| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01285/И |
| Дугаар | 155/ШШ2020/00008 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2020/00008
| 2019 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2020/00008 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: ******* ТӨХК,
Хариуцагч:*******д холбогдох,
дулааны төлбөр 115.632.753,087 / нэг зуун арван таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун тавин гурван төгрөг наян долоон мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2019/01285/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан, Н.Пүрэвдорж, Б.Батцэцэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ТӨХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ТӨХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлалтай Титэм сургуультай 2017, 2018, 2019 онуудад Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ-г байгуулсан билээ. Монгол Улсын Эрчим Хүчний тухай хууль, Монгол улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээтэй холбогдон гарсан хангагч, хэрэглэгчийн хоорондох гэрээний дагуу манай станц нь дулаанаар найдвартай, тасралтгүй хангаж ирсэн юм. Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор дулааны эрчим хүчний үнэ
тариф шинэчлэгдэн батлагдаж 2017 оны 9 сарын 15-аас мөрдөх болсон. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.
Дулааны үнэ, тариф батлуулахаас өмнө нийт хэрэглэгчиддээ мэдээллийн хэрэгслээр мэдээлж харилцагч байгууллагууддаа мэдэгдэл хүргүүлж ажилласан. Мөн батлагдсанаас хойш дулааны эрчим хүчний үнэ, тариф мөрдөж ажиллахыг удаа дараа сануулан албан тоот хүргүүлж байсан. Гэвч 2017 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл батлагдсан тарифаар дулааны эрчим хүчний төлбөрөө төлөлгүй өдийг хүргэсэн.
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны тогтоолыг мөрдөөгүйгээс үүссэн тарифын зөрүү болох хэрэгжээгүй авлага нийт 115,632,753,87 /Нэг зуун арван таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун тавин гурав, 87 мөнгө/ төгрөг болж байна. Энз нь Эрчим тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дахь заалтыг зөрчиж байгаа билээ. Бид удаа дараалан албан бичгээр дулааны төлбөрөө төлөх тухай хүргүүлсэн бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд шүүхэд шилжүүлэхийг уг албан бичгээр мэдэгдсэн болно. Гэвч одоо хүртэл манайд ямар нэгэн хариу ирээгүй байна. Тус байгууллагаас шинэчлэгдсэн тарифаар дулааны зардлаа төлөвлөж өгсөн боловч төсөвт суугдаагүй гэсэн хариу өгсөн.
Иймд Титэм 2-р сургууль нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзэж, дулааны нийт төлбөр болох нь 115,632,753,87 /Нэг зуун арван таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун тавин гурав, 87 мөнгө/ төгрөгийг гаргуулан өгч ******* ТӨХК-нийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч*******д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* төрийн өмчит хувьцаат компанийн тус сургуульд кзогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг вшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Дулааны эрчим хүсээр хангах аж ахуйн гэрээ болон 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл,мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ, 28 дугаар зүйлийн 28-5-д хэрэглэгч энэ хуулийн 27-5-д заасны дагуу мэдэгдснээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-Д Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож хэрэгжүүлэх үүрэгтэй, 6.2.-д Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ. гээд 6.2.5-д Төсвийн жилийн дундуур орлого бууруулах зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх хуулийн тусгай шаардлага тавьдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 190 дүгээр тогтоол нь 2017 оны хувьд төсвийн жил дундуур зарлага нэмэгдүүлэхээр гаргасан тогтоол. Эрчим хүнчий тухай хуульд нийтэд зарласнаас хойш 15 хоногийн дотор мөрдөнө гэсэн бол төсвийн тухай хуулиар тухайн жилийн төсвийн жил дуустал дагаж мөрдөхгүй гэсэн зөрчилтэй зохицуулалттай. Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол улсын үндсэн хууль энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухай асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Эрчим хүчний тухай хууль нь ... эрчим хүчний нөөцийг аншглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршдог бол төсвийн тухай хууль нь төсөв түүний зарчим тогтолцоо бүрэлдэхүүн ангилыг тогтоож төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх төсвийн харилцаанд оролцогчийн эрх үүрэг хариуцлагыг тодорхойлж төсөв боловсруулах батлах зарцуулах бүртгэх тайлагнах хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Нэхэмжлэлийн шаардлагад тавигдаж буй асуудал нь дулааны үнийн өсөлттэй холбогдон гарсан үнийн зөрүүний төлбөр төлөх шаардлага бүхий харилцаа ба төрийн байгуулагуудын уг харилцаа нь төсвийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулагдсан, батлагдаж дагаж мөрдсөн хугацааны хувьд эрчим хүчний тухай хууль 2001 онд, Төсвийн тухай хууль 2001 онд батлагдаж 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй хууль юм. Тиймээс дулааны үнийн өсөлтийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцон нэхэмжлэл гаргаж буй нь хуулийн шаардлагад илүү нийцэхгүй байна. Монгол улсын 2018 оны төсвийн тухай хууль нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоол гарч, тогтоолын 1.2-д Төсвийн хууль тогтоомж зөрчин төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан өр үүсгэсэн болон тендер шалгаруулалтыг зохион байгуулж үнэлэхдээ холбогдох журам зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага ногдуулж гарсан зөрчлийг тухай бүр залруулж ажиллах-ыг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт үүрэг болгож, тогтоолын 7 дугаар зүйлийн 7.3-т Орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх төвлөрсөн халаалтад холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх сумдын сургууль цэцэрлэг, эмнэлэг төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш халаалтын зардлыг өр авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх-ийг Аймгийн Засаг дарга нарт даалгасан байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг баталсан 2017 оны 190 дүгээр тогтоол гарсан даруйд 2018 оны төсвийн төсөв хийгдэж байсан цаг хугацаатай давхацсан ба аймгийн Засаг даргаас үнийн нэмэгдэлтэй холбогдуулан дутагдах хөрөнгийн тооцооллыг хийж гол харилцааг зохицуулагч Сангийн сайдад удаа дараалан хүсэлт хүргүүлсэн. Монгол улсын Сангийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ын 6 дахь хэсэгт зааснаар Нэгдсэн төсвийн талаархи судалгаа төлөвлөлт, Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалт санхүүжилтийн үйл ажиллагаа-г хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ерөнхий чиг үүргийн яамны сайд. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны явцад гарах урсгал зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргах эрхтэй хэдий боловч энэ нь Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.-т Төсвийн харицлааг зөвхөн энэ хуулиаар зохицуулах бөгөөд орон нутаг салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Монгол улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн Газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж биелэлтийг хангана хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн Газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно гэж заасан ба Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан шийдвэр нь үндсэн эрхлэх асуудлын хүрээний яам болох Сангийн сайдтай зөвшилцөөгүй, гол харилцааг зохицуулсан Төсвийн тухай хууль, Монол Улсын Засгийн Газрын шийдвэрийг зөрчсөн. Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс 2018, 2019 оны төсвийн төслийг Сангийн яаманд хянуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 190 дүгээр тогтоолыг үндэслэн бүх төсөвт байгууллагын дулааны зардлыг 1560 төгрөгөөр тооцож хүргүүлсэн боловч сангийн яам төсвийг хянаж батлуулахдаа хуучин үнэ тариф болох 1430 төгрөгөөр батлуулж Хөвсгөл аймгийн төсвийг хянасаар ирсэн. Орон нутгийн төсвийн байгуулагуудын хувьд Сангийн яамнаас баталсан хэмжээгээр дулааны төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн ба Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тарифаар төлөх хөрөнгө ирээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн зөрүүний төлбөрийг өөрийн зүгээс санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл байхгүй. Төсвийн шууд захирагч нар төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.- д заасны дагуу Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах чиг үүргээс хэрэгжүүлж ажилласан болно. Нөгөө талаас Хөвсгөл аймгийн Дулааны станц нь №ХӨ-2018/8.8.11 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төсөвт байгууллага аж ахуйн нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын гэрээ-г 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байдаг ба энэхүү гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төсвийн байгууллагын дулааны зардлыг 1м3-ыг 1430 төгрөгөөр тооцохоор гэрээ байгуулж ажилласан ба гэрээнд заасан хэмжээгээр дулааны өр төлбөрийг бүрэн барагдуулж ажилласан.
Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Төрийн өмчит хувьцаат компани нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан дулааны төлбөр 115.632.753 төгрөг 87 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай Тариф батлах тухай тогтоол, мөн хорооны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Дулаан эрчим хүч хэрэглэгч 2 дугаар сургуульд өгсөн нэхэмжлэгч байгууллагын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл, хавсралт 2 хуудас, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн 2 дугаар сургуульд нэхэмжлэгч байгууллагаас өгсөн мэдэгдэл, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд гэж хаяглагдсан Дулааны тариф мөрдөх тухай албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... гэрээг шинэчилж хийх тухай албан бичиг, нэхэмжлэгч байгууллагаас Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хүргүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч байгууллагаас Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 220 дугаар албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 222 дугаар албан бичиг 2 хуудас,2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаар албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид ирүүлсэн Дулааны төлбөр тооцооны тухай 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 6/319 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн засаг даргын зөвлөлийн хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тэмдэглэл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хүргүүлсэн нэхэмжлэгч байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 389 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандсан Хөвсгөл дулааны стан төрийн өмчит хувьцаат компанийн тарифын тухай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооноос Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад хаягласан дэмжлэг хүсэх тухай албан бичиг, Эрчим хүчний сайдын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн а/1010 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хүргүүлсэн Хамтран ажиллах тухай албан бичиг, нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн С.Алтанчимэгт хандсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 149 дугаар албан бичиг, нэхэмжлэгчээс Аймгийн засаг дарга Л.Ганболдод хаягласан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 218 дугаар албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 67 дугаар албан бичиг, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Нямдоржид хандсан нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоос нэхэмжлэгч байгууллагад хандсан тариф мөрдөх боломжгүй талаархи 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/232 дугаар албан бичиг, нэхэмжлэгч байгууллагаас Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатарт хандсан албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, нэхэмжлэгч байгууллагаас Хөвсгөл аймгийн Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувдад хандсан тусламж хүсэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 451 дугаар албан бичиг, нэхэмжлэгчээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хандаж гаргасан Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 594 дугаар албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар албан бичиг, Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд аймгийн засаг дарга Л.Ганболдод хандсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаар албан бичиг, Сангийн яаманд хандсан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаар албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хүргүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаар албан бичиг, Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандсан 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 603 дугаар албан бичиг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хандсан 77 дугаар албан бичиг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс нэхэмжлэгч байгуулагад ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн а/1009 дугаар албан бичиг, Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаас нэхэмжлэгч байгууллагад ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн в/1108 дугаар Чиглэл өгөх тухай албан бичиг, нэхэмжлэгч байгууллагаас Эрчим хүчний яамны сайдын зөвлөх Т.Болдбаатарт хандсан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 602 дугаар албан бичиг,Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоос нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/802 дугаар албан бичиг,Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын Хөвсгөл аймгийн Засаг даргы орлогч Ц.Баттогтох, Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Мөнхсайхан нар байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ 3 хуудас, хавсралт 2 хуудас, нэхэмжлэгч хариуцагчийн хооронд байгуулагдсан 2019 оны Дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2 хуудас,112 дугаар нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад хандсан нэхэмжлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний дүрмийн хуулбар, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,Титэм сургуулийн 2017, 2018, 2019 онуудын Дулааны эрчим хүчний төлбөр төлсөн тооцоо, Аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичиг зэрэг нотлох баримтыг,
Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын Хөвсгөл аймгийн Засаг даргы орлогч Ц.Баттогтох, Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Мөнхсайхан нар байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ 3 хуудас, хавсралт 2 хуудас, Төсвийн захирагч нарт аймгийн Засаг дарга Л.Ганболдоос хүргүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/35 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар хувь, Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаар тогтоолын хуулбар 3 хуудас, нэхэмжлэгч байгууллага, хариуцагч байгууллагын хооронд 2014 онд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээний хуулбар 2015, 2017, 2018 онуудад гэрээг сунгасан бичигт хийгдсэн, 2019 оны гэрээ зэрэг нотлох баримтыг тус тус ирүүлсэн байна.
Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ч.Цогоо нь нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан тус компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4-т Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байх ба Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Нямдоржийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/15 дугаар албан бичигт Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 хэсэг дэх гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасныг шүүх, хуулийн байгууллагад үүссэн маргаанд тус байгууллагыг төлөөлж итгэмжлэлгүйгээр оролцож болно гэж ойлговол зохино гэжээ.
Үүнээс үзвэл Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн захирал нь Ч.Цогоо нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагыг Дулааны эрчим хүчээр хангаж хариуцагч байгууллага нь тогтоосон үнэ тарифийн дагуу сар бүр дулааны төлбөрийг төлөхийг тохиролцож гэрээг байгуулсан боловч Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолуудаар Тарифийг шинэчлэн тогтоосноор 2017 оноос хойшхи хугацааны тарифийн зөрүүнээс өр үүссэн үйл баримт тогтоогдлоо.
Талуудын хооронд Тооцоо нийлэх гэрээ буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Учир нь: 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай тогтоолоор хүчингүй болгосон учир нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй,
Мөн хариуцагч Титэм ерөнхий боловсролын сургуультай нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах тухай 2018 онд сунгаж хийсэн гэрээ, 2019 онд байгуулсан гэрээгээр үнэ тарифийг хуучнаар мөрдөж байсан үнээр буюу нэгж талбайн үнийг 1430 төгрөгөөр тооцож тогтоосон байна.
Талууд гэрээний талаар, тогтоосон үнэ тарифийн талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн талаар маргаагүй.
Түүнчлэн хариуцагч байгууллага нь Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдод 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн 106 дугаар албан бичигтээ эрчим хүч нийлүүлэх тендерт 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл нийлүүлэх үнээ санал болгож хавсралтыг хүргүүлсэн байх бөгөөд үүндээ хуучин үнээ санал болгосон баримтыг хавсарган Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн болох нь ХӨАОНӨГ/201902078/8.4.3 дугаар төслийн баримтаар нотлогдож байх ба үүндээ нэгж талбайн тарифийг 1430 төгрөгөөр тооцож үнийн саналаа өгсөн байна.
Иймд 2017,2018,2019 онд нийлүүлсэн Эрчим хүч ханган нийлүүлсэн тарифийн зөрүүнээс үүссэн төлбөр болох 115.632.753 төгрөг 87 мөнгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургууль нь төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжаас төлөөлөгддөг тул Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуульд холбогдох дулааны төлбөрт 115.632.753 /нэг зуун арван таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун тавин гурав/ төгрөг 87/ наян долоо/ мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА