Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/6

 

Г.Э-д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2007003100195 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г.Э-, 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн,

            Г.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 459 тоотод Б.Б-тай маргалдан барьцалдан газар унаж, улмаар “хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ар гэрийн байдлыг маань харгалзан надад торгох ял оногдуулж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Харин одоо миний үйлдсэн хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нэгтгүүлэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэгтгэн шалгах хуулийн заалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эдгээр хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.

            Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Э- нь хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Энэхүү шийдвэр гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байсан. Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь, өөр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 459 тоотод хүргэн дүү Б.Б-тай маргалдан, улмаар заамдан авч газар унасны  улмаас түүний эрүүл мэндэд “хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б- нь “...гаднаас хүргэн ах Э- согтуу орж ирсэн. Миний төрсөн эгч У-ийг “Ална, чи хаяад явчихлаа” гээд агсрахаар нь би “Болиоч ээ” гэж хэлэхэд миний цамцнаас татаад намайг боосон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдоод бид хоёр давхралдаад газар унасан. Тэр үед ээж гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд хүргэн ахыг барьж өгсөн. ...” /хх 33-34/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Т.У-ийн “...ажлаа хаачихаад гарах үед хоёр хүн сууж байсан. Намайг нөхөр таниад “Нааш ир п**** минь” гэхээр нь “Юу гэнээ” гэхэд дуугүй болсон. Би шууд ажлынхаа хүний автомашинд суугаад аавындаа очсон. Утсаар араас залгаад “Чи намайг ингээд хаяад явчихдаг юм уу” гэхээр нь “Чи согтуу байна” гэж хэлээд утсаа салгасан. Аавынд ороод ээждээ болсон явдлыг хэлээд сууж байхад нөхөр ороод ирсэн. Ээж “Чи одоо боль” гэж нөхөрт хэлэхэд “Намайг хаяад явчихлаа” гэж орилоход нь дүү Б- босож ирээд “Та одоо болиоч, цаг хэд болж байна, айл хүндэлдэггүй юм уу” гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан. Тэр хоёр бие биенээ заамдаад газар унасан. Ээж тэр үед салгаад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 35-36/,

- гэрч Э.Н-ийн “...У- Э-г “Ажлын гадаа согтуу байж байсан, янз бүрээр дуудахаар нь би очоогүй, шууд ажлынхаа хүний автомашинд суугаад хүрээд ирлээ” гэсэн. Араас нь Э- согтуу орж ирээд У- рүү “П**** минь яагаад хаяад явчихав” гэж агсарсан. Тэр үед хүү Б- босож ирээд “Айл гэр, ээж аавыг маань хүндлэхгүй” гэхэд “Чи яах юм” гээд тэр хоёр барилцаад авсан. Хүү Б-ийг Э- боосон. Тэр үед би салгаад цагдаад дуудлага өгсөн. Хүү Б-ийн хүзүү нь нэлээн зулгарсан харагдаж байсан. ...” /хх 80-81/,

- шүүгдэгч Г.Э-гийн яллагдагчаар өгсөн “...Б- босож ирээд “Айл хүндэлсэнгүй юу” гээд бид хоёр маргалдсан. Барьцалдаж аваад зууралдаад ноцолдсон. Би Б-ийг заамдаж боосон. ...” /хх 77/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 518 дугаартай “Б.Б-ийн биед хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. ” /хх 46-47/ гэх дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Шүүгдэгч Г.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “...эрхэлсэн тодорхой ажилгүй...” тухайгаа мэдүүлж байсан бөгөөд хавтаст хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогын байдлыг тодорхойлсон баримт нотолгоо авагдаагүй байна.

Иймээс шүүгдэгч Г.Э-гийн эдэлбэл зохих ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Э-гийн үйлдсэн болон холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй байна.

Дээрх хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн ч тус тусад нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхөөр байх тул “нийтэд тусгай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Г.Э-гийн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгахдаа гэрч Т.У-ийн нэрийг “Б.Уранцэцэг” гэж ташаарч бичсэн байгааг анхааруулж тэмдэглэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН