Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Г.Энхбаатар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Гантөмөрийн Энхбаатарт холбогдох 201625032124 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит шивээтийн 11 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Гантөмөрийн Энхбаатар (РД:МБ95060810),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-12-590 тоот хашаан доторх Б.Нандин-Одын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Б.Нандин-Одын зөөврийн компьютерийг хулгайлж, хохирогч Б.Нандин-Одод 250.000 төгрөгийн, Б.Даваа-Очирын малгайтай цамцыг хулгайлж, хохирогч Б.Даваа-Очирт 20.000 төгрөгийн, нийт 270.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайлсан зөөвийн компьютерыг ломбарданд тавихад ашиглах зорилгоор Б.Даваа-Очирын иргэний үнэмлэхийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

            Г.Энхбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Модны 2-т найз Төрмөнхтэй уулзаж тэндээ караокед орж 2 шил 0.75 литрийн Улаанбаатар архи авч уусан. Тэгээд би найз болох Нандин-Одынд очсон чинь гэр нь цоожтой байхаар нь хаалганы цоожийг нь эвдэж ороод зөөврийн компьютер ширээн дээр байхаар нь аваад, шүүгээнээс нь бичиг баримт, цамцыг аваад гарсан. Тэгээд Сээгий (Сэргэлэн) гэдэг найзынх руугаа явсан. Зөөврийн компьютероо найз Билгээгийн нэр дээр ломбарданд тавьсан…Надад бичиг баримт байхгүй байсан учир ломбарданд компьютер тавихад Даваа-Очирын иргэний үнэмлэхийг ашиглана гэж бодоод авсан юм. Б.Даваа-Очирт иргэний үнэмлэхийг буцааж өгсөн. Цамцыг нь өгөөгүй гэжээ.

            Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

            1.Б.Даваа-Очироос:-…2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өглөө 9 цагт гэрээ цоожлоод гарсан. Тэгээд шөнө гэртээ ирэхэд хаалганы цоож эвдэлсэн байдалтай байхаар нь гэр рүүгээ ороод үзтэл зөөврийн компьютер, иргэний үнэмлэх, цамц алдагдсан байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан зөөврийн компьютер Б.Нандин-Одынх, миний малгайтай цамц, иргэний үнэмлэх алга болсон, цамцаа нэхэмжлэхгүй гэжээ.

            2.Б.Нандин-Одоос:-…би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт байдаг гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь гэртээ байж байтал 12 цагийн үед Энхбаатар над руу утсаар яриад танайд хүн байгаа юмуу гэж асуусан. Би тэр үед нэг их юм бодолгүй, гэрт хүн байхгүй гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 29-ний шөнө залгаад гэрт хулгай орсон байна. Чиний зөөврийн компьютер алдагдсан байна гэхээр нь цагдаад ханд гэж хэлээд унтаад өгсөн юм. Г.Энхбаатар нь манай гэрийг мэддэг боловч харин хамт амьдардаггүй юм. Зөөврийн компьютероо буцаан авсан тул гомдолгүй гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Сэргэлэнгээс мэдүүлэхдээ:-…Би ганцаараа байр түрээслэн амьдардаг. Г.Энхбаатар намайг түрээслэдэг байранд чинь хамт байя, түрээсийн мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрт зөөврийн компьютер аваад ирсэн байсан. Би хулгайлсан гэж мэдээгүй. Манай дүү Билгээг ирэхэд Г.Энхбаатар нь би хот сайн мэдэхгүй, хамт яваад өгөөч гээд тэр зөөврийн компьютерийг аваад барьцаалан зээлдүүлэх газарт 40.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд бид 3 мөнгөөр нь архи хувааж уусан. Барьцаалан зээлдүүлэх зөөврийн компьютерийн хугацаа нь дуусч байна авахгүй бол зарлаа гээд утасдаад байхаар нь би очиж авсан. Тэрнээс хойш Энхбаатар нэг удаа ирж Нандин-Одын зөөврийн компьютер хаана байгаа вэ гэж асуусан. Би уг компьютерийг ломбарднаас 50.000 төгрөг төлж авсан ба үүнийгээ нэхэмжлэхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Г.Энхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-12-590 тоот хашаанд оршин суух Б.Нандин-Одын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зөөврийн компьютер, малгайтай цамц хулгайлан авснаас хохирогч Б.Нандин-Одод 250.000 төгрөгийн,  хохирогч Б.Даваа-Очирт 20.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн хулгайлсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт ашиглах зорилгоор Б.Даваа-Очирын иргэний үнэмлэхийг хулгайлсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Даваа-Очирын “…Тэгээд шөнө гэртээ ирэхэд хаалганы цоож эвдэлсэн байдалтай байхаар нь гэр рүүгээ ороод үзтэл зөөврийн компьютер, иргэний үнэмлэх, цамц алдагдсан байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан зөөврийн компьютер Б.Нандин-Одынх, миний малгайтай цамц, иргэний үнэмлэх алга болсон” гэх мэдүүлэг, хохирогч Б.Нандин-Одын “Г.Энхбаатар нь манай гэрийг мэддэг боловч харин хамт амьдардаггүй юм. Энхбаатар над руу утсаар яриад танайд хүн байгаа юм уу гэж асуусан. Би тэр үед нэг их юм бодолгүй, гэрт хүн байхгүй гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 29-ний шөнө гэрт хулгай орсон байна гэсэн. Зөөврийн компьютероо буцаан авсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Сэргэлэнгийн “…2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрт зөөврийн компьютер аваад ирсэн байсан. Би хулгайлсан гэж мэдээгүй. Манай дүү Билгээг ирэхэд Г.Энхбаатар нь би хот сайн мэдэхгүй, хамт яваад өгөөч гээд тэр зөөврийн компьютерийг аваад барьцаалан зээлдүүлэх газарт 40.000 төгрөгөөр тавьсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлд үзлэг хийж хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Бүргэд овогт Гантөмөрийн Энхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хувийн сэдэлтээр бусдын иргэний үнэмлэхийг хулгайлсан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхбаатарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ял дээр, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.

            Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нандин-Одод зөөврийн компьютерийг биетээр буцаан олгосон, хохирогч Б.Даваа-Очирын иргэний үнэмлэх буцаан олгогдсон ба харин Б.Даваа-Очир нь 20.000 төгрөгийн үнэ бүхий цамцаа буцаан авахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мөн гэмт хэрэг үйлдэж урчуулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Г.Энхбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бүргэд овогт Гантөмөрийн Энхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хувийн сэдэлтээр бусдын иргэний үнэмлэх хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхбаатарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Энхбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Энхбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын цагдаагийн тасагт даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Энхбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ