Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

     Улсын яллагч Б.Ундармаа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

     Шүүгдэгч Б.Д   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт, Говь-Алтай аймгийн *** сумын ***баг, ** **-р байр, 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Б овгийн Б-ийн Д.

Шүүгдэгч Б.Д   нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

          Шүүгдэгч Б.Д   нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед  1-р сургуулийн хашаанаас Н.Б , Х.Б нарыг дуудан “Утсаа авсангүй. Бацаанууд танихаа байчихжээ. Дуудахад ирсэнгүй. Нэгийнхэн их том болжээ” зэргээр шалтаглан цэнгэлдэх хүрээлэнд аваачиж толгой, нүүр, чих хэсэг рүү цохиж, гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодож Н.Б-ын эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дагзанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний дэлбэн, баруун өвдгөнд зулгаралт, Х.Б-ийн эрүүл мэндэд хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, хамар зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.1. Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б, Б нарыг зодсон нь үнэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас/

1.2. Хохирогч Х.Б , хохирогч Н.Б , гэрч Г.А , насанд хүрээгүй гэрч Д.С, гэрч Г.Т нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг,

         1.3. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “1. Х.Б-ийн биед хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, хамар зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн 2024.11.29-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүдээс зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд хохирсон гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх 15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,

          1.4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...1. 2. Н.Б-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дагзанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний дэлбэн, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн 2024.11.29-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд хохирсон гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх 11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Д   нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.Б-д 800,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Н.Б-д 3,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, хохирогч нарын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 228,198 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Данзан-Очирыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ