Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

     Улсын яллагч Б.Ундармаа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

     Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э-т  холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай Х овгийн С-ийн Э.

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

          Шүүгдэгч С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын Галуут багт оршин суух Очир гэх айлын хүнсийг хийж байгаад хамт хүнс гаргалцаж байсан хохирогч С.Б-тэй “малаа хурдан гаргаач” гэх асуудлаас болж маргалдан улмаар барьж байсан хутгаараа түүний баруун гуянд дүрж баруун гуяны урд хэсэгт (зүүн цавь) шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.1. Шүүгдэгч С.Э-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруугаа ойлгож байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

1.2. Хохирогч С.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** сумын Галуут багийн төв дээр миний аавын дүү болох О ахын хүнсийг хийлцэхээр Б-ийн хамт ирсэн. Тэр айлд архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглээгүй гэрийн гадаа мал гаргаж байгаад С.Э-т ай мал хурдан гаргаач гээд тэрнээс болоод хоорондоо эхлээд тоглоом шоглоом хийж байгаад сүүлдээ маргалдаад чи яах гээд байгаа юм гээд бид хоёр барьцалдаж аваад би С.Э-ыг   унагаагаад дарсан байхад гарт нь хутга байсан. Би хутгыг нь авч шидээд босгосон юм. Би өмдөө тайлаад харахад миний баруун хөлний дотор талаас цус гарсан байсан. Тэгээд бид нар аймгийн төв орж эмнэлэгт хандсан юм. Би С.Э-т ай цохиолцсон юм бол байхгүй. Би эхлээд С.Э-ыг   унагаагаад гарыг нь харахад хутгаатай байсан би хутгыг нь авч шидсэн. Бид хоёр нэг нэгнийгээ цохиж авсан зүйл бол байхгүй. Би хоёрын хажууд хэн байсан талаар би сайн санахгүй байна. Би С.Э-ыг   заамдаж аваад унагаасан юм биед нь бол халдсан зүйл байхгүй. Би тэр айлд ирсэнээс хойш С.Э ирсэн. Би бол архи уучихсан байсан. С.Э тэр айлд ирэхдээ архи уучихсан ирсэн юм. Миний биений баруун гуяны дотор талд хутга орсон шарх байгаа. Одоо хааяа баруун гуяар жоохон чинэрээд байдаг. Өөр нээх өвдөж байгаа зүйл байхгүй. Би С.Э-т  хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал гомдол байхгүй. Надад эмчилгээг С.Э сайн хийлгэсэн одоо миний бие зүгээр байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй. С.Э бидхоёрын хооронд өс хонзон байхгүй.... Би С.Э-т ай цохилцсон зүйл бол байхгүй. Миний биений зүүн гуяны дотор талд /зүүн цавинд/ хутга орсон шарх байгаа. Одоо надад С.Э-т  гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

1.3. Гэрч Ө.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 25-ны орой минйи таньдаг ах болох Э  манайд ирэхдээ нэг шил архи авчирсан юм. Тэр архиа манайд уугаад хоносон маргааш нь би Э ахыг гэрт нь хүргэж өгөөд би өөрөө гэртээ ирээд байж байтал Галуут багийн төв дээр Очир ахынх хүнсээ хийх гэж байна гэхээр нь би Э ахтай цуг очсон. Би хоёр ямаа гаргаад гэрт байж байхад гэрийн гадаа хүмүүс Б-ийг  Э  ах хутгалчихлаа гэхээр нь би гэрээс гараад ирсэн гэрийн гадаа Б-ийн  зүүн талын гуяны дотор талаас цус гарч байхаар даавуугаар дарж байгаад шууд аймгийн төв оруулж эмнэлэгт үзүүлсэн юм. Б-ийн  зүүн талын гуяны дотор талд хутганы шарх байсан ба тэрнээс хойш нэлээн цус гарсан. Б , Э  нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр мал гаргаж байсан айлд нэг шил архи нэлээн олон хүн хувааж уусан. Б  болон Э  нар нэг их согтуу бол байгаагүй. Би тэр хоёрыг яг юунаас болж маргалдсан талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

1.4. Гэрч Г.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б-ийн  хамт О ахынд хүнс хийхээр очсон юм. Би гэрт мал төхөөрөөд сууж байхад гадаа малын амь тасдаж байсан хүмүүс Б-ийг  Э ах хутгалчихлаа гэхээр нь би гэрээс гараад ирэхэд Б , Э ах хоёр хоорондоо зууралдсан байхаар нь дундуур нь орж салгаад Б-ийг  гэрт оруулж харсан чинь зүүн талын гуяны дотор талаас цус гарч байхаар даавуугаар дарж байгаад шууд аймгийн төв оруулж эмнэлэгт үзүүлсэн юм. Б , Э  нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр мал гаргаж байсан айлд нэг шил архи нэлээн олон хүн хувааж уусан. Б  болон Э  нар нэг их согтуу бол байгаагүй. Бид нар хөлсөөр мал гаргаагүй тус болох гээд тэр айлд очсон байсан. Би тэр хоёрыг яг юунаас болж маргалдсан талаар мэдэх зүйл байхгүй. Намайг гэрт мал гаргаж байхад гадаа хүмүүс хутгалчихлаа гээд унасан. Намайг гэрт байхад гадаа хүмүүс хэрэглдэж маргалдаж, том дуугарч, зодолдсон зүйл бол болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

         1.5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай “1. С.Б-ийн  биед баруун гуяны урд дээд хэсэгт /зүүн цавь/ шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 38,767 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ыг   500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Э-ыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 38,767 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй 13 см ажлын хэсгийн урттай хутга 1 ширхгийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн С-ийн Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг   500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э-т  мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 38,767 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй 13 см ажлын хэсгийн урттай хутга 1 ширхгийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ