| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 181/2016/01264/И |
| Дугаар | 181/шш2017/00578 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 181/шш2017/00578
2017 оны 02 сарын 17-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00578 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.А-нд холбогдох
2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20, 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
гуравдагч этгээд О.Юын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
гуравдагч этгээд А.Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ч.С, Р.Энх-Амгалан нараас 164 649 020 төгрөг гаргуулж нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх 2 иргэний өөрийн хөрөнгө болох Налай дүүрэгт 2 ширхэг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах авто машины дулаан гражийг хураасан.
Гэтэл ГА 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж төлбөр төлөгч биш Э.Э ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр, 25 тоот, 45.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор 42 тоот, 37.8 м.кв талбайтай 2 орон сууцуудыг битүүмжилсэн.
Дээрх хоёр орон суцыг тус компани барьж байгуулсан бөгөөд төлбөр төлөгч Р.Энх-Амгалан нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш.
Иймд Г.Аны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20 тоот болон 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-уудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ч.С, Р.Энх-Амгалан нараас 164 649 020 төгрөг гаргуулж нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.С нь Э.Э ХХК-ийн 100 хувь үүсгэн байгуулагч бөгөөд шийдвэрт дурдагдсан төлбөрийг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрыг барьж дууссаны дараа төлнө гэж тайлбар гаргаж байсан. Сүүлд авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар битүүмжилсэн орон сууцууд нь Ч.Сийн нэр дээр байгаа.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд О.Ю-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх алба нь хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн. Э.Э ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажилагаанд байнга оролцож байсан. Энэ байрууд нь Ч.Сийн нэр дээр байгаа, цаашид өөр үхний өмчлөл рүү шилжээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд А.Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна. Уг байрууд нь А.Бны барьцаанд байгаа тул битүүмжлэх ёсгүй байсан. Өөр хөрөнгүүдийг төлбөр төлөгч нараас хураасан, ийнхүү хураасан хөрөнгүүд нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байса нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Э ХХК нь Г.Анд холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20, 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн зүгээс хуульд зааснаар, төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд эд хөрөнгө битүүмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Г.Аны зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 188/20, 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг гаргаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр, 25 тоот, 45.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 42 тоот, 37.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг битүүмжилсэн үйл баримт талуудын маргаагүй байдал, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ч.С, Р.Энх-Амгалан нараас 164 649 020 төгрөг гаргуулж нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэж, холбогдох гүйцэтгэх хуудсыг олгожээ.
Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны зоорийн давхар, 2-13 давхар тоот хаягт байрлах орон сууц, гаражийн зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр Ч.С бүртгэгдсэн, мөн дээрх байрны 25, 42 тоот орон сууцнууд нь эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/971 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11-870072 тоот лавлагаагаар дурдсан байрны өмчлөгчөөр Ч.С бүртгэлтэй байсан бөгөөд захиалагч иргэдийн өмчлөлд эд хөрөнгө салган бүртгэгдэж байгаа, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А.Бтай хийсэн зээлийн гэрээ бүртгэлтэй болохыг тодорхойлсон, гэхдээ уг лавлагаагаар тухайн байрны 25 болон 42 тоот орон сууцны талаарх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/971 тоот албан бичигт заасан мэдээллийг үгүйсгээгүй болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас харахад хариуцагч байгууллагын зүгээс битүүмжилсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр, 25 тоот, 45.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 42 тоот, 37.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцууд нь төлбөр төлөгч Ч.Сүрэнчимэгийн өмчлөлийн эд хөрөнгө байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх хэсэгт заасан зорилгоор тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн Г.Аны үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй, битүүмжлэх үйл ажиллагаа хууль зөрчсөн талаар нэхэмжлэгчээс мэтгэлцээний байр суурь гаргаагүй.
А.Б болон Э.Э ХХК, иргэн Ч.С, Р.Энх-Амгалан нарын хооронд байгулсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2102015625 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2102017556 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр, 25 тоот, 45.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 42 тоот, 37.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцууд нь А.Бны барьцаанд байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно гэж заасан байгаа боловч төлбөр төлөгч Ч.С, Р.Энх-Амгалан нарын шийдвэр гүйцэтгэх ажилллагааны явцад урьд хураалгасан, албадан дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгүүд нь шүүхийн шийдвэрт заасан нэр бүхий 21 иргэнд төлөх ёстой 164 649 020 төгрөгийн шаардлагыг хангах хэмжээнд байсан гэх үйл баримт нотлогдохгүй, энэ талаар зохих баримтуудыг талууд гаргаж мэтгэлцээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага, баримтаар тогтоогдсон үйл баримтыг харахад Г.Аны явуулсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны улмаас Э.Э ХХК-ийн эрх хөндөгдсөн асуудал тогтоогдсонгүй.
Мөн төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно.
Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс барьцааны эд хөрөнгийг битүүмжилсэн нь А.Бны тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хөндөхгүй болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт нь шүүх хуралдааны товыг нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Анд холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20, 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Э.Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ