Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004290266 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* ******* ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/737 дугаартай шийтгэврээр 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.03 хувийн промильтой үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутгаас гудамжны үзүүр хүртэл шороон замд өөрийн эзэмшлийн Тоёота гранд марк 2 загварын БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр баривчилгаанд байж байгаад 15 цагийн үед гараад Баянхонгор сумын 10 мянгатад байдаг найз болох ******* гэрт очсон баривчилгаанд орохоосоо өмнө ******* хашаанд БНХ улсын дугаартай өөрийнхөө машиныг үлдээсэн байсан ба очиж авах зорилгоор очсон юм.  Тэр наадмын өдөр байсан намайг очиход 2 литрийн савлагаатай 2 ширхэг пиво гаргаж ирээд тус пивоноос миний хамтран амьдрагч Мягмарсүрэн, Бат- Эрдэнэ бид 3 хувааж уусан юм. Тэгээд ******* нэрээс 17-18 цагийн үед гараад хашаанаас нь машинаа гаргаж унаад ******* гэр байдаг гудамжнаас гараад гудамжны үзүүр тойроод төв зам рүү орох гэж байтал цагдаа нарт баригдсан юм. Миний  хувьд ******* гэрээс 200 гаран метр яваад баригдсан гэж бодож байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 110/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр замын цагдаагийн тасгийн байцаагч Содномдаржаагийн хамт үүрэг Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад БНХ улсын дугаартай саарал өнгийн марк 2 загварын тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад тус машины жолоог ******* нэр бүхий иргэн жолоодож явж байсан. Жолоочийн хажуу талын урд талын суудал дээр эхнэр болох эмэгтэй 3-4 насны гэмээр жоохон хүүхэд хамт зорчиж явж байсан. Тус тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан иргэн ******* нь илт согтуу байдалтай байхаар нь би согтуурал шалгах тандагч багажаар үлээлгэн шалгахад улаан өнгийн гэрэл ассан. Уг нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол тандагч багаж ногоон өнгийн гэрэл асах байсан. Тэгээд би тус газарт нь АРРМ-0012 маркийн драйгер багажаар иргэн *******г үлээлгэн шалгахад 2.03 хувийн согтолтын зэрэг гарч байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд тээврийн хэрэгслийг саатуулж *******г хамт явж байсан гэр бүлийн хүнд хүлээлгэн өгсөн. Уг иргэний мэдээллийг сангаар шүүж үзэхэд урьд өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан ба бүртгэл мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр оруулсан. Миний санаж байгаагаар 3 дугаар багийн Элбэг дэлгүүрийн араас илрүүлсэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

4. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр болох ******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд 8 хоногийн баривчилгаа авч ороод 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед гарч ирсэн. Манай нөхөр баривчилгаанд орохоосоо өмнө өөрийнхөө эзэмшлийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз болох ******* хашаанд орхисон байсан. Тэгээд би тэр өдрөө нөхөр хүүхдийнхээ хамт машинаа авах гээд Бат- Эрдэнийн гэрт очтол нь наадам болж байгаа юм чинь гээд Нийслэл нэртэй 2 литрийн савлагаатай 2 том пиво миний 5 литр гүүний айраг гаргаж ирээд манай нөхөр *******, түүний эхнэр гэх эмэгтэй бид 4 хувааж уусан. Тэгээд бид нар уугаад сууж байтал ******* ээж нь гэх эгч гаднаас орж ирээд уурлаад байхаар нь нөхөр хүү, бид 3 ******* хашаанаас машин аваад манай нөхөр ******* нь машинаа бариад тус айлын гудамжнаас гарах гээд хөдөлгөөнд ороод явж байтал 2 цагдаа гарч ирээд бид 3-г зогсоосон. Тэгтэл манай нөхрийг согтуурал шалгадаг багажаар үлээлгэсэн чинь 2 бүхэл гаран согтолтын зэрэгтэй байна гэж хэлээд нэг цагдаа нь манай нөхрийг хойд талын суудал дээр суулгаад манай машиныг бариад журмын хашаанд авчирсан. Тэгээд манай нөхрийн мэдээллийг аваад бид 3-г явуулсан. Манай нөхөр ******* нь найз болох Бат- Эрдэнийн гэрт нийслэл нэртэй 2 литрийн савлагаатай 2 ширхэг том пиво 5 литр гүүний айраг зэргийг дөрвүүлээ нийлээд хувааж уусан. Миний харснаар манай нөхөр бага зэргийн согтолттой байсан. Уг нь тус айлд хонох гэж байсан боловч ******* ээж гэх эгч гаднаас орж ирээд загнаад хөөгөөд байхаар нь манай согтууруулах ундаа хэрэглэсэн машинаа барьсан. Тус айлын гаднаас 50-100 метр газар явсан байх гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай дүү ******* нь дуу цөөнтэй даруу төлөв зантай нэгэн ба хаа нэг архи дарс уугаад байдаг. ******* нь надтай тийм ч ойр дотно байдаггүй. ******* нь урьд өмнөх эхнэр хүүхдээсээ салсан ба өөрийн гэсэн тогтсон хаяг, гэр орон байхгүй. Сүүлд нэг эмэгтэй хүнтэй  танилцаад тэрэнтэйгээ хамт хаагуур ч хамаагүй  яваад байдаг болсон байна лээ....гэх мэдүүлэг /хх-ийжн 118/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 05-07/, эд хөрөнгө бүртгэлтэй  эсэх лавлагаа /хх-ийн 37/, хас банк, голомт банк, төрийн банк албан бичиг /хх-ийн39-43/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/737 дугаартай шийтгэвэр /хх-ийн 12-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-114/, шүүгдэгч *******гийн урьд эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримт шинжлэнсудлав.                                                                                                                    Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/737 дугаартай шийтгэврээр 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.03 хувийн промильтой үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутгаас гудамжны үзүүр хүртэл шороон замд өөрийн эзэмшлийн Тоёота гранд марк 2 загварын БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч *******ын өгсөн “...Би тухайн өдөр замын цагдаагийн тасгийн байцаагч Содномдаржаагийн хамт үүрэг Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад БНХ улсын дугаартай саарал өнгийн марк 2 загварын тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад тус машины жолоог ******* нэр бүхий иргэн жолоодож явж байсан. Жолоочийн хажуу талын урд талын суудал дээр эхнэр болох эмэгтэй 3-4 насны гэмээр жоохон хүүхэд хамт зорчиж явж байсан. Тус тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан иргэн ******* нь илт согтуу байдалтай байхаар нь би согтуурал шалгах тандагч багажаар үлээлгэн шалгахад улаан өнгийн гэрэл ассан. Уг нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол тандагч багаж ногоон өнгийн гэрэл асах байсан. Тэгээд би тус газарт нь АРРМ-0012 маркийн драйгер багажаар иргэн *******г үлээлгэн шалгахад 2.03 хувийн согтолтын зэрэг гарч байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд тээврийн хэрэгслийг саатуулж *******г хамт явж байсан гэр бүлийн хүнд хүлээлгэн өгсөн. Уг иргэний мэдээллийг сангаар шүүж үзэхэд урьд өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан ба бүртгэл мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр оруулсан. Миний санаж байгаагаар 3 дугаар багийн Элбэг дэлгүүрийн араас илрүүлсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг болон  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/737 дугаартай шийтгэврээр 2024 оны 07 дугаар сарын 03-ний 737 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн  14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн  5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 2.03 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутгаас гудамжны үзүүр хүртэл шороон замд өөрийн эзэмшлийн Тоёота гранд марк 2 загварын БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан   зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.

Харин шүүгдэгч *******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.2.11 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг “Их Номгон” хүнсний дэлгүүр зэргээр  зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.2.11 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг “Их Номгон” хүнсний дэлгүүр зэргээр  зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Д.БАТЦЭНГЭЛ