| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н*******, Б.Б******* нарт холбогдох эрүүгийн 2415002380284 дугаартай, 304/2025/0009/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* Н*******, Булган аймгийн Х******* суманд 1977 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 47 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн . сумын .... ..........дугаар багийн ........... ..тоотод суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Монгол Улсын иргэн, М******* овогт Б******* Б*******, Булган аймгийн С******* суманд 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ......... сумын ..... багийн Булгийн .......оотод оршин суух бүртгэлтэй, одоо .тоотод оршин сууж байгаа гэх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...........I......................” ХХК-д хайгуулын өрмийн туслах ажилтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Н*******, Б.Б******* нар нь хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран оролцож, бүлэглэн Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Бүрэнгийн нуруу” гэх газрын ойгоос 2024 оны 08 дугаар сарын 16-18-ны хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон Хуш модны самар, үр нийт 82 кг түүж, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота Фиелдер /Toyota Fielder/ загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 8,109,800 төгрөгийн шууд хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт 40,549,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Бүрэнгийн нуруу” гэх газрын ойгоос 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон 82 килограмм хуш модны самар түүж, улсын дугаартай “Toyota.Fielder” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 8,109,800 төгрөгийн шууд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч Ж.Б: “...Б.Б*******, Б.Н******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр баг "Бүрэнгийн нуруу” гэдэг газраас хууль бусаар зохих бичиг баримтгүй хуш модны самар түүж, тээвэрлэсэн байна. Б.Б*******, Б.Н******* нар хууль бусаар хуш модны самар түүж, тээвэрлэсэн эсэх нь тогтоогдсон тохиолдолд байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ж.Э: “...Миний эзэмшилд “Тоёота Филдер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Би анх 2011 онд 9 саяар худалдаж авч байсан. Одоогоор миний машин хуучраад муудсан тул 2 сая төгрөгийн үнэтэй байх. Манай төрсөн дүү Хангал сумаас ажилдаа Орхон аймаг руу ажилдаа унаж явдаг. Орхон аймагт цэцэрлэгийн багшаар ажилладаг. Би эзэмшлийн “Тоёота Филдер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 50 дахь тал/,
-Гэрч Ж.А: “...Тэгээд намайг ирээд Хангал сумын нутагт байдаг “Бүрэнгийн нуруунд” явж байна ирээд аваач гэж хэлсэн тэгэхээр би өөрийн төрсөн ахын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Хангал сумын төвөөс гараад нөхөр Б.Б*******гийн дуудсан газарт яваад очиход манай сумын таньдаг ах Б.Н******* ахын хамт 3 шуудайтай юм машинд ачаад буцаж ирж байгаад Хангал сумын төв рүү орж ирээд засмал засмал дээр явж байхад цагдаа зогсоож машин шалгахад би манай нөхөр Б.Б*******, Б.Н******* ах хоёр самар ачсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
-Гэрч Д.Х: “...Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагч ажилтай. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 онд Булган аймгийн нутаг дэвсгэрт хуш модны самрын зөвшөөрөл олгоогүй тэр дундаа Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр баг “Бүрэнгийн нуруу” гэдэг газраас хуш модны самрын зөвшөөрөл олгогдохгүй учраас зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 54 дэх тал/,
-Гэрч Н.Д: “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж байх хугацаанд улсын дугаартай саарал өнгийн "Тоёота Филдер" маркийн тээврийн хэрэгслээр хуш модны 3 шуудайтай самар зөвшөөрөлгүй Б.Б*******. Б.Н******* нар тээвэрлэж явсныг саатуулсан. Иргэн Б.Б*******, Б.Н******* нар ямар нэгэн хуш модны самар түүж бэлтгэх зөвшөөрлийн бичиг үзүүлсэн зүйл байхгүй. Иргэн Б.Б*******, Б.Н******* нар Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг "Бүрэнгийн нуруу" гэдэг газраас түүж бэлтгэсэн гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 6-7,8-14 дэх тал/,
-2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хуш модны самарт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд ”... уг 3 шуудайтай самрын хогийг шигшиж цэвэрлэж 3 шуудайд цэвэрлэсэн самраа 1-31 кг, 2-29 кг, 3-39 кг гэж бичиж тэмдэглэсэн 3 шуудайд буцааж хийж шуудай тус бүрээр нь хиллэж үзэхэд 1-р шуудайтай самар 25.00 кг, 2-р шуудайтай самар 24.10 кг, 3-р шуудайтай самар 32.90 кг нийт 82 кг гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 26-35 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 20-25 дахь тал/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ОРА: 1001854 дугаартай “ Тоёота Фиелдер /Тоyоtа Fielder/ загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 2,500,000 төгрөгөөр торгоосон дүгнэлт / хавтаст хэргийн 62-65 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2899 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн үр нь дунджаар 0.9-1.2 см урттай, 6.2-8.5 мм-ийн өргөн хэмжээтэй, хар хүрэн өнгөтэй, гадна яс нь давирхайгүй, үр далавчгүй, Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica модны үр буюу цайруулсан самар байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш) модны үр буюу самрыг үйлдвэрлэлийн болон хүнсний зориулалтаар хэрэглэж худалдаалдаг байна.
3.Сибирь нарс (Хуш)- Рinus sibirica мод нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт, болон Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан "Ойн дагалт баялаг"-т хамаарч байна.
4.Сибирь нарс (Хуш)- Рinus sibirica мод нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэтний, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газар зүйн тойрогт тархдаг. Сибирь нарс нь уулын амын орой хэсэг, хязгаар уулын ар өвөрт зонхилон ургадаг. Тухайн газар нутгийн онцлогоос хамааран шигүү эсвэл цөөн тоогоор ургасан байдаг.
5.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохын тулд шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш) модны үр буюу самрыг МNS 2431:2009 стандартын дагуу санамсаргүй байдлаар 25, 50, 100 ширхгээр авч тооцож үзэхэд үрийн дундаж чийг нь 20.1% байгаа нь нойтон байна.
6.Түүж бэлтгэн боловсруулсан Сибирь нарс (Хуш) модны үр буюу самар нь дахин байгальд шинээр ургах боломжгүй байна.
7.Нөхөн сэргээлт хийж ургамалжуулахад гарах хохирлын хэмжээг тодорхойлох нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй байна.
8. Хуш модны үр буюу самрыг МNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын шаардлага хангасан, 70% -иас ихгүй, агаарын харьцангуй чийглэгтэй, 15°С-аас дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, шалнаас дээш 20-30 см өндөр нарны шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайтай, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх шуудай, уутанд /0,025мм болон түүнээс зузаан нийлэг хальсан уут хэрэглэхгүй/1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөр хөгц үүсэх, хатах зэргээр муудах боломжтой.
9.Шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.
10.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-86 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3521 дугаартай:
1. Мөрдөгчийн тогтоолд дурдсан 82 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 8.109.800 төгрөг байна.
2. Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 40.549.000 төгрөг байна.
3. Иргэн Б.Б*******гийн түүж, бэлтгэсэн 41 кг Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 4.054.900 төгрөг байна.
4. Иргэн Н.Н*******ын түүж, бэлтгэсэн 41 кг Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 4.054.900 төгрөг байна.
5. Иргэн Б.Б*******гийн 41 кг Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолоход 12,164,700 төгрөг байна.
6. Иргэн Б.Н*******ын 41 кг Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолоход 12,164,700 төгрөг байна.
7. Иргэн Б.Б*******гийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Бүрэнгийн нуруу”-аас түүж бэлтгэсэн 41 кг Сибирь нарс /хуш/ модны үр буюу ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 20,274,500 төгрөг байна.
8. Иргэн Б.Н*******ын түүж бэлтгэсэн 41 кг Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 20,274,500 төгрөг байна.
9. Иргэн Б.Б*******гийн түүж, бэлтгэсэн Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2024 оны байдлаар үрийн чийгийн агууламжаас хамааран нойтон 98,900 төгрөг, хуурай 176,600 төгрөг байна.
10 Иргэн Б.Н*******ын түүж, бэлтгэсэн Сибирь нарс /хуш/ модны үр буюу самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2024 оны байдлаар үрийн чийгийн агууламжаас хамааран нойтон 98,900 төгрөг, хуурай 176,600 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95- 99 дэх тал/,
-“Арвижих-эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн №24/12-10 дугаартай: “хуш модны цайруулсан самрын үнэлгээг 1 кг нь 6,000 төгрөгөөр тогтоож, 82 кг самрыг нийт 492,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 110-115 дахь тал/,
-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын: “...82 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 8,109,800 төгрөг болох нь тогтоогдсон байна.
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3521 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу ургамлын аймагт учруулсан хохирол болох 82 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 8,109,800 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 40,549,000 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх хохирлын үнэлгээ тооцсон акт /хавтаст хэргийн 117 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******: “...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Б.Б*******гийн хамт Бүрэнгийн нуруу гэх газрын ойгоос самар түүсэн...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******: “...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Сөрт 1 дүгээр багийн нутаг “Бүрэнгийн нуруу” гэх газрын ойгоос Н******* ахтай хамт гараад 10 шуудай самар түүж бэлтгэсэн. Тэгээд самраа цайруулаад машиндаа ачиж яваад Хангал сумын цагдаад баригдсан...” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н******* нь бүрэн бус дунд, Б.Б******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явууллаа.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******, Б.Н******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох.
Байгаль экологид 8,109,800 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт 40,549,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байх тул нөхөн төлүүлэх саналтай...” гэв.
Шүүгдэгч Б.Н*******: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Б*******: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд “Ховор ургамал”-ын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.
Иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь хуш модны самар, үрийг түүж, тээвэрлэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосон байна.
Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд тус хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/723 дугаартай тушаалын хавсралтаар Булган аймгийн нутаг дэвсгэрт хамаарах ойгоос хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж ховор ургамлын жагсаалтад орсон “хуш модны самар” ургамлын үрийг ашиг олох зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Сибирь хушны самар нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1.2. ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хамруулан ойлгохоор заасан.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12 дахь заалтад “ойн дагалт баялаг” гэж “ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж тодорхойлсны дагуу самар нь “ойн дагалт баялагт” хамаарахаар байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3521 дугаартай дүгнэлтээр байгаль экологид 8,109,800 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж мөн хэсгийн 42.1.3 дахь заалтад “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэж тус тус заажээ.
Хуш модны самар буюу үр идээ нь ховор ургамалд хамаарахын зэрэгцээ ойн дагалдах баялагт тооцогдож, түүнийг түүх, бэлтгэх, зөвшөөрөл олгох, хохирол нөхөн төлүүлэх зэрэг харилцааг Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан “ойн санд учруулсан хохирол” гэж дүгнэн мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож гаргуулах буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нараас ойн санд учруулсан хохирол болох 24,239,400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Н*******: “...Би гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа, надад нэг удаа боломж олгож хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б*******: “...Надад зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгнө үү. Удахгүй миний ажилд явах хугацаа болно. Тэгээд ажилдаа явахгүй бол ар гэр маань орлогогүй болж амьдрахад их бэрхшээлтэй болно...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 164 дэх тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 171 дэх тал/, Б.Н*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 173 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 174 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 175 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 176 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 177 дахь тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 186 дахь тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 187 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Н*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 165 дахь/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 166 дахь тал/, Б.Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 168 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 169 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 170 дахь тал/, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 183 дахь/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа боон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 185 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б*******гийн хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь ойн санд учруулсан 24,239,400 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, тодорхой тогтсон орлогогүй байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөнгөн төлбөр оногдуулах буюу торгох ял оногдуулах боломжгүй, мөн тэдний хувийн болон гэр бүлийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах буюу хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 82 килограмм жинтэй хуш модны самрын үр болон тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Ж.Э эзэмшлийн улсын дугаартай “Toyota.Fielder” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Н*******, М******* овогт Б******* Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарт 1 /нэг/ жил 2 хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Н*******ыг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Б*******г Орхон аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 24,329,400 /хорин дөрвөн сая гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон Булган аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 82 килограмм жинтэй хуш модны самрын үр болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota.Fielder” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 /хоёр сая таван туун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус бүр улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 82 килограмм хуш модны самрын үрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “дугааргүй” тогтоол, улсын дугаартай “Toyota.Fielder” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, улсын дугаартай “Toyota.Fielder” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Булган аймгийн Хангал сумын Хонгор өндөр 3 дугаар багт оршин суух Жанчивын Эрдэнэ-Очир /регистрийн дугаар ГК74040179/-т буцаан олгосугай.
8.Шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н*******, Б.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ