Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Т-д   холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** сумын Засаг даргын Тамгын газарт тохижилт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овогт Л-ийн Т.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Т-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын төв хуучнаар хайрханы 5-1 тоотод О.Т тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан цохиж түүний эрүүл мэндэд нь хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн талын ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1.1. Хохирогч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед гэрээс гарсан. Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглаад Газрын даамал Д-гийн хадам ээж өнгөрсөн байсан тул буяны ажилд очсон бөгөөд тэндээс гараад орой 17 цагийн үед С ийн хүүхдийн даахинд очоод 1 литртэй вискинээс уучхаад, тэндээс гараад 19-21 цагийн хооронд Тамгын газар дээр Сонгуулийн штабын хуралд суучихаад Тамгын газрын хамт олон бүгдээрээ Г, Б нарын хүүхдийн даахинд очсон юм. Тэгсэн Т  надтай барилцаж аваад байж байсан чинь намайг хавсраад унагаачихсан. Босоод ирэхэд хамарнаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би эхнэр Б  руу мессенжэрээр залгаад намайг ирээд авчих гэж хэлсэн. Тун удалгүй эхнэр хашааны гадаа ирсэн байсан. Тухайн үед нилээн согтсон байсан болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

1.2. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр О.Т  нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлын газрын С , Б  нарын хүүхдийн даахинд явсан юм. Тэгээд орой 22 цаг өнгөрч байх үед нөхөр О.Т  над руу өөрийнхөө мессенжэр чатаар залгасан. Хашааны гадаа манай машинд Т  нь жолооны ард суучихсан байхаар нь би жолооны араас буулгаад хойш нь суулгасан. Харин тэр үед манай нөхөр О.Т  хэлэхдээ Т аа чи намайг цохиод хавсраад унагаачихлааш дээ гэж хэлсэн. Т  нь би таныг цохиогүй таныг И цохьсон гэж хэлсэн... Тун удалгүй гэрээс А гараад ирэхээр нь би машины цонхоо нээгээд юу болсон талаар тодруулж асуутал би цохьчихсон юм яадын гэж хэлсэн. Чи яагаад цохьдог юм гэж хэлээд би машинаас буух гэсэн чинь машины хаалга гаднаас нь дарахаар нь би бууж ирээд А-ийн нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас/

1.3. Гэрч Ч.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Маргааш нь Г надад хэлэхдээ чамайг би гэрт чинь хүргэж өгсөн гэж хэлсэн... Т, А, Т  нар нь сүүл рүүгээ нилээн согтсон байсан. Харин Г эрүүл байсан... Гэр дотор ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй. Ажлын газрын хүмүүсийг явуулчихаад А, Т , Т бид 4 гэрт сууж байгаад А бид хоёр гадагшаа гарч хамт нойл орсон. Нойлоос гарч ирээд А буцаад гэр лүү орсон. Харин би байшингийн хажууд байсан мотоциклын хажууд бөөлжих гээд сууж байсан чинь тасраад уначихсан байна лээ. Тэгсэн Г намайг гэрт хүргэж өгсөн гэж маргааш нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/

1.4.   Гэрч Ч.Б эхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Харин Т , А, Т  нар үлдсэн байсан бөгөөд орж гараад уугаад яваад байсан. Харин И-г нөгөө хэдтэй явчихсан юм бол уу гэж бодсон чинь гэрийн хажууд байсан мотоциклийн хажууд тасраад унчихсан байсан. Мөн И нилээн согтсон байсан тул манай нөхөр гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Тухайн үед би гэрийн гадаа гарахад Т , А, Т  нар байсан бөгөөд Т ын хамарнаас цус гарсан байдалтай хамар нь халцарчихсан байсан.. Намайг хүүхдээ унтуулчихаад гэрийн гадаа гараад ирэх үед манай нөхөр юу болсон юм бэ гэж асуухад Т  хэлэхдээ намайг нэг нь хавирчихлаа би тасраагүй байна согтоогүй байна гэж хэлж байсан. Тэгээд хэн хавирчихсан юм бэ гэж асуухад Т  хавирчихсан гэж хэлсэн. Гэхдээ Т  манайд ирэхдээ л нилээн согтсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/,

1.5.   Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр эрт Тамгын газарт Мал эмнэлгийн тасагт тархвар зүйч ажилтай С ийн хүүхдийн даахинд ажлын газрынханаас 10 гаруй хүн очсон....22 цаг өнгөрч байх үед ирсэн хүмүүсээс Идэрсүрэн, Т , Т бид 4 үлдээд бусад хүмүүс нь явсан. И бид хоёр хамт нойл орчихоод гадаа тамхилаад хэсэг зогсож байгаад би Гомбожавын гэр лүү орсон. Гэрт ороход Т  нилээн муудчихсан байдалтай сууж байхаар нь би аваад гэрээс гарсан. Хашааны хаалгаар Т  орж ирсэн. Тэгсэн Т , Т нар хоорондоо барилцаж аваад газарт унасан. Би Т-ыг салгаад хоёр тийш нь болгоод Т-ын машины арын суудалд суулгасан. Харин Т-ын хамраас цус гарсан байсан тул Г-ын нойлын өрөөнд гар нүүрээ угааж байсан. Тэр үед Г, И-г гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн байсан. Удалгүй Т-ын эхнэр нь ирээд авахад Г, Т-ыг жолоочийн эсрэг талын суудалд суулгах үед Т нь энд байсан хүмүүс нийлээд намайг зодчихлоо гэж эхнэртээ хэлсэн. Эхнэр нь та нар яагаад нийлж хүн зоддог юм гэхээр нь хэн нийлж зодсон юм гэж хэлсэн чинь өмнөөс хэрүүл хийгээд байхаар нь би зодсон юм гэж хэлсэн. Би Г-ын гэрт сууж байгаад нилээн аажуу харьсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 91-93 дүгээр хуудас/,

1.6.   Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд 21 цагийн үед тамгын газрын хүмүүс явсан бөгөөд И, А, Т  3 үлдсэн. Тухайн үед Т  утсаар Т-ыг дуудаад жаахан хамт сууж байгаад бүгд явъя гэж дуудсан...Т  нилээн согтчихсон том дуугараал юм яриад сууж байхаар нь би гэрээс гаргахад гадаа А байсан. Т  уйлаад удахгүй миний аав үхэх гэж байгаа гээд А хажууд түшчихсэн байдалтай хашааны тэнд зогсож байсан. И гэр байшин хоёрын дунд байсан мотоцикль дээр тээгээд толгойгоо унжуулчихсан сууж байхаар нь би гэрт хүргэж өгсөн.Т  манай гэрт байхдаа уйлаад том том дуугараад байхаар нь би гэрээс аваад гартал А үүдэн дээр тамхи татаад зосож байсан. Т-ыг хүргээд өгөөтөх гэж хэлээд А-д өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/,

1.7. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 10 сарын 17-ний өдрийн 264 дугаартай “...1. О.Т ын биед хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн талын ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 5. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/

1.8.Шүүгдэгч Л.Т ын шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Т-ын үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн баримт, хохирогч О.Т ын “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Т-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Т-ын биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хэрэгт 3,406,750 төгрөгийн баримт гаргаж хохирол нэхэмжилсэн. шүүгдэгч Л.Т нь хохирогчид 2024 оны 11 сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус О.Т ын *** тоот дансанд төлжээ.

Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувь байх тул шүүхээс хохирлын  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх үнийн дүнгээс илүү гаргаж эмчилгээнд зарцуулсан баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Т ын эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 235,167 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй байх тул шүүгдэгч Л.Т аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.   

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 1,500,000(нэг сая таван зуун мянган) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогтой Л-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-д   оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Т-д   мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-аас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 235,167 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 1,500,000(нэг сая таван зуун мянган) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Т  нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүүгийн, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ