| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000379 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Гэрч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ны өдөр шилжих шөнө би томилгоот хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байхад “Хонгор жаст” шатахуун түгээх станцын уулзвараас зүүн тийш эргээд явж байсан ******* ******* улсын дугаартай приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би драйгер багажаар машины жолоочийг үлээлгэж шалгахад 1,53%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч ирсэн. Шалгаж үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож эрхээ хасуулсан гэсэн мэдээлэл гэрч ирж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/ болон эрх бүхий албан тушаалтны зөрчил илрүүлсэн талаарх тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 09/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, илтгэх хуудас /хх-ийн 13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/972 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 77-78/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 972 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,53 хувийн промильтой үедээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 02 цаг 05 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч Г.Отгонбаярын өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ны өдөр шилжих шөнө би томилгоот хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байхад “Хонгор жаст” шатахуун түгээх станцын уулзвараас зүүн тийш эргээд явж байсан ******* ******* улсын дугаартай приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би драйгер багажаар машины жолоочийг үлээлгэж шалгахад 1,53%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч ирсэн. Шалгаж үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож эрхээ хасуулсан гэсэн мэдээлэл гэрч ирж байсан...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ний 972 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.53 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Харин шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ******* ******* улсын дугаартай Приус-11 маркийн авто машиныг жолоодсон гэмт хэрэгтээ Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг торгох ялыг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан “ торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэснийг баримтлан зургаан сарын хугацаагаар хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...” буюу Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэний дараа 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.53 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял буюу зургаан сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж , тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялын доод хэмжээг оногдууллаа.
Харин Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ял дээр одоо Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн уг эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүгдэгч хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож зургаан сарын / 06 / хорих ялыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар, түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ