Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0032

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц******** ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Ц******* ХХК-ийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тоот газар ашиглах эрх сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ц******* ХХК-д холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэр гараагүй байгаа тул бидний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна, гэхдээ уг ажлын хэсгээс хилийн цэсийн маргаантай асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж дүгнэлт гаргасны дараа Ц****** ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн учир Ц****** ХХК-ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлээс татгалзан тохиолдолд үүсэх үр дагаврыг мэдэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Ц******** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Ц******* ХХК-ийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тоот газар ашиглах эрх сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

Ц******* ХХК-ийн захирал Б.Т*****-аас Б.Б*******-д олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; гэж заасан эрхийг олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдаанд илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д  Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ц********* ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Ц********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Ц******** ХХК-ийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар тоот газар ашиглах эрх сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.М*******д даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН