Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2021/00451

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2021/00451

Сэлэнгэ аймаг

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Мандах наран СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1947 онд төрсөн, 74 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0 дугаар баг, 0 дугаар байрны №3-68 тоотод оршин суух, /РД:******* утас:*******/ Боржигон овогт ******* ******* холбогдох

СӨХ-ийн төлбөр 1394824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Мандах наран СӨХ-ийг төлөөлж Ё.Алтанцэцэг, хариуцагч Д.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Мандах наран СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Оршин суугч Долгор овогтой Баасанжав нь Мандах Наран СӨХ-д 2011 оны 9 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарыг дуустал 115 сарын нийт 1394824 төгрөгийн өр төлбөрийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Мандах наран СӨХ-ийг төлөөлж Ё.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Мандах Наран сууц өмчлөгчдийн холбоо нь спиртийн байр хувьчлагдсанаас хойш 2010 оны 09 дүгээр сард байгуулагдсан. Нягтлангийн баримтад засвар үйлчилгээний баримт гэж мөнгө гарсан байгаа. СӨХ-н төлбөрт Д.Баасанжаваас 1394824 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар нэхэмжилсэн байгаа. Засвар үйлчилгээний хөлс мкв-ийг 160 төгрөгөөр тооцож хуримтлагдаж байх ёстой дундын засвар үйлчилгээний мөнгө 520820 төгрөг, цэвэрлэгээний хөлс 402000 төгрөг, хог цэвэрлэгээний мөнгө 345000 төгрөг, гэрэлтүүлгийн хөлс, баримтын хөлс 115000 төгрөг, үйлчилгээний хөлс 11500 төгрөг тус тус нэхэмжилж байна...гэжээ.

Хариуцагч Д.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...СӨХ-н мөнгө өгөхгүй шалтгаан бол СӨХ-ийн мөнгө нь ард иргэд оршин суугчид СӨХ хоорондын ажил үйлчилгээний хөлс байх ёстой. Энийг СӨХ-р үйлчлүүлсэн мөнгө гэж СӨХ-д төлж байх ёстой. Гэтэл манай дээр байгуулагдсан энэ СӨХ ажил үйлчилгээ ер нь хийдэггүй газар учраас эсэргүүцэж мөнгө өгөхгүй байгаа юм. Энэ СӨХ байгуулагдаад бас будилаантай хувьчлагдсан. Энэ 300 айлын орон сууцыг хөөцөлдөж авч өгсөн хүн нь би байна. Тэгээд би үйлдвэрээс 300 айлыг хүлээж авсан хүн нь би байна. СӨХ-г хамтын хурлын үр дүнд байгуулах ёстой байсан. Энэ СӨХ-н байгууллагыг үйлдвэрээс тэтгэвэрт гарсан хүн байгуулсан учраас зөвшөөрсөн. Үйлчилгээний хувьд тааруу муу. СӨХ засварын мөнгөөр юу хийсэн гэхээр онц юм байхгүй. Засвар хийгээгүй. 2-р байрны дээвэр нь хийсээд мөнгө хүрэхгүй байна гээд захиргаанд хүсэлт тавиад захиргаанаас дээврийг засаж өгсөн. СӨХ сар болгон мөнгө авдаг. Хийдэг ажил нь бүр ч хоосон биш. Хуурай хогийг зайлуулж өгдгийг хүлээн зөвшөөрдөг. СӨХ бол энэ үйлдвэрээс 300 айлаас хогоо гаргаж хаядаг гадаа хогийн савыг зарж идсэний хар гайгаар орцны үүдэнд айлууд хогоо овоолоод 2,3 хоносны дараа хуурай хогийг машинаар ачиж явдаг. Ингэж хүний эрүүл мэнд хохирдог. 1 давхарт байдаг учраас манай үүдэнд хог хаядаг. Би хогийн цэгт амьдарч байгаа хүн. Хоёрт бол дулаалгын радиаторуудыг СӨХ хүлээж аваад бүгдийг нь байхгүй болгосон. Төмөрт тушаасан байх гэж би бодож байгаа. Спиртийн 11 байр бол жижиг өрөө олонтой. Хувьчлаад ирэхээр ханыг нь цөмлөж том болгох гэж байж манай байшингийн тааз хүртэл цуурсан. Би СӨХ-н даргад үзүүлсэн. Энийг яах вэ гэж л байсан. Энэ СӨХ бол хана эвдэлсэн айлуудаас 3 сая төгрөг авсан сураг байгаа. Би өгсөн авсныг нь мэдэхгүй байна. Тийм сураг дуулдаж байгаа. Манай таазыг засаж өгсөн зүйл одоо болтол байхгүй. Энэ СӨХ 10 жилийн мөнгө нэхэж байгаа. Би өмнө өгч л байсан. Би хөөцөлдөж явж ЭМ СИ ЭС-ээс салгаж оршин суугчдад өгч байсны хувьд. Гэрэлцэцэг, Алтанцэцэг хоёр СӨХ байгуулаад ирсэн. Хоёулаа үйлдвэрт ажиллаж байсан. Тэгсэн СӨХ-н мөнгөөр валют аваад Замын-Үүдэд валютын ченж хийж байна гэсэн мэдээлэл хүртэл ирснийг би хүний амны юм гээд ажил хэрэг гэж бодож хөөцөлдөөгүй хаясан. Жилийн эцэст СӨХ-н мөнгийг дураараа нэмдэг. Оршин суугчдын хурлаар батлуулаад нэмж хасаж байсан бол зөвшөөрнө. СӨХ оршин суугчидтай гэрээ хийж байх ёстой. Надтай лав гэрээ хийсэн юм байхгүй. Ийм учраас энэ зөрчлүүдээс болж СӨХ-н үйл ажиллагааг зөвшөөрдөггүй учраас би өгдөггүй. Би СӨХ-г эхний үед дэмжиж байсан. Одоо хүртэл санхүүгийн бичиг баримт нэхээд үзүүлэхгүй байгаа. Заримдаа нягтлантай заримдаа нягтлангүй. Энийг хуулийн байгууллагаар шалгуулбал гарч ирэх байх гэж бодож байна. Орцуудыг цэвэрлэж байх ёстой цэвэрлээгүй. Ийм СӨХ-д бид мөнгө өгч хохирч байх ёсгүй. Зүүнхараад СӨХ удирдлага гэж байдаггүй. Дээшээ яриад нэмэргүй. Би СӨХ-н мөнгө өгөхгүй байгаа нь энэ СӨХ-г эсэргүүцэж байгаа хэлбэр юм. Байгуулагдсанаас хойш 10 жил мөнгө өгөөгүй гэж нэхэмжлэл бичсэнийг эсэргүүцэж байна. 2020 оны 12 сарын 31-нээс 07 сарын 01-нийг хүртэл улс даяар тог ус хөнгөлсөн байтал мөнгө илүү нэхэж байгаа нь хууль зөрчиж байгаа явдал...гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандах наран СӨХ нь Д.Баасанжавт холбогдуулан СӨХ-ийн төлбөрт нийт 1394824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Мандах наран СӨХ буюу хуулийг этгээдийг төлөөлж, нэхэмжлэл гаргасан Ё.Алтанцэцэг нь өөрийн бүрэн эрхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүнийг хуулийн этгээдийн төлөөлөгч гэж үзэх үндэсгүй Мандах наран СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжид 37267 төгрөг төлснийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Мандах наран СӨХ-ийн нэхэмжлэлтэй Д.******* холбогдох СӨХ-ийн төлбөрт 1394824 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37267 төгрөгийг төрийн сангийн 1001304009410 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Мандах наран СӨХ-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.