Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/5

 

Н.Х-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/883 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Х-т холбогдох эрүүгийн 2002004080245 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н.Х-, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.Х- 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүнхараа гэх газраас “өвс” гэх гудамжны нэршилтэй гялгар ууттай нойтон жин нь 935 грамм бүхий Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх бодисыг болон Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,0485 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Х-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн тагтай, ягаан өнгийн дөрвөлжин хуванцар савтай, шинжилгээнд дээж авч үлдсэн 934 грамм “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын ургамал, шар өнгийн асаагуур, “шавар” гэх нэршилтэй /гялгар ууттай жин нь 1.2207 грамм, цэвэр жин нь 0.0485 грамм/ хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Н.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа гэх газар оршин суух зүс таних дүү Мэндэд гар утас худалдах гэж, мөн галт тэргэнд сууж үзэх зорилгоор 10 цагийн галт тэргээр явсан. Гар утсаа худалдчихаад буцаад галт тэргэндээ суухаар өртөө рүү явж байхад тэндээс холгүйхэн хашааны буланд урьд хүмүүсийн яриад байсан ургамалтай төстэй зүйл байхаар нь сонирхоод авч, турших журмаар 1 удаа сороход хоолой хорсоод байхаар нь шууд больсон. Галт тэрэг явах цаг болсон хоцрохгүйн тулд яарч гүйгээд суусан. Урьд нь ийм зүйл хэрэглэж байгаагүй сониуч зангаасаа болж юу гэдгийг нь ч мэдэлгүйгээр анх удаагаа 1 удаа сорж үзээд ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Тухайн ургамлын хор уршгийг дараа нь зурагт, интернетээр мэдсэн. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд олон улсын таеквондогийн тэмцээн уралдаанд орж амжилт гарган нэр хүндтэй болсон. Дээрх байдлыг минь харгалзан надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Н.Х-т 1 жилийн хорих ял оногдуулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тэрээр өөрийн дүүтэйгээ уулзах гэж, мөн галт тэргэнд сууж үзэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод анх удаагаа очсон. Энэ нь мансууруулах төрлийн ургамал олж авах гэж очсон байдлыг үгүйсгэдэг. Мөн гэнэн залуу насны сонирхлоор түүж хэрэглэж үзсэн. Түүнээс биш уг ургамлыг зорилгоо болгож түүгээд цааш ямар нэг байдлаар ашиглах бодол огтхон ч байгаагүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлдэг. Шүүх түүнд ял оногдуулахдаа түүнийг анх удаа каннабисын төрлийн ургамлыг хэрэглэж үзсэн ямар нэгэн мансуурах бодисын донтох өвчингүй байна гэсэн шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмчийн дүгнэлт, тодорхой эрхэлсэн ажилтай, эцэг эхийн хараа хяналтад байдаг нийгмийн идэвх зүтгэл сайн, ялангуяа спортоор хичээллэдэг тухайлбал теаквондогийн төрлөөр олон улсын аварга болж байсан мөн улс бүсийн чанартай тэмцээнд олон удаа оролцож амжилт гаргаж байсан зэргийг харгалзаж үзсэнгүйд гомдолтой байна. Н.Х- нь цаашид энэ төрлийн ургамлыг хэрэглэхгүй юм байна гэдэг итгэл үнэмшилтэй байхад хэдийгээр энэ төрлийн гэмт хэрэг манай улс оронд газар авч онцгой бодлого баримталж байгаа хэдий ч шүүх хавтгайруулан бодлогын чанартай ял өгсөн нь тухайн этгээдийн цаашдын хүмүүжил төлөвшилтөд муугаар нөлөөлөхүйц буруу дүгнэлт өглөө гэж үзэж байна. Дөнгөж 19 настай ид хийж бүтээж байх залуу хүнийг нэг удаа өршөөн харж түүнд хуульд заасан бусад ашигтай хэлбэрийг сонгож болох байсан гэж ойлгож байна. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, хүмүүжлийн ямар нэгэн доголдолтой эсэх нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй нь түүнийг хорих ялаар шийтгэж хүмүүжүүлэх нь хэр зэрэг оновчтой вэ гэдэг эргэлзээ төрүүлж байна. Цагдан хоригдсон хугацаанд тэрээр маш их зүйлийг ойлгосон. Тетрагидроканнабинолын төрлийн ургамлыг Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтаас хассан. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Н.Х-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хуульд заасан үүргийг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Н.Х-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Тэрээр хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг зориудаар олж авч, түүж бэлтгэн хадгалсан. Мөн “шавар” гэх бодисыг биедээ хадгалж байсан нь нотлогдсон. Анхан шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэсэн. Энэ нь гэм буруугийн хэлбэрт тохирч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Н.Х- нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүнхараа гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий /гялгар ууттай, нойтон жин нь 935 грамм/ “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан ба 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх бодисыг болон тус жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,0485 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Н.Х- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...галт тэрэгний буудлын ойролцоо байх саравч руу явж байтал замд каннабис өвс ургасан байхаар нь түүгээд хоолны ягаан, дөрвөлжин хуванцар саванд хийж хот руу авч ирээд автобусанд суух гэж байгаад вокзалын автобусны буудал дээр цагдаад баригдсан. ... Зүүнхараад галт тэргээ хүлээж байхдаа би түүсэн өвснөөсөө хуванцар саванд хийж сорсон. ... саравчны дэргэд байсан хоёр үл таних эрэгтэй хүнээс гал асуутал нэг нь надад шар өнгийн асаагуур өгсөн. ... хажуу хананд нь бор өнгийн юм наасан байхаар нь би юу болох талаар асуух гэтэл тэр хоёр залуу гэнэт зугтаагаад яваад өгсөн. ... асаагуур хэрэгтэй байсан учраас халаасандаа хийсэн байсан. ... тухайн үед сонирхол төрөөд татаж үзсэн. ...” /хх 41-42, 106/ гэж тухайн мансууруулах бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - биед үзлэг хийх явцад цагаан өнгийн тагтай, бор шар өнгийн саванд хийсэн ургамал мэт зүйл /953,4 грамм/ болон шар өнгийн асаагуур дээр байх шавар мэт зүйл /1,2 грамм/-ийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12/,

            - үзлэгийн явдад хураан авсан зүйлүүд болон Н.Х-ын биеэс авсан биологийн дээжид шинжилгээ хийхэд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 4215, 4214 дугаартай дүгнэлтүүд /хх 24-26, 28-31/,

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан Монгол Улсад ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгаа /хх 57-77/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Х-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тетрагидроканнабинолын төрлийн ургамлыг Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтаас хассан...” гэжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгохоор заасан.

Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц” нь мансууруулах эмийг анагаах ухаанд хэрэглэх нь өвчинг илааршуулахад зайлшгүй шаардлагатай байгаа, мөн ийм зорилгоор мансууруулах эмийг зохих хэмжээгээр хангахыг хүлээн зөвшөөрч, мансууруулах эмд донтох, хүн төрөлхтөнд нийгэм, эдийн засгийн аюул учруулахаас урьдчилан сэргийлж, мансууруулах эмийг урвуулан хэрэглэхийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахад уялдуулан, мансууруулах эмийг гагцхүү анагаах ухааны болон эрдэм шинжилгээний хэрэглээгээр хязгаарлахад Олон Улсын байнгын хамтын ажиллагаа, хяналт тавихад нийтээр хүлээн зөвшөөрөх хэлцэл байдаг.

            Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц” нь сэтгэцэд нөлөөлөх зарим бодисыг урвуулан хэрэглэх, түүнээс үүсэх хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, уг үйлдэлтэй тэмцэхийн тулд Олон Улсын конвенц шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн хэлцэл байдаг.

            Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтаас каннабисийн агууламжтай эмийг төрлийг хассан нь шүүгдэгч Н.Х-ын Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс”, “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нар давж заалдсан гомдолдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлуудыг иш татсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтыг хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Н.Х-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/883 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН