| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** холбогдох эрүүгийн 2427000000209 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ************ оны ************* дугаар сарын ***********-ны өдөр ******************** суманд төрсөн, ***************настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл************, эхнэр, хүүхдийн хамт ********************* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй ******************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************ нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ************************** багийн нутаг дээд өргөн чөлөө гэх газар иргэн********************** гээгдүүлсэн ********************маркийн гар утсыг олж бусдын эзэмшил ашиглалтад байгаа өмч хөрөнгийг завшсаны улмаас хохирогч **************** 401 400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч *********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой ****************************** орж тамхи авах гээд алхаад явж байсан. Тэгээд дэлгүүрт орж гүйлгээгээ хийх гээд гар утсаа өмднийхөө халааснаас гаргаж ирэх гэтэл миний гар утас байхгүй болсон байхаар нь ирсэн замаараа буцаж хайгаад олоогүй. Тэгтэл 1-2 цагийн дараа миний *******************дугаарын данснаас 3500, 5000, 20000 төгрөгийн зарлагууд гарахаар нь өөрийнхөө хаясан гар утас руу залгатал дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. Тухайн гээсэн гэх гар утасны хавтсанд миний иргэний үнэмлэх, хас банкны виза карт зэрэг эд зүйл байгаа тул эдгээр алдсан зүйлсийг олж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би тухайн үед бага зэргийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ************ гэх айлаас гарах үедээ тухайн үед өмсөж байсан хар хөх өнгийн өмднийхөө баруун талын карманд гар утсаа хийчихсэн байсан. Би **************** баг руу явж байсан. Би самсунг галаксы А14 маркийн гар утсыг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ************** гэрээт салбараас 730 000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Уг утас нь хар ногоон өнгөтэй утас гадна талын улаан өнгийн утасны хамгаалалтын хавтаснд миний бичиг баримт байгаа содон шинж тэмдэг байхгүй. Миний гар утас ар талдаа 3 ширхэг, том, цуваа камертай, урдаа 1 ширхэг камертай, ************** гэсэн дугаартай. Тухайн утасны хайрцаг болон И-май код нь **************** гэсэн кодтой. Сүүлд дансныхаа хуулгыг аваад үзэхэд 189 000 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр нь миний данснаас 125 000 төгрөг алдагдсан байна. Уг хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. 125 000 төгрөгөө нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 12-17, 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************************** яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн
“...Манай хадам ээж ******************* малд миний өөрийн гэсэн 40-50 хонь, ямаа нийлсэн байгаа юм. Гэхдээ би малын тооноор хадам ээжийн нэр дээр тоолуулчихсан учир миний нэр дээр бүртгэлтэй мал байхгүй. Мөн эд хөрөнгө, газар, орон сууц байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, *********** банкны дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, ********************дугаар багийн Засаг даргын тодорхойлтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 20-25, 27, 28-32, 33-34, 49-50, 57-58, 65, 49-50, 52-53, 60-64 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ************************* багийн нутаг дээд өргөн чөлөө гэх газар иргэн *********************** гээгдүүлсэн Самсунг галаксы А14 маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч *********************401 400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***************** үйлдсэн болох нь
Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 07-08, 12-17, 48 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, ******************** банкны дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 24-25, 27, 28-32, 33-34, 49-50 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********************хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч *********************** нь Самсунг галаксы А14 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авсан үйлдэл нь “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ********************************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************************** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Гэмт хэргийн хохирогч ************************* нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 12 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ***********************цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 180 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ****************** шүүхээс торгох ял шийтгэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди нэг ширхэгийг хэрэгт хадгалахыг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************************* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар *********************** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ********************цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 180 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******************* нь 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди нэг ширхгийг хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******************************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА