос:-…Би тухайн өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 5 дугаар сарын сүүлээр гэрээсээ гараад хотын төв рүү явах гэж байхад төв замын хажууд Өлзийсайхан гэх залуу манай тэр хавьд байдаг Од гэх залуутай хамт байж байсан. Тэр үед хоёулаа согтуу байдалтай зогсож байсан бөгөөд Од нэг утсаар яриад Өлзий хажууд нь зогсож байсан. Би урд талын хаалгаар буцаж орох гээд гудамж эргэхэд Одбадрал Өлзийсайханы утсыг бариад гүйгээд явж байсан. Өлзийсайхан нь эгчээ намайг зодчихлоо миний утсыг аваад явчихлаа та Сүхээд хэлээд өгөөч гэхээр нь би Өлзийсайханыг гэртээ оруулаад Сүхээд хэлсэн. Тэр үед Өлзийсайханы нүдний шил нь газар унаад хагарсан байсан юм. Тэгээд Сүхээ гэрээс гараад цагдаа дуудаад Одбадралыг барьж өгсөн юм шиг байгаа. Би Өлзийсайханы цусыг нь тогтоож өгсөн. Өлзийсайхан манай дүү Баярмандахын 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. Харин Од гэх залуу манай Сүхээтэй нийлээд байдаг нэг нүд нь цагаарсан залуу байдаг гэжээ.

            2.Ж.Сүхбаатараас:-…Өлзийсайхан ах манай гэрт орж ирээд зодуулсан гэж байсан. Надад хэлэхдээ Өлзийсайхан ах миний утсыг дээрэмдээд явчихлаа чи бараг танина даа нэг нүд нь цагаан өнгөтэй гэсэн чинь Цэвээн эгч намайг чи бараг танина шүү дээ танай нөгөө Од чинь байсан гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад цагдаа дуудаад, 84-н буудал дээр Одбадрал явж байсан. Би тухайн өдөр Одбадралтай хамт нэг шил 0.5 литрийн архи гудамжинд хувааж уусан. Тэр үед мөнгөгүй байсан болохоор Одбадралын утсыг дэлгүүрт тавих гэсэн боловч авахгүй гээд байхаар нь дэлгүүрт юм авах гэж байсан хүнд 5.000 төгрөгөөр шууд зарсан гэжээ.

            Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.5.30-ны ¹7331 тоот актын дүгнэлтэд:

            1.Өлзийсайханы биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.3.4.5.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            7.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            8.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Э.Одбадрал нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Өлзийсайханы нүүр рүү цохьж, улмаар түүнийг газарт унахад нь өшиглөж зодсоноос бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний Нокиа 6030 маркийн гар утсыг нь дээрэмдэж авсан, дээрх гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шүүн таслах ажиллагаанаас зориуд оргон зайлсан болох нь мөрдөн байцаалтад Э.Одбадралын сэжигтнээр мэдүүлсэн “би Өлзийсайхан ахтай уулзаад утсыг нь гуйж 3 гаруй минут найзтайгаа ярьсан. Тэгсэн чинь Өлзийсайхан ах утсаа авъя гэхээд байхаар нь би байж бай гэхэд намайг цохихоор нь би эргүүлээд Өлзийсайхан ахыг 2-3 удаа нүүр рүү нь цохиод утсыг нь авч зугтаасан. Дараа нь тэр утсыг нь 84-н буудал орж нэг хүнд 5.000 төгрөгөөр зараад... …Нэг удаа шүүх дээр очсон. Тэгээд дараа нь очихоосоо айгаад очоогүй. Тэгээд би нэг хэсэг гороо түүж үйлдвэр комбинат, парк орчмоор явсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Өлзийсайханы “…нэг 30 орчим насны эрэгтэй хүн ирээд ахаа утсаар чинь ганц яриадхая гэхээр нь би өгсөн. Тэгээд 3 гаруй минут нэг хүнтэй ярьж байгаад дуусахаар нь одоо утсаа авъя гэхэд миний баруун талын нүд рүү нэг удаа цохьсон чинь би газар унасан. Тэгээд газар унасан байхад 2 удаа толгой руу өшиглөөд зугтаагаад явсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цэвээроломын “…Од нэг утсаар яриад Өлзий хажууд нь зогсож байсан… Одбадрал Өлзийсайханы утсыг бариад гүйгээд явж байсан. Өлзийсайхан нь эгчээ намайг зодчихлоо миний утсыг аваад явчихлаа гэсэн. Тэр үед Өлзийсайханы нүдний шил нь газар унаад хагарсан байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ж.Сүхбаатарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.5.30-ны ¹7331 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, шүүх хуралдаан хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.9.15-ны өдрийн ¹219 дүгээр захирамж, тус шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газарт явуулсан 2016.9.15-ны өдрийн №193 дугаар албан бичиг, 2016.10.04-ний өдрийн хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудас, шүүх хуралдааныг хойшуулж, хэргийг түдгэлзүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.04-ний өдрийн №281 дүгээр захирамж, шүүгдэгчийг эрэн сурвалжлуулах тухай тус шүүхийн 2016.10.07-ны өдрийн №247 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2016.10.24-ний ¹11/7-5975, 2016.12.05-ны өдрийн №14/7-7045, 2017.01.16-ны өдрийн №14/7-364 дүгээр албан бичгүүд, түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтад буцаах тухай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.01-ний өдрийн №123 дугаар захирамж, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Одбадралыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Э.Одбадралд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан ялд, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг тогтооссон болно.

Шүүгдэгч Э.Одбадрал нь 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар 2014 онд ялгүй болсон тул түүнийг 2016 онд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс бусдад учруулсан хохирол нөхөн төлөгджээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Одбадралыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Одбадралыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Э.Одбадралд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Одбадралд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Одбадралийн цагдан хорих 53 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Одбадралд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БУЯННЭМЭХ