Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

     Улсын яллагч Ө.Манзушир

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

     Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Н-т  холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай О овгийн Ц-ийн Н.

Шүүгдэгч Ц.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

          Шүүгдэгч Ц.Н нь Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод 2024 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн үед өөрийн гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Б.А-тай үл ялих зүйлээс болж шалтаглан маргалдаж улмаар хутга барин дайрч түүний эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх, нүүр уруул хэсэгт нь цохиж дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.1. Шүүгдэгч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруугаа ойлгож байна. Би дахин ийм хэрэг гаргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

1.2. Хохирогч Б.А-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн шед манай нөхөр Н нь гаднаас согтуу орж ирсэн. Би түүнээс хаагуур яьж байгаад ирэв гэж асуусан чинь гадуур явж байгаад ирлээ гэсэн. Намайг танай аав, ээж чинь чамайг төрөхөд ирсэнгүй энэ тэр гээд хэрүүл хайгаад байсан. Би чи дуугүй болоод унтаач гэсэн чинь миний үгийг авахгүй гал тогоо руу ороод хутга барьж ирээд над руу ойртохоор нь би нөхрөө цааш нь түлхсэн чинь миний зүүн далны хавьцаа барьж байсан хутгаараа зүсчихсэн. Тэгээд хутгыг нь тавиулах гээд гарнаас нь татсан чинь миний нүүр, уруул хэсэгт гараараа дэлсчихсэн. Манай нөхөр өөрийгөө би алчий гээд байсан. Би хутгыг нь булаацалдсаар байгаад аваад нуучихсан юм. Өөрийг нь дарж байгаад унтуулаад өглөө цагдаад гомдол гаргасан юм. Манай нөхөр Нямбаяр нь урд өмнө нь архи уухаараа намайг зодож байсан би цагдаагийн байгууллагад өгч байгаагүй юм. Нямбаяр нь архи уусан үедээ агсам талдаа хүн байгаа юм. Энэ удаа бүр хутга шөвөг бариад аашлаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

         1.3. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “1. Б.А-ын биед зүүн бугалганд шарх, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтлүүдээс зүүн бугалганд үүссэн шарх гэмтэл нь иир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүдээс зүүн бугалганд үүссэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

          1.4. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч М.Мөнхжаргалын хохирогч Б.А-д хийсэн Аюулын зэргийн үнэлгээний “аюулын зэргийн өндөр үнэлгээтэй” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 26,628 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-ыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Ц-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н-т  мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Н-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ